Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2022/01906

 








 

 

 2022        08           30                                      181/ШШ2022/01906

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.Г-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ГЕГ-т холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 44,961,002 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т, Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Амарбаясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Н.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Гг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2-р сарын 04-ний өдрийн 128/ШШ2020/0095 дугаар шийдвэрээр урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг тооцон гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид (ГЕГД) даалгаж шийдвэрлэсэн. Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04-р сарын 09-ний өдрийн 255 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2020 оны 7-р сарын 1-ний өдрийн 117 дугаар тогтоолоор Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2020/0095 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

Гэтэл хариуцагч ГЕГД нь шүүхийн шийдвэрийг огт биелээгүй байсан тул хуулийн дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн юм. Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговрыг тооцон олгож, эрүүл мэнд нийгмийн даатгалын нөхөн бичилт хийх шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлэхгүй байсан учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Зөрчлийн тухай хуулийн дагуу 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 2102000124 тоот хэрэг нээсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас захиргааны шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр хуулийн хүрээнд ажилласаар байсан.

ГЕГД нь шалтгаангүйгээр шүүхийн шийдвэрийг удтал биелүүлэхгүй байж байгаад 2021 оны 9-р сарын 14-ий өдрөөс ажилд эгүүлэн томилсон. Гэвч 8 хоногийн дараа дахин хууль бусаар ажлаас түдгэлзүүлсэн бөгөөд энэ талаар тусдаа бие даасан захиргааны хэрэг үүсээд шүүхэд хянан хэлэлцэгдэж байна.

2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгч намайг эгүүлэн тогтоохдоо ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговрыг тооцон олгож, эрүүл мэнд нийгмийн даатгалын нөхөн бичилт хийх шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй бөгөөд энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсаар байсан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 03-р сарын 21 -ний өдөр 4/189 тоот албан бичгээр Төлбөр төлөгч ГЕГДд шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд биелүүлээгүй тул Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д заасны дагуу 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр нийтэд мэдээлсэн боловч өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна. гэсэн хариуг өгсөн.

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2-р сарын 04-ний өдрийн 128/ШШ2020/0095 дугаар шийдвэрийг хариуцагч ГЕГД биелүүлэх хүсэл зориг байхгүй байгааг мэдсэн юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан нь ажил олгогчид шууд хамааралтай заалт бөгөөд шүүхийн шийдвэр гарсан өдрөөр хязгаарлагдахгүй бөгөөд ажил олгогч шүүхийн шийдвэрийг шалтгаангүйгээр биелүүлээгүй ажилтны эрх, хууль ёсны эрх ашгийг хохироож байсан хугацаанд ч хүртэл олговрыг олгох зохицуулалт юм.

Захиргааны шүүхээс ажилгүй байсан хугацааны цалин олговрыг тооцон гаргуулахаар шийдвэрлэсэн нь тухайн хууль бус захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн үйл баримтын цаг хугацаанаас эхлээд эрх бодитойгоор сэргээгдэх хүртэлх хугацааны эрхийн хамгаалалт юм.

ГЕГ-ын дарга нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албадлагын үр дүнд 2021 оны 9-р сарын 14-ний өдөр намайг ажилд томилохдоо "ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговрыг тооцон олгож, эрүүл мэнд нийгмийн даатгалын нөхөн бичилт хийх шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа үндэслэлээ ...эрүүгийн хэрэг үүсэн шалгагдаж буй тул... түүнтэй холбоотой аливаа шийдвэр Гаалийн байгууллагын зүгээс гарах боломжгүй... гэж тайлбарласан байдаг.

Иймд ГЕГ 2020 оны 2-р сарын 04-ний өдрөөс 2021 оны 9-р сарын 14-ний өдөр хүртэл 487 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин олговор 44,961,002 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ГЕГДд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч ГЕГ шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Ч.Т нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.Г нь ГЕГ-ын харьяа Сүхбаатар аймгийн Бичигт дэх гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 8 дугаар сарын 14-ний өдрийг дуустал ажлын 3 хоног, 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 8 дугаар сарын 27-ны өдрийг дуустал ажлын 7 хоног, 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 9 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал ажлын 3 хоног, нийт ажлын 13 хоног буюу 104 цаг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа очоогүй ажил тасалсан үйлдэл нь тус байгууллагын Сахилгын хороонд гаргасан дүгнэлт, холбогдох байгууллагын албан бичгээр нотлогдож гаалийн албанаас халагдсан.

ГЕГ-аас Сүхбаатар аймгийн Бичигт дэх гаалийн газрын 2019 оны санхүүгийн үйл ажиллагааны баримтад дотоод аудит хийхэд А.Г нь санхүүгийн анхан шатны баримт дутуу бүрдүүлдэг, няравын тайлан огт гаргадаггүй, томилолттой холбогдон гарсан зардлын баримтууд байхгүй, төрийн банкаар цалин авч буй ажилчдын цалин картанд бүрэн орсон эсэх нь тодорхойгүй, хуурамч санхүүгийн баримт бүрдүүлсэн зэрэг үйлдлээр Төсвийн тухай хуулийн 6.4.1, 6.4.2, 16.5.2, 16.5.5, 16.5.2, 16.5.5 заалтууд, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох зүйл заалтууд зөрчсөн, төсвийн харилцах данснаас гүйлгээ гаргахдаа Төрийн сангийн үйл ажиллагааны журмыг мөрдөөгүй зэргээр нийт 621,644,902.92 төгрөгийн санхүүгийн ноцтой зөрчил гаргасан. Үүнд: Анхан шатны баримтад холбогдох 135 зөрчилд 525,169,956.62 төгрөг, Туслах үйл ажиллагааны орлогын зөрчилд 48,993,573.2 төгрөг, Цалингийн зардлын зөрчилд 12,481,374 төгрөг байна.

Эдгээр үйлдлүүд нь дараах үйл баримтаар нотлогдож байна. Үүнд:

Төлбөрийн хүсэлтгүй гүйлгээний талаар: Тайлант хугацаанд 263.3 сая төгрөгийн 69 гүйлгээ төлбөрийн хүсэлтгүй хийгдсэн ба төсвийн харилцах баримтын хавтаст доор дурдсан гүйлгээ тус бүрт холбогдох төлбөрийн хүсэлт, анхан шатны баримт байхгүй. Өөрөөр хэлбэл Төрийн сангийн э-хуулга-аар тулган шалгахад гүйлгээ гарсан байдаг боловч бодит байдал дээр тухайн гүйлгээтэй холбоотой бичгээр үйлдсэн нотлох баримт /санхүүгийн/ баримт байхгүйг илэрхийлж байна.

Харилцагч байгууллагын дансанд мөнгө орсон эсэх тодорхойгүй, үүнийг нотлох баримт байхгүй.

2018 оны 07,08 дугаар сард хийсэн бүх гүйлгээний төлбөрийн хүсэлт байгаа, байхгүй эсхүл устгагдсан, хаяж үрэгдүүлсэн, нуун дарагдуулсан эсэх тодорхойгүй.

Төлбөрийн хүсэлтгүй үед гүйлгээ хийж болдог эрхзүйн орчин одоогоор Монгол улсад байхгүй ийм нөхцөлд Сүхбаатар аймгийн төрийн сангаар дамжуулан гүйлгээ хийсэн.

Анхан шатны баримт бичгийн боловсруулалт огт байхгүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7.7-д Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл тайланд тусгахыг хориглоно заалтыг, 20 дугаар зүйл Нягтлан бодогчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийн 20.1.5-д нягтлан бодох бүртгэлийн баримт, данс, санхүүгийн тайланг хууль тогтоомжийг зөрчин устгах, үрэгдүүлэх гэмтээх 20.1.7-д Засгийн газрын 2012 оны 205 дугаар тоот Төрийн сангийн үйл-ажиллагааны журам-ын 7.12-т Төрийн байгууллага орлогын хуулгыг өдөр тутам хянаж тодорхой бус орлогын талаар нягталж орлого бууруулах гүйлгээг гаргахдаа холбогдох нотлох баримт болон орлогын дэлгэрэнгүй хуулгыг төлбөрийн хүсэлтийн хамт хавсаргаж ажпын гурав хоногийн дотор Төрийн санд мэдэгдэн залруулах хүсэлт гаргана 7.13.7-т Анхан шатны баримт дутуу, иж бүрдэл болоогүй тохиолдолд зарлагын гүйлгээ гаргахыг хориглоно гэж тус тус заасныг зөрчсөн байдаг.

Төлбөрийн хүсэлтийг үндэслэх баримтгүй гүйлгээний талаар: /Аудитийн тайлангийн 18-26 дахь тал/, Аудитын явцад 228.1 сая төгрөгийн 49 гүйлгээ төлбөрийн хүсэлтийг үндэслэх баримтгүйгээр зарлагын гүйлгээ хийгдсэн байсан.

1. Төсвийн тухай хуулийн 6.4.1-т төсвийн үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах, 6.4.2-т төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх, 16.5.5-д, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, 41 дүгээр зүйлийн 41.2.2-т батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах, 41.2.3-т төсвийн гүйцэтгэлийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж, тайлагнах гэж тус тус заасныг,

2. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7.7-д Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно нягтлан бодогчийн үйл ажиллагаандаа хориглох зүйлийн 20.1.4-т хуурамч баримт бүрдүүлэн ажил гүйлгээг дансанд бичих заалтыг,

3. Засгийн газрын 2012 оны 205 дугаар тоот Төрийн сангийн үйл ажиллагааны журам-ын 7.8-д Тухайн байгууллага төлбөрийн хүсэлтийг үндэслэх баримт, хяналтын хуудас /энэхүү журмын 4 дүгээр хавсралтаар баталсан №ТТ-4 маягт/-ны хамт ирүүлэх үүргийг хүлээнэ гэж заасныг тус тус зөрчсөн байдаг.

Хянагдаагүй баримтаар хийгдсэн зарлагын гүйлгээний талаар: Аудитын явцад 1-р гарын үсэг болон байгууллагын тамга дараагүй 33.7 сая төгрөгийн 17 гүйлгээ тус бүр холбогдох хууль, эрх зүйн актыг зөрчсөн байна. 2019 онд буцаалт хийгдсэн түр горимын шилжүүлгийн баримтууд; 2017, 2018, 2019 оны санхүүгийн анхан шатны баримтууд; 2017, 2018, 2019 оны санхүүгийн тайлангууд хүлээлгэж өгөхгүй байгаа үйлдэл нь Нягтлан бодох бүртгэлийн тухай, Архивын тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн.

Иймд дээрх зөрчилтэй холбогдуулж нэмэлт материал, зайлшгүй тодруулга авах шаардлагатай нөхцөл байдал бий болсон. Гэвч туе гаалийн газрын ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан ГУАБ А.Г зөрчилтэй гүйлгээний талаар албан ёсны хариу, нэмэлт нотлох баримт өгөөгүй тул бүх гүйлгээг зөрчилтэйд тооцсон.

Дээрх санхүүгийн зөрчилтэй холбоотой хууль бус үйлдлүүд нь ГЕГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Бичигт дэх гаалийн газрын санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитын тайлангаар тус тус нотлогдож байгаа болно. /2019 оны аудитын тайланг нотлох баримтаар хавсаргав/

А.Гг санхүүгийн зөрчилтэй холбогдуулж Авилгатай тэмцэх газраас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй үйлдэлд эрүүгийн хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөй шалгасан байдаг.

ГЕГ-ын даргын 2021.09.14-ний өдрийн №Б/623 тушаалаар А.Гг ажилд нь эгүүлэн томилсон боловч А.Гг санхүүгийн зөрчилтэй холбогдуулж Авилгатай тэмцэх газраас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй үйлдэлд эрүүгийн хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мѳрдѳн шалгах ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан ГЕГ-ын даргын 2021.09.22-ны ѳдрийн №Б/642 тушаалаар гаалийн улсын байцаагчийн эрх, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн.

Иймд иргэн А.Г гаалийн албанд ажиллаж байх хугацаандаа ажилдаа хариуцлагагүй хандаж ѳѳрийн хийсэн буруутай үйлдлийн улмаас сахилгын болон санхүүгийн зѳрчил гаргасан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байгаа тул 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх 487 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин олговор 44,961,002 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас ГЕГД 2021.09.14-ний өдрийн Б/623 дугаар А.Гг ажилд эгүүлэн томилох тухай тушаал, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.03.21-ний өдрийн 4/189 дугаар Хариу мэдэгдэх хуудас, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.09.15-ны өдрийн 6878 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.30-ны өдрийн 91 дугаар шүүхийн мэдэгдэл, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.9-ний өдрийн 255 дугаар магадлал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.04-ний өдрийн 95 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн 2020.07.01-ний өдрийн 117 дугаар Гомдлыг хүлээн авахаас татгалзсан захирамжийн тухай тогтоол, А.Ггийн гаргасан Цалин олговрын тооцоолол, ГЕГ 2021.01.22-ны өдрийн 01-1/206 дугаар албан бичиг, Нийслэлийн прокурорын газрын 2022.07.07-ны өдрийн 4/2032 дугаар хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.06.10-ны өдрийн 153-4/475 дугаар хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.05.11-ний өдрийн 1-153/7890 дугаар мэдэгдэл зэргийг нотлох баримтаар ирүүлсэн, хариуцагч талаас А.Ггийн цалингийн тодорхойлолт, Сүхбаатар аймаг бичигт дэх гаалийн газрын 2022.08.26-ны өдрийн 01-16/48 дугаар албан бичиг, А.Ггийн 2020.02.04-нөөс 2021.09.14-нийг хүртэлх цалингийн тооцоолол, Сүхбаатар аймаг бичигт дэх гаалийн газрын санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитын тайлан зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Г нь хариуцагч ГЕГт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 44,961,002 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, А.Ггийн ажил тасалсан үйлдэл нь тогтоогдож, ажлаасаа халагдсан, Сүхбаатар аймгийн Бичигт дэх гаалийн газрын 2019 оны санхүүгийн үйл ажиллагааны баримтад дотоод аудит хийхэд А.Г санхүүгийн анхан шатны баримт дутуу бүрдүүлдэг, няравын тайлан огт гаргадаггүй, томилолттой холбогдон гарсан зардлын баримтууд байхгүй, төрийн банкаар цалин авч буй ажилчдын цалин картанд орсон эсэх тодорхойгүй, хуурамч санхүүгийн баримт бүрдүүлсэн зэрэг санхүүгийн ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон, А.Гг санхүүгийн зөрчилтэй холбогдуулж Авилгатай тэмцэх газраас мөрдөн шалгаж, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн, цалинтай тэнцэх олговорыг буруу тооцоолон нэхэмжилсэн гэх үндэслэлээр маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. Нэхэмжлэгч А.Г нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалинтай тэнцэх олговорыг гаргуулах шаардлага гаргасан ба мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заажээ.

Ажил олгогчийн ажилд нь эгүүлэн тогтоосон шийдвэр гарснаар А.Ггийн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан олговор гаргуулахаар гомдол гаргах эрхийн хугацааг тоолох бөгөөд А.Гг ажилд нь 2021 оны 09 дүгээр сарын 14ий өдрөөс томилсон байх бөгөөд А.Г шүүхэд нэхэмжлэлээ 2022.03.25-ны өдөр гаргасан байна.

Нэхэмжлэгч А.Г нь ГЕГД 2021 оны 9-р сарын 14-ий өдрийн тушаалаар ажилд эгүүлэн томилсон боловч ажиллуулахгүйгээр 8 хоногийн дараа дахин хууль бусаар ажлаас түдгэлзүүлсэн тул шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж үзэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсаар байсан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэрийг биелүүлэх ажиллагаа явагдаж байна гэж удаа дараа мэдэгдэж байгаад 2022 оны 03-р сарын 21-ний өдөр 4/189 тоот албан бичгээр Төлбөр төлөгч ГЕГДд шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд биелүүлээгүй тул Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д заасны дагуу 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр нийтэд мэдээлсэн боловч өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна гэсэн хариуг өгсөн тул дээрхи хуульд заасан гомдол гаргах эрхийн хугацааг хэтрүүлээгүй гэж тайлбарлаж байна.

