Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2021/00439

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2021/00439

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

  Нэхэмжлэгч: Д аймаг, Д, 4-р Баг, * хороолол * байр * тоот хаягт оршин суух Х овогт Д.Б /РД:*/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Х дүүрэг, 15 дугаар Хороо, * гудамж, * 6 давхар байрлах ТТЖВСӨХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ш, А.О, хариуцагчийн төлөөлөгч Д.Э, У.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б, гэрч Б.Х, Ц.Б, нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авав.

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч Д.Бийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б нь ТТЖВСӨХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг үндсэн ажилчид билээ. Бид сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж ТТЖВСӨХХК-ийн эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийг байгуулан 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн байгуулсан. Дээрх нэр бүхий арван ажилчид тус үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч гишүүдээр ажиллаж байсан бөгөөд эдний нэг гишүүн нь Д.Б байсан. Гэтэл ТТЖВСӨХХК-ийн удирдлагаас тус арван ажилтныг илт хууль бус үндэслэлээр тодруулбал үйлдвэрчний эвлэл байгуулсан, байгууллагын нууц задруулсан гэж ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан. ТТЖВСӨХХК-ийн удирдлага Хөдөлмөрийн тухай хууль, Үндсэн хууль, Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулиудийг зөрчиж Д.Бийг үндэслэлгүй халсанд гомдолтой байна. Иймд Д.Бийг уулын хэлтсийн операторын ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулалыг бодож олгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

Хариуцагч ТТЖВСӨХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Д.Бийг ажлаас халсан 2020.04.06-ны өдрийн 370/20 тоот тушаал хууль зүйн үндэслэлтэй бөгөөд оператор Д.Б нь өөр компанийн /Эрдэнэс-Тавантолгой ХХК/ Үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтарч компанийн нэр ашиглан хууль бус ҮЭ хороог байгуулахад оролцож ажил олгогч, ажилчдыг төөрөгдүүлсэн, компанийн ажилчдыг ажил олгогчийн эсрэг турхирах үйл ажиллагаа явуулж, ажлын байрны хөдөлмөрийн хэвийн ажиллагааг алдагдуулсан. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулгад дурдагдсан Үйлдвэрчний эвлэл байгуулсан гэж ажлаас халагдах болсон гэх нь үндэслэлгүй бөгөөд хууль бус Үйлдвэрчний эвлэлийн хороо буюу хуулийн этгээд байгуулсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн * тоот дүгнэлтээр тогтоогдсон. Иймд нэхэмжлэгчийн байгуулсан гэж байгаа Үйлдвэрчний эвлэлийн хороо нь байгуулагдаагүй, байгуулах үйл ажиллагаа нь хууль тогтоомж зөрчсөн шинжтэй тул бид хууль бус байгууллагыг бий болгож ажил олгогчийг төөрөгдүүлсэн, ажлын байран дээрх хөдөлмөрийн хэвийн ажиллагааг алдагдуулсан гэж үзэж байна. Манай байгууллагын зүгээс Д.Бт ажилдаа эгүүлэн орох тухай санал нийт 4 удаа тавьж байсан. 2020 оны 4 дүгээр сард тушаал гаргахаас өмнө 3 дугаар сард ажилчидтайгаа компанийн үйл ажиллагааны талаар, хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар уулзаж байсан. Компанийн үйл ажиллагааг бүхэлд нь үгүйсгэн харлуулж, Хятад эзэнтэй компани гэж нийтэлж байсан. Өөрөөр хэлбэл Хавтаст хэргийн 98-99 хуудсанд байгаа баримтаар ҮЭ байгуулах ажилчдын хурал 2020 оны 03 сарын 15-ны өдөр хийгээгүй. Тухайн өдөр хурлын танхимд ийм хурал болоогүй гэдгийг нотлох баримт байгаа. 2020 оны 04 сарын 06-ны өдрийн гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас халсан. Үйлдвэрчний эвлэлийг байгуулахад зөрчигдсөн эрхийн үндсэн дээр байгуулагдах ёстой тийм тохиолдол байхгүй, Хууль зөрчиж, хуурамч баримт бичиг бүрдүүлж байгуулсан. Компанийн нэр хүндэд халдсан нийтлэлийн дагуу компанийн бизнесийн нэр хүндэд халдсан гэдэг. Д.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6.2-т заасан ажилтан нь хууль, гэрээний дагуу шударгаар хөдөлмөрлөх, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх тухай хуулиар хүлээсэн үүргээ болон тус компанитай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 13.3.2.14-д заасан Компанийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулах үйлдэл хийсэн, 13.3.2.21-д заасан холбогдох хууль тогтоомжид заасан бусад буруутай үйлдэл хийсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас халсан болно гэв.

 

Шүүх гэрч Б.Х, Ц.Б нарын мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.              

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б хариуцагч ТТЖВСӨХХК-д холбогдуулан уулын хэлтсийн операторын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулал гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаарджээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.Б нь ТТЖВСӨХХК-д 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан туршилтын хугацаанд оператораар ажиллаж эхэлсэн байх ба 2019 оны 9 сарын 24-ний өдөр туршилтын хугацаа дуусч, хөдөлмөрийн гэрээг уг гэрээний 3.2-т заасан хугацаагаар байгуулан ажиллаж байгаад ТТЖВСӨХХК гүйцэтгэх захирлын 2020 оны 04 сарын 06-ны 370/20 дугаар тушаалаар Д.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн болох нь зохигчдын тайлбар болон хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, 370/20 дугаар тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 4, 5,116-123/

 

Харин ТТЖВСӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 04 сарын 06ы өдрийн 370/20 дугаар тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 13.1, 13.4, 13.4.4, 16.3, Хөдөлмөрийн гэрээний 13.3.2.14, 13.3.2.21 дэх заалтуудыг үндэслэж компанийн нэр хүндэд хохирол учруулах үйлдэл хийсэн, компанийн үйл ажиллагааны эсрэг үйл ажиллагаа явуулдаг гуравдагч этгээдэд мэдээлэл задруулах, компанид хохирол учруулах нөхцөл бүрдүүлэн, энэхүү үйлдэлдээ бусад ажилчдыг өдөөн турхирах үйл ажиллагааг явуулсан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэл зааж Д.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна./хх-ийн 4/

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан ...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Харин хариуцагч байгууллага тушаалын үндэслэлээ ...Д.Б нь эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийг байгуулахдаа өөр компанийн ҮЭ-ийн хороотой хамтарч компанийн нэр ашиглан, хууль бус үйлдвэрчний эвлэлийг байгуулахад оролцож, ажил олгогч, ажилчдыг төөрөгдүүлэн, ажилчдыг ажил олгогчийн эсрэг турхирах үйл ажиллагааг явуулж, ажлын байрны хэвийн үйл ажиллагааг алдагдуулж компанийн нэр хүндэд хохирол учруулах үйлдэл хийсэн ноцтой зөрчил гаргасан. ...хууль бус ҮЭ хороо буюу хуулийн этгээд байгуулсан болох нь УБЕГ-ын Улсын байцаагчийн 2020.04.14-ний 1945 дүгнэлтээр тогтоогдсон. гэх тайлбарыг гаргаж, хөдөлмөрийн гэрээ, дотоод журам болон холбогдох баримтуудын хамт ирүүлжээ.

 

Хөдөлмөрийн гэрээг нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах харилцан үүрэг хүлээсэн тохиролцооны дагуу байгуулдаг ба энэ нь талуудын хөдөлмөрлөх үүрэгтэй холбоотой харилцааг зохицуулж, үүнийгээ талууд хөдөлмөрлөх явцдаа дагаж мөрдөх, сахин биелүүлэх үүрэгтэй байдаг.

