Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2020/00201

 

ЧХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/00482 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 710 дугаар магадлалтай,

ЧХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

У ХХК, Б.Г- нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 152.103.022,36 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхзаяагийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч ЧХБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...У ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1853/01 дугаартай зээлийн гэрээ байгуулж, мөн дугаартай барьцааны гэрээ байгуулснаар ЧХБ ХХК-иас 200.000.000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй 5 жилийн хугацаатай зээлсэн. Уг зээлтэй холбоотой 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт оруулж зээлдүүлэгч өөрийн эх үүсвэрээр ЖДҮХС-д зээлийн өр төлбөрийг төлсөн тохиолдолд тухайн хугацаанд мөрдөгдөж байгаа хүү шимтгэлийн ерөнхий нөхцөлд заасан зээлийн хүү болон энэхүү гэрээний 3 дугаар зүйлд заасан хүүгийн зөрүүг зээлдэгч зээлийг бүрэн төлж барагдуулах хүртэл хугацаанд тооцон зээлийн өр төлбөр дээр нэмж төлүүлнэ гэж харилцан тохиролцсон. Уг тохиролцсоны дагуу У ХХК-ийн захирал хувьцаа эзэмшигч Б.Г- нь өөрийн эзэмшлийн улсын бүртгэлийн Ү-2206008680 дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 32а тоот хаягт байрлах 280 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр уг барьцааны гэрээг байгуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрсөн. Гэвч У ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн. 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн төлбөр 122.206.268 төгрөг, зээлийн хүү 8.647.560 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10.675.947 төгрөг нийт 141.329.768 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэв У ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцаанд тавигдсан Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Баялаг 00 тоот Б.Г-ын өмчлөлийн 280 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг зээлтэй холбоотой 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж, нийт үндсэн зээл 122.206.260,78 төгрөг, үндсэн хүү 12.638.072,7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17.258.689,51 төгрөг, нийт 152.103.022,36 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

Хариуцагч нарын төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...ЧХБ ХХК-тай 01ЗЦЗ2013 дугаар зээлийн гэрээг 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан. Тус гэрээгээр 200.000.000 төгрөгийг 8 хувийн хүүтэй 5 жилийн хугацаатай зээлсэн. Уг зээлийн гэрээнд заасан зориулалтын дагуу манайх зээлийг ашигласан. Эдийн засгийн хямралаас шалтгаалаад зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийг манайх хугацаандаа төлөхөөс хожимдсон нь үнэн. Гэвч зээлийн гэрээний төлбөрийг манайх боломж бололцоогоор төлсөн. Нэхэмжлэгч нийт 141.329.768 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл шүүхэд гаргасан. 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 125.711.814 төгрөгийг төлсөн. Хамгийн эхэнд нэмэгдүүлсэн хүү, дараа нь үндсэн хүү, үндсэн зээл гэж тооцсон. Дээрх зээлийн төлөлт нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээлээс хасаж дарааллаар үүргийн гүйцэтгэлийг хүлээн авч байгаа нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлд зааснаар үүргийн гүйцэтгэлийг хүлээж авах журмыг зөрчиж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6 дугаар зүйл буюу Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байхаар тусгасан. Гэвч нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 50 хувиас дээш 13,19 хувиар тооцож бодож байгаа нь илт үндэслэлгүй байна. Тийм учраас үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй. У ХХК нь нийт 125.711.816 төгрөг төлсөн талаар нэхэмжлэлд дурдсан байдаг. Төлсөн мөнгөн дээр ямар нэг маргаан байхгүй. Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт гэж дурдсан байгаа боловч зээлийн хүү хэд болж өөрчлөгдсөн нь тодорхойгүй байна. Өнөөдрийн байдлаар жилийн 7 хувийн хүүтэй нэмэгдүүлсэн хүү буюу жилийн 1,4 хувийн хүү нэмэгдэх ёстой. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагад дурдаж байгаа үндсэн зээлийн тооцооллыг 125.000.000 төгрөгөөс буруу бодож гаргасан байна. Нэмэгдүүлсэн хүү, хүүнд төлөх ёстой мөнгөнөөс илүү мөнгө өгсөн гэж харагдаж байна. Иймд нэмэгдүүлсэн хүү, хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/00482 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч У ХХК болон Б.Г- нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 137 371 947 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЧХБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15 731 075,36 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцааны зүйл болох Б.Г-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам гудамж, 32а тоот хаягт байршилтай, 280 м.кв талбайтай, амрагчийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид нийт төлсөн 988 670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ дутуу төлсөн 133 542 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулах, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагаас хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 844 809 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 710 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/00482 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, 162 162.4 шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн эсэхийг харгалзан үзээгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх ЧХБ ХХК болон У ХХК, Б.Г- нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 10 ны өдөр 1853/01/СС2013 тоот зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзжээ. Хэргийн үйл баримтаас үзэхэд 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээг харвал тус гэрээг нэг талаас ЧХБ ХХК, нөгөө талаас У ХХК нарын хооронд байгуулагдсан байдаг. Өөрөөр хэлбэл тус гэрээгээр У ХХК нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Компанийн тухай хуульд заасны дагуу өөрийн нэрийр эрх олж, үүрэг хүлээж байгаа нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр харагдаж байна. Хэрэгт байгаа У ХХК -ийн гэрчилгээний хуулбар болон 2013 оны 10 сарын 10-ны өдрийн №1853/01/СС-2013 тоот зээлийн гэрээнд У ХХК нь хоёр хувьцаа эзэмшигчтэй байгаа нь харагддаг. Иргэн Б.Г- У ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд уг мөнгийг хувьдаа ашиглаагүй, компанийн үйл ажиллагаанд хэрэглэсэн байдаг. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж заасны дагуу Б.Г- нь өөрт оногдох хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээх ёстой. Үүнийг шүүх харгалзан үзээгүй. ЧХБ ХХК, нөгөө талаас У ХХК нарын хооронд байгуулагдсан 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1853/01/СС2013 тоот зээлийн гэрээ нь 5 жилийн хугацаатай байгуулагдсан. Гэрээний 15 дугаар зүйлд зээлдүүлэгч нь зөрчил үүссэн тухай мэдэгдлийг бичгээр мэдэгдэх ёстой гэтэл У ХХК-д мэдэгдээгүй, нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2018 оны 06 сарын 19-ны өдөр гаргасан бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байсан. Гэрээний хугацаа дуусаагүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан, У ХХК нь нийт 125.711.816 төгрөгийг төлсөн байхад Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийг удирдлага болгосон нь үндэслэлгүй байна. 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан барьцааны гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам гудамж, 32а тоот хаягт байрлах 280м2 талбайтай, амрагчийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь гэр бүлийн дундын эд хөрөнгө болно. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 01 сарын 31-ний өдрийн 15:00 цагт эхэлж, хэрэг хэлэлцэх ажиллагааны явцад шүүгч шүүх хуралдааныг хойшлуулж, №183/ШЗ2019/01529 тоот захирамж гаргасан нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Учир нь: Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох хүү болон нэмэгдүүлсэн хүүгээ өөрөө бодож тооцоолж гаргах бөгөөд үүнийг нотлох үүрэг нь нэхэмжлэгч өөрт нь олгосон байдаг. Мөн нэхэмжлэгч нь 2018 оны 12 сарын 03-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн тохиолдолд ихэсгэсэн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой. Гэтэл нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаа дутуу төлсөн байхад нэхэмжлэгчийн гаргасан “нэмж улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацаа олгоно уу” гэх хүсэлтийг хүсэлт хэлэлцэх үе шат өнгөрсний дараа хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна. 2019 оны 01 сарын 31-ний өдрийн 183/Ш32019/01529 тоот захирамжийн захирамжлах хэсэгт Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 150.1 дэх хэсгийг удирдлага болгосон байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалт нь шүүх хуралдааны хүсэлт хэлэлцэх үе шатанд талуудын гаргасан хүсэлтийг шийдвэрлэхэд тус хуулийн зохицуулалтыг хэрэглэдэг. Гэтэл нэхэмжлэгч уг хүсэлтийг хүсэлт хэлэлцэх үе шатанд гаргаагүй Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлд заасан “хэргийн оролцогчоос нэмж тодруулах үе шатанд” гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна. 183/Ш32019/01529 дугаар захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар хүсэлт өгсөн боловч уг захирамжийн захирамжлах хэсгийн “105 дугаар зүйлийн 105.1” гэснийг хасч өөрчлөлт оруулж, 2019.02.20 өдрийн 183/Ш32019/02132 дугаар захирамжид гомдол гаргах эрхтэй гэдгийг шүүх хуралдаанд тайлбарлаагүй, шүүх хуралдааныг 2019.02.27-ны өдөр зарласан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

ЧХБ ХХК нь У ХХК, Б.Г- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 152.103.022,36 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ЧХБ ХХК, хариуцагч У ХХК-ийн хооронд 2013 оны 10 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдэгч У ХХК нь жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зориулалтаар 200.000.000 төгрөгийг 5 жилийн хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэйгээр зээлж, төлбөрийг хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хариуцагч Б.Г-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 32а тоотод байрлах байрны 280 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан байна.

Эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасантай нийцжээ.

Зээлийн гэрээний хавсралтад заасан төлбөрийн хувиараас үзвэл, зээлдэгч Уорлд стөүн ХХК нь эхний жилд зээлийн хүүг, хоёрдох жилээс зээлийн хүүгээс гадна үндсэн зээлээс тогтмол хэмжээгээр буюу сар бүрд 4.167.000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байна.

Хариуцагч У ХХК нь үндсэн зээл 77.793.739 төгрөг, зээлийн хүү 41.942.983 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.975.094 төгрөг, нийт 125.711.816 төгрөг төлж, бусад үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч үр дүнд хүрээгүй тул нэхэмжлэгч шүүхэд хандаж, үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг зөрчөөгүй байна.

Шүүх зохигчийн тайлбар, хэргийн баримтыг үндэслэн үндсэн зээл 122.206.260 төгрөг, үндсэн хүү 12.638.072 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.527.614 төгрөг, бүгд 137.371.947 төгрөг гаргуулж, хэрэв үүргээ сайн дураар гүйцэтгээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэснийг үгүйсгэх хуулийн үндэслэлгүй байна.

Хэргийн баримтаас үзвэл зээлдэгч У ХХК нь Б.Г-, Р.Б гэсэн 2 хувьцаа эзэмшигчтэй бөгөөд компанийг төлөөлж хувьцаа эзэмшигч нар  зээлийн гэрээ байгуулсан, барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгө нь хувьцаа эзэмшигч Б.Г-ын өмчлөлийнх байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн дагуу зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг 2 хариуцагчид холбогдуулан шийдвэрлэснийг  буруутгах боломжгүй байна.

Барьцааны үл хөдлөх эд хөрөнгө нь нэг хүний буюу хариуцагч Б.Г-ын өмчлөлд улсын бүртгэлд бүртгэгдснийг үнэн зөвд тооцох тул барьцааны гэрээ бусдын, тухайлбал, Б.Г-ын гэр бүлийн гишүүдийн өмчлөх эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.

Анхан шатны шүүхийн хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөнтэй  холбоотой шүүх хуралдааныг хойшлуулсан нь шийдвэр, магадлалыг хүчингүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн  172.2.2-т заасан үндэслэлд хамаарахгүй байна.

Дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/00482 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 710 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 845.000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