Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 671

 

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/00673 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Е.К-д холбогдох

 

Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Наран амгалан хотхон, 87 дугаар байр, 76 тоот хаягт байрлах орон сууцыг нэхэмжлэгчид суллаж өгөхийг хариуцагчид даалгах, олох байсан орлогод 18 000 000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийг сэргээн засварлах зардалд 2 876 000 төгрөг, нийт 20 876 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ү,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрлах Наран амгалан 9 давхар 98 айлын орон сууцыг 2015 оны 5 дугаар сард “Наран трейд” ХХК-ийн хөрөнгө оруулалттайгаар барьж дуусган, ашиглалтад оруулж Улсын комисст 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээлгэн өгч худалдах, түрээслэх замаар өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө хууль ёсны дагуу захиран зарцуулж байгаа хууль ёсны өмчлөгч болно. Гэтэл манай Наран амгалан хотхоны 86 дугаар байрны 76 тоотод /38,15 м.кв хэмжээтэй 2 өрөө/ иргэн Е.К нь 2015 оны 10 дугаар сараас бидний зөвшөөрөлгүйгээр, бидэнтэй ямар нэгэн худалдах-худалдан авах болон түрээсийн гэрээ байгуулсан зүйл байхгүйгээр дураараа орж оршин суусан ба манай компанийн зүгээс байрыг яаралтай суллаж өгөх талаар олон удаа шаардлага тавихад огт үндэслэлгүй тайлбар хийж байрыг суллаж өгөхгүй байсаар өнөөдрийг хүртэл нийт 36 cap оршин сууж байна. Бидний зүгээс хаалганы цоожийг сольж байрнаас гаргахыг оролдсон ч цагдаагийн байгууллагаар түрий барьж хаалганы цоожоо өөрсдөө дахин сольж өнөөдрийг хүртэл манай орон сууцанд амьдарч биднийг өөрийн мэдлийн байраа эзэмших, ашиглах, захиран зарцуулах эд хөрөнгийн эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байна. Тус 2 өрөө байрыг өнгөрсөн 36 сарын турш бусдад түрээслэсэн бол тодорхой хэмжээний ашиг олох байсан ч уг боломжийг хэрэгжүүлж чадахааргүй нөхцөл байдалд иргэн Е.К нь буруутай, дур зоргоороо авирласан үйлдлээс үүдэж бий болсон. Тус байрыг иргэн Е.К нь манай компанийн өмч болохыг мэдсээр байж бидэнтэй гэрээ хэлцэл хийх ямар нэг санал гаргаагүй, гэрээ байгуулаагүй байж 2015 оны 10 сараас хойш манай байранд оршин сууж, 3 жилийн хугацаанд байнгын эзэмшил ашиглалтандаа байлган байрны шинэ байдлыг алдагдуулсан нь бидний хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд халдсан буюу эд хөрөнгийн эрхийг маань зөрчсөн гэж үзэж байна. Иймд иргэн Е.К-д Наран амгалан хотхоны 86 дугаар байрны 6 дугаар давхрын 76 тоот, 38,15 м.кв хэмжээтэй 2 өрөө байрыг “С” ХХК-д суллаж өгөхийг даалгаж, 2015 оны 10 дугаар сараас хойш нийт 36 сарын турш олох ёстой байсан орлого болох байрны түрээсийн төлбөр 18 000 000 төгрөг, байрыг шинэ байдалд эгүүлэн засварлах зардал болох 2 876 000 төгрөг нийт 20 876 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутагт баригдсан “Наран трейд” ХХК-ийн 2 давхар үйлчилгээ бүхий 98 айлын орон сууцны барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч “Амгалан тулга” ХХК-ийн “Этос” ХХК-тай харилцан тохиролцож 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн бараа материал нийлүүлэх гэрээ байгуулсан. Мөн иргэн Е.К би тус компани хууль ёсны захиран зарцуулах эрхтэй хүн бөгөөд үүнийгээ хууль ёсны бичиг баримтаар нотолно. Гэрээний дагуу “Этос” ХХК материалаа нийлүүлсэн ч 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нягтлан бодох бүртгэлийн тооцоогоор “Амгалан тулга” ХХК 17 470 000 төгрөгийн өглөгтэй гарсан байсан. Уг тооцоог барагдуулах талаар манай компанийн зүгээс албан бичиг хүргүүлэхэд “Амгалан тулга” компанийн захирал Батсүрэн нь захиалагч компани болох “Наран трейд” ХХК санхүүжилт орж ирэхгүй байна, бид тооцоог 2015 оны З дугаар сарын 15-ны өдөр барагдуулах болно гэж манай компанид албан бичиг хариуг өөрийн гараар бичиж өгсөн байдаг. Амгалан тулга компанийн хүсэлтийн дагуу бид барилгыг 2015 оны З дугаар сарын 15-ны өдөр хүртэл буюу барилгыг улсын комиссод өгөх хүртэл хамтарч ажилласан. Энэ хугацаанд графикийн дагуу нийт 51 514 000 төгрөгийн бараа материал нийлүүлсэн ба энэ өр авлагыг хэрхэн барагдуулах талаар “Амгалан тулга” ХХК-ийн холбогдох хүмүүстэй уулзахад бид захиалагч тал буюу “Наран трейд” ХХК-тай уулзаж тохиролцон бартерийн байр санал болгож байна зөвшөөрвөл түлхүүрээ аваад байрандаа орж болно гээд байрны түлхүүрийг өгсний дагуу би 2016 оны 9 сард орсон ба миний зүгээс дураараа орсон зүйл огт байхгүй. Энэ хугацаанд 2017 оны 2 сард өвлийн хүйтэнд 0-6 нас хүртэл З хүүхдээ сургууль цэцэрлэгээс аваад гэртээ ирсэн боловч гэрийн цоож надад мэдэгдэлгүйгээр сольсон байсан. Тухайн үед захиалагч “Наран трейд” ХХК болон охин компани болох “С” ХХК мөн гүйцэтгэгч “Амгалан тулга” компани албаны улсуудыг дуудсан боловч “Амгалан тулга” компанийн захирал болох Батсүрэн нь цагдаатай хамт ирж хаалга цоож дахин сольж оруулж өгснийг дурдах нь зүйтэй гэж бодож байна. “С” ХХК-ийн ажилтан болох н.Эрдэнчулуунд 2018 оны 4 дүгээр сард холбогдох бичиг баримтууд болох мөн байрны хууль ёсны гэрчилгээ олгож өгнө үү гээд хүсэлтээ бичиж өгсөн ба материалын өр төлбөр мөн бартер санал болгосон байрны хууль ёсны гэрчилгээ гаргаж өгөх талаар надтай захиалагч тал буюу “Наран трейд” ХХК мөн охин компани болох “С” ХХК энэ барилгыг гүйцэтгэгч Амгалан тулга компаниуд надтай хамт хэлэлцэж шийдвэрлээгүй энэ хугацаанд байлцуулж нэг ч удаа уулзаагүй миний хүсэлтийн хариуг өгөөгүй байж орон сууцны түрээсийн төлбөр 18 000 000 төгрөг шинээр засварлах зардалд 2 876 000 төгрөг гаргуулахыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймээс гэрээнд заасны дагуу байрны төлбөрөөс 80 хувийн төлөлт хийсэн тул байрны хууль ёсны гэрчилгээг авах хүсэлтэй байна. Хэрэв манай компани энэ барилгад оруулсан 51 514 000 төгрөгийг ирээдүйд олох байсан ашгийг тооцоолвол 20 хувиар 3-н жилийн хугацаанд тооцвол 30 936 627 төгрөг буюу нийт 82 450 627 төгрөг болох байлаа. Мөн надад сэтгэл санааны дарамт үзүүлж үл хүндэтгэж хохироож байгаа захиалагч “Наран трейд” ХХК, тус компанийн охин компани болох “Сити рийл эстэйд” ХХК, гүйцэтгэгч тал болох “Амгалан тулга” ХХК-ийн аль буруутай талын үүргээ биелүүлээгүй улмаас би хохирогч болж байна. Иймд аль буруутай талаар хохирлыг минь гаргуулан өгнө үү. Нэхэмжлэгч болон “Наран трейд” ХХК, “Амгалан тулга” ХХК-тай уулзаж эвлэрэх саналтай байна. Үлдэгдэл 17 470 000 төлөөд байраа авах саналтай байна. Захиалгын гэрээ хийх үед үлдэгдэл төлбөрөө өгнө. Надад шаардах хуудас өгч байгаагүй. Харин ашиглалтын зардлаа төлөх талаар нэхэмжлэх ирж байсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 493 дугаар зүйлийн 493.6, 493.7-д зааснаар хариуцагч Е.К-д Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Наран амгалан хотхон, 87 дугаар байр, 76 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч С ХХК-д суллаж өгөхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх олох байсан орлого болон үл хөдлөх эд хөрөнгө сэргээн засварлах зардалд нийт 20 876 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332 530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ "...67 тоот орон сууц нь нэхэмжлэгчийн өмчлөлөөс салгаж бүртгэгдээгүй байна. ...87 дугаар байр нь 80 хувийн гүйцэтгэлтэйгээр нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэгдсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000358037 дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдсон.... “С” ХХК-ийг маргаж буй Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Наран амгалан хотхон 87 дугаар байр, 76 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцны өмчлөгч гэж үзэх үндэслэлтэй", "Эдгээрээс дүгнэвэл Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй " гэж дүгнэсэн. Түүнчлэн шүүх нь "... Мөн хариуцагч нь маргаж буй нэхэмжлэгчийн өмчлөлийн уг орон сууцыг эзэмшиж байгаа талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй" гэж дүгнэсэн. Ингэж дүгнэсэн байж 2015 оны 10 дугаар сараас хойш нийт 36 сарын турш олох ёстой байсан орлого болох байрны түрээсийн төлбөр 18 000 000 төгрөгийг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Хариуцагч иргэн Е.К нь "С" ХХК-ийн өмчлөлийн орон сууцанд 2015 оноос хойш 3 гаруй жилийн хугацаанд ямар нэг төлбөр төлөлгүйгээр амьдарч байгаа гэсэн үйл баримтын талаар маргаагүй бөгөөд энэхүү нөхцөл байдлаа шүүхэд гаргасан бичгийн тайлбар, шүүх хурлын явцад хэлсэн тайлбараараа хүлээн зөвшөөрсөөр байхад хэргийн үйл баримтад явцуу байдлаар дүгнэлт өгч нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Хариуцагч нь үндэслэлгүйгээр бусдын өмчлөлийн байранд амьдрах хугацаанд нэхэмжлэгчийн олох ёстой байсан орлого болон үүссэн хохирлыг нөхөн төлүүлж шийдвэрлэх нь хууль ёсны өмчлөгчийн хуулиар хамгаалагдах эрх ашиг бөгөөд нөгөө талдаа бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан этгээд нь тухайн эд хөрөнгийг олж авсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олох ёстой байсан орлого, үр шимийг хууль ёсны өмчлөгчид төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгчийн зүгээс тус 87 дугаар байрны зарим орон сууцыг бусдад хөлслүүлдэг бөгөөд өөрийн олох ёстой байсан орлогыг нотлохоор бодит байдал дээр бусдад "Орон сууц хөлслөх гэрээ"-гээр хөлслүүлдэг болохыг харуулж нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...маргаж буй 76 тоот орон сууцнаас хэмжээ болон бусад хэлбэрээр ялгаатай... " гэх үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн. Бодит байдал дээр тус байрууд нь ижил 2 өрөө орон сууц төдийгүй, бусад хэлбэрээр ялгаатай гэж тодорхойлох боломжгүй юм. Хариуцагчийн хууль бус эзэмшлээс болж уг байрыг бусдад түрээслэх, худалдах бүрэн эрхээ өмчлөгчөөс хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдалд байсаар ирсэн. Харин хариуцагч нь түрээсийн төлбөртэй адил хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйл баримт нь хариуцагчийн өөрийнх нь тайлбараар тогтоогдсоор байхад ийнхүү дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн энэхүү үндэслэлгүй дүгнэлт, шийдвэрийн холбогдох хэсгээс болж нэхэмжлэгч нь хохирч үлдэхэд хүрсэн. Анхан шатны шүүх нь "...нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийг сэргээн засварлах 2 876 000 төгрөг нэхэмжилсэн. ...энэхүү шаардлагын үндэслэлийг нэхэмжлэгч нь өөрийн гаргасан тооцоогоор тайлбарласан. Уг тооцоог нотлох баримтыг ирүүлээгүй. ... тооцоо нь ойлгомжгүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч өөрийн гаргасан тооцоог тайлбарлаж чадаагүйг” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчаас хууль бус эзэмшилдээ байлгаж шинэ байрны байдлыг дордуулсныг сэргээн засварлахын тулд гарах зардлыг зах зээлийн хамгийн бага үнэлгээгээр тооцож гарган шүүхэд хүргүүлсэн, тооцоонд ямар зардал байгаа нь ойлгомжтой байхад ийнхүү дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 36 сарын хугацаанд олох байсан орлого, орон сууцыг шинээр засварлах зардал, нийт 20 876 000 төгрөгийг хариуцагч Е.К-с гаргуулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч “С” ХХК  нь хариуцагч Е.К-д холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Наран хотхон 86 дугаар байрны 76 тоот орон сууцыг чөлөөлүүлэх, олох байсан орлого 36 сарын түрээсийн төлбөр 18 000 000 төгрөг, засварын зардалд 2 876 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“Наран трейд” ХХК нь “Сити рийл эстэйт” ХХК-тай 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр “Наран трейд” ХХК Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наран-Амгалан” төслийг эхлүүлэх, зоорийн В1 давхар болон 1-2 давхрын үйлчилгээний төвийг барих шаардлагатай хөрөнгийг гаргах, хяналт тавих, зоорийн В1 давхар болон 1-2 дугаар давхарын үйлчилгээний төвийн барилгыг өмчлөх захиран зарцуулах, харин “С” ХХК  тус барилгын захиалагч нарыг олж захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулан “Наран-Амгалан” орон сууцны 3-9 давхарын барилгын ажлыг захиалагчийн хөрөнгөөр захиалан бариулах, 3-9 дүгээр давхарын орон сууцны өмчлөх эрхийг хүлээн авч захиран зарцуулах эрх эдлэхээр талууд тохирчээ.                                                                                              /хх-108-113 дугаар тал/

 

“С” ХХК  нь “Наран трейд” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар “Амгалан тулга” ХХК-тай барилга угсралтын гэрээ байгуулан үйлчилгээний төв бүхий 9 давхар  орон сууцны барилгыг бариулсан байх ба “С” ХХК-д Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан гачууртын зам гудамж, 87 тоот хаягт байршилтай, 8790 м.кв талбайтай, Үйлчилгээ орон сууцны зориулалттай, 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Ү-2204065883 улсын бүртгэлийн дугаарт бүртгэж олгосон, уг барилгыг “С” ХХК  2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар ашиглалтад оруулсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргахгүй.  

/хх-118-121 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан байна.

 

Нэхэмжлэгч “С” ХХК  нь Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Наран хотхон 86 дугаар байрны 76 тоот орон сууцны өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон, Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-т зааснаар улсын бүртгэлд өмчлөх эрх нь бүртгэгдсэн этгээдийг өмчлөгч гэж үзнэ. Иймд маргааны зүйл болох орон сууцны өмчлөгч нь “С” ХХК  тул өөрийн өмчлөлийн зүйлийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

 

“Етос” ХХК-ийн захирал Е.К нь “Амгалан тулга” ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр тоосго худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр “Етос” ХХК 1 ширхэг нь 190 төгрөгийн үнэтэй 130 000 ширхэг тоосгыг 2013 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дотор нийлүүлэх, “Амгалан тулга” ХХК тоосгоны үнэ 24 700 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон, талууд 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд 51 514 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн бартерийн байрны үнэд 17 156 000 төгрөг дутуу төлсөн гэж тооцоо нийлсэн нь хэргийн 29, 35-36 талд авагдсан бараа материалын тооцоо бодсон баримт, гэрээ зэрэг бичгийн баримтаар тогтоогджээ.

 

Хариуцагч Е.К нь бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу “Амгалан тулга” ХХК-д тоосго нийлүүлж уг тоосгоны үнэд маргааны зүйл болох орон сууцыг тооцож шилжүүлж өгсөн гэх тайлбар гаргасан байна. Нэхэмжлэгч “С” ХХК  нь барилга угсралтын ажил “Амгалан тулга” ХХК-иар гүйцэтгүүлсэн бөгөөд уг ажлын хөлсөнд  тооцож маргааны зүйл болох 10 дугаар хороо, Наран хотхон 86 дугаар байрны 76 тоот орон сууцыг 38,15 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг “Амгалантулга” ХХК-д хүлээлгэн өгсөн, бусад өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

Маргааны зүйл болох орон сууцыг “Амгалан тулга” ХХК нь өмчлөгч бус атлаа “Етос” ХХК-тай байгуулсан тоосго худалдах-худалдан авах гэрээний төлбөрт шилжүүлсэн нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт нийцэхгүй.

 

Иймээс хариуцагч Е.К-ийн тухайн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж буй эзэмшлийг хууль бус гэж үзэх бөгөөд түүний хууль бус эзэмшлээс маргааны зүйл болох орон сууцыг чөлөөлсөн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх, хэрэв өөрийн буруугаар үр шимийг олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй гэж заажээ.

 

Нэхэмжлэгч “С” ХХК  нь хариуцагч Е.К-г 2 өрөө орон сууцыг хууль бусаар эзэмшилдээ байлгаснаар олох ёстой байсан орлого, үр шимийг алдагдуулсан хохирол үүссэн гэх байдлаа баримтаар нотолж чадаагүй гэж үзнэ. Хэрэгт адил төстэй 2 өрөө орон сууцыг бусдад түрээслэж орлого олсон гэх гэрээ авагдсан байх ба уг баримтаар тухайн эд хөрөнгийг өөр байдлаар үр шим, ашиг олох байсан гэдгийг эргэлзээгүйгээр тогтоосон нотлох баримт гэж үзэхгүй тул 36 сарын түрээсийн төлбөрт 18 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий зөв болжээ.

 

Хэргийн 135-142 дах талд нэхэмжлэгч нь хариуцагчид маргааны зүйл болох 2 өрөө орон сууцыг суллаж өгөхийг удаа дараа мэдэгдсэн гэх баримт авагдсан байх ба уг баримтуудыг хариуцагчид хүлээлгэн өгсөн гэх байдал тогтоогдохгүй байна. Иймд хэргийн баримтаар хэдий үеэс хариуцагч Е.К-ийн эзэмшил шударга бус болох нь тогтоогдоогүй, шүүхийн шийдвэр гарсан үеэс түүний эзэмшлийг хууль бус гэж үзсэн тул “С” ХХК-ийн олох байсан ашиг, орлогыг хаасан гэж үзэх боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч “С” ХХК  нь маргааны зүйл болох 2 өрөө орон сууцыг засах зардалд 2 876 000 төгрөг нэхэмжилсэн ба уг орон сууцыг хариуцагч хэрхэн муутгаж, анхны байдлаас дордуулсанаар нэхэмжлэгчид 2 876 000 төгрөгийн хохирол үүссэн гэдгийг нотлосон баримтгүй тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/00673 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262 330 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                                   

                          ШҮҮГЧИД                                         Н.БАТЗОРИГ

 

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