Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2022/03553

 

 

 

 

                                                                   

 

 

 

                             2022       08         17

         101/ШШ2022/03553

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, шүүгч Б.У, шүүгч Д.Ц нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 16 гудамж, 229 тоотод оршин суух Боржигин овогт Занданбалын Ж /рд:/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө-57 хаягт оршин байрлах Н-т холбогдох,

Гэм хорын хохиролд 500,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Ж нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тодруулсан шаардлагадаа: 500,000,000 төгрөг гаргуулах. Миний бие З.Ж 2018 оны 03 сард жирэмсэн болж 2021 оны 06 сард жирэмсний хяналтад орохоор Сүхбаатар дүүргийн 18-р хорооны өрхийн эмчид очиж үзүүлсэн. Ингээд жирэмсэн эхийн өгдөг шинжилгээнүүдийг өгөөд Сүхбаатар дүүргийн 2-р амбулатори очиж үзүүлэхэд савны хажууд уйланхайтай байна Ат очиж үзүүл гэсний дагуу 2018 оны 06 сарын сүүлээр А У гэж эмчид үзүүлсэн. Удвал эмч намайг таславч уйланхайтай байна хагалгаанд орно гэж хэлээд хагалгааны өмнөх холбогдох шинжилгээнүүдийг өгсөн. Ингээд 2018 оны 07 сарын эхээр А эмч нарын зөвлөгөөнөөр ороод дурангийн хагалгаанд орохоор болсон боловч дуран эвдэрсэн учраас нээлттэй хагалгаа хийнэ гэсэн. Ингээд би 2018.07.19-нд Ат өндгөвчний уйланхай авах мэс засалд орсон. Мэс заслын ажиллагаанд А эмч, сувилагч нар болох Б.Д, Н.Г, П.О, Б.А, Ц.О нар орсон. Мэс заслыг эхлээд хагас унтуулгатай хийсэн, сүүлдээ бүтэн унтуулгатай хийсэн юм. Мэс заслын дараа миний хэвлийгээр маш их өвдөлттэй байсан. Эмч нар өвчин намдаах тариа хийгээд зүгээр болно гэсэн боловч огт зүгээр болоогүй. Хагалгааны дараа Интермэд эмнэлэгт компьютерын зураг авхуулж, 1-р эмнэлэгт гуурс тавиулсан. 2018.07.26-нд буцаж Ат ирж Б.Д эмчид үзүүлэхэд ургийн гажгийг чинь үзүүлье, ЭХО-д харуулъя, багшдаа үзүүлье гэсэн. Багш нь гэх эмч үзээд ургийн гажиг зүгээр байна, тээх боломжтой, түгжрэлийг чинь гаргачихвал болно гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 08 сарын 03-нд ураг гэдсийг чинь дараад түгжрэл үүсгээд байна гээд умайн хүзүүнд 3 ширхэг эм тавьсан, 2 хоногийн дараа ураг зулбасан. Ураг зулбасны дараа ч миний гэдэс зүгээр болохгүй маш их зовуурьтай байсан учраас 2-р эмнэлэгт очиж үзүүлэн дахин мэс засалд ороход А эмч нар надад мэс засал хийхдээ миний хэвлийд гаднын биет буюу жийргэвч марал үлдээсэн байсан нь тодорхой болсон. Эмч нарын буруутай үйл ажиллагаанаас болж би хэвийн тээж байсан 5-6 сартай ургаа алдсан. Мөн 2018.10.23-нд 2-р эмнэлэг дээр бөөрөнд тавьсан гуурсыг авч стенд тавиулах мэс засал хийлгэсэн. 2019.01.04-нд дахин 2-р эмнэлэгт мэс засалд орж зүүн талын бөөрөө авхуулсан. Миний хувьд маш их гомдолтой байна, эмч нарын буруугаас болж авхуулсан ураг миний анхны жирэмслэлт байсан, эдгээр эмч нарын буруугаас болж зүүн бөөрөө авхуулж хөдөлмөрийн чадваргүй болсон, одоо би хөдөлмөр эрхлэх чадваргүй, орлогогүй, хүүхдээ авхуулж, эмнэлгээр удаан явж байнгын эмчилгээ сувилгаа шаардлагатай байдгаас болж миний нөхөр намайг хаяж явсан, амьдрахад маш хэцүү байна. Эмч нарын буруутай үйл ажиллагаанаас болж би эрүүл мэнд, сэтгэл санаа, ахуй амьдралаараа хохирсон тул миний энэ хохирлыг барагдуулж нэхэмжлэлийг шаардлагыг хангаж өгнө үү.

