Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2019/01104

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2019/01104

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 хороолол, Брайхаус 5 тоотод оршин суух, ИБУИВУ-ын иргэн Ханкок Дэвид Петерийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, Бэлла Виста 200 байр, 212 тоотод оршин суух, 1977 онд төрсөн, 42 настай, эмэгтэй, Боржигон овогт Өсөхбаярын Мөнхцэцэг /рд:ХБ77052601/-т холбогдох,

 

Барьцаа төлбөрт төлсөн 2 442 евро буюу 7 270 761 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирол 7 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндаваа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цогтбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Саранцэцэг /ШТЭҮД-1629/, гэрч М.Болороо, Н.Мандах, Э.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                         

           Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндаваа шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “...ИБУИВУ-ын иргэн Ханкок Дэвид Петер нь үл хөдлөх хөрөнгийн Ремакс компаниар зуучлуулан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, Бэлла виста 200 дугаар байрны 212 тоот орон сууцыг сарын 7 000 000 төгрөгөөр, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай хөлслөхөөр иргэн Ө.Мөнхцэцэгтэй харилцан тохиролцож, 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр талуудын хооронд “Орон сууц хөлслүүлэх, хөлслөх гэрээ” байгуулагдсан. Нэхэмжлэгч дээрх гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэн түрээсийн төлбөрийг улирлаар хийхээр харилцан тохиролцсоны дагуу 3 сарын орон сууцны төлбөрт 21 000 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс 2018 оны 3 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацааны барьцаа 7 000 000 төгрөг нийт 28 000 000 төгрөг буюу 9768 еврог /9768 евро нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Монгол банкны хашаар 28 022 829 төгрөг/ 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Ө.Мөнхцэцэгт шилжүүлж, орон сууцыг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээж авсан. Зуучлагч болон хөлслөгчийн зүгээс тухайн орон сууц нь Улаанбаатар хотын өндөр зэрэглэлийн бүсэд байрладаг бүх тавилга, эд зүйл, үйлчилгээ нь амьдрах тав тух хэрэгцээ шаардлагыг дээд зэргээр хангана гэдэг ойлголтыг бидэнд өгсний улмаас түрээсийн төлбөр маш өндөр хэдий ч хөлслөхийг зөвшөөрсөн. Гэтэл тухайн байрыг хүлээн авч, амьдарч эхэлснээр л бидэнд тааламжгүй асуудлууд алхам тутамд үүссэн. Тухайлбал, орон сууц нь бохир, шал нь бүхэлдээ ховхорсон байдалтай, тавилга болон цахилгаан хэрэгсэл нь хэт хуучирсан, гал тогоо болон ариун цэврийн өрөөний цэвэр бохир усны шугам доголдолтойн улмаас усны хоолой байнга бөглөрдөг, хөлслөгч хоёр автомашины зогсоолтой гэж ойлгуулсан ч бодит байдал дээр нэг автомашины зогсоолтой, зогсоол нь буруу зохион байгуулалттайгаас өглөө машинаа зогсоолоос гаргах, орой автомашинаа байрлуулахад цаг хугацаа их алддаг, байрны засвар үйлчилгээ хангалтгүй, сантехникийн дуудлагын дагуу ирж үйлчилгээ үзүүлдэггүй, ирсэн ч үйлчилгээ үзүүлдэггүй гэх зэрэг хүндрэлүүд гарч эхэлсэн. Дээрх хүндрэлтэй нөхцөл байдлын талаар бид хөлслүүлэгчид тухай бүр мэдэгдэж байсан боловч тэрээр Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.3-т заасан “хөлслүүлсэн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийх”, талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1.1-д заасан “хөлслүүлэгч...орон сууцны цахилгаан, дулаан, гэрэлтүүлэг, агааржуулалт, цэвэр ба бохир усны хангамжийн болон холбооны шугам сүлжээний хэвийн ажиллагааг хангах” үүргээ гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хэрэгжүүлээгүй. Ийнхүү цаашид оршин суух нөхцөл боломжгүй гэж хөлслөгчийн зүгээс үзсэн тул орон сууц хөлслүүлэх, хөлслөх гэрээний 3 дугаар зүйлийн 3.5.2.1-д заасны дагуу 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гэрээг цуцлах мэдэгдлийг хөлслүүлэгчид бичгээр мэдэгдэж, орон сууцыг 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр тавилга, тоног төхөөрөмжийг анх хүлээн авсан байдлаар эвдрэл гэмтэл, хохиролгүй хүлээлгэн өгсөн. Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1-т нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол нөгөө талын санаачилгаар цуцлах эрхтэй гэж заасан. Дээрх гэрээ нь хуульд заасан орон сууц хөлслөх, хөлслүүлэх заалтад нийцсэн, гэрээ цуцалсан асуудалд талууд маргаагүй. Тухайн орон сууцыг хөлслөх хугацаанд эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбоотой гарсан зардлыг бид Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.2, 289 дүгээр зүйлийн 289.5, 290 дүгээр зүйлийн 290.7-д заасны дагуу хөлслүүлэгчээс шаардах эрхтэй ч зөвхөн барьцаа төлбөрийг буцааж олгохыг л хүссэн боловч кабель, интернэт, орон сууцны үйл ажиллагаа болон автомашины зогсоолын төлбөрт 1 000 000 төгрөгийн зардал гаргасан гэсэн хууль бус үндэслэлээр барьцаа төлбөрийг буцаан олгохгүй өнөөдрийг хүрлээ. Хөлслөгч тухайн байрыг ашиглах явцдаа тавилга, эд хогшлыг эвдэх зэргээр хохирол учруулсан тохиолдолд хохирлыг барьцаа төлбөрөөс суутгахаар тохирсон тул хөлслөгчийн барьцаа мөнгийг суутгах эрх хөлслүүлэгчид байхгүй. Түрээслэгч түрээслүүлж байгаа эд хөрөнгө нь гэрээний шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл өндөр төлбөрт тэнцэхүйц орон сууцыг шилжүүлэн өгөөгүйн улмаас, хөлслүүлэгчийн гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас гэрээ цуцлагдаж байгаа энэ нөхцөлд гэрээний 3.5.2.4-т заасны дагуу хөлслүүлэгч барьцаа болон урьдчилан төлсөн төлбөрийг хөлслөгч талд 7 хоногийн дотор эргүүлэн олгох ёстой. Иймд хариуцагч Ө.Мөнхцэцэгийн зүгээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан үүргийг тогтоосон газар, цаг хугацаанд нь шударгаар гүйцэтгэнэ, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д заасан үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ, гэрээний 2.4-д барьцаа хөрөнгө нь нэг сарын 7 000 000 төгрөг байх, гэрээний 3.5.2.4-д хөлслүүлэгч тал барьцаа болон урьдчилан төлсөн төлбөрийг хөлслөгч талд долоо хоногийн дотор эгүүлэн төлнө гэсэн үүргээ хэрэгжүүлээгүй, талуудын хооронд байгуулсан гэрээ Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1-д заасны дагуу цуцлагдсан тул барьцаа төлбөрт төлсөн 2 442 евро буюу 7 270 761 төгрөгийг Ө.Мөнхцэцэгээс гаргуулж өгнө үү. Хариуцагч тал хоёр өрөөнд засвар хийсэн төлбөрийг Ханкок Дэвид Петерээс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Хууль болон гэрээнд тухайн орон сууцанд хөлслүүлэгч талаас засан сайжруулалт хийсэн зардлыг хариуцах үүргийг хүлээгээгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээнд ийм заалт, зохицуулалт байхгүй. Хөлслөгчийн зүгээс засан сайжруулалтыг салган авч яваагүй тухайн байрандаа үлдсэн байхад төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Хууль болон гэрээнд засан сайжруулалтын талаар төлбөр төлнө гэх заагаагүй. Талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний чөлөөт байдлын дагуу энэ шаардлагыг хангавал байрыг түрээсэлье гэсэн тохиролцоог хийснээр гэрээ байгуулагдсан. Бусад сонгох эрх нь нээлттэй буюу шаардлагыг хүлээн авахгүйгээр бусдад түрээслэх боломжтой байсан. Ийм сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

              Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цогтбаатар шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Тухайн орон сууц хөлслүүлэх, хөлслөх гэрээг байгуулахаас өмнө Ханкок Дэвид Петер нь орон сууцыг үзсэн ба түүний гаргасан саналд нийцүүлэн орон сууцанд тодорхой хэмжээний засвар үйлчилгээ хийж, улмаар орон сууцны тавилгын зарим хэсгийг шинээр сольж гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч хэд хэдэн үндэслэлийг зааж гэрээг цуцалсан бөгөөд орон сууцны бохир байдал хөлслөгчөөс шууд хамааралтай. Өөрөөр хэлбэл талуудын байгуулсан гэрээнд орон сууцны бохир эсхүл цэвэр байдлыг хангах талаар хөлслүүлэгч нь ямар нэгэн байдлаар үүрэг хүлээсэн заалт байхгүй болно. Шал бүхэлдээ ховхорсон гэх үндэслэлийн тухайд хөлслөгч гэрээ байгуулахаас өмнө орон сууцыг үзэхдээ шалны өнгө муудсан талаар хэлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор шалны өнгийг сэргээж өгсөн болно. Тиймээс энэ шал ховхорсон гэдэг нь үндэслэлгүй, энэ нь фото зургаас харагдана. Тавилга болон цахилгаан хэрэгсэл нь хэт хуучирсан гэжээ, гэтэл хөлслөгч гэрээ байгуулахаас өмнө орон сууцыг үзсэн ба түүний хүсэлтээр зарим тавилгуудыг шинээр сольсон, цахилгаан хэрэгсэл хэт хуучирсан зүйл огт байхгүй, гэрээгээр цахилгаан хэрэгслийг шинэ байлгах талаар талууд тохиролцоогүй юм. Мөн хөлслөгчийн тавьсан саналыг хүлээн авч орон сууцанд тодорхой тавилгуудыг шинээр авч, заримыг нь нурааж, гал тогооны болон ширээ сандлыг цоо шинээр авч өгсөн. Гал тогоо болон ариун цэврийн өрөөний бохир усны шугам доголдолтойн улмаас усны хоолой байнга бөглөрдөг гэжээ. Гэрээний 4.2.2-т орон сууцанд яаралтай арга хэмжээ авбал зохих гэмтэл цахилгаан, гэрэлтүүлэг, дулаан сантехникийн гэх мэтийг хариуцах үүрэгтэй талаар заасан. Үүний дагуу гал тогоо болон ариун цэврийн өрөөний цэвэр бохирын шугам доголдолтой асуудлыг тухайн орон сууцны контор, СӨХ-д мэдэгдэх боломжтой. Нэхэмжлэгч тал СӨХ-д нийтдээ 4 удаа дуудлага өгч, дуудлагыг цаг тухай бүрт нь шийдвэрлэж, хугацаа алдахгүйгээр үйлчилгээ үзүүлсэн гэх нотлох баримтыг байгаа. Гэрээ байгуулах явцад нэхэмжлэгч нэг автомашинтай түүнийгээ авто зогсоолд байрлуулах талаараа хэлсэн, уг гэрээгээр хоёр эсвэл нэг автомашины зогсоолын хамт орон сууцыг түрээслүүлэх талаар тохиролцоогүй. Мөн нэгэнт баригдсан гараашийг хөлслүүлэгч өөрчлөх боломжгүй. Иймд нэхэмжлэгчийн гэрээ цуцлах болсон шалтгаан нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээ байгуулах үед буюу 11 дүгээр сар нь гадаад улсын иргэд ихээр ирж, байрлах хөлслөх эрэлттэй улирал байдаг бөгөөд тухайн үед байрыг маань 4 хүн хөлслөхөөр холбогдсон байсан боловч Ханкок Дэвид Петерийн “танай байрыг 1 жилийн хугацаанд тогтвор суурьшилтай хөлсөлнө” гэх хүсэлтийг үндэслэж түүнтэй орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан. Ханкок Дэвид Петер нь орон сууцанд тодорхой засвар тохижуулалт хийх санал тавьсан тул ширээ сандал, гал тогооны хэрэгслийг шинээр сольж, нэг болон хоёр давхарт байрлах хүүхдийн өрөөний хананд байсан шкафыг буулгасан, өрөөний заслыг өөрчилсөн тухайн өрөөнүүдийн ханын цаасыг бүхэлд нь сольсон, цайны өрөөнд байрлах ширээ таалагдаагүй гэх шалтгаанаар шинийг худалдан авч өгсөн, цоо шинэ иж бүрэн гал тогооны хэрэгсэл худалдан авч өгсөн, сэтгүүлийн ширээг мөн таалагдаагүй гэх шалтгаанаар шинийг худалдаж авч өгсөн, хивс хивсэнцэр, гэрэл зэргийг хэвийн ашиглах боломжтой зүйлсийг таалагдаагүй гэх шалтгаанаар шинээр солиулсан. Гэтэл Ханкок Дэвид Петер нь баримтаар тогтоогдохгүй шалтгаанаар орон сууц хөлслүүлэх, хөлслөх гэрээг үндэслэлгүйгээр цуцалж, гэрээний үүргээ зөрчсөн. Ханкок Дэвид Петер нь 1 жилийн хугацаанд орон сууцыг орон сууцыг түрээслэн суухгүй байсан тохиолдолд түрээслүүлэгч миний бие тухайн засвар үйлчилгээг хийх шаардлагагүй байсан юм. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.2 дахь хэсэгт зааснаар үүрэг үүссэн юм. Гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд үүссэн үүргийн харилцаа талуудын хэлэлцээр дууссан, эсхүл гэрээ байгуулагдсан тохиолдолд дуусгавар болдог ч уг тохиолдолд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 187 дугаар зүйлийн 187.2 дахь хэсэгт заасны дагуу учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрх хэвээр үлдэнэ. Түрээслэгч Ханкок Дэвид Петер нь дээрх орон сууцны талаарх доголдлыг хөлслүүлэгчид тухай бүр мэдэгдэж байсан боловч арга хэмжээ аваагүй гэжээ. Нэхэмжлэгч нь гэрээг цуцлах болсон шалтгаан буюу түрээсийн эд зүйлс доголдолтой байсан нөхцөл байдлыг огт мэдэгдэж байгаагүй, гэтэл түрээсийн гэрээг цуцлах тухай цахим мэдэгдэлд хөрөнгийг доголдолтой гэж бичсэн ба орон сууц хөлслүүлэх, хөлслөх гэрээний 5.1.1-д орон сууцны цахилгаан, дулаан, гэрэлтүүлэг, агааржуулалт, цэвэр бохир усны хангамжийн болон холбооны шугам сүлжээний хэвийн ажиллагааг хангах” гэсэн үүргээ хөлслүүлэгч тал биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээг цуцалсан. Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.3-д “хууль заасан бусад үндэслэл”-ээр эд хөрөнгө хөлслөх гэрээг дуусгавар болгохоор заасан. Энэ нь гэрээний талууд гэрээ цуцлах угтвар нөхцөл болон гэрээ цуцлах боломжийг харилцан тохиролцоно гэсэн агуулгатай юм. Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээний 3.5.2.1-т “хөлслөгч нь дараах нөхцөл бүрдсэн тохиолдолд хөлслүүлэгчид бичгээр мэдэгдэл гаргаж гэрээг дангаар цуцлах эрхтэй” гэсэн ба 3.5.2.3-т -энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх тухай хөлслөгчийн шаардлагыг хөлслүүлэгч удаа дараа биелүүлээгүй” гэсэн урьдчилсан нөхцөлийг тохиролцсон. Өөрөөр хэлбэл, хөлслөгч нь нэхэмжлэлд дурдсан эд хөрөнгө доголдолтой байгаа талаараа хөлслүүлэгчид мэдэгдэж, улмаар засвар үйлчилгээтэй холбоотой шаардлагыг огт гаргаж байгаагүй. Иргэний хуулийн 290 дүгээр зүйлд зааснаар доголдолтой эд хөрөнгө хүлээлгэж өгөөгүй болох нь эд хөрөнгө хөлслүүлэх, хөлслөх гэрээний хавсралт гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдоно. Иймд Ханкок Дэвид Петер нь орон сууц хөлслүүлэх, хөлслөх гэрээг үндэслэлгүйгээр цуцалж, гэрээний үүргээ зөрчсөн тул тухайн гэрээг байгуулахдаа Ханкок Дэвид Петерын хүсэл сонирхолд нийцүүлэн орон сууцны хоёр өрөөнд засвар хийсний төлбөр болох материалын зардал 5 363 000 төгрөг, ажлын хөлс 2 354 000 төгрөг нийт 7 717 000 төгрөг болж байгаа боловч 7 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

  

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ханкок Дэвид Петер нь хариуцагч Ө.Мөнхцэцэгт холбогдуулан барьцаа төлбөрт төлсөн 2 442 евро буюу 7 270 761 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирол 7 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.  

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

 

Хэргийн баримтаас үзэхэд Ханкок Дэвид Петер болон Ө.Мөнхцэцэг нарын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Орон сууц хөлслүүлэх, хөлслөх гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр Ханкок Дэвид Петер нь Ө.Мөнхцэцэгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, Бэлла виста 200 дугаар байрны 212 тоот орон сууцыг сарын 7 000 000 төгрөгөөр, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай хөлслөхөөр, Ө.Мөнхцэцэг нь хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэхээр талууд тус тус харилцан тохиролцсон байна.  

 

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан байх бөгөөд эхний 3 сарын түрээсийн төлбөрт 21 000 000 төгрөг, барьцаанд 7 000 000 төгрөг, нийт 9768 евро буюу 28 022 829 төгрөгийг хүлээн авсан талаар хариуцагч маргаагүй.

 

Нэхэмжлэгч Ханкок Дэвид Петер нь “...орон сууцаа цэвэрхэн хүлээлгэж өгөөгүй, шал нь бүхэлдээ ховхорсон байдалтай байсан, тавилга болон цахилгаан хэрэгсэл нь хуучин эвдэрхий байсан, гэр ахуйн хэрэгслүүд таалагдаагүй, ажиллагаа нь доголдолтой зуухтай харьцдаг, хөргөгч буруу ажилласнаас хүнс муудсан, зогсоолын зөв, зохион байгуулалтгүй байдал, техникийн мэргэжилтнүүд нь үйл ойшоон, засвар үйлчилгээ үзүүлэхгүй орхиж явдаг, 2 машины зогсоолтой гэж ойлгосон ч 1 зогсоолтой байсан” гэх үндэслэл зааж, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж зааснаар 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гэрээнээс татгалзаж буй мэдэгдлийг хөлслүүлэгчид бичгээр мэдэгдэж, улмаар 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр орон сууцыг, тавилга, тоног төхөөрөмжийн хамт хүлээлгэж өгсөн асуудлаар талууд мөн маргаагүй.   

 

Харин хариуцагч нь “...Гэрээ байгуулах үед буюу 11 дүгээр сар нь гадаад улсын иргэд ихээр ирж, байрлах хөлслөх эрэлттэй улирал байдаг бөгөөд тухайн үед байрыг маань 4 хүн хөлслөхөөр холбогдсон байсан боловч Ханкок Дэвид Петерийн “танай байрыг 1 жилийн хугацаанд тогтвор суурьшилтай хөлсөлнө” гэх хүсэлтийг үндэслэж түүнтэй орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан. Ханкок Дэвид Петер нь орон сууцанд тодорхой засвар тохижуулалт хийх санал тавьсан тул ширээ сандал, гал тогооны хэрэгслийг шинээр сольж, нэг болон хоёр давхарт байрлах хүүхдийн өрөөний хананд байсан шкафыг буулгасан, өрөөний заслыг өөрчилсөн тухайн өрөөнүүдийн ханын цаасыг бүхэлд нь сольсон, цайны өрөөнд байрлах ширээ таалагдаагүй гэх шалтгаанаар шинийг худалдан авч өгсөн, цоо шинэ иж бүрэн гал тогооны хэрэгсэл худалдан авч өгсөн, сэтгүүлийн ширээг мөн таалагдаагүй гэх шалтгаанаар шинийг худалдаж авч өгсөн, хивс хивсэнцэр, гэрэл зэргийг хэвийн ашиглах боломжтой зүйлсийг таалагдаагүй гэх шалтгаанаар шинээр солиулсан. Гэтэл Ханкок Дэвид Петер нь баримтаар тогтоогдохгүй шалтгаанаар орон сууц хөлслүүлэх, хөлслөх гэрээг үндэслэлгүйгээр цуцалж, гэрээний үүргээ зөрчсөн тул орон сууцны хоёр өрөөнд засвар хийсний төлбөр болох материалын зардал 5 363 000 төгрөг, ажлын хөлс 2 354 000 төгрөг нийт 7 717 000 төгрөг болж байгаа боловч 7 000 000 төгрөгийг гаргуулна” гэж маргасан.

 

Дээрх үйл баримтаар талуудын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээ цуцлагдсан болох нь тогтоогдож байх тул шүүх энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн бөгөөд талуудын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.5.2.4-т “....хөлслүүлэгч барьцаа болон урьдчилан төлсөн төлбөрийг хөлслөгч талд 7 хоногийн дотор эргүүлэн олгох ёстой...” гэж зааснаар нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгө болох 7 270 761 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар, хариуцагч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгчээс хохирлоо гаргуулахаар тус тус шаардах эрхтэй байна.

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгчийн барьцаа төлбөрт төлсөн 7 270 761 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагчийн өөрт учирсан хохирлоо нотлох зорилгоор шүүхэд гаргаж өгсөн материалын зардал 5 363 000 төгрөг, ажлын хөлс 2 354 000 төгрөг нийт 7 717 000 төгрөг зарцуулсан талаарх баримтыг нэхэмжлэгч тал няцааж чадаагүй, түүнчлэн нэхэмжлэгч  Ханкок Дэвид Петер гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хугацаанаас өмнө гэрээнээс татгалзсанаар хариуцагч Ө.Мөнхцэцэгт дээрх хохирол учирсан болох нь гэрч Н.Мандахын “...Ханкок Дэвид Петер нь эхний удаа очиж үзээд байршлын хувьд таалагдаж байна гэсэн. Дараагийн удаа очиж үзэхдээ тавилга өөрчлөх хүсэлт гаргасан. Доод давхрын хүүхдийн өрөөг ажлын өрөө болгох, засварын хувьд жижиг сажиг будаг хуурсан зэрэг зүйлсийг засуулахыг хүссэн. Гэрээг хугацааны хувьд жилийн хугацаатай байгуулж, үнийн хувьд анх 6 сая төгрөг байсныг засвар хийлгэж байгаа учраас сарын төлбөрөө 7 сая төгрөгөөр тооцож төлье гэсэн саналыг өөрөө гаргасан” гэх мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж зааснаар нэхэмжлэгч Ханкок Дэвид Петерээс хариуцагчийн шаардсан 7 000 000 төгрөгийг гаргуулж,  хариуцагч Ө.Мөнхцэцэгт олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7-д “Энэ хуулийн 205.1-д заасан үүргийг гэрээний талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй” гэж заасан тул шүүх талуудын үүргийг харилцан тооцож, хариуцагч Ө.Мөнхцэцэгээс 270 761 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ханкок Дэвид Петерт олгох нь хуульд нийцнэ гэж үзлээ.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үүргийг харилцан тооцож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131 283 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 8 773 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7, 227 дугаар зүйлийн 227.3, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Ө.Мөнхцэцэгээс 270 761 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ханкок Дэвид Петерт олгосугай.  

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131 283 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 8 773 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

  

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