Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/01921

 

 

 

 

 

 

 

2022 10 24 210/МА2022/01921

 

 

 

А.Г гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2022/01906 дугаар шийдвэртэй,

А.Г гийн нэхэмжлэлтэй

ХХ газарт холбогдох

ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 44,961,002 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Г , түүний өмгөөлөгч Н.Түмэнбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дүүриймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2020/0095 дугаар шийдвэрээр А.Г г урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг тооцон гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ХХ газрын даргад даалгаж шийдвэрлэсэн.

Тус шийдвэр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 255 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 117 дугаар тогтоолоор хуулийн хүчин төгөлдөр болсон.

Гэтэл хариуцагч ХХ газрын дарга шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Зөрчлийн тухай хуульд зааснаар 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 2102000124 тоот хэрэг нээсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас захиргааны шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр хуулийн хүрээнд ажилласаар байсан.

1.2. ХХ газрын дарга шалтгаангүйгээр шүүхийн шийдвэрийг удтал биелүүлээгүй ба 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс А.Г г ажилд эгүүлэн томилсон боловч 8 хоногийн дараа дахин хууль бусаар ажлаас түдгэлзүүлсэн.

А.Г г 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ажилд эгүүлэн тогтоохдоо ажилгүй байсан хугацааны цалин олговрыг тооцон олгож, эрүүл мэнд нийгмийн даатгалын нөхөн бичилт хийх шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсаар байсан.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 4/189 тоот албан бичгээр төлбөр төлөгч ХХ газрын даргад шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд биелүүлээгүй тул Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр нийтэд мэдээлсэн боловч өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна.

Иймд ХХ газраас 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл 487 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин олговор 44,961,002 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ХХ газрын даргад даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгч А.Г гийн ажил тасалсан үйлдэл тогтоогдсон тул ажлаас халагдсан.

Мөн А.Г нь санхүүгийн анхан шатны баримт дутуу бүрдүүлдэг, нярвын тайлан гаргадаггүй, томилолттой холбогдон гарсан зардлын баримтуудыг үйлдээгүй, төрийн банкаар цалин авч буй ажилчдын цалин картанд бүрэн орсон эсэх нь тодорхойгүй, хуурамч санхүүгийн баримт бүрдүүлсэн зэрэг үйлдлээр Төсвийн тухай хуулийн 6.4.1, 6.4.2, 16.5.2, 16.5.5, 16.5.2, 16.5.5 заалтууд, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох зүйл заалтууд зөрчсөн, төсвийн харилцах данснаас гүйлгээ гаргахдаа Төрийн сангийн үйл ажиллагааны журмыг мөрдөөгүй зэргээр нийт 621,644,902.92 төгрөгийн санхүүгийн ноцтой зөрчил гаргасан. Үүнд анхан шатны баримтад холбогдох 135 зөрчилд 525,169,956.62 төгрөг, туслах үйл ажиллагааны орлогын зөрчилд 48,993,573.2 төгрөг, цалингийн зардлын зөрчилд 12,481,374 төгрөг байна.

Дээрх санхүүгийн зөрчилтэй холбоотой хууль бус үйлдлүүд нь ХХ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс мөн оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Бичигт дэх гаалийн газрын санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитын тайлангаар нотлогдсон.

1.2. ХХ-ын даргын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/623 тоот тушаалаар А.Г г ажилд нь эгүүлэн томилсон боловч түүнийг санхүүгийн зөрчилтэй холбогдуулж Авилгатай тэмцэх газраас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй үйлдэлд эрүүгийн хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан ХХ-ын даргын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/642 тоот тушаалаар гаалийн улсын байцаагчийн эрх, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн.

А.Г гаалийн албанд ажиллаж байхдаа ажилдаа хариуцлагагүй хандаж сахилгын болон санхүүгийн зөрчил гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар ХХ газраас 29,187,723 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Г д олгож, А.Г гийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт нь зохих бичилт хийхийг ХХ газарт даалгаж, нэхэмжлэлээс 15,773,279 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.Г гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ХХ газраас 303,886 төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999/ 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэгчийг ажилд эргүүлэн тогтоосон шийдвэр гарснаар түүний олговор гаргуулахаар гомдол гаргах эрхийн хугацааг тоолох бөгөөд А.Г г 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ажилд нь томилсон, харин А.Г нэхэмжлэлээ 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гаргасан.

Хариуцагч байгууллага нь 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр А.Г г ажилд нь эгүүлэн томилсон боловч ажиллаагүй, шүүхийн шийдвэрээр түүнд цалинтай тэнцэх олговор олгоогүй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 4/189 дугаар мэдэгдэх хуудсаар гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа талаар мэдэгдсэн. Иймд 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс гомдол гаргах эрх үүссэнийг мэдээгүй гэж үзэх үндэслэлгүй.

Нэхэмжлэгч тал хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн талаар ямар нэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байхад шүүгч өөрийн итгэл үнэмшлээр гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сунгасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд, үндэслэл бүхий байх зарчимтай зөрчилдөж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсанаас өөр асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн хууль зүйн хувьд хүчингүй болсон 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийг баримталж шийдвэрлэсэн нь бодит нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй, хэт нэг талыг баримталж үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна

Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2022/01906 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Хариуцагчаас анхан шатны шүүхэд хариу тайлбар гаргахдаа нэхэмжлэгчийг санхүүгийн зөрчил гаргасан, ажлаас халагдсан үндэслэл нотлогдсон гэх хоёр үндэслэлийг дурдсан. Гэтэл хариуцагч тал анхан шатны шүүхэд хэлэлцэгдээгүй асуудлаар давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр А.Г г ажилд эргүүлэн томилж, цалин олговрыг олгохоор гарсан ба түүнийг 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ажилд эгүүлэн томилсон боловч 8 хоногийн дараа дахин ажлаас чөлөөлсөн ба энэ талаарх маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр Улсын Дээд шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 324 дугаар тогтоолоор хүчин төгөлдөр болсон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ...нөхөн олговрыг олгуулахаар ажиллаж байна... гэх хариу албан бичиг болон ХХ газрын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ...эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа тул А.Г д цалин хөлс, олговор гаргахгүй... гэх тайлбар зэргээс үзвэл хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй гэсэн байр суурьтай байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

2. Нэхэмжлэгч А.Г нь хариуцагч ХХ газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 44,961,002 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2020/0095 дугаар шийдвэрээр ХХ газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/480 тоот сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг хүчингүй болгож, А.Г г өмнө эрхэлж байсан ажил, албан тушаал болох Бичигт дэх гаалийн газрын ахлах нягтлан бодогч, гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцон гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ. /хх 12-17 дахь тал/

 

Уг шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 255 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 336 дугаар захирамжаар хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. /хх9-11 дэх тал/

 

4. Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг ажил тасалсан үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан, мөн түүний гаргасан санхүүгийн ноцтой зөрчилд холбогдуулж Авилгатай тэмцэх газраас мөрдөн шалгаж байгаа тул 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/642 тоот тушаалаар гаалийн улсын байцаагчийн эрх, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх агуулгаар маргасан байна.

 

4.а. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2020/0095 дугаар хүчин төгөлдөр шийдвэрээр ХХ газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/480 тоот тушаалыг хүчингүй болгож, А.Г г өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул хариуцагч байгууллагын татгалзал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу үндэслэлгүй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.6-д зааснаар хэргийн оролцогч шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар хариуцагч ХХ газар нь нэхэмжлэгч А.Г г урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй.

 

5.а. ХХ газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/623 тоот тушаалаар А.Г г Сүхбаатар аймгийн Бичигт дэх гаалийн газарт ахлах нягтлан бодогч, гаалийн улсын ахлах байцаагчийн ажилд эгүүлэн томилж, 8 хоногийн дараа буюу мөн оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гаалийн улсын байцаагчийн ажил албан тушаалын үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй байна. /хх3 дахь тал/

 

6. Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилсон тушаал гаргасан боловч түүнд бодитоор ажлыг хүлээлгэн өгч, ажил үүргийг гүйцэтгүүлсэн, ажилтныг ажлын байраар хангасан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

6.а. Ийнхүү шүүхийн шийдвэр биелэгдээгүйн улмаас нэхэмжлэгч А.Г хариуцагч байгууллагад холбогдуулан ажилгүй байсан хугацаанд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

6.б. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хариу мэдэгдэх хуудсаар нэхэмжлэгч А.Г гийн хүсэлтээр гүйцэтгэх баримт бичгийг хянаж, цаашид шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох ажилтанд үүрэг болгосон байна. /хх4 дэх тал/

 

7. Анхан шатны шүүхийн нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэх дүгнэлт алдаатай болсныг давж заалдах шатны шүүх залруулах нь зүйтэй.

 

Учир нь хариуцагч байгууллага нэхэмжлэгч А.Г г ажилд эгүүлэн томилсон тушаал гаргасан боловч уг тушаалын дагуу түүний ажил үүргийг гүйцэтгүүлээгүйн улмаас эрхийн зөрчил үргэлжилсэн хэвээр байсан тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсаар байжээ.

 

Иймд нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс тоолж мөн оны 03 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

8. Хариуцагч ХХ газар нь нэхэмжлэгч А.Г г эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

8.а Шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлсийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу тооцоолон хариуцагч байгууллагаас 29,187,723 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн.

 

Уг тооцоололд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг баримтлан шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

9. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2022/01906 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