Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/00543

 

 

 

 

 

         2022         03          23                                            543

 

 

“УБ” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2021/03087 дугаар шийдвэртэй,

“УБ” ХК-ийн нэхэмжлэлтэй

“ДГ” ХХК-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 38,401,950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэвцэрэн, хариуцагчийн өмгөөлөгч В.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: “УБ” ХК болон “ДГ” ХХК-ийн хооронд 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төмөр бетон эдлэл бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр “УБ” ХК нь 1000×1000 хэмжээтэй 17 ширхэг, 1500×1000 хэмжээтэй 49 ширхэг төмөр бетон цагиргийг захиалагчид нийлүүлэх, “ДГ” ХХК нь 49,145,000 төгрөгийг манай компанид төлөхөөр тохиролцсон.

“ДГ” ХХК нь гэрээний урьдчилгаа төлбөрт 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 7,435,780 төгрөг төлсөн. Мөн тус компани нь манай компанитай гэрээ байгуулахаас өмнө үүссэн авлага болох 7,108,000 төгрөгийг гэрээний урьдчилгаанд тооцуулж, нийт 14,534,700 төгрөгийг урьдчилгаа төлбөрт өгсөн. Манай компани 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрүүдэд бүтээгдэхүүнийг бүрэн гүйцэд “ДГ” ХХК-д хүлээлгэн өгсөн. 

Гэрээний 3.2 дахь хэсэгт зааснаар 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төлбөр төлөгдөж дууссан байх ёстой. “ДГ” ХХК нь үлдэгдэл төлбөрөө төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй 515 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Гэрээний 6.2 дахь хэсэгт тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй бол хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн төлбөрийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги төлөхөөр заасан. 515 хоногийг 0,1 хувийн алдангиар тооцвол 51,5 хувийн алданги тооцох үндэслэлтэй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу тооцвол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 25,601,300 төгрөгийн 50 хувь 12,800,650 төгрөгийн алданги тооцогдохоор байна.

Иймд гэрээний үлдэгдэл төлбөр болон гүйцэтгээгүй үүрэгт ногдуулсан алдангийн хамт нийт 38,401,950 төгрөгийг “ДГ” ХХК-аас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Манай компани 2019 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр “УБ” ХК-тай Төмөр бетон эдлэл бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан. “УБ” ХК нь Монгол Улсын стандарт шаардлагад нийцсэн чанарт бүтээгдэхүүнийг нийлүүлэх үүрэгтэй. Гэтэл бэлтгэн нийлүүлэгчээс нийлүүлсэн төмөр бетон хоолой нь чанарын шаардлага хангаагүй байсан. Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас зураг төсөл, техникийн шаардлага хангахгүй байгаа тул зөвхөн тухайн замын зураг төсөл техникийн шаардлагад нийцсэн төмөр бетон дугуй хоолойг зам барилгын ажлын угсралд ашиглахыг манай компанид анхааруулсан. Үүний дагуу 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр манай компаниас “УБ” ХК-д гэрээний дагуу бүтээгдэхүүнээ сольж өгөхийг хүссэн мэдэгдэл хүргүүлсэн боловч сольж өгөөгүй, ямар нэг арга хэмжээ аваагүй.

Тухайн үед замын ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгэхийн тулд манай компани өөр этгээдээс шаардлага хангасан бүтээгдэхүүнийг авч, ажлаа хийж дуусгасан. Үүнээс болж компанид их хэмжээний хохирол үүсэж гэрээний үлдэгдэл төлбөрийг хохирлоо барагдуулах үүднээс төлж барагдуулах боломжгүй болсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ДГ” ХХК-иас гэрээний үүрэгт 38,401,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ”УБ” ХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “УБ” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349, 960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ДГ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 349,960 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “УБ” ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг тайлбарт дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч байна. Түүнчлэн шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ дээрх бараа бүтээгдэхүүн чанарын шаардлага хангаагүй гэж маргаж байгаа боловч нотлогдохгүй байна гэжээ.

