Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2021/02791

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2021/02791

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, * дүүрэг, *-р хороо, * хотхон, *-р байр, * тоот хаягт оршин суух Ш овогт Д Б /РД:*/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: * дүүрэг, *дугаар хороо,* гудамж-3, НШШГГт холбогдох

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 14210 Энхтайвны өргөн чөлөө 19 өөрийн байранд ХХБ /РД:*/

 

Эд хөрөнгө битүүмжлэх 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн *тоот тогтоолыг хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

  Нэхэмжлэлийг 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авав.

 

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Д.Бгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дугаар * тоот шийдвэрээр 375 867 819 төгрөгийг гаргуулж, ХХБинд олгохоор шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Нийслэлийн шүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Д.Бгийн Улаанбаатар хот, * дүүрэг, * дүгээр хороо, * хотхон, * байр, * тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дугаар *тоот эд хөрөнгө битүүмжлсэн тухай тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу явагдах шаардлагатай. Төлбөр төлөгч этгээд нь шүүхийн шийдвэрээр бусдад төлөх өр төлбөртэй этгээд мөн боловч тухайн этгээдийн эрхэнд хуульд заасан хязгаар, хүрээний хэмжээнд эрхэнд нь халдах, албадлагын арга хэмжээг эрх бухий этгээдэд хэрэгжүүлэх үүрэгтэй байхаар хуульчилсан байдаг. Иймээс эрх бүхий этгээд нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хуулиар өөрт нь олгосон эрх хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн эсхүл хууль бус ажиллагаа явуулсан бол эрх зөрчигдсөн этгээд шүүхэд хандаж хууль бус ажиллагааны талаар шүүхэд хандаж ажиллагааг хүчингүй болгуулж эрхээ хамгаалуулах нь шударга ёсонд нийцэх юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулах зайлшгүй нөхцлүүдийг нэг бүрчлэн заасан байдаг. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээс 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Д.Бгийн гэрт нэвтрэн орсон байдаг боловч хуульд заасан хэмжээнд хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй байна. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэхийн өмнө төлбөр төлөгчид төлбөрөө талаарх мэдэгдэл хүргүүлэх, хөрөнгийн мэдүүлэг авах зэрэг ажиллагааг хийхээр хуульд заасан. Гэтэл уг ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу хийгдээгүй байдаг. Тухайлбал: Төлбөр төлөгч Д.Бд 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр шүүхийн шийдвэрийн дагуу мөнгө төлөх тухай мэдэгдлийг хүргүүлсэн байдаг боловч уг хугацаанд төлбөр төлөх боломж олгохгүйгээр 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Жаргалан хотхон, 1 байр 57 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн байдаг. Энэ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан дарааллын дагуу явагдсан гэж үзэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Нөгөөтэйгүүр төлбөрөө төлөх хугацааг тогтоосон боловч тухайн хугацаанд төлбөр төлөх бүрэн боломжийг олголгүй эд хөрөнгийг битүүмжилсэн нь хууль нийцэхгүй байна. НШШГГ нь Д.Бгийн Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Жаргалан хотхон, 1-р байр 57 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр битүүмжилж, мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талүуд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж заасан тул 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчээс 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гомдлыг шийдвэрлэж, хариу мэдэгдэх хуудсаар хариуг өгсний дараа 2021 оны 08 дугаар сарын 19-ны өдөр ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээс 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гомдлыг шийдвэрлэж хариуг бичгээр өгсөн. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дугаар 158/01 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч М.А шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.17-ны өдрийн * дугаар шийдвэрээр Ийстерн роуд ХХК, Д.Б нараас 3 707 768 027.39 төгрөгийг гаргуулж ХХБинд олгож шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 20290999 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн бөгөөд энэхүү ажиллагааны явцад төлбөр төлөгч Ийстерн роуд ХХК нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн *, *5, * дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө,66 тоот хаягт байрлах оффис, агуулах, грашийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 8014\053 дугаарт бүртгэлтэй 5873 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг гуравдагч этгээдэд худалдан борлуулж төлбөрөөс 3.331.900.208,39 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 375.867.819 төгрөгийн төлбөрийг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 125.289.273 төгрөг, 2021 оны 08 сарын 31-ний өдөр 125.289.273 төгрөг, 2021 оны 10 сарын 31-ний өдөр 125.289.273 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар төлбөр авагч ХХБтай өр төлбөр барагдуулах гэрээ хийсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан * дүүрэг, * дүгээр хороо, * хотхон, * байр, * тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай *тогтоолоор битүүмжилсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д хөндлөнгийн гэрч оролцуулах ажиллагааг тусгайлан зохицуулсан бөгөөд нэхэмжлэлд дурьдсан ажиллагаа нь дээрх заалтанд хамаарахгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б болон Ийстернроуд ХХК нь тус банктай 2017.12.19-ний өдөр зээлийн эрх нээлгэх гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг тус тус байгуулж 3 050 000 000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, жилийн 18 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Д.Бгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206009257 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион оргил, Махатма ганди гудамж , 1 дүгээр байрны 57 тоот хаягт байрлах 105.7 мкв талбай бүхий орон сууц, улсын бүртгэлийн Ү-2203016885 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, 4 дүгээр байр, 105 тоот хаягт байрлах 63.03 мкв талбай бүхий орон сууцыг тус тус холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийг баталгаажуулсан. Зээлдэгч Ийстернроуд ХХК нь зээлийн эрх нээлгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул банкны зүгээс зээлдэгчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 3 707 768 027.39 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2020.02.17-ны өдрийн 2660 тоот захирамжаар хариуцагч Ийстернроуд ХХК-аас 3 707 768 027.39 төгрөгийг гаргуулан банкинд олгуулах, хариуцагч нь дээрх шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар шийдвэрлэсэн. Гэвч хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураараа биелүүлээгүй тул шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж эхэлсэн. Хариуцагч нар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгүүдийг битүүмжлэх ажиллагаатай холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.              

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б хариуцагч НШШГГт холбогдуулан эд хөрөнгө битүүмжлэх 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 158/01 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар шаарджээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Тус шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2660 дугаар шүүгчийн захирамжаар төлбөр авагч Ийстерн роуд ХХК нь төлбөр төлөгч Д.Бгаас 3 707 768 07.39 төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 1-ны өдрийн дотор төлж барагдуулах, тохирсон хугацаанд хариуцагч төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд улсын бүртгэлийн *5 дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр\17070\ чингисийн өргөн чөлөө-66 тоот хаягт байршилтай 883.1 м.кв талбайтай агуулах, улсын бүртгэлийн Y-22065023486 дугаартай, Хан-уул дүүргийн 3 дугаар хороо, ТЭЦ-3-н урд байрлах үйлдвэрлэлийн зориулалтаар олгогдсон 5873 м.кв талбайтай газар, мөн Д.Бгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Y-2206009257 дугаартай Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион оргил, Махатма ганди гудамж , 1 дүгээр байрны 57 тоот хаягт байрлах 105.7 мкв талбай бүхий орон сууц, улсын бүртгэлийн Ү-2203016885 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, 4 дүгээр байр, 105 тоот хаягт байрлах 63.03 мкв талбайтай орон сууц зэрэг барьцаа хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталгаажуулсан байна.

 

Гэтэл төлбөр төлөгч Д.Б нь 3 707 768 027.39 төгрөгийг сайн дураар төлөөгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа 2020 оны 6 сарын 04-ны өдрийн гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн 2020 оны 8 дугаар сарын 17ы өдрөөс эхлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж эхэлсэн байна.

 

Тус шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Д.Бгийн Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Жаргалан хотхон, 1-р байр 57 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн *эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, , 2021 оны 7 сарын 21-ны өдрийн 138/02 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Д.Бд 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн дотор шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдсэн байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...дээрх эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулаагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн тул хүчингүй болгож өгнө үү... гэх тайлбарыг гаргажээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд Төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах ажиллагааны талаар зохицуулсан байх ба хуулийн 49.1Хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно. гэж заажээ.

 

Мөн хуулийн 41 дүгээр зүйлд Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцох зохицуулалтыг заасан ба мөн хуулийн 41.1Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна., 41.2Шаардлагатай бол энэ хуулийн 41.1-д зааснаас бусад ажиллагаанд шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн гэрчийг оролцуулж болно. гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтаас шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэхдээ хөндлөнгийн гэрчийг заавал оролцуулахаар заагаагүй байх тул дээрх ажиллагааг хууль зөрчсөн гэх үндэслэлгүйн дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т зааснаар дээрх ажиллагаанд гомдол гаргасанд эрх бүхий албан тушаалтнууд ... хууль зөрчөөгүй. гэсэн хариуг бичгээр өгсөн байна.

 

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ад шүүх хуралдааны товыг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр утсаар мэдэгдсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд, нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.4 дахь хэсэгт заасныг баримтлан эд хөрөнгө битүүжлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн *тоот тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Д.Бгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Д.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй дурдсугай.

                                         

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Б.МӨНХЖАРГАЛ