 

Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэдэгт ажлын байр, гүйцэтгэх ажлын онцлогт тохируулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг ажилтан, ажил олгогч нар харилцан тохиролцож, тухайн зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд тусгасан байхыг ойлгох бөгөөд хариуцагч байгууллага нь талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 13-т, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 13 дахь заалтуудаар ноцтой зөрчлийн үндэслэлийг тохирсон байна.

Хавтаст хэрэгт авагдсан эдгээр баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс нэхэмжлэгч Д.Б нь нэр бүхий ажилчдын хамтаар эвлэлдэн нэгдэж ТТЖВСӨХХК-ийн эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийг байгуулж, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь, түүнчлэн тус компанийн ажилчдын дунд ТТЖВСӨХХК-ийн Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэл нэртэй Facebook групп нээж ажиллуулж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба зохигчид дээрх асуудлуудаар маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Б нь ТТЖВСӨХХК-ийн эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийг байгуулах ажиллагаанд оролцож, уг төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжиж үзэл бодлоо илэрхийлэх, улмаар ТТЖВСӨХХК-ийн Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэл нэртэй Facebook групп нээж ажиллуулсан энэ үйлдлийг хөдөлмөрийн дотоод журмын ноцтой зөрчил-д хамааруулан ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч Д.Бийн дээрх үйлдлээс компанийн үйл ажиллагаа болон нэр хүндэд хэрхэн, ямар хэмжээний хохирол учирсан, түүнчлэн компанийн нууцыг хэрхэн задруулсан талаар хэрэгт авагдсан баримтгүй, хариуцагч хариуцагч тал 370/20 дугаар тушаалын үндэслэлээ хавтаст хэрэгт баримтаар нотлоогүй байна.

 

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч Д.Бийг ажилд нь эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2020 оны 04 сарын 07-ны өдрөөс 2021 оны 02 сарын 26-ны өдөр хүртэлх 9 сар 19 хоногийн олговор 20 326 809 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Бийн цалинг түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараас Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын 7 дугаар зүйлийн а-д заасны дагуу тооцоход нэхэмжлэгч нь сард 2 056 596 төгрөгийн /сүүлийн 3 сард авч байсан цалингийн дундажаар/ цалин авсан байх ба 9 сар 19 хоногийн /2 056 596:21,5= 95 655 төгрөг/ ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээг 20 326 809 төгрөгөөр тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах нь хуульд нийцнэ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул хариуцагч байгууллагаас хангаж буй үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын төсөвт оруулах нь хуульд нийцнэ.

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 04 сарын 06-ны өдрийн 370/20 дугаар тушаалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэлээ 2020 оны 04 сарын 23-ны өдөр шүүхэд анх нэхэмжлэлээ гаргасныг шүүх 2020 оны 04 сарын 30-ны өдрийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

Үүний дараа нэхэмжлэгч нь 2020 оны 05 сарын 06-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан байх ба 2020.06.30-ны өдрийн шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байх ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ 2020.08.06-ны өдөр дахин гаргажээ.

 

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч Д.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан ...ажилтан ажлаас буруу халсан ... тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн хуулийн шаардлагын дагуу буюу 2020 оны 4 сарын 23-ны өдөр шүүхэд анх нэхэмжлэлээ гаргасныг хуулийн хугацаанд гаргасан гэж үзэхээр байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан 2020 оны 04 сарын 06-ны өдрийн 370/20 дугаар тушаалын үндэслэлийг хянуулах асуудлыг дээрх шүүгчийн захирамжуудаар эцэслэн шийдвэрлээгүйгээс гадна дээрх гомдлын хөөн хэлэлцэх хугацаа шүүхэд анх нэхэмжлэл гаргаснаар зогссон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заасныг баримтлан Д.Бийг ТТЖВСӨХХК-д холбогдуулан Уулын хэлтсийн операторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 20 326 809 төгрөгийг хариуцагч ТТЖВСӨХХК-иас гаргуулан Д.Бт олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Бийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг ТТЖВСӨХХК-д даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, ТТЖВСӨХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 259 584 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