Хариуцагч талаас тайлбараа нотлохоор нотлох баримтыг шүүхэд хүргүүлсэн боловч төрийн байгууллагаас ирүүлсэн зарим баримтууд эх хувиараа биш цахим захидлаар ирсэн тул тухайн цахим захидалд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч шүүгч тухайн хүсэлтийг хэлэлцэхгүй орхисон. Манай талаас хүргүүлсэн нотлох баримтыг огт үнэлэхгүй шийдвэрлэж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа бөгөөд хэргийг хэт нэг талыг барьж шийдэж байна гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “УБ” ХК нь гэрээний 4.1.3, 4.2.2, 4.2.3-т тус тус заасан үүргээ биелүүлсэн. Өөрөөр хэлбэл, захиалагч буюу гуравдагч этгээд тээвэрлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас бүтээгдэхүүнд учирсан хохирлыг бэлтгэн нийлүүлэгч хариуцахгүй. Мөн бэлтгэн нийлүүлэгч бүтээгдэхүүнийг өөрийн ажлын байранд захиалагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид хүлээлгэн өгөх үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлсэн буюу захиалагч тал гарын үсгээ зурж бүтээгдэхүүнийг хүлээн авсан баримт хэрэгт авагдсан. Гэрээний 4.2.3-т бэлтгэн нийлүүлэгч нь захиалагчид бэлтгэн нийлүүлсэн бүтээгдэхүүнд 3 жилийн баталгаа өгөх ба захиалагчид хүлээлгэн өгсөн өдрөөс эхэлж тооцно гэж заасан. Захиалагч талаас энэхүү бүтээгдэхүүнтэй холбоотойгоор доголдол илэрсэн гэх гомдол, саналыг өнөөдрийг хүртэл гаргаагүй атлаа мөнгө нэхэмжлэхдээ гэрээнд хамааралгүй гуравдагч этгээд болох Өмнөговь аймгийн төрийн байгууллагаас гаргаж өгсөн баримтыг үндэслэл болгодог. Энэ нь хоёр талын гэрээний харилцаа бөгөөд гэрээнд хариуцагч талаас нэхэмжлэгчид бичгээр, цахим захидлаар мэдэгдэх талаар заасан. Тодруулбал, гэрээний 5.2.6-д захиалагч нь бүтээгдэхүүнд доголдол илэрсэн тохиолдолд бэлтгэн нийлүүлэгчид 24 цагийн дотор албан бичгээр болон утсаар мэдэгдэж бэлтгэн нийлүүлэгчид ирүүлж, бүтээгдэхүүнийг шалгаж шалтгааныг тодруулна гэж заасан үүргээ биелүүлээгүй. Энэ бүтээгдэхүүнд доголдол илэрсэн талаар бүтээгдэхүүн нийлүүлснээс 2 жилийн дараа мэдсэн учраас асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй гэж үзсэн. “УБ” ХК-аас 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс мөн сарын 25-ны өдрүүдэд нийлүүлж дууссан. Мөн бүтээгдэхүүн нийлүүлснээс хойш гомдол гаргах хугацаа хангалттай өнгөрсний дараа тооцоо нийлсэн акт үйлдсэн байдаг. Тус актад хариуцагч талын нягтлан бодогч н.Нямцэцэг гарын үсэг зурсан ба доголдолтой холбоотой гомдол, санал байсан бол тухайн үед асуудал үүсэх байсан. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч “УБ” ХК хариуцагч “ДГ” ХХК-д холбогдуулан төмөр бетон эдлэл бэлтгэн нийлүүлэх гэрээний үүрэгт 38,401,950 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талуудын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Төмөр бетон эдлэл бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулагдаж, “УБ” ХК нь “ДГ” ХХК-д Даланзадгад-Баяндалай-Гурвантэс чиглэлийн авто замын төсөлд хэрэглэгдэх төмөр бетон цагиргийг тус гэрээнд заасан тоо, хэмжээгээр хуваарийн дагуу нийлүүлэх, “ДГ” ХХК нь урьдчилгаа 30 хувийн төлбөрт 12,043,500 төгрөг, бүтээгдэхүүн хүлээн авснаас хойш үлдэх 70 хувийн төлбөрт 28,101,500 төгрөг, нийт 40,145,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

Дээрх гэрээний дагуу худалдагч нь худалдан авагчид 40,145,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн, худалдан авагч уг нийлүүлсэн барааны урьдчилгаа төлбөрт 14,534,700 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзлын үндэслэлээ бэлтгэн нийлүүлэгчээс нийлүүлсэн төмөр бетон хоолой нь зураг төсөл, техникийн шаардлага хангаагүй гэж тайлбарлаж, тайлбараа нотлохоор Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102 тоот албан бичиг, “ДГ” ХХК-аас 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “УБ” ХК-д хүргүүлсэн мэдэгдлийг баримтаар шүүхэд гаргаж өгсөн боловч нотлох баримтад тавигдах шаардлагад нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, уг бичгийн баримтууд хуулбар хувь байх бөгөөд баримтад хариуцагч өөрийн байгууллагын санхүүгийн тэмдэг болон “хуулбар үнэн”  тэмдэг дарсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичгийн нотлох баримт нь эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байх шаардлагыг хангаагүй байна. /хх 35, 54/

 

Дээрх хуулбар баримтуудад “ДГ” ХХК нь өөрийн байгууллагын “хуулбар үнэн” болон санхүүгийн тэмдэг дарсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан зохицуулалтад хамаарахгүй. Учир нь Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан “төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд” гэдэгт мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан хэргийн оролцогч хамаарахгүй гэж тайлбарласан байна.

 

Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар хуулиар зөвшөөрөөгүй баримтыг хасах эрхээ хэрэгжүүлээгүйгээс хэргийн оролцогч нь мөн хуульд заасан бичмэл баримтад тавигдах шаардлагыг хангасан нотлох баримт гаргаж өгөх боломжгүй болжээ.

 

Түүнчлэн цахим шуудан буюу захидалд үзлэг хийлгүүлэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШЗ2021/16259 дүгээр захирамжид заасан үндэслэл нь буруу болсныг дурдах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, хүсэлтэд хэнээс, хаана, ямар цахим хаягт үзлэг хийлгэх нь тодорхойгүй гэж анхан шатны шүүх үзэж байвал уг тодорхойгүй байдал засагдах боломжтойг анхаараагүй байна.

 

Дээрх алдааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2021/03087 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 349,959 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                               

                                      ШҮҮГЧИД                                        Г.ДАВААДОРЖ

                                                                                                 

                                                                                                 Э.ЗОЛЗАЯА