Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2019/00482

 

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 27 өдөр

    Дугаар 183/ШШ2019/00482

Улаанбаатар хот

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 15,******* плазад байрлах,******* банк ХХК / РД:2698072/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 5 хэсэг, Богинийн ам гудамж, 32 тоот өөрийн байранд байрлах,******* ХХК /РД:5134439/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, Богино ам гудамж,******* тоотод оршин суух, 1969 онд төрсөн, 50 настай, эрэгтэй, Даянбүүвэй овогтой *******гийн******* /РД:ХЙ69081913/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 152 103 022.36 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, түүний өмгөөлөгч /ШТЭҮД-0812/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч******* банк ХХК шүүхэд гаргасан  нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо шүүх хуралд гаргасан тайлбартаа: “...Чингис хаан ХХК нь хариуцагч “Уорлд стөүн” ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1853/01 дугаартай зээлийн гэрээ байгуулж, мөн дугаартай барьцааны гэрээ байгуулснаар******* банк ХХК-иас 200 000 000 төгрөгийг жилийн 7%-ийн хүүтэй 5 жилийн хугацаатай зээлсэн. Уг зээлтэй холбоотой 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт 1-ийг байгуулсан. Дээрх зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт 1-ээр "Зээлдүүлэгч өөрийн эх үүсвэрээр ЖДҮХС- д зээлийн өр төлбөрийг төлсөн тохиолдолд тухайн хугацаанд мөрдөгдөж байгаа “Хүү шимтгэлийн ерөнхий нөхцөл”-д заасан зээлийн хүү болон энэхүү гэрээний 3 дугаар зүйлд заасан хүүгийн зөрүүг зээлдэгч зээлийг бүрэн төлж барагдуулах хүртэл хугацаанд тооцон зээлийн өр төлбөр дээр нэмж төлүүлнэ" гэж харилцан тохиролцсон. Уг тохиролцсоны дагуу “Уорлд стөүн” ХХК-ийн захирал хувьцаа эзэмшигч нь өөрийн эзэмшлийн улсын бүртгэлийн Ү-2206008680 дугаартай Хан-Уул дүүргийн 11 хороо,******* тоот хаягт байрлах 280 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр уг барьцааны гэрээг байгуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрсөн. Гэвч “Уорлд стөүн” ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, улмаар нэхэмжпэгч “Чингис хаан банк” ХХК нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргаж, сүүлд 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/Ш32018/06175 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" захирамж гарснаар нийт 3 удаа хэрэгсэхгүй болоод байна.  2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн төлбөр 122 206 268 төгрөг, зээлийн хүү 8 647 560 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 675 947 төгрөг нийт 141 329 768 төгрөгийг  хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэв “Уорлд стөун” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй. Мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана. Барьцааны гэрээнд заасны дагуу дуудлага худалдаагаар худалдана гэсний дагуу 1853/01 дугаартай зээлийн гэрээний үүргийн барьцаанд тавигдсан Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Баялагын өмчлөлийн 280 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг зээлтэй холбоотой 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж, нийт үндсэн зээл 122 206 260,78 төгрөг, үндсэн хүү 12 638 072,7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17 258 689,51 төгрөг, нийт 152 103 022,36 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уорлд стөун ХХК нь******* банк ХХК-тай 01ЗЦЗ2013 дугаартай зээлийн гэрээг 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан. Тус гэрээгээр 200 000 000 төгрөгийг 8%-ийн хүүтэй 5 жилийн хугацаатай зээлсэн. Уг зээлийн гэрээнд заасан зориулалтын дагуу манайх зээлийг ашигласан. Эдийн засгийн хямралаас шалтгаалаад зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийг манайх хугацаандаа төлөхөөс хожимдсон нь үнэн. Гэвч зээлийн гэрээний төлбөрийг манайх боломж бололцоогоор төлсөн. Нэхэмжлэгч нийт 141 329 768 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл шүүхэд гаргасан. 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 125 711 814 төгрөгийг төлсөн. Хамгийн эхэнд нэмэгдүүлсэн хүү, дараа нь үндсэн хүү, үндсэн зээл гэж тооцсон. Гүйцэтгэгчийн хувьд хохиролтой байна. Дээрх зээлийн төлөлт нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээлээс хасаж дарааллаар үүргийн гүйцэтгэлийг хүлээн авч байгаа нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлд зааснаар үүргийн гүйцэтгэлийг хүлээж авах журмыг зөрчиж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6 дугаар зүйл буюу Иргэний хуулийн 452.2-т зааснаар нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо нэмэгдүүлсэн хүүгийн 20%-иас хэтрэхгүй байхаар тусгасан. Гэвч нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 50%-иас дээш 13,19% хувиар тооцож бодож байгаа нь илт үндэслэлгүй байна. Тийм учраас үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Уорлд стөун” ХХК нь нийт 125 711 816 төгрөг төлсөн талаар нэхэмжлэлд дурдсан байдаг. Төлсөн мөнгөн дээр ямар нэг маргаан байхгүй. Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт гэж дурдсан байгаа боловч зээлийн хүү хэд болж өөрчлөгдсөн нь тодорхойгүй байна. Өнөөдрийн байдлаар жилийн 7%-ийн хүүтэй нэмэгдүүлсэн хүү буюу жилийн 1,4%-ийн хүү нэмэгдэх ёстой. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагад дурдаж байгаа үндсэн зээлийн тооцооллыг 125 000 000 төгрөгөөс буруу бодож гаргасан байна. Нэмэгдүүлсэн хүү, хүүнд төлөх ёстой мөнгөнөөс илүү мөнгө өгсөн гэж харагдаж байна. Хавтаст хэрэгт байгаа зээлийн гэрээний төлөлт хэднээс хэдний хооронд бодож байгаа нь ойлгомжгүй учраас нэхэмжлэлийн шаардлагын нэмэгдүүлсэн хүү, хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч******* банк ХХК нь анх шүүхэд хариуцагч ХХК болон хариуцагч нарт холбогдуулан 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ болон 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-1-д заасны дагуу үндсэн зээл 122 206 206.78 төгрөг, зээлийн хүү 8 747 560.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 375 947.65 төгрөг нийт 141 329 768.84 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 10 773 253.5 төгрөгөөр ихэсгэж үндсэн зээлийн үлдэгдэлд 122 206 260.78 төгрөг, үндсэн хүү 12 638 072.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17 258 689.51 төгрөг нийт 152 103 022.36 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...200 000 000 төгрөгийг 8%-ийн хүүтэй 5 жилийн хугацаатай зээлсэн, эдийн засгийн хямралаас шалтгаалаад зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийг хожимдуулсан нь үнэн. Хамгийн эхэнд нэмэгдүүлсэн хүү, дараа нь үндсэн хүү, үндсэн зээл гэж тооцсон нь үүрэг гүйцэтгэгчийн хувьд хохиролтой, ийнхүү зээлийн төлөлтийг нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээлээс хасах дарааллаар үүргийн гүйцэтгэлийг хүлээн авч байгаа нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлд зааснаар үүргийн гүйцэтгэлийг хүлээж авах журмыг зөрчсөн. Гэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хувьд үндсэн зээлийн үлдэгдлийг зөвшөөрнө, маргахгүй төлнө. Харин Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо хүүгийн 20%-иас хэтрэхгүй байхаар тусгасан байхад үндсэн хүүгийн 50%-иас дээш хувиар тооцож бодож байгаа нь илт үндэслэлгүй байна. Тийм учраас үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Уорлд стөун” ХХК нь нийт 125 711 816 төгрөг төлсөн талаар нэхэмжлэлд дурдсан, ттөлсөн мөнгөн дээр ямар нэг маргаан байхгүй. Хавтаст хэрэгт байгаа зээлийн гэрээний төлөлт хэднээс хэдний хооронд бодож байгаа нь ойлгомжгүй учраас нэхэмжлэлийн шаардлагын нэмэгдүүлсэн хүү, хүүг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан. 

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв. 

 

Хэргийн баримтаас үзэхэд******* банк ХХК болон ХХК, нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1853/01/СС-2013 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр 200 000 000 төгрөгийн зээлийг жилийн 7 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай зээлдүүлэхээр талууд харилцан тохиролцсон байна.

 

Улмаар талууд 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Зээлийн нэмэлт өөрчлөлт-1 гэрээгээр дээрх зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл болон зээлдүүлэгч өөрийн эх үүсвэрээр ЖДҮХС-д зээлийн өр төлбөрийг төлсөн тохиолдолд тухайн мөрдөгдөж байгаа өөрийн хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлд заасан зээлийн хүү болон энэхүү гэрээний 3 дугаар зүйлд заасан хүүгийн зөрүүг зээлдэгч зээлийг бүрэн төлж барагдуулах хүртэл хугацаанд тооцон, зээлийн өр төлбөр дээр нэмж төлүүлэхээр талууд харилцан тохиролцжээ.  

  

Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээ нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээний хугацаа 2018 оны 10 дугаар  сарын 10-ны өдөр дуусах боловч хариуцагч нь зээлийн гэрээний хавсралт төлбөрийн хуваарийг зөрчиж, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Зээлийн нэмэлт өөрчлөлт-1 гэрээний 26 дугаар зүйлд заасны дагуу хугацаанаас өмнө буву 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасантай нийцжээ.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл  122 206 260.78 төгрөг, үндсэн хүү 12 638 072.7 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй” гэж заасан, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...Иргэний хуульд заасны дагуу нэмэгдүүлсэн хүүг 20 хувиар тооцоход 2 527 614,4 төгрөг болж байна, энэ бол нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байгаа хэлбэр биш боловч нэмэгдүүлсэн хүүг энэ хэмжээнд хангахад татгалзахгүй” гэж тайлбарласан тул нэмэгдүүлсэн хүүнд 2 527 614.4 төгрөг нийт 137 371 947 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нартай байгуулсан барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан бөгөөд талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээрын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам гудамж,******* тоот хаягт байршилтай, 280 м.кв талбайтай, амрагчийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ. Иймд хариуцагч нар нь барьцаат зээлийн гэрээ байгуулсан талаараа маргаагүй, зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүчин төгөлдөр хэлцэл байх тул хариуцагч нар үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй байна.  

             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид нийт төлсөн 988 670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ дутуу төлсөн 133 452 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулах, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагаас хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 844 890 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                                                             

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “Уорлд стөүн” ХХК болон нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 137 371 947 төгрөг гаргуулан нэхэмжлэгч******* банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15 731 075.36 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцааны зүйл болохын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам гудамж,******* тоот хаягт байршилтай, 280 м.кв талбайтай, амрагчийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Íийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид нийт төлсөн 988 670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ дутуу төлсөн 133 542 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулах, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагаас хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 844 809 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгох нь хуульд нийцнэ. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