Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 673

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 04 өдөр           Дугаар 101/ШШ2019/00673           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* оршин байрлах “*******” ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* тоотод оршин суух Молкы овогт Ермекбайн ******* /РД:*******/-д холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид суллаж өгөхийг хариуцагчид даалгах, түрээсийн төлбөр болон уг үл хөдлөх эд хөрөнгийг сэргээн засварлахтай холбогдох зардалд нийт 20 8000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.*******, хариуцагч Е.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Е.*******-д “” хотхоны 86-р байрны 6-н давхрын тоот, 38,15 м2 хэмжээтэй 2 өрөө байрыг “*******” ХХК-д суллаж өгөхийг даалгаж, 2015 оны 10 дугаар сараас хойш нийт 36 сарын турш олох ёстой байсан орлого болох байрны түрээсийн төлбөр 18 000 000 төгрөг, байрыг шинээр засварлах зардалд 2 8000 төгрөг нийт 20 8000 төгрөгийг гаргуулах тухай.

Манай компани нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрлах “” 9 давхар 98 айлын орон сууцыг 2015 оны 05 дугаар сард “” ХХК-ийн хөрөнгө оруулалттайгаар барьж дуусган, ашиглалтад оруулж Улсын комисст 2015 оны 2 сарын 26-нд хүлээлгэн өгч худалдах, түрээслэх замаар өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө хууль ёсны дагуу захиран зарцуулж байгаа хууль ёсны өмчлөгч болно. Гэтэл манай “” хотхоны 86-р байрны тоотод /38,15м2 хэмжээтэй 2 өрөө/ иргэн Е.******* нь 2015 оны 10 дугаар сараас бидний зөвшөөрөлгүйгээр, бидэнтэй ямар нэгэн худалдах, худалдан авах болон түрээсийн гэрээ байгуулсан зүйл байхгүйгээр дураараа орж оршин суусан ба манай компанийн зүгээс байрыг яаралтай суллаж өгөх талаар олон удаа шаардлага тавихад огт үндэслэлгүй тайлбар хийж байрыг суллаж өгөхгүй байсаар өнөөдрийг хүртэл нийт 36 cap оршин сууж байна. Бидний зүгээс хаалганы цоожыг сольж байрнаас гаргахыг оролдсон ч цагдаагийн байгууллагаар түрий барьж хаалганы цоожоо өөрсдөө дахин сольж өнөөдрийг хүртэл манай орон сууцанд амьдарч биднийг өөрийн мэдлийн байраа эзэмших, ашиглах, захиран зарцуулах эд хөрөнгийн эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байна. Тус 2 өрөө байрыг өнгөрсөн 36 сарын турш бусдад түрээсэлсэн бол тодорхой хэмжээний ашиг олох байсан ч уг боломжийг хэрэгжүүлж чадахааргүй нөхцөл байдалд иргэн Е.******* нь буруутай, дур зоргоороо авирласан үйлдлээс үүдэж бий болсон. Тус байрыг иргэн Е.