Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2021/02898

 

 

2021 оны 12 сарын 09 өдөр

    Дугаар 183/ШШ2021/02898

Улаанбаатар хот

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, шүүгч Д.Хулан, шүүгч Ж.Сэмжид нарын бүрэлдэхүүнтэй,  тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо, Олимпын гудамж, Олимп XX тоотод оршин байрлах, П****** ХХК /РД:XXXXXX/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, XX байрны XX тоотод оршин суух, 19XX онд төрсөн, XX настай, эрэгтэй, Т овогт Б-ын Б /РД:УКXXXXXXX/-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 26 310 075 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, гэрч Л.С, Б.Б, С.У, иргэдийн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П****** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани нь автомашин түрээсийн үйл ажиллагаа эрхэлдэг, Олон улсын стандарт, олон улсын франчайз автомашин түрээслүүлэгч бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Б.Б*********** хүсэлт гаргасны дагуу түүнд УАЗ Патриот маркийн XXAA УБХ улсын дугаартай автомашиныг 1 өдрийн 117 000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохиролцож, автомашиныг хүлээлцэх актаар бүрэн бүтэн автомашин хүлээн авч Б.Б*********** гарын үсэг зурсан. Гэтэл Б.Б*********** мөн өдрөө уг машиныг унаж яваад Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, 2371 УНН улсын дугаартай автомашиныг мөргөж манай компанид хохирол учруулсан. Уг асуудлаар Налайх, Багахангай дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж, Б.Б***********г Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн болохыг тогтоож, 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 3100027180018333 дугаартай шийтгэх хуудсаар 100 000 төгрөгийн торгох шийтгэлийг ногдуулсан. Б.Б***********н буруутай үйлдлийн улмаас манай компанийн 2018 онд үйлдвэрлэгдсэн, 2018 оны 5 дугаар сард худалдан авсан, УАЗ Патриот маркийн автомашинд засвар үйлчилгээний зардалд 28 907 745 төгрөг, хөрөнгийн үнэлгээний зардалд 1 080 000 төгрөг, нотариатын хөлс 10 000 төгрөг, нийт 29 997 745 төгрөгийн хохирол учирсан. Хохиролтой холбоотой асуудлаар зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөрөнгө эстимэйт ХХК-аар дүгнэлт гаргуулсан бөгөөд тус ажиллагааны явцад Б.Б*********** хохирлын асуудлаар маргаагүй. Харин шүүх хуралдаанд хөдөлгүүр буюу мотор, чулак буюу хөдөлгүүрийн дээр суурилагддаг хэвтээ хөндлөн эд анги, рам зэргийн үнэлгээтэй холбоотой маргаж байгаа юм байна. Энэ машин нь 2018 оны 4 дүгээр сард үйлдвэрлэгдсэн, 6 дугаар сард Монгол Улсад цоо шинээрээ орж ирсэн, 10 дугаар сард осолд орсон тул элэгдэл хорогдол гэж байхгүй. Машин баруун талаасаа мөргөгдөж, Буянт оюу авто засварын газрын оношилгоогоор мотор зуурч гацсан, чулак нь гулзайсан, доод эд анги нь мөргөлдсөний улмаас засахаас өөр аргагүй болсон нь тогтоогдсон тул шинэ эд анги авахаас өөр аргагүй болсон. Монгол Улсад УАЗ маркийн автомашины албан ёсны худалдааны газар байхгүй, цоо шинэ эд ангийг зөвхөн үйлдвэрлэгчээс л авах тул хөрөнгө үнэлж байгаа компаниуд үйлдвэрлэгчийн болон олон улсын жишгийг харгалзаж үнээ тогтоосон. Тус автомашиныг 51 000 000 төгрөгөөр худалдаж аваад, лизинг төлдөг байсан, 2018 онд түрээсэнд яваагүй, ямар ч ашиг олохгүй, лизинг төлөөд байсан тул 29 000 000 төгрөгөөр худалдсан. Тухайн үед мотор дээр суурилагддаг эд анги буюу хөндлөн эд анги нь баруун талаасаа мөргүүлэхэд гулзайгаад мотороо цохичихсон байхад мотороо дахин асааснаас болж эвдэрсэн. Түүнээс биш мөргөлдөөд мотор эвдэрсэн биш, ослын улмаас даамжраад эвдэрсэн тул солих шаардлагатай болсон, энэ хариуцлагыг Б.Б*********** хүлээх ёстой. Шинжээчийн дүгнэлтийн хувьд бид эхний болон сүүлийн дүгнэлтийг аль алийг нь хүлээн зөвшөөрдөг боловч сүүлийн шинжээчийн үнэлгээ болох 24 020 075 төгрөгийг нэхэмжлэлийн үндэслэл болгож байна, үүн дээр анх гаргасан шинжээчийн хөлс 1 080 000 төгрөг, нотариатын зардал 10 000 төгрөг, сүүлийн шинжээчийн зардал 1 200 000 төгрөг нийт 26 310 075 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн зүгээс хэдийгээр гэм хорын асуудал тодорхойгүй ч гэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэлийн шаардлагаас шинжээчийн дүгнэлтээр тодорхойлсон 16 гэмтлийн 13 гэмтлийн 7 561 308 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрнө. Харин урд чулак, рам, хөдөлгүүр зэрэг эд ангиудыг солих хэмжээний эвдрэл гэмтэл үүссэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Бид эвлэрэх асуудлаар нэхэмжлэгчид хандаж байсан боловч хэрэг учралын газарт гэм хорын асуудал тогтоогдохгүй байснаас өнөөдрийг хүрсэн бөгөөд Налайх дүүргийн прокурорын зүгээс мөрдөгч н.Дашдорж хэргийн газрын үзлэгийг дахин хийх даалгаврыг биелүүлээгүй учир арга хэмжээ авсан гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Тус хэрэгт 3 шинжээчийн дүгнэлт гарсан. Эхний шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгч тал өөрсдийн таньдаг компаниараа машиныг авч явж гаргуулсан дүгнэлт байсан, захиалагч Налайх дүүргийн цагдаагийн алба гэж бичсэн байдаг боловч Налайх дүүргийн цагдаагийн албанаас энэхүү Хөрөнгө эстимэйт ХХК-ийн дүгнэлтийг бид захирамж гаргаж явуулаагүй гэсэн хариу ирсэн байдаг. Энэ машин маш бат бөх, хуучны УАЗ 469 маркийн авто машины дараагийн загвар бөгөөд тус машинтай шүргэлцсэн Приус автомашинд 1 300 000 төгрөгийн хохирол учирсан байхад уг машины хөдөлгүүр, рам, чулак 3 эвдрэхгүй гэдгийг шинжээчийн дүгнэлт байтугай жирийн жолооч хэлээд өгөх байх. Хууль зүйн талаасаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар нотлох баримт үнэн зөв байх ёстой. Нэхэмжлэгч тал нотлох баримтын шаардлага хангахгүй үнэлгээчдийг сонгож нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байна. Сүүлд томилогдсон Хөрөнгийн хохирлын үнэлгээний шинжээчийн дүгнэлтийг бид хүлээн зөвшөөрч байгаа. Бүрэлдэхүүнтэй томилогдсон шинжээчийн дүгнэлтээс С.Ур**** шинжээч бидний хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэсгүүдийн талаар мэдүүлснийг та бүхэн сонслоо. Мөн нэхэмжлэгчийн тайлбараас бүрэлдэхүүнтэй томилсон шинжээчийн дүгнэлт, зурган байдлаас нь дүгнэсэн н.Уртнасан шинжээчийн дүгнэлттэй адилхан байдлаар гарсан учраас энэ шинжээчийн дүгнэлтийг хүчинтэй гэж ойлгож болно. Өөрсдөө машинаа булааж зугтаачхаад, одоо тэр машинаа зарчихсан байж яаж дүгнэлт гаргуулах юм. Хавтаст хэргийн 191 дүгээр талд авагдсан Хөрөнгийн үнэлгээний төвийн “...гэрэл зургаас харахад баруун талын их гэрэл нь задарч унаагүй, урд гупер эвдрээгүй, копут гэмтээгүй, тийм учраас жолооны аппаратны иж бүрдэл, кардан, гол урд чулак, хөдөлгүүрийн үндсэн рам гэсэн эд ангиуд эвдрэлд ороогүй нь харагдаж байна гэсэн” С.Ур**** шинжээчийн дүгнэлт бусад шинжээчийн дүгнэлтээс хамгийн ойрхон, сайн гарсан дүгнэлт, үүнийг мэргэшсэн 24 жил шинжээч хийсэн хүн хүртэл хэлээд байна. Нэхэмжлэгч тал түлхүүр түлхсэн асуудал яриад байна, яг үнэнийг хэлэхэд эдний инженер түлхүүрийг нь түлхсэн юм билээ. Хариуцагч Б.Б*********** өөрөө 16 жил машин зарж байсан, осол болоход түлхүүр түлхэж болохгүй гэдгийг хамгийн түрүүнд мэдэх хүн, надад хэлэхдээ би түлхүүр түлхсэн үйлдэл хийгээгүй, авч явсан хүн нь өөрөө түлхүүрээ түлхсэн, би тухайн үед механикаас нь энэ машиныг аваад явах гэж байгаа юм уу гэж л асуусан гэж хариулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй” гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Б.Түмэндэлгэр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч тал УАЗ машинаа Б.Б***********д түрээслүүлэхэд осол гаргаж хүндрэл учирсан байна. Иймээс хариуцагч хуулийн дагуу хариуцлага хүлээж, хохирлыг нь гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П****** ХХК нь хариуцагч Б.Б***********д холбогдуулан гэм хорын хохиролд 29 997 745 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх тус шүүхэд гаргасан бөгөөд хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд 3 687 670 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, нийт 26 310 075 төгрөг гаргуулахаар шаардсаны зарим хэсгийг хариуцагч зөвшөөрчээ.

 

Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “...Жолооч Б.Б*********** 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тус компанийн УАЗ Патриот маркийн XXAA УБХ улсын дугаартай автомашиныг жолоодож яваад зам тээврийн осол гаргасны улмаас автомашины засвар үйлчилгээний зардалд 28 907 745 төгрөг, хөрөнгийн үнэлгээний зардалд 1 080 000 төгрөг, нотариатын хөлс 10 000 төгрөг, нийт 29 997 745 төгрөгийн хохирол учирсан. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээс сүүлийн шинжээчийн үнэлгээ болох 24 020 075 төгрөгийг нэхэмжлэлийн үндэслэл болгож байна, үүн дээр анх гаргасан шинжээчийн хөлс 1 080 000 төгрөг, нотариатын зардал 10 000 төгрөг, сүүлийн шинжээчийн зардал 1 200 000 төгрөг нийт 26 310 075 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарласан.

 

Хариуцагч “...Нэхэмжлэлийн шаардлагаас шинжээчийн дүгнэлтээр тодорхойлсон 13 гэмтлийн үнэлгээ 7 561 308 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, урд чулак, рам, хөдөлгүүр зэрэг эд ангиудыг солих хэмжээний эвдрэл гэмтэл үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг зөвшөөрөхгүй” гэж маргасан.

 

Хэргийн баримтаар, УАЗ Патриот маркийн XXAA УБХ улсын дугаартай автомашины эзэмшигч нь П****** ХХК болох нь, хариуцагч Б.Б*********** 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр П****** ХХК болон АНУ-ын иргэн Илья А М нарын хооронд байгуулагдсан тээврийн хэрэгслийн түрээсийн гэрээний дагуу гэрээний зүйл болсон дээрх автомашиныг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр жолоодож явахдаа 23-71 УНН улсын дугаартай Тоёота Приус автомашинтай мөргөлдөж, зам тээврийн осол гаргасан болох нь тус тус тогтоогдох бөгөөд талууд уг асуудлаар маргаагүй.

 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл хариуцагчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хууль бус үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч бусдын эд хөрөнгөд хохирол учирсан байх тул талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаанд хамаарч байна.  

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор хохирлын хэмжээг 28 907 745 төгрөгөөр тогтоосон 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Хөрөнгө эстимейт ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, Буянт-Оюу ХХК-ийн Хөрөнгө эстимейт ХХК-д хүргүүлсэн “2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр манай компанийн UB-4 автозасвар УАЗ Патриот маркийн XXAA УБХ улсын дугаартай автомашиныг оношлоход урд чулак гулзайсан, ...рам баруун урд талдаа гулзайсан, ...мотор зуурч гацсан ... тул эдгээр ангиудыг солих шаардлагатай байна” гэх тодорхойлолтыг тус тус хэрэгт хавсаргасан.     

 

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр, тус шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 9943 дугаар шүүгчийн захирамжаар шинжээч томилсон бөгөөд Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 299 тоот дүгнэлтээр УАЗ Патриот маркийн XXAA УБХ улсын дугаартай автомашинд учирсан хохирлын зах зээлийн үнэ цэнийг 3 010 000 төгрөгөөр тогтоожээ.  

