Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 184/ШШ2019/00409

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Цэцэрлэг

 Ажилгүй байсан хугацааны цалин хөлс 897,472 төгрөг, ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн урамшуулалд 538,483 төгрөг, нийт 1,435,955 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Д.Н, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

...Д.Н нь ”цэцэрлэгт 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр жижүүрийн орон тоон дээр ажилд орсон. Ажлаа хийж байх хугацаанд цэцэрлэгийн эрхлэгч Ц.Ж нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр үндэслэлгүйгээр ажлаас халсан. Ийнхүү ажлаас халагдсан талаар Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл өгсөн. Нэхэмжлэлийг шүүхээс 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шийдвэрлэсэн.  Тус шийдвэрээр Д.Н-г ,,дугаар цэцэрлэгийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1,265,813 төгрөгийг гаргуулан олгож, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасан. Иймд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 184/ШШ2018/02386 дугаар шийдвэр гарснаас хойш ”цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн Б/100 тушаалаар ажилд орох хүртэл хугацааны цалин 897,472 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Дээрх шаардлагаа нэмэгдүүлж 2018 оны 10,11,12 дугаар сарын ур чадварын нэмэгдэл 336,552 төгрөг, 4 дүгээр улирлын үр дүнгийн урамшуулал 201,931 төгрөг нийт 538,483 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

 Хариуцагч Нийслэлийн ”цэцэрлэг, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Уг ажлаас халагдсан хэрэг маргаан анх шүүхэд нэхэмжлэл гарснаар эхэлсэн.  Болсон үйл явдлаас харахад ажил олгогч,  ажилтны хооронд 2018 оны 6 дугаар 01-ний  өдрийг хүртэл хугацаатай гэрээ байгуулагдаад ажил олгогчийн зүгээс 6 дугаар сарын 01-ээс амралтын мөнгийг нь олгож, бүх ажилчид  Боловсролын тухай хуульд заасны дагуу 09 дүгээр сарын 01-н хүртэл цалин хөлсгүй амардаг тийм хуулийн зохицуулалттай.  Амраад эргэн ажилд орж ирэхэд нь ажлаас чөлөөлөгдөх мэдэгдлийг өгсөн. Үүний дараа шүүхэд хандсан. Шүүхээр  мэдэгдлийг 6 сарын 01-нээс өмнө олгох ёстой байсан, хуульд  заасны дагуу мэдэгдлийг хугацаанд нь олгоогүйгээр үндэслэлгүй халсан гэж үзэж шүүхийн шийдвэр гарсан.

Хариуцагчийн зүгээс тушаал гаргасан хугацаа  нь 6 дугаар сарын 01-нээс  хойш амралттай байсан хугацаанд нь  Хөдөлмөрийн тухай  хуулийн дагуу нэг талаас ажлаас үндэслэлгүй халагдсан, нөгөө талаас амралтаа дуусгаад ирэхэд нь ажлаас халсан гэж хоёр тал маргалдаад анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд хандсан ч анхан шатны шүүхийн  шийдвэрийг  хэвээр үлдээсэн.  Ингээд  Улсын дээд шүүх хуулийг буруу хэрэглэж тайлбарласан гэж үзээд гомдол  гаргах энэ хугацааны явцад Д.Н нь хариуцагч талтай уулзаж ярилцаад 10,11 дүгээр сарын цалин хөлсөө авахгүй, ажилд эргүүлэн аваач гэдэг  хүсэлт тавьсан. Тэгээд шүүхэд гомдол гаргах эрхийг нь эдлүүлэлгүйгээр асуудлыг шийдүүлсэн. Ажилд орсныхоо дараа 12  дугаар сарын 07-нд хүсэлт өгсөн. Уг хүсэлтэд 12 сарынхаа цалинг бүтнээр нь авах тухай хүсэлт ирүүлсэн байдаг. Үүний дагуу ажил олгогч 12 сарынх нь цалинг бүтнээр нь олгосон. 