******* нь манай компанийн өмч болохыг мэдсээр байж бидэнтэй гэрээ хэлцэл хийх ямар нэг санал гаргаагүй, гэрээ байгуулаагүй байж 2015 оны 10 сараас хойш манай байранд оршин сууж, 3 жилийн хугацаанд байнгын эзэмшил ашиглалтандаа байлган байрны шинэ байдлыг алдагдуулсан нь бидний хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд халдсан буюу эд хөрөнгийн эрхийг маань зөрчсөн гэж үзэж байна. Иймд иргэн Е.*******д “” хотхоны 86-р байрны 6-н давхрын тоот, 38,15 м2 хэмжээтэй 2 өрөө байрыг “*******” ХХК-д суллаж өгөхийг даалгаж, 2015 оны 10 дугаар сараас хойш нийт 36 сарын турш олох ёстой байсан орлого болох байрны түрээсийн төлбөр 18 000 000 төгрөг, байрыг шинэ байдалд эгүүлэн засварлах зардал болох 2 8000 төгрөг нийт 20 8000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эвлэрэх саналыг хүлээн авах боломжгүй. Эвлэрэх саналгүй. БЗД, хотхон, 87-р байрны тоотыг суллаж өгөхийг даалгах, олох байсан орлого болон сэргээн засах засварт 20 8000 төгрөг гаргуулна. Манай компани дээрх орон сууцыг барьж улсын комисст хүлээлгэж өгсөн. 2015.2.26-нд улсын комисст  хүлээлгэн өгсөн. Улсын бүртгэлээс лавлагаа ирүүлсэн. Нэхэмжлэгч нь “Наран трейд” ХХК-тай 2013 онд гэрээ байгуулсан. Уг гэрээгээр 87 тоот байр нь нэхэмжлэгчийн өмч байхаар заасан. Хариуцагч нь 3 жил бидэнтэй гэрээ байгуулалгүйгээр амьдарч байгаа. Хариуцагч нь манай мэдэгдлийн хариу болгож 2017 онд хүсэлт ирүүлсэн. Хариуцагч нь “” ХХК-тай байгуулсан гэрээг үндэслэлгүйгээр ярьдаг. Бид орон сууцаа бусдад худалдан борлуулах зориулалттай барьсан. 2013 оны гэрээгээр нэхэмжлэгч нь захиалагчаас урьдчилгаа авч барихаар байдаг. Гэтэл хариуцагч нь зөвшөөрөлгүй орж суугаад 3 жил болж байна. “” ХХК-тай хийсэн гэрээний талаар яриад байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь “” ХХК-тай ямар нэг тооцоо байхгүй. Бид бартераар орон сууц олгоогүй. Өөр ХХК-тай байгуулсан хэлцлээс болж манай байрыг эзэмшиж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжинэ. Хариуцагч нь манай өмчлөлийн байранд 3 жил гаруй амьдарч байгаа тул олох байсан орлогыг түрээсийн гэрээгээр жишиг болгож нэхэмжилсэн. “” ХХК нь манай байрыг хариуцагчид шилжүүлсэн нь үндэслэлгүй. Хариуцагч нь манай компанитай гэрээ байгуулаагүй, ямар нэг төлбөр төлж байгаагүй. Тэмдэгтийн хураамжийн хувьд даалгах шаардлагад 70 200 төгрөг төлсөн байдаг. Манайх өмчлөгч гэдэг нь тодорхой болсон. Хариуцагч нь “” ХХК-с хохирлоо барагдуулах боломжтой гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шинээр гаргасан баримт нь хэрэгт ач холбогдолгүй тул хурал үргэлжлэх боломжтой. Нэхэмжлэл дээр 87-р байр гэдгийг 86 гэж буруу бичсэн байна.