 

Уг дүгнэлтийг нэхэмжлэгч эс зөвшөөрч, дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасныг шүүх 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 406 дугаар тогтоолоор хангаж, Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбоо ГҮТББ-ын 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлтээр маргаан бүхий тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нийт 24 020 075 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд тус дүгнэлтээр хариуцагчийн маргаж буй эд анги болох үндсэн рамыг 4 763 402 төгрөгөөр, хөдөлгүүрийг 8 717 688 төгрөгөөр, урд чулакыг 2 977 677 төгрөгөөр тус тус үнэлсэн, хариуцагч дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлт гаргаагүй байна. /хх192/

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр С.С, Б.Б нарыг, хариуцагчийн хүсэлтээр Ж.У****г тус тус гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шүүх хуралдаанд гэрч С.С “...Би нэхэмжлэгч компанийн механикч. Ослын газарт очиход хөдөлгүүр урд чагтан голоороо моторын тосны хэсгээ хагалаад тэр хэсгээрээ масло нь гоожоод мотор нь цохигдсон байсан. Мөн хүчтэй доргилтын улмаас чулак гулзайсан, цабны шарик нурсан, рам далийсан байсан. Чулак нь гулзайхдаа чагтан голоо өргөөд кастераа хага цохисон байсан” гэж,

Гэрч Хөрөнгө эстимейт ХХК-ийн үнэлгээчин Б.Б “...явах эд ангийн оношилгоог үнэлгээний компани хийдэггүй болохоор эрх бүхий оношилгооны газруудын дүгнэлтэд үндэслэж үнэлгээгээ хийдэг. Эрх бүхий гэдэг нь даатгалын компаниудын хүлээн зөвшөөрсөн оношилгооны газруудыг хэлээд байгаа юм. Энэ нь Улаанбаатар 4, 5 байдаг, тэдний нэг болох УБ авто сервис засвар явах эд ангийг эвдэрсэн гэсэн дүгнэлтийг бидэнд гаргаж өгсөн. Үүний үндсэн дээр бид эвдэрсэн байна гэж тайландаа тусгасан. Ер нь моторын гадаргуу нь гэмтэж цоорсон л бол нөхөж засварлана гэсэн ойлголт байдаггүй. Эвдэрсэн л бол солихоос өөр аргагүй байдаг” гэж,

Гэрч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээчин Ж.У**** “...Би 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр энэ машины талаар шинжээчийн дүгнэлт гаргасан. Автомашиныг бодитоор үзье гэсэн боловч олдоогүй. Энэ машины одоогийн тоноглол нь өөр болохоос Оросын УАЗ 469 л гэсэн үг. Зөв талдаа жолооны хүрдтэй машины жолооны механизм эвдэрсэн, копут эвдэрсэн, мотор эвдэрсэн, чулак эвдэрсэн гэж бусад шинжээчийн дүгнэлтэд бичсэн байсан. Гэтэл энэ машины баруун гар талаас нь мөргөсөн учир тэрхүү нөхцөлд нөлөөлөхгүй. Моторт өөрчлөлт гараагүй, хавтаст хэрэгт авагдсан машины баруун талаас авсан зургаас харахад их гэрлийн шил хагарсан боловч газарт үйрч унаагүй, тэр мөргөсөн приусных нь хаалга нь хонхойсон байсан. Тэгэхээр Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбоо ГҮТББ-ын үнэлгээний материалд илүү зүйл орсон байна, нэг талыг барьсан гэж би дүгнэж байна. Би өөрийнхөө гаргасан дүгнэлтэд хуулийн өмнө хариуцлага хүлээнэ” гэж тус тус мэдүүлжээ.  

 

Хэрэгт авагдсан дээрх баримтууд болон гэрчүүдийн мэдүүлэг, Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбоо ГҮТББ-ын 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлт, Буянт-Оюу ХХК-ийн Оношлогооны тодорхойлолт зэргээр хариуцагчийн маргаж буй үндсэн рам, мотор, урд чулак зэрэг эд ангиудыг шинээр солих шаардлагатай болох нь тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

  

Иймд хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд хохирол учирсан шалтгаант холбоо тогтоогдсон, гэм хор учруулагч нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар мөнгөөр нөхөн төлөх замаар арилгах үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагаас үнэлгээгээр тогтоогдсон 24 020 075 төгрөг, шинжээчийн зардалд 1 200 000 төгрөг нийт 25 220 075 төгрөгт холбогдох хэсгийг хангах нь зүйтэй байна.  

 

Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл түүнийг нотолсон баримтыг хуулийн шаардлага хангуулан шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагаас нотариатын зардалд шаардсан 10 000 төгрөг, шинжээчийн зардалд шаардсан 1 080 000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 938 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 284 050 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хууль нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Б***********гаас 25 220 075 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П****** ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 090 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 938 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 284 050 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ

 

          ШҮҮГЧ                                                 Д.ХУЛАН

 

          ШҮҮГЧ                                                 Ж.СЭМЖИД