Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2021/03087

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 20 өдөр Дугаар 183/ШШ2021/03087 У хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: * дүүрэг, * дугаар хороо, * эрэг, өөрийн байранд байрлах У БҮК ХК /РД:2041219/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: * дүүрэг, * дугаар хороо, * гудамж, РР хотхон, * тоот хаягт байрлах ДГ ХХК /РД:5385075/-д холбогдох

 

Төмөр бетон эдлэл бэлтгэн нийлүүлэх гэрээний үүрэгт 38 401 950 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: 

нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.П

хариуцагчийн төлөөлөгч Б.Б

гэрч Б.Ц

нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч У БҮК ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Д ХХК-тай 2019.04.09-ний өдөр төмөр бетон эдлэл бэлтгэн нийлүүлэх * тоот гэрээ байгуулж, уг гэрэгээр урьдчилгаа төлбөрт 2019.04.15-ны өдөр 7 435 7800 төгрөг төлсөн. Мөн тус компани нь манай компанитай гэрээ байгуулахаас өмнө үүссэн авлага болох 7 108 000 төгрөгийг гэрээний урьдчилгаанд тооцуулсан. Энэ нь нийлбэр дүнгээрээ 14 534 700 төгрөг болсон. Манай компани гэрээгээр нийлүүлэх бүтээгдэхүүнийг 2020.04.22-ны өдрөөс 2020.04.25-ны өдрүүдэд хүлээлгэн өгсөн ба энэ нь холбогдох зарлагын баримтад гарын үсэг зурснаар баталгааждаг. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2-т 2019.5.15-нд бүр төлбөр төлөгдсөн байх ёстой. Хариуцагч компани нь өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй 515 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Иймд 2019.04.09-ний өдөр байгуулсан гэрээний үлдэгдэл төлбөр болон гүйцэтгээгүй ногдуулсан алдангийн хамт нийт 38 401 950 төгрөгийг гаргуулж өгнө үү. Талуудын байгуулсан гэрээний дагуу бид захиалсан бүтээгдэхүүнийг үйлдвэрийн хашаанаас захиалагч талын машинд ачиж өгдөг бөгөөд тухайн үед шалгаж авдаг. Мөн Д ХХК нь тухайн бүтээгдэхүүн нь гэмтэлтэй болон ашиглаж болохгүй талаар нэг ч удаа манайд хандаагүй хирнээ одоо ийм асуудлаар татгалзаж байгаа нь үндэслэлгүй гэв.

Хариуцагч ДГ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани У БҮК ХХК-тай байгуулсан 2019.04.09-ны өдөр байгуулсан Төмөр бетон эдлэл бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу Даланзадгад-Баяндалай-Гурван тэс чиглэлийн авто замын төсөлд хэрэглэх төмөр бетон дугуй хоолойг зам барилгын ажлын угсралд ашиглаж байсан ба төлбөрөө цаг тухайд нь төлсөөр ирсэн. Гэрээгээр бэлтгэн нийлүүлэгч байгууллага Монгол Улсын стандарт шаардлагад нийцсэн чанарт бүтээгдэхүүнийг нийлүүлэх үүрэгтэй. Гэтэл бэлтгэн нийлүүлэгчээс нийлүүлсэн Төмөр бетон хоолой нь зураг төсөл техникийн шаардлага хангахгүй талаар мэргэжлийн байгууллага зөвхөн тухайн замын зураг төсөл техникийн шаардлагад нийцсэн төмөр бетон дугуй хоолойг зам барилгын ажлын угсралд ашиглахыг анхааруулсан. Ингээд дээрх ирсэн албан тоотын дагуу Бэлтгэн нийлүүлэгч компанийг гэрээний дагуу бүтээгдэхүүнээ сольж өгөхийг хүссэн боловч тухайн үед гэрээний үүргийн дагуу сольж өгөөгүй. Тухайн үед замын ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгэхийн тулд манай компани өөр этгээдээс шаардлага хангасан бүтээгдэхүүнийг авч, ажлаа хийж дуусгасан. 2019.04.26-ны өдөр манай компаниас У БҮК ХК-д мэдэгдэл хүргүүлж байсан бөгөөд үүний дагуу ямар нэг арга хэмжээ аваагүй. Үүнээс болж компанид их хэмжээний хохирол үүсэж гэрээний үлдэгдэл төлбөрийг хохирлоо барагдуулах үүднээс төлж барагдуулах боломжгүй болсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх гэрч Б.Цийн мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,              

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У БҮК ХК хариуцагч ДГ ХХК-д холбогдуулан төмөр бетон эдлэл бэлтгэн нийлүүлэх гэрээний үүрэгт 38 401 950 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Талуудын хооронд 2019 оны 04 сарын 09-ны өдөр * тоот төмөр бетон эдлэл бэлтгэн нийлүүлэх гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, бэлтгэн нийлүүлэгч нь захиалагчийн хүсэлтээр тус гэрээний 2.1-т зааснаар Даланзадгад-Баяндалай-Гурвантэс чиглэлийн авто замын төсөлд хэрэглэгдэх төмөр бетон цагиргийг тус гэрээний 2 болон 3 дугаар зүйлд заасан нийлүүлэлтийн хуваарь, тоо хэмжээ, нэгжийн болон нийт үнээр нийлүүлэхээр тохиролцжээ. /хх-ийн 6-7/

Дээрх гэрээний дагуу бэлтгэн нийлүүлэгч нь захиалагчид нийт үнэ 40 145 000 төгрөгийн төмөр бетон буюу бараа бүтээгдэхүүнийг албан ёсоор шалган хүлээлгэн өгсөн бөгөөд захиалагч уг нийлүүлсэн барааны урьдчилгаа төлбөрт 2019.04.15-ны өдөр 7 435 800 төгрөг, өмнө үүссэн авлага болох 7 108 000 төгрөгийг гэрээний урьдчилгаанд тооцуулан нийт 14 534 700 төгрөгийг захиалагч буюу нэхэмжлэгчид төлсөн байна. Харин үлдэх төлбөр болох 25 601 300 төгрөгийг захиалагч гэрээнд заасанд хугацаандаа төлж барагдуулаагүй болох нь хэрэгт авагдсан зарлагын баримтуудаар тогтоогдож байх ба талууд энэ асуудлаар маргаангүй байна. /хх-ийн 14-16/

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ. гэж зааснаар нэхэмжлэгч У БҮК ХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлж, ДГ ХХК-д 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн нь гэрээ дүгнэсэн актаар тогтоогдож байна. /хх-10/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзлын үндэслэлээ ... бэлтгэн нийлүүлэгчээс нийлүүлсэн Төмөр бетон хоолой нь зураг төсөл техникийн шаардлага хангахгүй байгаа тул зөвхөн тухайн замын зураг төсөл техникийн шаардлагад нийцсэн төмөр бетон дугуй хоолойг зам барилгын ажлын угсралд ашиглахыг анхааруулсан. Ингээд дээрх ирсэн албан тоотын дагуу Бэлтгэн нийлүүлэгч компанийг гэрээний дагуу бүтээгдэхүүнээ сольж өгөхийг хүссэн боловч тухайн үед гэрээний үүргийн дагуу сольж өгөөгүй. Үүнээс болж компанид их хэмжээний хохирол үүссэн... гэж маргажээ.

Хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д эд хөрөнгийн доголдлыг арилгуулахаар худалдан авагчаас гаргах шаардлагыг тодорхойлжээ. Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж заасан хэдий ч энэ шаардлагаа мөн зүйлийн 254.2.-т зааснаар худалдан авагч нь баталгаат болон гомдлын шаардлага гаргах хугацаанд гаргах ёстой ба ийнхүү энэ хугацаанд гомдол гаргаагүй бол тэрээр доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардаж болно гэж заасан байна.

Хариуцагч ДГ ХХК нь дээрх бараа бүтээгдэхүүн нь чанарын шаардлага хангаагүй доголдолтой байсан гэж маргаж байгаа хэдий ч энэ талаараа баримтаар нотлоогүй байх тул шүүх энэ талаар дүгнэх боломжгүй байна.

 

Дээрхээс дүгнэхэд хариуцагч нь төлбөр төлөх гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиар тооцож, алдангийг 12 800 650 төгрөгийн хэмжээнд нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч ДГ ХХК-иас 12 800 650 төгрөгийг алданги, үндсэн төлбөр 25 601 300 төгрөг, нийт 38 401 950 төгрөгийг гаргуулж, У БҮК ХК-д олгохоор шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Харин Д ХХК нь өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

                                                ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ДГ ХХК-иас гэрээний үүрэгт 38 401 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У БҮК ХК-д олгосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч У БҮК ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349 960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ДГ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 349 960 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У БҮК ХХК-д олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                  

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