Иргэний хуулийн 498-р зүйлд зааснаар Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээх тул Нийслэлийн А хариуцагчаар татсан.

Миний бие З.Ж тус шүүхэд хандан Н 500,000,000 /таван зуун сая/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг доорх байдлаар тодруулж байна.

  1. А эмч нар надад мэс засал хийхдээ хэвлийд гаднын биет үлдээснээ мэдэхгүй ураг гэдсийг чинь дараад түгжрэл үүсгээд байна гэж оношлон миний хэвийн тээж байсан 6 сартай үрийг минь хүчээр зулбуулсны хохиролд 350,000,000 /гурван зуун тавин сая/ төгрөг.
  2. А эмч нар миний хэвлийд гаднын биет буюу жийргэвч марал үлдээснээс түгжрэл үүсэн, дотор эрхтэнд үхжил явагдаж үүнээс шалтгаалан зүүн бөөрөө мэс засал хийлгэж авхуулан зүүн бөөргүй, хөдөлмөрийн чадваргүй, зэрэмдэг хүн болсны хохиролд 100,000,000 /нэг зуун сая/ төгрөг.
  3. Сэтгэл санааны хохиролд 50,000,000 /тавин сая/ төгрөг буюу нийт 500,000,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2018 оны 3 сард жирэмслээд 6 сард хяналтад орсон. Улмаар А үзүүлэхэд уулинхайтай гээд хагалгаанд орох болсон. Дурангаар хийх байсан боловч нээж  хийсэн. Уг хагалгааг уг эмнэлгийн эмч нар хийсэн. Ингэхдээ марал буюу гаднын биет хэвлийд үлдээсэн. Улмаар ураг буруу байрлалтай гээд ургийг зулбуулсан. Гэтэл 2-р эмнэлэгт гаднын биет үлдээсэн нь тогтоогдсон. Энэ нь эрүүгээр тогтоогдсон. Иргэний хуулийн 498-р нэхэмжилсэн. Нийт 500 саяыг 3 хувааж тодорхойлж өгсөн байгаа юм. Өнөөдрийн хуульд сэтгэл санааны хохирлыг тооцох боломжгүй байдагтай санал нийлэхгүй байгаа юм. Нэгэнт гэм буруу нь тогтоогдсон тул зовлонг нь бага ч гэсэн нимгэлэх үүднээс нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Нэхэмжлэгчийн хувийн байдал анхны жирэмслэлтийг хүчээр зулбуулсантай холбоотойгоор нийгмийн харилцаанд бие дааж оролцох боломжгүй, нөхөр нь хаяад явчихсан байгаа юм. Үйл явдал бол нотлогдсон гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.О нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нт холбогдуулан гаргасан Ж нэхэмжлэлд хариу тайлбар гаргах нь. Нэхэмжлэгч тал анхан шатны шүүхийн гомдолдоо: Миний хувьд маш их гомдолтой байна, эмч нарын буруугаас болж авхуулсан миний анхны жирэмслэлт байсан, эдгээр эмч нарын буруугаас болж зүүн бөөрөө авхуулж хөдөлмөрийн чадваргүй болсон, одоо би хөдөлмөр эрхлэх чадваргүй, орлогогүй, хүүхдээ авхуулж, эмнэлгээр удаан явж байнгын эмчилгээ сувилгаа шаардлагатай байдгаас болж миний нөхөр намайг хаяж явсан, амьдрахад маш хэцүү байна. Эмч нарын буруутай үйл ажиллагаанаас болж би эрүүл мэнд, сэтгэл санаа, ахуй амьдралаараа хохирсон тул 500,000,000 /таван зуун төгрөг хохирлыг барагдуулж өгнө үү хэмээн бичжээ. Тайлбар:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/1907 дугаар шийтгэх тогтоолоор Нийслэлийн А ажилтан Б.Дг, Н.Г, П.О, Б.А, Ц.О гэм буруутайд тооцон.
  2. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаар шийтгэх тогтоолд хохирогч Ж.Ж нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний хариуцагчаас жич нэхэмжлэх эрхтэйг дурдсан.

Иймд нэхэмжлэгч талын хөдөлмөр эрхлэх чадваргүй, орлогогүй, хүүхдээ авхуулж, эмнэлгээр удаан явж байнгын эмчилгээ сувилгаа шаардлагатай байдгаас болж миний нөхөр намайг хаяж явсан, сэтгэл санаа, ахуй амьдралаараа хохирсон гэх нэхэмжлэл нь баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэгч нь шаардлагаа 3 хэсэг болгож тодруулсан. Эхний асуудал нь ураг зулбуулсан гэж 350 сая, бөөртэй холбоотойгоор 100 сая, сэтгэл санааны хохиролд 50 саяыг нэхсэн. Ураг зулбуулах асуудлыг эрүүгээр шийдсэн. Эмч сувилагчийг гэм буруутайд тооцсон. Шийдвэрийн 10-р хуудсанд хохирол төлөгдсөн гэсэн байдаг. Бөөр авхуулсан нь шинжээчийн дүгнэлтээр хэвлийд гаднын биет үлдээсэнтэй холбоогүй гэсэн. Иймд хариуцагчид хамааралгүй. Сэтгэл санааны хохирлын хувьд нотлох баримтаар нотлогдохгүй байна. Иймд хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хуулийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийг өөрөө нотлох үүрэгтэй. Гэтэл хэрэгт байгаа баримтаар шаардлага нь нотлогдохгүй байна. Эрүүгээр эмч сувилагч хариуцлага хүлээсэн. Эрүүгээр шалгагдаж байхад тодорхой хэмжээний баримттай хохирлыг төлсөн байдаг гэв.

 

            Нэхэмжлэгч тал нь шүүхэд: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн  дугаар шийтгэх тогтоол /1хх4-9/, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн  дугаар магадлалын хуулбар /1хх10-16/, Улсын дээр шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 250 дугаар тогтоолын хуулбар /1хх17-19/, А 2021 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 373 дугаар албан тоот /1хх124/, Б.Б өмгөөлөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хүсэлт 3 ширхэг /1хх125-126, 128/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

            Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр:

Хариуцагч А Нийслэлийн 3 дугаар амаржих газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн б/61 дугаар тушаалын хуулбар /1хх75/, Н.Г байгуулсан 2019 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний хуулбар /1хх76-78/, Нийслэлийн А даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн Б/244 дүгээр тушаалын хуулбар /1хх79/, П.Отгонбаяртай байгуулсан 2018 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний хуулбар /1хх80-82/, Нийслэлийн 3 дугаар амаржих газрын даргын 2013 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн б/06 дугаар тушаалын хуулбар /1хх83/, Б.Д 2019 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар /1хх84-86/, Нийслэлийн А даргын 2017 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн Б/23 дугаар тушаалын хуулбар /1хх87/, Б.Амаржаргалтай 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар /1хх88-90/, Нийслэлийн А даргын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн б/69 дугаар тушаалын хуулбар /1хх91/, Ц.Одхүүтэй 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар /1хх92-94/, Нийслэлийн А даргын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/192 дугаар тушаалын хуулбар /1хх102/, А 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 46 дугаар албан тоотоор З.Ж өвчний түүх, холбогдох баримтууд /2хх47-106/,

Улсын 2 дугаар төв эмнэлгээс З.Ж өвчний түүх, холбогдох баримтууд /1хх148-242/,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас 2021 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 639 дүгээр албан тоотоор эрүүгийн хэрэгт авагдсан баримтуудын хуулбар /2хх1-33/,

“Юнимэд интернейшнл” ХХК-с үр шилжүүлэн суулгахтай холбогдох лавлагаа /2хх110/,

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс бөөрний донорын талаарх лавлагаа /2хх112-113/,

Эрүүл мэндийн яамны Ерөнхий мэс заслын мэргэжлийн салбар зөвлөлийн дүгнэлт /2хх236-237/-г тус тус нотлох баримтаар гаргуулсан.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч З.Ж нь 2018 оны 07 дугаар сарын 19-ны өдөр А уулинхай авах мэс ажилбарын явцад хэвлийн хөндийд гаднын биет үлдээсэнтэй холбогдуулан ураг зулбуулсны хохиролд 350,000,000 төгрөг, мэс ажилбарын үед хэвлийн хөндийд гаднын биет үлдээснээс зүүн бөөр авхуулж, хөдөлмөрийн чадваргүй болсны хохиролд 100,000,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөг, нийт 500,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч А нь хэвлийн хөндийд гаднын биет үлдээсэн, ураг зулбуулсан асуудлыг эрүүгийн журмаар шийдвэрлэж, хохирол барагдуулсан, зүүн бөөр авхуулсанд хариуцагч буруугүй, сэтгэл санааны хохирлыг мөнгөн дүнгээр илэрхийлэх хууль зүйн үндэслэл байхгүй гэж маргаж байна.

 

Шүүх иргэдийн төлөөлөгч Б.Лхагвамаад 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн. Улмаар 17-ны өдрийн 11 цаг 55 минут хуралдааны товыг дахин сануулахад хүрэлцэн ирэх боломжгүй талаар мэдэгдсэн байна. Улмаар шүүх хуралдааны оролцогч буюу нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн төлөөлөгч нар нь иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар санал гаргаснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно. /2хх245-246/

 

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б нь нэхэмжлэгч З.Жг орон нутагт байгаа бөгөөд шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэж тайлбарлаж, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасныг тэмдэглэж байна.

 

Хариуцагч А эмч, ажилтнуудын буруутай үйл ажиллагааны улмаас 2018 оны 07 дугаар сарын 19-ны өдөр нэхэмжлэгч З.Жд уулинхай авах мэс ажилбар хийх явцдаа хэвлийд гаднын биет үлдээсэн, цаашлаад мөн оны 08 дугаар сарын 03-ны өдөр буруу оношилсны улмаас 06-ны өдөр жирэмслэлтийг эмийн аргаар хожуу хугацаанд тасалсан болох нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн дугаар магадлалын хуулбар, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 250 дугаар тогтоолын хуулбараар тус тус тогтоогдсон. /1хх4-19/

 

Нэхэмжлэгч З.Ж нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага тодруулсан. /2хх36/

Улмаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч мөн өдөр зүүн бөөр авхуулсан нь хэвлийн хөндийд гаднын биет үлдээсэнтэй шалтгаант холбоотой эсэхийг тодруулахаар шинжээч томилох хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шаардлагатай нотлох баримтууд шүүхэд ирснээр тус шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 03246 дугаар захирамжаар Эрүүл мэндийн яамны Дотрын анагаах судлалын мэргэжлийн салбар зөвлөлийг шинжээчээр томилсон. /2хх107-108/

Улмаар Эрүүл мэндийн яамны Дотрын анагаах судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 9 дүгээр албан тоотоор тухайн асуудал нь тус салбар зөвлөлд хамааралгүй талаар мэдэгдсэн. /2хх220/

Энэхүү мэдэгдлийн дагуу тус шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 05464 дүгээр захирамжаар Эрүүл мэндийн яамны Мэс заслын мэргэжлийн салбар зөвлөлийг шинжээчээр томилсон. /2хх223-224/

 

Шинжээч нь 2022 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн дүгнэлтийг мөн оны 05 дугаар сарын 12-ны өдрийн шуудангаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт хүргүүлж, тус Тамгын газар нь 2022 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 303 дугаар албан тоотоор дүгнэлтийг 2 хавтас хэргийн хамт тус шүүхэд харьяаллын  дагуу хүргүүлжээ. /2хх236-238, 228/

 

Эрүүл мэндийн яамны Ерөнхий мэс заслын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн С.Э дүгнэлтэд нэхэмжлэгч З.Ж зүүн бөөрийг Улсын хоёрдугаар төв эмнэлэгт авах болсон шалтгаан нь 2018 оны 07 дугаар сарын 19-ны өдөр уулинхай авах мэс ажилбарын явцад хэвлийд гаднын биет үлдээсэн шалтгаантай холбоогүй гэж үзсэн байна. /2хх236-237/

Уг дүгнэлтэй зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч маргаангүй.

 

Иймд нэхэмжлэгч нь зүүн бөөр авхуулсны улмаас хөдөлмөрийн чадвар алдсан гэх хохиролд 100,000,000 төгрөгийг хариуцагч А шаардах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь өөрийн шаардлага, түүний үндэслэлийг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн эмч, ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас анхны жирэмслэлт байсан 6 сартай ургийг эмийн аргаар зулбуулсан тул хохиролд 350,000,000 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нь хэдийгээр буруу оношилсны улмаас ураг зулбуулсан үйл баримтай маргаагүй боловч энэхүү асуудлыг эрүүгийн журмаар хянан шийдвэрлэсэн бөгөөд холбогдох хохирол төлөгдсөн, харин нэмж гарах хохирлыг баримтаа бүрдүүлж, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж заасан. Гэвч энэ хэрэгт ураг зулбуулснаас учирсан гэх хохиролтой холбогдох баримтгүй гэж маргаж байна.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн  дугаар тогтоолд хохирогч буюу энэ хэргийн нэхэмжлэгчээс баримтаар нэхэмжилсэн хохирол төлөгдсөн, цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрх нээлттэй талаар дүгнэсэн байна. /1хх4-9/

 

Гэвч нэхэмжлэгч нь ураг зулбуулснаас өөрийн биед учирсан хохирлын талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь гэм хор учруулсан 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн үйл явдлаас хойш энэ талаар эмнэлгийн байгууллагад хандаж эмчилгээ хийлгээгүй талаар тайлбарласан.

Өөрөөр хэлбэл, ураг зулбуулснаас шалтгаалж, эмчилгээ хийлгэсэн гэх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Цаашлаад үйл явдал болсноос хойших 4 жилийн хугацаанд дахин жирэмслэх боломжтой эсэх талаар эмнэлгийн байгууллагад хандаагүй байна. Мөн энэ талаар шүүхэд хүсэлт гаргах замаар дүгнэлт гаргуулах боломжтой байсан боловч холбогдох хүсэлтийг гаргаагүй.

Улмаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь энэхүү 350,000,000 төгрөг нь нэхэмжлэгчийн амьдрах орчныг сайжруулах санхүүгийн асуудалтай холбоотой гэж тайлбарлаж байна.

Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчийн эмч, ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас дахин жирэмслэх боломжгүй болсон үйл баримт тогтоогдохгүй байна.

Харин ураг зулбуулсан гэм буруугийн улмаас өөрийн амьдрах орчныг сайжруулахаар хариуцагчаас мөнгөн төлбөр шаардах хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд ураг зулбуулсны хохиролтой холбогдох 350,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч нь мэс ажилбарын явцад хэвлийд гаднын биет үлдээсэн, улмаар буруу оношилж ураг зулбуулснаас учирсан сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөг шаардаж байна.

Хариуцагч нь сэтгэл санааны хохирлыг мөнгөн дүнгээр тооцох хууль зүйн үндэслэлгүй бөгөөд цаашид үүнтэй холбогдох эмнэлгийн үйлчилгээг үнэ төлбөргүйгээр үзүүлэх боломжтой гэж тайлбарласан.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн  дугаар тогтоолд анх 2018 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн уулинхай авах мэс ажилбараас шалтгаалж уг гэм хор учирсан гэж дүгнэжээ.

 

Сэтгэл санааны хохирлын хувьд гэм хор учруулсан үйл баримттай шалтгаант холбоотой эсэх нь хэрэгт ач холбогдолтой. Улмаар гэм хор учруулах болон түүнээс үүсэх сэтгэл санааны хохирол гэдэг нь хууль зүйн хувьд тусдаа ойлголт юм.

Мөн сэтгэл санааны хохирол гэдэг нь сэтгэцийн эрүүл мэндэд учирсан хохирлоос ялгаатай ойлголт болохыг дурдах нь зүйтэй.

Харин гэнэтийн, давагдашгүй, урьдчилан төлөвлөөгүй бөгөөд бусдын гэм буруутай үйл ажиллагааны улмаас сэтгэл санааны хувьд цочролд орж хямрах байдлыг сэтгэл санааны хохиролд хамруулж ойлгодог.

