Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2020/03933

 

 

 

 

 

 

 

 

2020 11 10 101/ШШ2020/03933

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: хаягт байрлах, Т констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  А ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 11.413.900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т констракшн ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т констракшн ХХК нь 2019-02-27-ны өдөр А ХХК-тай 001-2019 дугаар түрээсийн гэрээг 8 сарын хугацаатай байгуулж өөрийн өмчлөлийн арлын дугаар 20140054, 22-31 улсын дугаартай, QТZ-63 маркийн краныг түрээслүүлсэн юм. Дээрх гэрээний 3.2, 3.4, 3.7 дахь заалтуудад төхөөрөмжийн ашиглалтын хугацаан дахь засвар, үйлчилгээ, тосолгоо, бүрэн бүтэн байдлыг түрээслэгч тал буюу А ХХК бүрэн хариуцан гэрээ дуусч төхөөрөмж хүлээлгэн өгөхөд дутуу эд анги болон эвдрэл гэмтэлтэй эд ангийг түрээслүүлэгч талд бэлэн мөнгөөр төлөхөөр тус тус тохирсон болно.

Гэтэл түрээслэгч А ХХК нь төхөөрөмжийг 2020-04-20-ны өдрөөр тасалбар болгон хүлээлгэн өгсөн боловч дутсан эд анги болон эвдрэл гэмтэлтэй эд ангиудыг төлөхөөс татгалзан нэхэмжлэгч талыг хохироож байна.

Иймд Иргэний хуулийн 288, 289 дүгээр зүйлүүдэд зааснаар, мөн гэрээний 3.2, 3.4, 3.7 дахь хэсэг 4.3 дэх хэсэгт тохирсоны дагуу дутсан эд анги болох тэвш-1 ширхэг 400.000 төгрөг, прожектор-4 ширхэг 285.000 төгрөг, ханын плита-5 ширхэг 150.000 төгрөг, бэхэлгээ-1 ком буюу 3 ширхэг 2.974.500 төгрөг,

-Эвдэрсэн эд анги болох эргэх редуктор-1 ширхэг 5.977.500 төгрөг, зөөлөн холбоо-1 ширхэг 230.000 төгрөг, динамик тормоз-1ком 1.296.900 төгрөг, чагтан суурь-1 ширхэг (засварлах) 100.000 төгрөг, нийт 11.413.900 төгрөгийг А ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч А ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ханын плита 5 ширхэг, прожектор 4 ширхэг, чагтан суурь-1 ширхэг (засварлах) 100.000 төгрөг, нийт 535.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.