Хариуцагч ГЕГ нь 2021 оны 9-р сарын 14-ний өдөр А.Гг ажилд нь эгүүлэн томилсон боловч ажиллуулаагүй, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шүүхийн шийдвэрийн дагуу цалинтай тэнцэх олговорыг олгоогүй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.03.21-ний өдрийн 4/189 дугаар Хариу мэдэгдэх хуудсаар А.Гд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.04-ний өдрийн 95 дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа талаар мэдэгдсэн зэргээс үзэхэд нэхэмжлэгч А.Гг 2021 оны 09 дүгээр сарын 14ий өдрөөс гомдол гаргах эрх үүссэнийг мэдээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 129 дүгээр зүйлийн 129.3-д заасны дагуу шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.04-ний өдрийн 95 дугаар шийдвэрээр А.Ггийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ГЕГД 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/480 дугаар тушаалыг хүчингүй болгож, А.Гг урьд ажиллаж байсан ажил албан тушаал болох Бичигт дэх гаалийн газрын ахлах нягтлан бодогч, гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг тооцон гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэнийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.09-ний өдрийн 255 дугаар магадлалаар хэвээр үлдээж, Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2020.06.09-ний өдрийн 336 дугаар захирамжаар хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг 2020.07.01-ний өдрийн 117 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн байна. /хавтаст хэргийн 9-19 хуудас/

 

Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар, ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар ажилтныг урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй.

ГЕГД 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/623 дугаар тушаалаар шүүхийн шийдвэрийн дагуу Адъяагийн Гэрэлмааг 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс Сүхбаатар аймгийн Бичигт дэх гаалийн газарт ахлах нягтлан бодогч, гаалийн улсын ахлах байцаагчийн ажилд эгүүлэн томилсон байна. /хавтаст хэргийн 3 хуудас/

 

3. Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан ба ажилгүй байсан бүх хугацаа гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаа орно.

Иймд нэхэмжлэгч А.Г нь шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс ажилд томилсон 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг шаардах эрхтэй байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.

ГЕГ нь А.Гг шүүхийн шийдвэрээр тогтоосон албан тушаалд нь 2021 оны 09 дүгээр сарын 14ий өдрийг хүртэл томилоогүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн, эрхийн зөрчил үргэлжилсэн байна.

 

5. ГЕГ А.Гг 2019 оны 08, 09 сард ажил тасалсан үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан маргааныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.04-ний өдрийн 95 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д заасны дагуу дахин нотлохгүй. Мөн Сүхбаатар аймгийн Бичигт дэх гаалийн газрын 2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитын тайлангаар санхүүгийн ноцтой зөрчлүүд илэрсэн, уг зөрчилтэй холбоотой асуудлыг Авилгатай тэмцэх газар шалгаж байгаа гэх асуудал нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул хариуцагч ГЕГ татгалзал хууль зүйн үндэслэлгүй байна.

 

6. Нэхэмжлэгч А.Г ажиллаж байсан бол авах байсан гэх цалингийн тооцооллоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1-д урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор ...олгоно гэж заасантай нийцээгүй байна.

 

7. Иймд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ийн дагуу нэхэмжлэгч А.Ггийн сарын дундаж цалинг бүрэн ажилласан 3 сараар тодорхойлох /2019 оны 3 сард 1,499,121 төгрөг, 4 сард 1,523,121 төгрөг, 5 сард 1,525,121 төгрөг/-д нэг сард 1,515,787.6 төгрөгийн цалинтай байсан болох нь цалингийн тодорхойлолтоор тогтоогдож байна. /хавтаст хэргийн 62 хуудас/

Ажилгүй байсан хугацааг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 18 сар 27 хоногоор тооцоход 1,515,787.6 х 18 сар = 27,284,176.8 төгрөг, 1,515,787.6 төгрөг : 21.5 хоног = 70,501.7 төгрөг, 70,501.7 төгрөг х 27 хоног = 1,903,545.9 төгрөг, 27,284,176.8 + 1,903,545.9 = 29,187,723 төгрөгийн олговорыг олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2Ажил олгогч ... ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасныг баримтлан хариуцагч ГЕГт дээрхи олговороос хуульд заасны дагуу А.Ггийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт нь зохих бичилт хийхийг даалгах үндэслэлтэй байна.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.Ггийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 29,187,723 төгрөгөөс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу тооцож тэмдэгтийн хураамжийг гаргуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар ГЕГ 29,187,723 /хорин есөн сая нэг зуун наян долоон мянга долоон зуун хорин гурван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Гд олгож, А.Ггийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт нь зохих бичилт хийхийг ГЕГт даалгаж, нэхэмжлэлээс 15,773,279 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.Ггийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ГЕГ 303,886 /гурван зуун гурван мянга найман зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.ОЮУНТУЯА