Хариуцагч талаас байрны өмчлөгч мөн эсэх дээр маргаан үүсгэсэн тул шүүхээс баримт гаргуулахаар шийдсэн. Улмаар бүртгэлээс нэхэмжлэгчийг өмчлөгч гэсэн талаар баримт ирүүлсэн. Улсын комисс хүлээн авсны дараа захиалагч нарт өмчлөх эрх шилжүүлж байсан талаар баримт ирүүлсэн. Мөн хамтран ажиллаж байсан “Наран трейд” ХХК-с тодорхойлолт ирүүлсэн. Эдгээр баримтаар асуудал маш тодорхой болсон байгаа. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн үндэслэл нь хэрэгт хамааралгүй үндэслэл хэлж байна. Баримт хуурамчаар үйлдсэн гэж байна. Гэтэл цагдаагийн байгууллагад шалгуулах боломжтой байсан. Мөн нотлох баримтаас хасуулах боломжтой байсан боловч хүсэлт гаргаагүй. Нэхэмжлэгч нь өөрөө хөрөнгө оруулсан гэж тайлбар хэлээгүй. Харин хамтран ажиллах гэрээгээр ажилласан гэж байсан тул бидний тайлбараас өөр зүйл ярьж байна. Хэрэгт байгаа баримтаар нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106.1-д зааснаар хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Өмчлөгч болох нь улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон. Мөн “Наран трейд” ХХК-ийн бичгээр өмчлөгч болох нь тогтоогдсон. Хууль бус эзэмшил гэдэг нь тогтоогдож байна. “” ХХК нь материалын төлбөрөө нэхэх эрх нь нээлттэй. “” ХХК-тай холбоотойгоор шаардах эрх нь нээлттэй. Хууль ёсны дагуу авч байж хууль ёсны эзэмшигч болох ёстой. Хариуцагч нь хууль ёсны эзэмшигч гэсэн баримт гаргаж өгөөгүй. Талуудын тайлбараар “” ХХК-ний захирлыг түлхүүр өгснөөр өмчлөгчийн зөвшөөрөлгүй байранд орсон нь харагдаж байна. Улсын бүртгэлийн лавлагаагаар хариуцагчид нэр шилжүүлээгүй нь тогтоогдож байна. Хариуцагч нь 3 жил өөрийн хууль бус эзэмшилд байлгаж хууль бусаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байдаг. Зохигчийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байхад өөрийн эзэмшилд байлгаж үндэслэлгүй хөрөнгөжсөн. Иймд түрээсийн төлбөр болон сэргээн засварлах зардлыг гаргуулж өгнө үү. Хариуцагчийн нийлүүлсэн материалын төлбөр хаачсан нь мэдэгдэхгүй боллоо гэдэг нь үндэслэлгүй тайлбар юм. Харилцаанд оролцсон этгээдээс шаардах ёстой гэв.

