Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00854

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2021/00439 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Б-ийн хариуцагч Т- ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ш, А.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б- нь Т- ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг үндсэн ажилчин юм. Ажилчид сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж, Т- ХХК-ийн эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийг байгуулан 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Д.Б- нь тус үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч гишүүний нэг юм. Гэтэл Т- ХХК-ийн удирдлагаас ажилтнуудыг илт хууль бус үндэслэлээр буюу үйлдвэрчний эвлэл байгуулсан, байгууллагын нууц задруулсан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. Т- ХХК нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийг зөрчиж Д.Б-ийг үндэслэлгүй халсанд гомдолтой байна. Иймд Д.Б-ийг уулын хэлтсийн операторын ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, урамшууллыг бодож олгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Б-ийг ажлаас халсан 370/20 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд оператор Д.Б- нь өөр компанийн /Эрдэнэс-Тавантолгой ХХК/ Үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтарч компанийн нэр ашиглан хууль бус үйлдвэрчний эвлэлийн хороо байгуулахад оролцож ажил олгогч, ажилчдыг төөрөгдүүлсэн, компанийн ажилчдыг ажил олгогчийн эсрэг турхирах үйл ажиллагаа явуулж, ажлын байрны хөдөлмөрийн хэвийн ажиллагааг алдагдуулсан. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулгад дурдагдсан үйлдвэрчний эвлэл байгуулсан гэж ажлаас халагдах болсон гэх нь үндэслэлгүй бөгөөд хууль бус үйлдвэрчний эвлэлийн хороо буюу хуулийн этгээд байгуулсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 1945 тоот дүгнэлтээр тогтоогдсон. Иймд нэхэмжлэгчийн байгуулсан гэж байгаа үйлдвэрчний эвлэлийн хороо нь байгуулагдаагүй, байгуулах үйл ажиллагаа нь хууль тогтоомж зөрчсөн шинжтэй тул бид хууль бус байгууллагыг бий болгож ажил олгогчийг төөрөгдүүлсэн, ажлын байран дахь хөдөлмөрийн хэвийн ажиллагааг алдагдуулсан гэж үзэж байна. Манай байгууллагын зүгээс Д.Б-т ажилдаа эгүүлэн орох тухай санал нийт 4 удаа тавьж байсан. 2020 оны 4 дүгээр сард тушаал гаргахаас өмнө 3 дугаар сард ажилчидтайгаа компанийн үйл ажиллагааны талаар, хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар уулзаж байсан. Компанийн үйл ажиллагааг бүхэлд нь үгүйсгэн харлуулж, Хятад эзэнтэй компани гэж нийтэлж байсан. Өөрөөр хэлбэл хавтаст хэргийн 98-99 дүгээр хуудсанд байгаа баримтаар үйлдвэрчний эвлэл байгуулах ажилчдын хурал 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хийгээгүй. Тухайн өдөр хурлын танхимд ийм хурал болоогүй гэдгийг нотлох баримт байгаа. 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас халсан. Үйлдвэрчний эвлэлийг байгуулахад зөрчигдсөн эрхийн үндсэн дээр байгуулагдах ёстой тийм тохиолдол байхгүй, хууль зөрчиж, хуурамч баримт бичиг бүрдүүлж байгуулсан. Компанийн нэр хүндэд халдсан нийтлэлийн дагуу компанийн бизнесийн нэр хүндэд халдсан гэдэг. Д.Б- нь хөдөлмөрийн гэрээний 13.3.2.14, 13.3.2.21-д заасан буруутай үйлдэл хийсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас халсан болно гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заасныг баримтлан Д.Б-ийг Т- ХХК-д холбогдуулан уулын хэлтсийн операторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 20 326 809 төгрөгийг хариуцагч Т- ХХК-иас гаргуулан Д.Б-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Б-ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг Т- ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Т- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 259 584 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь нэхэмжлэгчийн хувьд өөрийн хайхрамжгүй, буруутай үйлдлээс шалтгаалан нийт 3 удаа шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд сүүлийн удаа нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дах хэсэгт Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь ... хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ гэж, мөн зүйлийн 79.7 дах хэсэгт Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсож, хөөн хэлэлцэх хугацаа дахин шинээр тоологдож эхэлсэн. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дах хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэх боломжгүй шалтгаануудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65, 117, 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг буцаасан шүүхийн ажиллагаанууд хамаардаг бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-т заасныг үндэслэн 117 дугаар зүйлд заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Хуулийн дээрх заалт болон Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэл гаргах боломжтой байсан боловч хуулиар тогтоосон нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөж, 2020 ооны 8 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Гэтэл шүүх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2, 79.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан үндэслэлүүдийг үл харгалзсан бөгөөд хөөн хэлэлцэх хугацааны тасалдлын талаар дүгнэлт хийгээгүй. Иргэний хуульд заасан холбогдох зохицуүлалтыг хэрэглэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрх ашгийг ноцтой зөрчигдөхөд хүргээд байна. Хөдөлмөрийн маргааны онцлог нь тухайн ажилтны хөдөлмөрлөх эрхийг хамгаалах төдийгүй ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой байдаг учраас хуульд заасан гомдлын шаардлага гаргах хугацааны дотор шүүхэд хандан маргааныг шийдвэрлүүлэх ёстой байдаг. Гэвч нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нь хоёр ч удаа нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангалгүйгээр шүүхэд хандсан төдийгүй гурав дах удаагаа нэхэмжлэл гаргахдаа хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байгаа нь тухайн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болох юм. Түүнчлэн анхан шатны шүүх хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг тал нь бүрээс нь авч үзэж, бодитойгоор үнэлж дүгнээгүй бөгөөд хэт нэг талыг барьсан гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээнд ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцох талаар талууд харилцан тохиролцож тогтоосон бөгөөд ажилтан нь хөдөлмөрийн гэрээний 13.3.2.14, 13.3.2.21-т заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Ажилтан нь ажил олгогчийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулах аливаа үйлдэл, эс үйлдэл хийсэн нь хэргийн 26-46, 57-83 дугаар талд авагдсан компанийн нэр хүнд, бизнесийн нэр хүндэд халдсан худал мэдээлэл бүхий фэйсбүүкийн нийтлэлээр тогтоогддог. Компанийн нэр хүндэд халдсан нийтлэл тавигддаг фэйсбүүк группын админ буюу зохицуулагчаар нэхэмжлэгч Д.Б- ажилладаг болох нь хэргийн 44, 75 дугаар талд авагдсан баримтаар тогтоогддог. Мөн нэхэмжлэгч болон нэр бүхий бусад ажилчид хамтран Т- ХХК-ийн эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийг хуурамч баримт бичиг бүрдүүлж, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгуулсан бөгөөд энэ нь улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогддог. Компанийн зүгээс тухайн ажилтныг үйлдвэрчний эвлэл байгуулсан, фэйсбүүк групп нээж ажиллуулсан гэх үндэслэлээр ажлаас огт халаагүй бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эвлэлдэн нэгдэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг бид хааж боогдуулах боломжгүй юм. Харин хөдөлмөрийн гэрээнд заасан дээр дурдсан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажилтны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон бөгөөд хариуцагчийн зүгээс энэхүү үндэслэлээ нотлох баримт, тайлбарыг гаргаж өгсөөр байхад шүүхээс үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж дүгнэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч Т- ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ажилчид сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж үйлдвэрчний эвлэл байгуулсан бөгөөд хариуцагч компани нь хууль бус үйлдвэрчний эвлэл байгуулж, байгууллагын нууц задруулсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэсэн бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Д.Б- нь үйлдвэрчний эвлэлийн гишүүн гэдэг нэрийн дор компанийн үйл ажиллагааг зогсоох, саатуулах, компанийн бизнесийн нэр хүндэд халдах зэргээр хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж маргасан байна.

 

Хариуцагч Т- ХХК нь нэхэмжлэгч Д.Б-тэй 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан, нэхэмжлэгч нь тус компанийн уулын хэлтсийн оператороор ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 370/20 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн болох нь талуудын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 4, 116-120-р тал/

 

Ажил олгогч нь дээрх тушаалдаа компанийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулах үйлдэл хийсэн, компанийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг гуравдагч этгээдэд мэдээлэл задруулах, компанид хохирол учруулах нөхцөл бүрдүүлэн, энэхүү үйлдэлдээ бусад ажилчдыг өдөөн турхирах үйл ажиллагааг явуулсан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлийг заажээ. Тодруулбал, хөдөлмөрийн гэрээний 13.3.2.14-т Ажил олгогчийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулсан, хохирол учруулахаар ямар нэгэн үйлдэл, эс үйлдэл хийсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн, буруугаар ашигласан, 13.3.2.21-т Холбогдох хууль тогтоомжид заасан бусад гэм буруутай үйлдэл, эс үйлдэл хийсэн бол ноцтой зөрчилд тооцож, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор заасан байна.

 

Хариуцагч Т- ХХК-ийн ажилчид эвлэлдэн нэгдэж, Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийг байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгч Д.Б- нь тус үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч гишүүнээр сонгогдон, Т- ХХК-ийн эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэл нэртэй фэйсбүүк групп нээн ажиллуулсан үйл баримт тогтоогдсон байна. /хх-ийн 97-101, 51-82-р тал/.

 

Хариуцагч байгууллага нь дээрх үйлдвэрчний эвлэлийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газар гомдол гаргаж, тус газрын улсын байцаагчийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 1945 дугаар дүгнэлтээр нотлох баримт зөрүүтэй, бүрэн бус байхад Т- ХХК-ийн эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийг бүртгэсэн гэх үндэслэлээр бүртгэлийг хүчингүй болгожээ. /хх-ийн 102-103, 107-109-р тал/

 

Нэхэмжлэгч Д.Б- нь дээрх байдлаар эвлэлдэн нэгдэх эрхээ эдэлж, үйлдвэрчний эвлэл байгуулахад оролцсоныг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд тооцон, ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал хууль зүйн үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.Б- нь үйлдвэрчний эвлэл байгуулахад оролцож, фэйсбүүк групп нээн ажиллуулсныг компанийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулах үйлдэл хийсэн, энэхүү үйлдэлдээ бусад ажилчдыг өдөөн турхирсан, хөдөлмөрийн гэрээний 13.3.2.14, 13.3.2.21-т заасныг зөрчсөн гэж шууд дүгнэх боломжгүй юм.

 

Мөн хариуцагч компани нь нэхэмжлэгч Д.Б-ийг ажлаас чөлөөлсөн тушаалдаа компанийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг гуравдагч этгээдэд мэдээлэл задруулсан гэх үндэслэлийг заасан боловч ямар мэдээллийг хэрхэн, яаж задруулсан гэх байдлыг хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байх тул хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтууд болон тайлбарыг үнэлээгүй гэх хариуцагч талын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Д.Б-ийг хариуцагч Т- ХХК-ийн уулын хэлтсийн операторийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 20 326 809 төгрөг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Т- ХХК-д даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт заасанд тус тус нийцсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх боловч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 сарын 30-ны өдрийн 9664 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Тус захирамжид 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй талаар заасан байх бөгөөд мөн хугацааг оруулан тооцох нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсгийг зөрчихгүй юм. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2021/00439 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... Т- ХХК-д холбогдуулан ... гэснийг Т- ХХК-ийн гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

Г.ДАВААДОРЖ