Улмаар дээрх үйл баримтаар хариуцагчийн эмч, ажилтны буруутай үйл ажиллагаа буюу мэс ажилбарын үед хэвлийд гаднын биет үлдээж, цаашлаад буруу оношилсны улмаас жирэмслэлтийг эмийн аргаар тасалсан үйл баримт нэгэнт тогтоогдсон тул нэхэмжлэгчид сэтгэл санааны хохирол учирсан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд сэтгэл санааны хохирол учирсан цаг хугацааг хэвлийд гаднын биет үлдээсэн мэс ажилбар болсон 2018 оны 07 дугаар сараас шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 10 дугаар сарыг дуусах хүртэл хугацаагаар тооцох нь зүйтэй.

 

Хэдийгээр сэтгэл санааны хохирлыг мөнгөн хэлбэрээр тооцох талаар хуульчлагдаагүй байгаа боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь сэтгэл санааны хохирлын улмаас нэхэмжлэгч нь хямралд орж хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа гэж хохирлын хэмжээг тодорхойлж байх тул сэтгэл санаанд учирсан хохирлын хэмжээг тухайн цаг хугацаан дахь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцүүлэн тооцох зүйтэй гэж үзлээ.

Учир нь нэгэнт сэтгэл санааны хохирол учирсан нь тогтогдсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдад гэм хор учруулсан этгээд нь түүнээс шалтгаалж бий болсон хохирлыг арилгах үүрэгтэй.

 

Эдгээр үндэслэлээр сэтгэл санаанд учирсан гэм хорын хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцвол 2018 онд 6 сар буюу сарын 240,000 төгрөг тул 1,440,000 төгрөг, 2019 онд 12 сар буюу сарын 320,000 төгрөг тул 3,840,000 төгрөг, 2020, 2021 онд 22 сар буюу сарын 420,000 төгрөг тул 9,240,000 төгрөг, нийт 14,520,000 төгрөг тооцогдож байна.

 

Дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнээд хариуцагч А эмч, ажилтнуудын гэм буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч З.Ж сэтгэл санаанд учирсан хохиролд 14,520,000 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Нэхэмжлэгчид 2018 оны 07 дугаар сарын 19-ны өдөр мэс ажилбар хийсэн болон мөн оны 08 дугаар сарын 03-ны өдөр жирэмслэлтийг эмийн аргаар таслах шийдвэр гаргасан эмч, ажилтнууд нь хариуцагч А хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан болон Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар тогтоол, Нийслэлийн 3 дугаар амаржих газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн б/61 дугаар тушаалын хуулбар /1хх75/, Н.Ганболдтой байгуулсан 2019 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний хуулбар /1хх76-78/, Нийслэлийн А даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн Б/244 дүгээр тушаалын хуулбар /1хх79/, П.Отгонбаяртай байгуулсан 2018 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний хуулбар /1хх80-82/, Нийслэлийн 3 дугаар амаржих газрын даргын 2013 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн б/06 дугаар тушаалын хуулбар /1хх83/, Б.Даваацэцэгтэй 2019 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар /1хх84-86/, Нийслэлийн А даргын 2017 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн Б/23 дугаар тушаалын хуулбар /1хх87/, Б.А 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар /1хх88-90/, Нийслэлийн А даргын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн б/69 дугаар тушаалын хуулбар /1хх91/, Ц.О 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар /1хх92-94/-р тус тус тогтоогдсон.

Энэхүү тухайн хүмүүс хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан үйл баримтын талаар хариуцагч маргаагүй.

 

Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар нэхэмжлэгчийн сэтгэл санаанд учирсан гэм хорын хохирлыг хариуцагч А гаргуулах үндэслэлтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчид төлөх мөнгөн төлбөрийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд маргааныг хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангасан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

Энэхүү хэрэг нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол шаардсан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн.

Харин хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас хангагдсан хэсэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1.            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар хариуцагч А гэм хорын хохиролд нийт 14,520,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч З.Жд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 485,480,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч А 230,550 төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ГАНБОЛД

 

                                   ШҮҮГЧИД                                         Б.УНДРАА

 

                                                                                             Д.ЦЭРЭНДОЛГОР