Бодит байдал дээр 12 дугаар сарын 01-нээс 12  дугаар  сарын 31-ийг хүртэлх ажилласан хөлсийг олгох ёстой. Гэтэл нэхэмжлэгч 12 дугаар сарын 07-нд хүсэлт өгч ажиллаад, 12 дугаар сарын 25-аас ажил явдал  гарсан гээд ажилдаа ирээгүй.  Ингээд нийтдээ  хуанлийн 18 хоног ажлаа хийсэн. Мөн 12 сард гаргасан хүсэлтэд би өөр ажилд орох гэж  байгаа, энэ ажил бүтэхээр бол тэр ажилд орох тухай дурдсан байсан. Хариуцагчийн зүгээс 12 сарынх нь цалинг бүтэн олгохын тулд ажилд орсон тушаалыг нь 12 дугаар сарын 03-н болгоод 12  дугаар сарын 25-аас хойш ажилдаа ирээгүй хүнийг  2019  оны 1 дүгээр  сарын 07-ыг хүртэл ажилласнаар тушаалыг гаргасан. 

Нэхэмжлэгчийн 10,11 дүгээр  сарын цалингаа авахгүй  гэсэн хүсэлтэд нь итгээд дээр нь хяналтын шатанд гомдол гаргах эрхээ алдсан. Гэтэл Д.Н нь хүсэлтээсээ няцаад хариуцагчийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. 

Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагын тухайд үр дүнгийн  урамшуулал, ур чадварын нэмэгдлийн мөнгийг нэхэмжилсэн байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрт уг үнийн дүнгээс хасаж тооцож шийдвэрлэсэн. Хавтас хэрэгт авагдсан байгаа Засгийн Газрын тогтоол, журмаар хийсэн ажлыг үнэлж дүгнэж байж олгоно гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч Д.Н нь 10,11 дүгээр сард ажиллаагүй, тиймээс үнэлж дүгнэх  боломжгүй. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үр дүнгийн  урамшуулал, ур чадварын нэмэгдлийг хангах боломжгүй. Хуулиар ажилгүй байсан хугацааны олговорт цалин л хамаардаг, нэмэгдэл, урамшуулал ордоггүй. Ийм хоёр үндэслэлээр үндсэн нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Нийслэлийн “цэцэрлэгт холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговор 897,472 төгрөг, ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн урамшуулалд 538,483 төгрөг нийт 1,435,955 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 Хариуцагч талаас ...Д.Н нь 10, 11 сарын цалин авахгүй, 12 сарын цалин бүтнээр аваад ажилдаа орох хүсэлтийг гаргасны дагуу ажилд авсан, мөн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлсөн. Нэмэгдэл болон урамшуулал нь ажилгүй байсан хугацааны олговорт ордоггүй, мөн ажлаа орхиод явсан дүгнүүлээгүй тул урамшуулал олгогдох боломжгүй гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг татгалзсан тайлбарыг гаргаж маргадаг.

 Нэхэмжлэгч талаас шаардлагаа нотлон шүүхийн шийдвэрүүд болон хөдөлмөрийн гэрээ, хариуцагч талаас татгалзсан тайлбараа нотлон 10, 11 сарын цалин нэхэмжлэхгүй тухай, өөр ажил эрхлэх тухай, ажлаас чөлөөлөгдөх тухай Д.Нгийн хүсэлтүүд, ажилд авсан, ажлаас чөлөөлсөн тушаал, шүүхийн шийдвэр, магадлал, давж заалдах гомдол зэрэг баримтуудыг тус тус шүүхэд ирүүлсэн.

 Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн харилцаа үүсч гэрээ байгуулагдсан, ажилтан үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн, шүүхээс өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилсон үйл баримт нотлогдсон, энэ талаар талууд маргадаггүй тул шүүхийн шийдвэрийн дагуу Д.Нг өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох нь ,,дугаар цэцэрлэгийн захиргаанд хүлээлгэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасан үүрэг болно.

 Тодруулбал, маргалдагч талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн, уг хөдөлмөрийн харилцааны явцад ажил олгогч тал ажилтныг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн асуудал нь тогтоогдсон, нотлогдсон үйл баримт бөгөөд ажилтныг өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох болон ажилгүй байсан хугацааны цалин, олговрын асуудлыг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр бичмэл нотлох баримтаар хэрэгт авагдсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хяхан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасны дагуу дээрх үйл баримтыг нотлох шаардлагагүй.  

 Ажил олгогчоос дээр дурдсан үүргийн дагуу ажилтныг буюу Д.Нг ажилд нь эгүүлэн томилох тухай 2018 оны 12 сарын 07-ны өдрийн Б/100 дугаартай цэцэрлэгийн эрхлэгчийн тушаал гаргасан байх ба нэхэмжлэгчээс шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 9 сарын 26-ны өдрөөс ажилд орох хүртэлх хугацааны 10, 11 сарын цалин хөлсийг нэхэмжилж байна гэдэг.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж, мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.5-т Энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гарсан маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ гэж, 69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор... олгоно гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч гомдол гаргах хугацаанд шүүхэд хандсан, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нэхэмжлэгч шаардах эрхтэй. 

 Анхан шатны шүүхийн ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулахаар шийдвэрлэсэн 2018 оны 9 сарын 26-ны өдрийн шийдвэр нь Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 сарын 12-ны өдрийн 2278 дугаар магадлалаар хүчин төгөлдөр болсон, шүүхийн шийдвэрийн дагуу ажил олгогч ажилтныг эгүүлэн авсан тушаалыг гаргаж 2018 оны 12 сарын 03-ны өдрөөс ажиллуулахаар болсон энэ хугацааны хоорондох цалин хөлс авах нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн тул нэхэмжлэгчийн 10, 11 сарын цалин гаргуулах шаардлага үндэслэлтэй гэж үзэв.

 Хариуцагч байгууллага болох “цэцэрлэгийн эрхлэгч нь нэхэмжлэгч Д.Нг шүүхийн шийдвэрийн дагуу 2018 оны 12 сарын 03-ны өдрөөс жижүүрээр эгүүлэн томилж түүний зөрчигдсөн эрхийг сэргээсэн, мөн ажилтны хүсэлтээр 2019 оны 1 сарын 17-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн болох нь  Нийслэлийн ”цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 12 сарын 07-ны өдрийн Б/100 дугаартай /хх 41/, 2019 оны 1 сарын 17-ны өдрийн Б/05 дугаартай /хх 44/ тушаалуудаар нотлогдох ба хариуцагчийн төлөөлөгч ...12 сарын 3-наас ажиллаагүй, 12 сарын 7-ноос ажиллаж эхэлсэн, 2019 оны 1 сарын 17 хүртэл ажиллаагүй, 12 сарын сүүлээр ажлаа хаяад явсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан хэргийн оролцогчийн нотлох баримтаа өөрөө гаргах, цуглуулах, шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 Түүнчлэн хариуцагч тал ...нэхэмжлэгч нь өөрөө хүсэл зоригоо илэрхийлэн 10, 11 сарын цалин хөлсөө авахгүй гэсэн хүсэлтийг бичиж өгсөн гэх боловч 2018 оны 12 сарын 07-ны өдрийн хүсэлт /хх 51/, нэхэмжлэгч талын ...шүүхийн шийдвэрээр гаргуулахаар шийдвэрлэсэн цалинг өгөөгүй, 10, 11 сарын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөөгүй, бичилт хийгээгүй, амлалтдаа хүрээгүй гэх тайлбар, хариуцагч талын ...шимтгэлийг одоо төлөөд бичилт хийлгэж өгч болно, хүсэлтийн дагуу нь 12 сарын цалин бүтэн олгосон гэх тайлбараар тухайн өргөдөл буюу хүсэлтийн зорилго, талуудын тохиролцоо бүрэн биелээгүй ба энэхүү хүсэлт нь тухайн ажилгүй байх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх баримт болохгүй.   

  Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 10, 11 сарын ажилгүй байсан хугацааны олговроо тооцохдоо анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт болох сарын дундаж цалин хөлсийг 415,496 төгрөгөөр тооцон ажлын 21,5 өдөрт харьцуулахад нэг өдрийн цалин 19,325 төгрөг, ажилгүй байсан хугацаа нь ажлын 48 хоног, нийт 927,600 төгрөг гэж шүүх хуралдаан дээр шаардлагаа тодруулсан бөгөөд энэхүү шаардлага хуулийн үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор 927,600 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 Харин нэхэмжлэгчийн төлөөлөгчийн 10, 11, 12 сарын цалингаас тооцон ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ болон хууль, дүрэм, журамд заасны дагуу үр дүнгийн урамшуулал, ур чадварын нэмэгдлийг олгох ёстой гэх шаардлагаас 10, 11 сард холбогдох урамшуулал, нэмэгдлийг хариуцагч хариуцах хуулийн үндэслэлгүй гэж үзэв.

             Учир нь нэхэмжлэгчийн ажиллаагүй байх хугацаанд ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн урамшууллыг тооцох боломжгүй бөгөөд хууль тогтоогчоос тухайн ажил, албан тушаалаас үндэслэлгүй халагдсантай холбоотойгоор түүний ажиллаж байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний төлбөрийг буюу олговрыг олгохоор зохицууласан байдаг. Тухайн дундаж цалин хөлсөнд Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасанчлан нэхэмжлэгчийн шаардаж байгаа нэмэгдэл, урамшуулал багтаж байгаа болно. 

          

  Нэхэмжлэгчийн 12 сард ажилласан ажил, хөдөлмөрийн хөлс болох цалинтай хамт тооцогдох ёстой гэх нэмэгдэл болон урамшууллын хувьд Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлд ...Сар бүр ур чадварын нэмэгдэл, улиралд үр дүнгийн урамшуулал авах гэсэн заалтыг талууд тусгасан, тухайн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах, шагнал урамшуулал, ур чадвар, үр дүнгийн нэмэгдэл бусад хөнгөлөлтийг үзүүлэхгүй байх, үнэлж дүгнэн ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн урамшууллыг олгох эрх ажил олгогчид байхаар заасан тул энэ эрхээ хэрэгжүүлээгүй нь ажилтан тухайн нэмэгдэл, урамшуулал авах эрхгүй байх нөхцөл болохгүй.

 Иймээс нийтэд илэрхий үйл баримт болох Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 346 дугаар тогтоол, уг тогтоолын хавсралт буюу ...ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох журам Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн ...албан хаагчид үндсэн цалингийн 15 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг сар бүр тооцож улирал бүр олгоно гэх заалт, Засгийн газрын 1995 оны 6 сарын 14-ний өдрийн 96 дугаар тогтоол, уг тогтоолын хавсралт буюу ...ур чадварын нэмэгдэл олгох журам төрийн үйлчилгээний албаны албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгоход энэхүү журмыг мөрдөнө, ур чадварын нэмэгдлийн доод хэмжээ нь тухайн албан хаагчийн албан тушаалын сарын цалингийн 10 хувь байна гэх заалт, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн дундаж цалин хөлс, нэмэгдэл, урамшууллын талаарх тайлбар зэргийг үндэслэн Д.Нгийн ажилласан 12 сард тооцогдох ур чадварын нэмэгдэл 10%, үр дүнгийн урамшуулал 15%-ийг хөдөлмөрийн гэрээ болон ажилд авсан тушаалд заасан үндсэн цалин 448,736 төгрөгт харьцуулах нь хуульд нийцэх тул ур чадварын нэмэгдэл 44,873 төгрөг, үр дүнгийн урамшуулал 67,310 төгрөгийг хариуцагч талаас гаргуулах нь зүйтэй.

 Иймд ажилгүй байсан хугацааны олговор  897,472 төгрөг, ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн урамшуулалд 538,483 төгрөг, нийт 1,435,955 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг буюу ажилгүй байсан хугацааны олговор 927,600 төгрөг, ур чадварын нэмэгдэл 44,873 төгрөг, үр дүнгийн урамшуулал 67,310 төгрөг, нийт 1.039.783 төгрөгийг хангаж, буруу тооцоолсон болон баримтаар нотлогдоогүй үлдэх хэсгийг буюу 396,172 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж шийдвэрлэв.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 80-р цэцэрлэгээс  1,039,783 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 396,172 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 29,505 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,804 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.       

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Э.АМИН-ЭРДЭНЭ