Үлдэх 10.978.900 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч түрээсийн зүйлийн эвдрэлтэй эд ангийн төлбөрийг шаарджээ. Тус түрээслэж авсан кран нь анх манай компанид ирэхдээ тормос доголдолтой, рөдуктер мотороос нь тос хаядаг байсан. Ийнхүү тормос доголдож редуктер мотороос нь тос хаяаад байгаа талаар манай компани түрээслүүлэгч талд мэдэгдэж, үүний дагуу нэхэмжлэгч компанийн техник талаас хариуцдаг гэх Т Энд Ж  ХХК аас М  ирж үзээд явсан. Т констракшн ХХК-д мэдэгдэж доголдоод байгаа эд ангиудаа сольчих, хэрэв болохгүй бол манай компани мөнгийг нь төлье. Тэгээд түрээсийн гэрээний төлбөрөөсөө хасч тооцъё гэсэн саналыг Т констракшн ХХК захирал Б-д тавьсан боловч тухайн эд ангийг солихгүй байсаар хүйтэрч барилгын ажил зогссон. Ингээд кранаа буулгаж ав гэж мэдэгдсэн боловч нэхэмжлэгч кранаа буулгаж авахгүй байсаар 3 сард дулаарч барилгын ажил эхлэсэн. Кран ашиглаж байсан Хүннү вилла хотхоны 2А блокыг 2020 оны 1-р сарын эхээр улсын комисс хүлээн авч, барилга ашиглалтанд орсон. Ингээд уг краныг ашиглаж байсан барилга ашиглалтанд орсон бөгөөд, барилгын ажил хавар эхлэснээр А ХХК нь Хү Т барилгын ажилдаа ашиглахаар түрээсийн гэрээгээ шинээр байгуулах харин доголдоод байгаа эд ангийг засаж солих саналыг Т констракшн ХХК -ийн захиралд тавихад за тэгье гэж зөвшөөрсөн. Ингээд краныг буулгаж Хүннү Т барилга дээр ажилуулахаар краныг суурилуулсан боловч Т констракшн ХХК утсаа авахгүй олдохгүй, эд ангийг сольж шинээр гэрээ хийгээгүй. Манай компани барилгын ажил эхэлснээр Хүннү Т барилгын ажил эхэлсэн байсан болохоор эд ангийг солих мөнгөгүй бол та нар солиулчих манай компани мөнгийг нь төлье, дараа нь түрээсийн гэрээ шинээр байгуулахаар түрээсийн төлбөрөөө хасч тооцъё гэж хэлэхэд за гэж хэлчихээд алга болсон. Манай компани хүлээгээд нэмэргүй утсаар ярихгүй ирж уулзахгүй, утсаа авдаггүй. Барилгын ажил эхлэсэн ажил тасалдах гээд байсан тул Т констракшн ХХК-д кранаа буулгаж ав гэж утсаар мэдэгдээд өөр кран түрээслэж барилгын ажилдаа ашигласан. Гэтэл Т констракшн ХХК түрээсийн төлбөр дутуу төлсөн гэж шүүхэд өгсөн байсан. Ингээд тооцоо хийж манай компани барьцаа болгож өгсөн мөнгөө тооцон үлдэгдэл түрээсийн төлбөрийг төлж барагдуулсан. Ингээд түрээсийн төлбөрийг бүрэн төлсний дараа Т констракшн ХХК кранаа буулгаж авсан. Буулгаж авахад ханийн плита 5 ширхэг, прожетор 4 ширхэг байхгүй байна гээд аваад явсан бөгөөд өөр ямар нэг зүйл байхгүй байна гэж хэлээгүй. Анхнаасаа ирэхдээ 1 тэвштэй ирсэн бөгөөд бид 1 тэвштэй нь хамт буцааж өгсөн ба 2 тэвштэй краныг нэхэмжлэгч тал анхнаасаа манай компанид хүлээлгэж өгөөгүй. Гэтэл манай компанид крантай цуг ирээгүй илүү 1 тэвшний мөнгийг шаардсан үндэслэлгүй. Нэхэмжлэгч шаардах болсон үндэслэлээ механик С.Ц-ын эвдрэл болон доголдлын актыг үндэслэн шаарджээ. Нэхэмжлэгч краны тээврийн хэрэгслийн гэрчилгээг хэрэгт гарган өгөөгүй байх ба харин түрээсийн гэрээд бичигдсэн арлын дугаар нь 20140054 гэж бичигдсэн байгаагаар 2014 онд үйлдвэрлэгдсэн краны 2020 онд гарсан эвдрэлийг манай компаниас шалтгаалсан гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Аливаа техник эдлэгээний явцдаа тоног төхөөрөмжид эвдрэл гэмтэл, үйл ажиллагааны доголдол гарах нь ойлгомжтой бөгөөд түрээслэгч үйлдвэрлэгднээс хойш тухайн эд хөрөнгөнд гарсан эвдрэлийг манай компаниас шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлдэг. Ийм ч учраас тухайн эд хөрөнгийг аж ахуйн үйл ажиллагаанд хэрэглэсний хариуд төлбөрийг түрээслэгч төлдөг. Түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй байдаг ба аж ахуйн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа краны элэгдэл гэмтлийг түрээслэгч талаас шаардаж байгаа нь үндэслэлгүй. Түрээсийн зүйлийг устгаж гэмтээсэн зүйл байхгүй бөгөөд техникийн хувьд үйл ажиллагааны явцад муудсан зүйлээ манай компаниас шаардаж байгаа нь үндэслэлгүй. Түрээсийн гэрээний 5 дугаар зүйлд зааснаар түрээсийн зүлийг хүлээлцэхэд 2 тал байлцан техникийн үзлэг хийж түрээсийн зүйл нь иж бүрдэл дутуу, эвдрэлтэй байвап энэ тухай 2 тал акт үйлдэнэ гэсэн заалтын дагуу акт үйлдээгүй байж, дангаараа өөрийн техникийн үйлчилгээ авдаг компанийн механикчаар дүгнэлт гаргуулан шаардаж байгаа нь үндэслэлгүй. Харин бодитой үнэн байдал болох ханын плита 5 ширхэг, прожектор 4 ширхэг, чагтан суурийг засварлахад зарцуулах 100.000 төгрөг дээр маргахгүй, уг эд зүйлийг манай компани төлөх үүрэгтэй. Харин бусад дутагдсан гэх зүйл болон эвдрэлийг засахад комоор нь солино гэж байгаа тоног төхөөрөмжийн үнийг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 10.978.900 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т констракшн ХХК нь хариуцагч А ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт 11.413.900 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч А ХХКомпани нь 5 ширхэг ханын плита, 4 ширхэг прожектор, чагтан суурь-1 ширхэг (засварлах) 100.000 төгрөг, нийт 535.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 10.978.900 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй байдаг ба аж ахуйн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа краны элэгдэл гэмтлийг түрээслэгч талаас шаардаж байгаа нь үндэслэлгүй. Түрээсийн зүйлийг устгаж гэмтээсэн зүйл байхгүй бөгөөд техникийн хувьд үйл ажиллагааны явцад муудсан зүйлээ манай компаниас шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж маргасан.

Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 001-2019 тоот түрээсийн гэрээгээр QTZ-63 маркийн, 22-31 улсын бүртгэлийн дугаартай машин механизм түрээслэх, түрээслүүлэх гэрээнд талууд хүсэл зоригийн илэрхийлэлээ болгон гарын үсгээ зурж, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн болно. /хх-ийн 8-10 тал/

Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч түрээсийн зүйлийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч түрээсийн зүйлийг ашиглаж Х  хотхоныг барьж үр шимийг олж авсан дээр маргаагүй, энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

Хариуцагч А ХХКомпани, нэхэмжлэгч Т констракшн ХХКомпанитай түрээсийн гэрээ байгуулан уг гэрээний дагуу машин механизм түрээслэсэн ба талуудын хооронд байгуулсан гэрээ хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл тул тухайн гэрээнээс үүдэн гарах үр дагавар болон хариуцлагыг хэн аль нь хүлээх учиртай.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас эргэх редуктерын үнэ 5.977.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь: Хариуцагч А ХХК-нд очихдоо доголдолтой байсан болохоо нэхэмжлэгч зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.

Мөн краныг угсралтын ажиллагааг хийж өгсөн Т  Энд Ж  ХХК-ийн захирал буюу гэрч Ц.М№ын мэдүүлгээр нотлогдож байх тул ашиглалтын явцад 90 хувийн элэгдэлд орсон гэж үзэж 5.977.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх.

Хууль болон гэрээнд зааснаар түрээслэгч нь түрээслүүлэгчид төхөөрөмжийг бүрэн бүтэн буцааж өгөх үүрэгтэй. Гэвч хариуцагч А ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 001-2019 тоот түрээсийн гэрээгээр ашигласан QTZ-63 маркийн, 22-31 улсын бүртгэлийн дугаартай машин механизмыг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ тус тус баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд татгалзаж буй үндэслэл нь баримтаар тогтоогдсонгүй.

Хариуцагч А ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт дутсан эд анги тэвш-1 ширхэг 400.000 төгрөг, прожектор-4 ширхэг 285.000 төгрөг, ханын плита-5 ширхэг 150.000 төгрөг, бэхэлгээ-1 ком буюу 3 ширхэг 2.974.500 төгрөг, зөөлөн холбоо-1 ширхэг 230.000 төгрөг, динамик тормоз-1 ком 1.296.900 төгрөг, чагтан суурь-1 ширхэг (засварлах) 100.000 төгрөг, нийт 5.436.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т констракшн ХХК-д олгож, нэхэмжлэлээс 5.977.500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 197.572 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 101.932 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хувиарлан шийдвэрлэх.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А ХХК-иас 5.436.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т констракшн ХХК-д олгож, нэхэмжлэлээс 5.977.500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197.572 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А ХХК-иас 101.932 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т констракшн ХХК-д олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА