Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 670

 

 

“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/00480 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Б-д холбогдох

 

Гэм хорын хохиролд 29 997 745 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь автомашин түрээсийн үйл ажиллагаа эрхэлдэг, Олон улсын стандарт, олон улсын франчайз автомашин түрээслүүлэгч бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Б.Б нь “П” ХХК буюу эхлээд компанийн ерөнхий менежер, хувьцаа эзэмшигч Герман улсын иргэн н.Макс Ветээр дамжуулж боломжийн үнээр машин түрээслэх боломж байна уу гэж гаргасан хүсэлтийн дагуу түүнд УАЗ Патриот маркийн 4210 УБХ улсын дугаартай автомашиныг 1 өдрийн хугацаагаар 156 000 төгрөгийн үнээс 25 хувиар хямдруулан нэг өдрийн 117 000 төгрөгөөр түрээслүүлсэн. Автомашиныг хүлээлцэх актан дээр Б.Б гарын үсэг зурж, автомашиныг бүрэн бүтэн хүлээж авсан. Гэтэл Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр уг машиныг унаж яваад Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, 2371 УНН улсын дугаартай автомашиныг мөргөж манай компанид хохирол учруулсан. Зөрчлийн хэрэг Налайх, Багахангай дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж, Б.Б нь Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн болох нь тогтоогдож, 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 3100027180018333 дугаартай шийтгэх хуудсаар 100 000 төгрөгийн торгох шийтгэлийг авсан. Б.Б-ийн буруутай үйлдлийн улмаас манай компанийн 2018 онд үйлдвэрлэгдсэн, 2018 оны 5 дугаар сард худалдан авсан, УАЗ Патриот маркын 4210 УБХ улсын дугаартай автомашинд засвар үйлчилгээний зардалд 28 907 745 төгрөг, хөрөнгийн үнэлгээний зардалд 1 080 000 төгрөг, нотариатын хөлс 10 000 төгрөг, нийт 29 997 745 төгрөгийн хохирол учирсан тул гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Америкийн Нэгдсэн Улсын иргэн Илья Александреевич Мельниковын орчуулагчаар ажиллаж байсан ба тус өдөр Илья Александреевич Мельников нь эд хөрөнгө хөлслөх гэрээг “Проседи” ХХК-тай байгуулсан байдаг. Тус компани нь олон улсын Сикст гэдэг франчайзингийн нэрээр үйл ажиллагаа явуулдаг. Хэрэг авагдсан нотлох баримтаар Сикст компанитай байгуулсан Илья Александреевич Мельниковын гэрээ байгаа. Б.Б нь тус өдөр автомашиныг Илья Александреевич Мельниковын хүсэлтээр жолоодож явахдаа “Проседи” ХХК-д ямар нэгэн төлбөр төлөөгүй. Нэхэмжлэгч Б.Б-г автомашин захиалсан талаар ярьж байна. Илья Александреевич Мельников нь эд хөрөнгө хөлслөх гэрээг байгуулсан. Налайх дүүрэгт осол гаргасан байдаг. Ослын дараагаар Налайх дүүргийн замын цагдаагийн хэлтэс хэмжилт хийж үзсэн. Б.Б-г тухайн өдөр Зөрчлийн тухай хуулиар шийтгэвэр бичсэн боловч хүлээн зөвшөөрөхгүй гэж гомдол гаргасан. Замын цагдааг хэмжилт хийж байх үед “Проседи” ХХК-иас хүн ирж тухайн автомашиныг шууд ачиж явсан байдаг. Зөрчил хянан шийдвэрлэх явцад энэ хөрөнгө үнэлэх байгууллагыг Налайх дүүргийн замын цагдаагийн хэлтсээс нэр заасан газар хөрөнгийг үнэлүүлж өгөөч гэсэн хүсэлтийг удаа дараа тавьсан боловч ямар нэгэн хариу өгөөгүй Налайх дүүргийн замын цагдаагийн хэлтсээс удаа дараа хүсэлт тавьж замын цагдаагийн газраас хөрөнгийн үнэлгээ хийх газрын томилж тавьдаг танайх дур мэдэж өөрсдөө хөрөнгийн үнэлгээг хийж болохгүй гэсэн шаардлагыг хариуцагч талаас тавьсан. Бид “Хөрөнгө эстимейт” ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн боловч “П” ХХК хүлээж аваагүй. Ингээд зөрчил шалгах хугацаа дууссан. 4210 УНН маркийн автомашиныг Б.Б жолоодож яваад, 2371 УНН улсын дугаартай приус маркийн автомашинтай мөргөлдөж осол гаргасан. Зөрчлийн хэргийн явцад тус приус автомашины жолооч Налайх дүүргийн замын цагдаагийн хэлтсээр Хас үнэлгээний төвөөр хохирлоо тооцуулж, Монре даатгалаар хохирлоо барагдуулсан. Хараат бусаар хохирлын үнэлгээг хийлгэж чадаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг хүлээнэ гэсэн заалттай. Хэрэгт авагдсан нотлох баримтад түрээслэгчийн нэр гэдэгт Илья Александреевич Мельников байх тул Б.Б-г эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулсан гэх үндэслэлгүй. Гэрээг Илья Александреевич Мельников гэдэг хүн байгуулсан, Б.Б жолоочийн үүрэг гүйцэтгэсэн тул хариуцагчийн хувьд маргаантай, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуулийн шаардлага хангахгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа үүсээгүй байх тул П ХХК-ийн хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 29 997 745 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 938 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...дээрх харилцаа нь зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилцаанд хамаарахгүй, харин Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэв" гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Учир нь автомашин хүлээн авах харилцаа нь гэрээний үндсэн дээр үүссэн боловч хохирол нь гэрээний бус зөрчлийн эрх зүйн үүргийн харилцаанаас үүссэн. Өөрөөр хэлбэл Замын хөдөлгөөний дүрмийг дагаж мөрдөх нь гэрээний үүрэг бус, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ, түүнийг зөрчсөний улмаас үүссэн үүрэг байна. Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас автомашинд хохирол учирсан буюу өмчлөгчийн субъектив эрх зөрчигдсөн, гэм бурууг нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасны дагуу гэм хорын эрх зүйн харилцаа үүссэн байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...гэрчээр оролцсон Н.Цэлмэн шүүхийн хэлэлцүүлэгт ... эхний гэрээг Б.Б-тай байгуулан автомашинаа өгч явуулсан, осол болсны дараа инженертэйгээ очоод барьцаа аваагүй явуулсан талаар Илья Александреевия Мельниковд хэлэхэд заавал гэрээ хийж барьцаа өгнө гэсэн тул Илья Александреевия Мельниковтой мөн түрээсийн гэрээ байгуулсан...” гэж тайлбарлан Б.Б-тай байгуулсан тээврийн хэрэгслийн түрээсийн гэрээг нотлох баримтын шаардлага хангаагүй хэлбэрээр гаргаж үзүүлсэн...” гэжээ. Гэрчийн нэр Н.Цэлмэн биш, Н.Цэлмэнгийх, гэрч шүүх хурал дээр "осол болсны дараа инженертэйгээ очоод барьцаа аваагүй явуулсан талаар Илья Александреевия Мельниковд хэлэхэд заавал гэрээ хийж барьцаа өгнө гэсэн тул Илья Александреевия Мельниковтой мөн түрээсийн гэрээ байгуулсан" гэж хэлээгүй. Тэрээр Б.Баярманлайгаас барьцаа шаардахад Б.Б өөрөө Илья Александреевия Мельниковтой гэрээг байгуулж, барьцааг татуулсан гэж мэдүүлсэн болно. Түүнчлэн Н.Цэлмэнгийхийн нотлох баримтын шаардлага хангаагүй түрээсийн гэрээг гаргаж өгсөн гэж бичсэн байна. Б.Б-тай байгуулсан түрээсийн гэрээ нотлох баримтын шаардлага хангасан, эх хувиар өгсөн. Гэвч шүүх гэрч өөрийн мэдүүлгээ баталж өгсөн баримтыг хэргийн материалд аваагүй. Үүний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтаар авахуулах хүсэлт гаргахад мөн хүлээн аваагүй. Мөн Б.Б нь Налайх дүүргийн Замын цагдаагийн хэлтэст "би уг автомашиныг сикстээс өдрөөр түрээслэж авсан" гэж мэдүүлэг өгсөн бөгөөд өөрөө автомашиныг манай компаниас түрээслэснээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, ач холбогдол бүхий баримтыг үнэлээгүй байна. Түүнчлэн шүүх түрээсийн гэрээг Илья Мельниковтой байгуулсан байна гэж дүгнэсэн байна. Хариуцагчаа буруу тодорхойлсон гэж дүгнэж байгаа боловч тус гэрээ нь гэрчийн мэдүүлгээр автомашиныг хүлээлгэн өгсний дараа нөхөж хэлбэрийн төдий бичигдсэн. Өөрөөр хэлбэл Илья нь уг гэрээгээр автомашиныг эзэмшилдээ аваагүй. Иргэний хуульд заасны дагуу гэрээ байгуулагдсанд тооцохгүй. “П” ХХК нь уг гэрээг баталгаажуулаагүй, хүлээн зөвшөөрөөгүй. Илья нь автомашиныг хүлээлгэн өгсөний дараа гэрээг өөрийн нэрээр бичсэн нь гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэл болохгүй. Шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн. Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасны дагуу эд хөрөнгийг түрээслэгчийн эзэмшилд шижлүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно. Автомашин хүлээлцэх акт /хх 6-8 хуудас/-аар Б.Б хүлээн авсан, унаж авсан нь мөн эзэмшиж байсныг нотолж байна. Иймд нотлох баримтыг буруу үнэлж, улмаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг үнэлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Шүүх хариуцагчийг бүрэн яриулсан, нэхэмжлэгч талаас асуултыг бүрэн асуулгасан атлаа нэхэмжлэлийн төлөөлөгч надаар гэрчээс бүрэн асуулт асуулгаагүй, тайлбар байнга тасалсан, хариуцагчаас асуулт асуулгаагүйгээр шүүхийн хэлэлцүүлгийг өрнүүлж шийдвэр гаргасан нь миний мэтгэлцэх боломжоор хангаагүй. Хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч “П” ХХК нь хариуцагч Б.Б-д холбогдуулан гэм хорын хохиролд 29 997 745 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “автомашиныг хүлээлцэх актад Б.Б гарын үсэг зурж, автомашиныг бүрэн бүтэн хүлээж авсан. Гэтэл Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр уг машиныг унаж яваад Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, 2371 УНН улсын дугаартай автомашиныг мөргөж манай компанид хохирол учруулсан тул гэм хорын хохирол 29 997 745 төгрөг гаргуулна” гэж тайлбарласан байна.

 

Анхан шатны шүүх гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа үүсээгүй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагч Б.Б-д холбогдох гэм хорын хохиролд         29 997 745 төгрөг гаргуулах тухай “П” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Тухайн зам тээврийн осол гарах үед нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хэдий хэмжээний хохирол учруулсаныг эргэлзээгүйгээр нотлох баримт хэрэгт авагдаагүй, ослын талаар зөвхөн схем зураг хэрэгт авагдсан байгаагаас гадна осол болсон газарт мөргөлдсөн 2  тээврийн хэрэгслийн аль хэсэгт ямар гэмтэл учирсан талаарх тэмдэглэл байхгүй, хэрэг учирлын газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл гэх баримт бүрэн бус байна.

 

Хэргийн 10-13 дах талд авагдсан нэхэмжлэгчийн захиалгаар хийгдсэн “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан авагдсан байх ба уг байгууллага эд хөрөнгийн үнэлгээ тогтоох боломжтой болохоос, зам тээврийн ослын шалтгаан, ослын улмаас учирсан гэм хор буюу ямар осол бий болсныг тогтоох эрх бүхий этгээд биш юм. Иймд “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайланг үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжгүй юм.

 

Хэрэгт авагдсан баримтууд хуулиар тогтоосон бичгийн нотлох баримт, мэргэжлийн шинжээчийн дүгнэлт зэрэгт тавигдах шаардлага хангаагүй байх тул хэрэгт байгаа баримтад үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

Түүнчлэн, хариуцагч нь тээврийн хэрэгслийн түрээсийн гэрээг Илья Александреевич Мельниковтой байгуулсан, Б.Б жолоочийн үүрэг гүйцэтгэсэн, зам тээврийн осолд өөрийнх нь гэм буруу байхгүй гэсэн агуулгаар тайлбарыг гаргаж байгаа тул хариуцагчийн гэм буруугийн асуудлаар зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон эсэх нөхцөл байдлыг мөн тодруулах шаардлагатай болно.

 

Иймд хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийх боломжгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/00480 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 970 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                ШҮҮГЧИД                                      Н.БАТЗОРИГ

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