 

Хариуцагч Е.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Е.******* миний нэр дээр ирсэн “” ХХК-ийн охин компани болох “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу тайлбар гаргаж байна. Баянзүрх дүүргийн 10-р хорооны нутагт баригдсан “” ХХК-ийн 2 давхар үйлчилгээ бүхий 98 айлын орон сууцны барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч “” ХХК-ийн “” ХХК-тай харилцан тохиролцож 2013 оны 10 сарын 9 өдрөөс эхлэн бараа материал нийлүүлэх гэрээ байгуулсан. Мөн иргэн ******* би тус компани хууль ёсны захиран зарцуулах эрхтэй хүн бөгөөд үүнийгээ хууль ёсны бичиг баримтаар нотолно. Гэрээний дагуу “” ХХК материалаа нийлүүлсэн ч 2014 оны 12 сарын 15 өдөр нягтлан бодох бүртгэлийн тооцоогоор “” ХХК 17,470,000 төгрөгийн өглөгтэй гарсан байсан. Уг тооцоог барагдуулах талаар манай кампанийн зүгээс албан бичиг хүргүүлэхэд “” компанийн захирал Батсүрэн нь захиалагч компани болох “Наран трейд” ХХК санхүүжилт орж ирэхгүй байна, бид тооцоог 2015 оны 0З сарын 15-нд барагдуулах болно гэж манай компанид албан бичиг хариуг өөрийн гараар бичиж өгсөн байдаг. “” компанийн хүсэлтийн дагуу бид барилгыг 2015 оны 0З сарын 15-ны хүртэл буюу барилгыг улсын комиссод өгөх хүртэл хамтарч ажилласан. Энэ хугацаанд графикийн дагуу нийт 51,514,000 төгрөгийн бараа материал нийлүүлсэн ба энэ өр авлагыг хэрхэн барагдуулах талаар “” ХХК-ийн холбогдох хүмүүстэй уулзахад бид захиалагч тал буюу “Наран трейд” ХХК-тай уулзаж тохиролцон бартерийн байр санал болгож байна зөвшөөрвөл түлхүүрээ аваад байрандаа орж болно гээд байрны түлхүүрийг өгсний дагуу би 2016 оны 9 сард орсон ба миний зүгээс дураараа орсон зүйл огт байхгүй. Энэ хугацаанд 2017 оны 2 сард өвлийн хүйтэнд 0-6 нас хүртэл З хүүхдээ сургууль цэцэрлэгээс аваад гэртээ ирсэн боловч гэрийн цоож надад мэдэгдэлгүйгээр сольсон байсан. Тухайн үед захиалагч “Наран трейд” ХХК болон охин компани болох “Сити Рийл Эстэйд” ХХК мөн гүйцэтгэгч “” компани албаны улсуудыг дуудсан боловч “” компанийн захирал болох Батсүрэн нь цагдаатай хамт ирж хаалга цоож дахин сольж оруулж өгснийг дурдах нь зүйтэй гэж бодож байна. “Сити Рийл Эстэйд” ХХК-ийн ажилтан болох Эрдэнчулуунд 2018 оны 04 сард холбогдох бичиг баримтууд болох мөн байрны хууль ёсны гэрчилгээ олгож өгнө үү гээд хүсэлтээ бичиж өгсөн ба материалын өр төлбөр мөн бартер санал болгосон байрны хууль ёсны гэрчилгээ гаргаж өгөх талаар надтай захиалагч тал буюу “Наран трейд” ХХК мөн охин компани болох “Сити Рийл Эстэйд” ХХК энэ барилгыг гүйцэтгэгч “” компаниуд надтай хамт хэлэлцэж шийдвэрлээгүй энэ хугацаанд байлцуулж нэг ч удаа уулзаагүй миний хүсэлтийн хариуг өгөөгүй байж орон сууцны түрээсийн төлбөр 18 000 000 төгрөг шинээр засварлах зардалд 2 8000 төгрөг гаргуулахыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймээс гэрээнд заасны дагуу байрны төлбөрөөс 80% төлөлт хийсэн тул байрны хууль ёсны гэрчилгээг авах хүсэлтэй байна. Хэрэв манай компани энэ барилгад оруулсан 51 514 000 төгрөгийг ирээдүйд олох байсан ашгийг тооцоолвол 20%-р 3-н жилийн хугацаанд тооцвол 30 936 627 төгрөг буюу нийт 82 450 627 төгрөг болох байлаа. Мөн надад сэтгэл санааны дарамт үзүүлж үл хүндэтгэж хохироож байгаа захиалагч “Наран трейд” ХХК, тус компанийн охин компани болох “Сити Рийл Эстэйд” ХХК, гүйцэтгэгч тал болох “” ХХК-ийн аль буруутай талын үүргээ биелүүлээгүй улмаас би хохирогч болж байна. Иймд аль буруутай талаар хохирлыг минь гаргуулан өгнө үү.

Нэхэмжлэгч болон “Наран трейд” ХХК, “” ХХК-тай уулзаж эвлэрэх саналтай байна. Үлдэгдэл 17 470 000 төлөөд байраа авах саналтай байна. Захиалгын гэрээ хийх үед үлдэгдэл төлбөрөө өгнө. Надад шаардах хуудас өгч байгаагүй. Харин ашиглалтын зардлаа төлөх талаар нэхэмжлэх ирж байсан гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. БЗД, 10 хороонд орших уг барилгын өмчлөгч нь нэхэмжлэгч мөн гэдэг нь үндэслэлгүй. Шүүхэд хуурамчаар нөхөж байгуулсан гэрээг өгсөн байдаг. “” ХХК гэдэг гүйцэтгэгчийн хөрөнгө оруулагчтай хийж байсан гэрээг өгсөн байдаг. Уг барилгын бүхий л хөрөнгө оруулалтыг “Наран трейд” ХХК хариуцан хийж байсан. Иймд нэхэмжлэгч нь өмчлөгч биш. “Наран трейд” ХХК нь гүйцэтгэгч нартай гэрээ байгуулж төлбөрийг бүрэн хариуцсан байдаг. Эдгээрээс уг барилгыг барих хөрөнгийг “Наран трейд” ХХК хариуцсан. Нэхэмжлэгчийн 3-9 давхрыг өөрсдийн хөрөнгөөр барьсан гэдэг нь үндэслэлгүй. Мөн хариуцагчид удаа дараа мэдэгдэл өгсөн гэдэг хуурамч нотлох баримт бүрдүүлсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбартаа 3-9 давхрыг бид захиалгын гэрээгээр санхүүжүүлсэн гэсэн. Мэдэгдэх хуудсыг нэг тал ганцаараа үйлдсэн хүлээлгэж өгсөн зүйлгүй. Уг барилгыг барих үед хариуцагч нь өөрийн хөрөнгийг оруулсан гэдгийг баримтаар нотолсон. Барилгыг барьсан “” ХХК нь “Наран трейд” ХХК-тай гэрээ байгуулан ажилласан байдаг. “” ХХК захиалагчаас авах төлбөртөө тооцож хариуцагчид төлөх төлбөртөө суутгаж өгсөн байдаг. Яагаад 3 жилийн дараа нэхэмжлэл гаргасан бэ гэхээр байрны 3 жилийн баталгааны хугацаатай холбоотой. Үүний дараа баталгааны 300 000 000 төгрөгийн авлага авах бөгөөд үүнд суутган тооцно гэсэн. Гэтэл барилгын захиалагч гүйцэтгэгч нар тооцоон дээрээ маргаан үүсгэсэн тул хариуцагчийг хохироох гэж байна. Хэрэгт өгсөн хамтран ажиллах гэрээг хуурамчаар үйлдэж хэрэгт ирүүлсэн. Иймд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд болох “Наран трейд” ХХК-с итгэмжлэл аваагүй. Иймд нэхэмжлэл гаргах эрхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, хотхон, 87 дугаар байр, тоот хаягт байрлах орон сууцыг нэхэмжлэгчид суллаж өгөхийг хариуцагчид даалгах, олох байсан орлогод 18 000 000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийг сэргээн засварлах зардалд 2 8000 төгрөг, нийт 20 8000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Е.******* нь уг барилгыг барих ажлыг гүйцэтгэсэн “” ХХК-д нийлүүлсэн материалын төлбөрт уг орон сууцыг тооцож авсан, үлдэгдэл төлбөрийг төлөхөд татгалзахгүй, төлбөртөө авсан орон сууц тул олох байсан орлого болон сэргээн засварлах зардлыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч нь маргааны зүйл болох Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, хотхон, 87 дугаар байр, тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч “*******” ХХК биш гэж маргасан.

Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 8/223 дугаар албан тоот /хэргийн 115 дугаар тал/-д дурдсанаар маргаж буй тоот орон сууц нь нэхэмжлэгчийн өмчлөлөөс салгаж бүртгэгдээгүй байна. Мөн дээрх 87 дугаар байр нь 80 хувийн гүйцэтгэлтэйгээр нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэгдсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хэргийн 119 дүгээр тал/ Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т зааснаар улсын бүртгэл үнэн зөв байх зарчимтай. Мөн хариуцагч нь уг барилгын хөрөнгө оруулалтыг “Наран трейд” ХХК хариуцан төлсөн тул өмчлөгч нь маргаантай гэж тайлбарласан. Гэвч хариуцагчийн энэхүү тайлбар “Наран трейд” ХХК-ний 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаар албан тоотоор үгүйсгэгдсэн. Иймд нэхэмжлэгч “*******” ХХК-ийг маргаж буй Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, хотхон, 87 дугаар байр, тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцны өмчлөгч гэж үзэх үндэслэлтэй.

Түүнчлэн нэхэмжлэлд маргаж буй байрыг 86 гэж бичигдсэн бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нь техникийн шинжтэй алдааг гаргаж 87 гэдгийг 86 гэж андуурсан гэж тайлбарласан. Мөн хариуцагч нь маргаж буй нэхэмжлэгчийн өмчлөлийн уг орон сууцыг эзэмшиж байгаа талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Үүнээс гадна хариуцагч нь уг барилгыг барихад гүйцэтгэгчээр ажилласан “” ХХК-д худалдсан материалын төлбөрт тооцсон тул өмчлөх эрхтэй гэж маргасан.

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн актад зааснаар барилгын захиалагч нь “*******” ХХК бөгөөд гүйцэтгэгч нь “” ХХК байна. /хэргийн 6 дугаар тал/ Мөн барилгын ажлыг гүйцэтгэсэн “” ХХК нь маргаж буй тоот орон сууцыг захиран зарцуулах эрхтэй гэх үйл баримт тогтоогдоогүй. Иймд хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Эдгээрээс дүгнэвэл Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч нь өөрийн эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь тоот орон сууцыг өөрийн эзэмшилд байсан бол түрээсэлж, олох байсан орлогод 18 000 000 төгрөг нэхэмжилж байна. Хариуцагч нь бусдын өмчлөлийн эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа нь тогтоогдсон тул өмчлөгч буюу нэхэмжлэгчид Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т зааснаар учирсан хохирлоо нэхэмжлэх эрх үүссэн. Тодруулбал уг эд хөрөнгө нь нэхэмжлэгчийн эзэмшилд байсан тохиолдолд олох байсан орлогыг хууль бус эзэмшигчээс шаардах эрхтэй.

Энэхүү шаардлагын үндэслэлийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Э.Бат-Эрдэнэтэй байгуулсан орон сууц хөлслөх гэрээгээр тайлбарласан.

Гэвч уг гэрээнд заасан орон сууц нь маргаж буй тоот орон сууцаас хэмжээ болон бусад хэлбэрээр ялгаатай юм. Мөн энэхүү орон сууц хөлслөх гэрээ нь хариуцагчийн эзэмшилд байгаа тоот орон сууцыг нэхэмжлэгч эзэмшиж байсан тохиолдолд 36 сарын турш тасралтгүйгээр сар бүр 500 000 төгрөгийн хөлс төлөхөөр хөлслүүлэх байсан гэдгийг шууд нотлохгүй. Үүнээс гадна дээрх орон сууц хөлслөх гэрээ нь хэрэгжсэн эсэх, улмаар төлбөр төлөгдсөн болон олсон орлогодоо хуульд зааснаар татвар төлсөн эсэх талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй. Эдгээрээс нэхэмжлэгч нь олох байсан орлогын талаарх нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж үзлээ.

 

Мөн нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийг сэргээн засварлах зардалд 2 8000 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагч нь бусдын өмчлөлийн эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, ашигласан байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т зааснаар өмнөх байдалд оруулахыг шаардах эрхтэй. Улмаар энэхүү шаардлагын үндэслэлийг нэхэмжлэгч нь өөрийн гаргасан тооцоогоор тайлбарласан.  Гэвч уг тооцоог нотлох баримтыг ирүүлээгүй. Түүнчлэн тооцоо нь ойлгомжгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч өөрийн гаргасан тооцоог тайлбарлаж чадаагүй. Иймд нэхэмжлэгчийг үл хөдлөх эд хөрөнгийг сэргээн засварлахад гарах зардлыг нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчид үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид суллаж өгөхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20 8000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 493 дугаар зүйлийн 493.6, 493.7-д зааснаар хариуцагч Е.*******д Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, хотхон, 87 дугаар байр, тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч “*******” ХХК-д суллаж өгөхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх олох байсан орлого болон үл хөдлөх эд хөрөнгө сэргээн засварлах зардалд нийт 20 8000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332 530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД