Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/00315

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/00315

 

 

Д.Б-гийн

Д.Б-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2021/02791 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Б-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч НШШГГ-т холбогдох,

2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 138/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, Н.Э, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дугаар 02660 тоот шийдвэрээр 375 867 819 төгрөгийг гаргуулж, Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Д.Б-гийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Жаргалан хотхон, 1 байр, 00 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дугаар 138/01 тоот эд хөрөнгө битүүмжилсэн тухай тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдах шаардлагатай. Төлбөр төлөгч нь өр төлбөртэй этгээд мөн боловч тухайн этгээдийн эрхэнд хуульд заасан хязгаар, хүрээний хэмжээнд халдах, албадлагын арга хэмжээг эрх бүхий этгээдэд хэрэгжүүлэх үүрэгтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулах зайлшгүй нөхцлүүдийг нэг бүрчлэн заасан. Гэтэл шийдвэр гүйцэтгэгчээс 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Д.Б-гийн гэрт нэвтрэн орсон байдаг боловч хуульд заасан хэмжээнд хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэхийн өмнө төлбөр төлөгчид төлбөрөө төлөх талаарх мэдэгдэл хүргүүлэх, хөрөнгийн мэдүүлэг авах зэрэг ажиллагааг хийхээр хуульд заасан. Гэтэл уг ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу хийгдээгүй. Д.Б-д 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр шүүхийн шийдвэрийн дагуу мөнгө төлөх тухай мэдэгдлийг хүргүүлсэн байдаг боловч уг хугацаанд төлбөр төлөх боломж олгохгүйгээр 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн. Төлбөр төлөх бүрэн боломжийг олголгүй эд хөрөнгийг битүүмжилсэн нь хууль нийцэхгүй. НШШГГ- нь Д.Б-гийн өмчлөлийн тус хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр битүүмжилж, мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасны дагуу 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Ахлах шийдвэр гүйцэтгэгчээс 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гомдлыг шийдвэрлэж, хариу мэдэгдэх хуудсаар хариуг өгсний дараа 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээс 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гомдлыг шийдвэрлэж хариуг бичгээр өгсөн. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дугаар 158/01 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 02660 дугаар шийдвэрээр ИР ХХК, Д.Б- нараас 3,707,768,027.39 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгож шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 20290999 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн бөгөөд энэхүү ажиллагааны явцад төлбөр төлөгч ИР ХХК нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Y-2206023484, Y-2206023485, Y-2206023486 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө,66 тоот хаягт байрлах оффис, агуулах, грашийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 8014/053 дугаарт бүртгэлтэй 5873 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг гуравдагч этгээдэд худалдан борлуулж төлбөрөөс 3,331,900,208.39 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 375,867,819 төгрөгийн төлбөрийг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 125,289,273 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 125,289,273 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 125,289,273 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар төлбөр авагч Худалдаа хөгжлийн банктай өр төлбөр барагдуулах гэрээ хийсэн боловч төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Жаргалан хотхон, 1 байр, 00 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 138/01 тогтоолоор битүүмжилсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар хөндлөнгийн гэрч оролцуулах ажиллагааг тусгайлан зохицуулсан бөгөөд нэхэмжлэлд дурдсан ажиллагаа нь дээрх заалтад хамаарахгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

Шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2660 тоот захирамжаар хариуцагч ИР ХХК-аас 3,707,768,027.39 төгрөгийг гаргуулан банкинд олгуулах, хариуцагч нь дээрх шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар шийдвэрлэсэн. Гэвч хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураараа биелүүлээгүй тул шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж эхэлсэн. Хариуцагч нар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгүүдийг битүүмжлэх ажиллагаатай холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй.

 

4. Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.4 дахь хэсэгт заасныг баримтлан эд хөрөнгө битүүмжлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 138/01 тоот тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Д.Б-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Д.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Тус хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 01 -ний өдрийн 09 цаг 00 минутад товлогдож нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд цагтаа очсон. Мөн шүүгч нь уг хуралдааны өмнө шүүх хуралдаан оролцоогүй, шүүх хуралдааны танхим нь хуралдаан явуулах боломжтой байсан. Гэтэл шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нь шүүх хуралдааны танхимд орж ирсэн боловч шүүгч нь хуралдааны танхимд орж ирээгүй хариуцагч, гуравдагч этгээдүүдийг хүлээсэн үйлдлийг санаатайгаар хийсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн оролцогч нь шүүх хуралдаанд цагтаа ирээгүй бол хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар заасан байхад хариуцагч нь төрийн байгууллага гэх үндэслэлээр эсхүл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой нэхэмжлэлтэй хэрэг гэх үндэслэлээр хариуцагч, гуравдагч этгээдэд давуу байдал олгосон байдлаар асуудалд хандсаныг хүлээн зөвшөөрөхгүй.

Ингээд 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 09 цаг 25 минутын орчимд шүүгч ийнхүү үргэлжлүүлэн хариуцагч, гуравдагч этгээдэд давуу байдал олгосон байдлаар асуудалд хандаж хүлээсээр байвал нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс татгалзана гэдгийг илэрхийлсэн. Үүний дараагаар шүүгч шүүх хуралдааны танхимд орж ирж шүүх хуралдаан эхэлсэн. Шүүх хуралдаан эхэлж үргэлжилснээс хойш 20 орчим минутын дараагаар буюу 2021 оны 12 дугаар сарын 09 цаг 45 орчим минутын үед гуравдагч этгээдийн төлөөлөгч нь шүүх хуралдааны танхимын хаалгыг онгойлгож харсан(хаалгыг нээж, хаасан)-ы дараагаар шүүгч шүүх хуралдааны нарийн бичиг даргыг гарч ...хэргийн оролцогчийг оруул... гээд гуравдагч этгээдийн төлөөлөгчийг оролцуулсан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасныг зөрчсөн. Мөн гуравдагч этгээдэд хууль зөрчиж давуу байдал гаргасан шүүгчийн энэхүү үйлдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд зөвтгөх ч хууль зүйн үндэслэлгүй юм.

Дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд анхан шатны шүүхийн шүүгч нь хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эрх зөрчигдсөн эсэхийг хянан шалгаагүй, хууль зүйн ач холбогдол өгөлгүй, хэт нэг талыг баримталж шийдвэр гаргасан. Нөгөөтэйгүүр гуравдагч этгээд болон хариуцагчийг банк, төрийн эрх бүхий байгууллагууд гэх байдлаар давуу байдал олгож асуудалд хандсан нь шүүгч нь хөндлөнгийн байр суурьнаас асуудалд хандах, тэгш эрхтэйгээр мэтгэлцэх, асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэр гаргах (шүүх хуралдаанаар хэлэлцэхээс өмнө итгэл үнэмшилтэй болж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байсан) зарчмыг зөрчсөн.

5.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцэж явагдах учиртай. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Д.Б-гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр битүүмжилсэн. Уг битүүмжлэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гүйцэтгэхдээ нэхэмжлэгчийн эд хөрөнгөд нэвтэрч хийсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төлбөр төлөгчийн орон байр. эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх. эд хөрөнгөд үзлэг. нэгжлэг хийх. түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна гэж заасан. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь хөндлөнгийн гэрчийг хуульд заасны дагуу оролцуулаагүй.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төлбөр авагч, төлбөр төлөгч нар эвлэрсэн байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт Ахлах шийдвэр гүйцэтгэгч дараах үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцож иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаана, 29.1.4-т төлбөр төлөгч төлбөр авагчтай эвлэрч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан бол дуусгавар болно гэж заасан. Иймээс энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар шүүхэд хандах боломжтой болохоос шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулах үндэслэл болохгүй юм.

Нөгөөтэйгүүр төлбөр барагдуулах гэрээний агуулгаас харвал гэрээнд заасан графикт хугацаа зөрчигдсөн бол хоёр ширхэг эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхийг төлбөр авагчид олгосон. Гэтэл зөвхөн нэхэмжлэгч Д.Б-гийн хөрөнгийг битүүмжилсэн нь үндэслэлгүй.

Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэхийн өмнө төлбөр төлөгчид төлбөрөө төлөх талаарх мэдэгдэл хүргүүлэх, хөрөнгийн мэдүүлэг авах зэрэг ажиллагааг хийхээр хуульд заасан. Гэтэл уг ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу хийгдээгүй. Д.Б-д 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдлийг хүргүүлсэн байдаг боловч уг хугацаанд төлбөр төлөх боломж олгохгүйгээр 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн. Төлөх бүрэн боломжийг олголгүй эд хөрөнгийг битүүмжилсэн нь хууль нийцэхгүй. Иймд нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй.

 

7. Давж заалдах гомдолд гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт тодорхой ажиллагаануудыг заасан. Эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаанд хөндлөнгийн гэрчийг оролцуулна гэж заагаагүй. Ахлах шийдвэр гүйцэтгэгч 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоно гэж заасан байгаа. Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т төлбөр төлөгч, төлбөр авагч хоорондоо эвлэрэн тохиролцож өөрсдөө дуусгавар болгох хүсэлтээ гаргаснаар шийдвэр гүйцэх ажиллагааг дуусгавар болгоно гэдэг. Төлбөр авагч болон төлбөр төлөгч талаас дуусгавар болгох тухай хүсэлтийг ерөөсөө гаргаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар 30 хоног хүртэлх хугацаагаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулж, сунгаж явж байсан зүйл байгаа.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Анхан Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 138/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх1-3, 32-33/

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШЗ2020/02660 дугаар захирамжаар зээлийн гэрээний үүрэгт 3,707,768,027.39 төгрөгийг гаргуулахаар Худалдаа хөгжлийн банк ХХК нэхэмжилснийг хариуцагч ИР ХХК, Д.Б- нар хүлээн зөвшөөрч, 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр хариуцагч нар нь дээрх төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд эвлэрснийг баталгаажуулсан байна. /хх36-38/

 

Дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тул 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШЗ2020/08264 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийн дагуу мөн өдөр 183/ГХ2020/00566 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. /хх35, 40/

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллага барьцааны зүйл болох Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Жаргалан хотхон, 1 байр, 00 тоот хаягт байрлах 105.7 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 138/01 дугаар тогтоолоор битүүмжилсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэг заасан журмыг зөрчөөгүй байна. /хх53-54/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэхдээ хөндлөнгийн гэрчийг заавал оролцуулахаар заагаагүй байх тул дээрх ажиллагааг хууль зөрчсөн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Иймд хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа төлбөр төлөгчийн, өмчлөгчийн эрхийг зөрчсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Дээрх дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2021/02791 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ш.ОЮУНХАНД