Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/01889

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/01889

 

 

2022 10 14 210/МА2022/01889

 

 

З.Ж-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2022/03553 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: З.Ж-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: НААГ-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 500,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: З.Ж нь 2018 оны 06 сарын сүүлээр НААГ-ын н.У эмчид үзүүлэхэд таславч уйланхайн онош тавьж, хагалгаанд орох тухай хэлсэн. Тус газрын эмч нарын зөвлөгөөнөөр дурангийн хагалгаанд орохоор болсон боловч дуран эвдэрсэн учраас нээлттэй хагалгааг 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хийсэн. Мэс заслыг эхлээд хагас унтуулгатай, сүүлдээ бүтэн унтуулгатай хийсэн. Мэс заслын дараа хэвлийгээр маш их өвдөлттэй, өвчин намдаах тариа хийгээд зүгээр болоогүй. Улмаар 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ураг гэдсийг чинь дараад түгжрэл үүсгээд байна гээд умайн хүзүүнд 3 ширхэг эм тавьсан, 2 хоногийн дараа ураг зулбасан. Гэвч гэдэс зүгээр болохгүй маш их зовуурьтай байсан учраас 2 дугаар эмнэлэгт үзүүлэн дахин мэс засалд ороход НААГ-ын эмч нар мэс засал хийхдээ хэвлийд жийргэвч марал үлдээсэн байсан. Эмч нарын буруутай үйл ажиллагаанаас хэвийн тээж байсан 5-6 сартай ургаа алдсанд маш их гомдолтой байна. Анхны жирэмслэлт байсан. Эмч нарын буруугаас болж зүүн бөөрөө авхуулж хөдөлмөрийн чадваргүй болсон. Одоо би хөдөлмөр эрхлэх чадваргүй, орлогогүй, хүүхдээ авхуулж, эмнэлгээр удаан явж байнгын эмчилгээ сувилгаа шаардлагатай байдгаас болж нөхөр минь хаяж явсан. Би эрүүл мэнд, сэтгэл санаа, ахуй амьдралаараа хохирсон тул хохирлыг барагдуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч нь ураг зулбуулсан гэж 350,000,000 төгрөг, бөөртэй холбоотойгоор 100,000,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөг нийт 500,000,000 төгрөг нэхэмжилсэн. Ураг зулбуулах асуудлыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/1907 дугаар шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн. Эмч сувилагчийг гэм буруутайд тооцож, хохирол төлөгдсөн гэсэн байдаг. Бөөр авхуулсан нь шинжээчийн дүгнэлтээр хэвлийд гаднын биет үлдээсэнтэй холбоогүй. Иймд хариуцагчид хамааралгүй. Сэтгэл санааны хохирлын хувьд нотлох баримтаар нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар хариуцагч НААГ-аас гэм хорын хохиролд нийт 14,520,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч З.Ж-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 485,480,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч НААГ-аас 230,550 төгрөг гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг 8 дугаар нүүрт Хэдийгээр сэтгэл санааны хохирлыг мөнгөн хэлбэрээр тооцох талаар хуульчлагдаагүй байгаа боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь сэтгэл санааны хохирлын улмаас нэхэмжлэгч нь хямралд орж хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа гэж тодорхойлж байх тул гэх хэсэгт хэргийн материалд нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэхгүй байгаа тухай нотлох баримтаар нотлогдоогүй. Мөн үндэслэх хэсэг 8 дугаар нүүрт Эдгээр үндэслэлээр сэтгэл санаанд учирсан гэм хорын хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцвол 2018 онд 1 сарын 240,000 төгрөг буюу 6 сар нь 1,440,000 төгрөг, 2019 онд 1 сарын 320,000 төгрөг буюу 12 сар нь 3,840,000 төгрөг, 2020, 2021 онд 22 сар буюу 420,000 төгрөг тул 9,240,000 төгрөг, нийт 14,520,000 төгрөг тооцогдож байна гэх хэсэгт гэм хорын хохирлыг эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэхэд арилгасан хугацааг давхардуулан тооцсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй атал шүүх сэтгэл санааны хохирлыг үнэлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Давж заалдах шатны шүүх гомдолд хязгаарлагдахгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Нэхэмжлэгчийн анхны жирэмслэлт, 20 настай бүсгүй ургаа хэвийн тээж байгаад 6 сартай болгоод эмч нарын буруутай үйл ажиллагаанаас болж алдсан. Хэвлийд нь даавуу үлдээснийг ураг дарж байгаа учраас бөөрний үйл ажиллагаа доголдож байна, хэвийн тээх боломжгүй гэж зулбуулсан. Үүнийг анхан шатны шүүх үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч З.Ж нь НААГ-т холбогдуулан гэм хорын хохиролд 500,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

3. Нэхэмжлэгч нь ... НААГ-ын эмч нар надад мэс засал хийхдээ хэвлийд гаднын биет үлдээснээ мэдэхгүй ураг гэдсийг чинь дараад түгжрэл үүсгээд байна гэж оношлон миний хэвийн тээж байсан 6 сартай үрийг минь хүчээр зулбуулсны хохиролд 350,000,000 төгрөг, НААГ-ын эмч нар миний хэвлийд гаднын биет буюу жийргэвч марал үлдээснээс түгжрэл үүсэн, дотор эрхтэнд үхжил явагдаж үүнээс шалтгаалан зүүн бөөрөө мэс засал хийлгэж авхуулан зүүн бөөргүй, хөдөлмөрийн чадваргүй, зэрэмдэг хүн болсны хохиролд 100,000,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөг буюу нийт 500,000,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан гэж тайлбарласан.

4. Нэхэмжлэгч нь 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр НААГ-т өндгөвчний уйланхай авах мэс засалд орсон боловч тус газрын эмч нар надад мэс засал хийхдээ хэвлийд гаднын биет үлдээснээ мэдэлгүй ураг гэдсийг чинь дараад түгжрэл үүсгээд байна гэж оношлон хэвийн тээж байсан 6 сартай үрийг минь хүчээр зулбуулсан үйлдэлд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/1907 дугаар шийтгэх тогтоолоор Нийслэлийн НААГ-ын ажилтан Б.Д, Н.Г, П.О, Б.А, Ц.О нарыг гэм буруутайд тооцож, хохирогч З.Ж нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний хариуцагчаас жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болжээ. /1хх4-9/

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Тодруулбал, нэхэмжлэгч сэтгэл санааны хохирол гэж тодорхойлж байх боловч ямар агуулгаар шаардлага гаргасан, мөн нэхэмжилж буй мөнгөн дүнгийн задаргаа тодорхойгүй, өвчний улмаас эмчилгээ хийлгэсэн бодит зардал байгаа эсэх зэрэг хэргийн үйл баримтыг тодруулах шаардлагатай байжээ.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч сэтгэл гутралд орж, бие даан нийгмийн харилцаанд оролцоход хүндрэлтэй байгаа тул Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүхээс хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь заалтыг зөрчжээ. /2хх 247, 3хх 10/

 

Нэхэмжлэлийн сэтгэл санааны хохиролтой холбоотой хэсэг нь сэтгэл санааны байдлаас шалтгаалан нийгмийн харилцаанд орох боломжгүй болсон гэж тайлбарлаж, шинжээчээр нотлуулах хүсэлт гаргасан байхад шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь цаашид жирэмслэх, хүүхэд төрүүлэх боломжгүй болсон гэх тайлбарыг тодруулан, эмчилгээ шаардлагатай эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай.

 

7. Анхан шатны шүүхийн дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2022/03553 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР