Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 704

 

 

“Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/02304 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Т” ХХК-д холбогдох

 

Тээврийн хөлс 1 840 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ө” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь “Т” ХХК-иас тээврийн хөлс болох 1 840 000 төгрөг гаргуулахаар шаардсан. Үндэслэл нь “Т” ХХК-ийн захирал, “Ө” ХХК-ийн захиралтай харилцан тохиролцож гэрээ байгуулан задгай цементийн тээвэрлэлтийн ажлыг гүйцэтгэсэн. “Ө” ХХК нь 2016 оны 10 дугаар сард Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь “Мөнхийн баян гал” ХХК цементийн үйлдвэрээс Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг хонхор дахь “Т” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байсан газарт нь задгай цементийн хүргэлтийг хийж өгсөн. Үүний тээвэрлэлтийн хөлсийг ажлаа гүйцэтгэж дууссаны дараа нэхэмжлэхэд манайд одоохондоо мөнгө төгрөг алга гэж удаа дараа хойшлуулж байсан. Хамгийн сүүлд 2017 оны 4 дүгээр сард төлж барагдуулах тухай албан тоот шаардлагыг “Ө” ХХК-иас явуулсан. Хариуд нь “Ө” ХХК-иас 2016 оны 10 сард авсан цементийн тээврийн хөлс болох 1 840 000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сард багтааж тухайн компанийн Хаан банкны 5027606232 дугаар дансанд төлж барагдуулна гэсэн албан бичгээр хариу ирүүлсэн. Үүнээс хойш удаа дараа шаардахад сүүлдээ холбогдохоо болиод мөнгө, төгрөгөө өгөхгүй байсан учраас бид шүүхэд хандаж тээвэрлэлтийн хөлс болох 1 840 000 гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд “Т” ХХК-иас “Ө” ХХК-д тээвэрлэлтийн хөлс болох 1 840 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд бичгээр тайлбар гаргаагүй болно.

 

Шүүх: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1., 386 дугаар зүйлийн 386.1.-д зааснаар хариуцагч Т ХХК-иас тээвэрлэлтийн хөлс 1 840 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө ХХК-ид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44 390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 44 390 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.3-т зааснаар "... энэ хуулийн 72.2 дах хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, 77 дугаар зүйлд заасан журмын шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тооцож энэ хуулийн 100.3 дах хэсэгт зааснаар түүний эзгүйд шийдвэрлэнэ., тус хуулийн 100.3-т зааснаар "... энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ." гэх заалт нь бусад нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэх ба шууд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэс болохгүй.

Тэлмэн грүпп компаний гэдэг нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл Тэлмэн грүпп компани нь Компанийн тухайн хуулийн 3.4, 10.1-т зааснаар ХХК, ХК аль нь болох тодорхойгүй, тус компанийн санхүүгийн тэмдэг бүхий "Ө" ХХК-иас 2016 оны 10 дугаар сард авсан цементийн тээврийн хөлс болох 1 840 000 төгрөгийг 2017 оны 4 сард багтааж тухайн компанийн ХААН банкны 5027606232 дансанд төлж барагдуудах болно гэх баримтыг "Т" ХХКомпанийн төлбөр төлөх баримт болгосон нь үндэслэлгүй байна. Түүнчлэн талуудын хооронд тээвэрлэгч "Ө" ХХК нь ачаа илгээгч "Мөнхийн баян гал" ХХК-ийн агуулахаас тээвэрлүүлэгч буюу ачаа хүлээн авагч "Т" ХХК-д 4 удаагийн тээвэрлэлтээр цемент хүргэсэн, ачаа хүлээн авагч ачааг бүрэн хүлээн авсан, тээвэрлэлтийн асуудлаар маргаагүй байгаа нь Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулагдсан, "Т" ХХК хэлэлцэн тохирсон тээврийн хөлс 1 840 000 төгрөгийг төлөөгүй, 2017 оны 4 сард багтааж тус компанид төлж барагдуулах амлалтаа биелүүлээгүй буруутай байх тул нэхэмжлэлийг хангаж гэх үндэслэлийг хийсэн нь мөн хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь манай компани "Ө" ХХК-тай хэлэлцэн тээвэрлэлтийн гэрээ хийсэн, хэлэлцэн тохирсон, амлалтаа биелүүлээгүй нөхцөл байхгүй. Хэргийн материалын 12 дугаар хуудсанд авагдсан "Тэлмэн грүпп" ХХК-ийн төлбөр барагдуулах тухай баримт нь "Т" ХХК-ийн баримт болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч “Ө” ХХК нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан тээврийн хөлс 1 840 000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хариуцагч шүүхэд бичгээр тайлбар ирүүлж мэтгэлцээгүй болно.

 

            Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч “Ө” ХХК нь хариуцагч “Т” ХХК-д 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хүртэл хугацаанд УНУ 95-43, УНЦ 32-66, УНУ 95-43, 54-20 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдээр цемент ачиж хүргүүлсэн үйл баримт хэргийн 11-17 дах талд авагдсан 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн нэхэмжлэл, төлбөр барагдуулах тухай албан бичиг, ачилтын тэмдэг дарагдсан ачааны дагалдах бичиг баримтууд тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

Хэргийн 12 дах талд авагдсан баримтаас үзвэл “Т” ХХК нь “Ө” ХХК-иас 2016 оны 10 дугаар сард авсан цементын тээврийн хөлс болох 1 840 000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сард багтааж тухайн компанийн Хаан банкны 5027606232 тоот төгрөгийн дансанд төлж барагдуулах болно” гэх агуулгатай төлбөр барагдуулах тухай албан бичгийг үйлдэж, тус компанийн нягтлан бодогч Ю.Амгалан гарын үсэг зурж санхүүгийн тэмдэг дарж баталгаажуулсан байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид хэлэлцэн тохиролцсон тээвэрлэлтийн хөлс 1 840 000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт зааснаар тээвэрлэлтийн хөлс 1 840 000 төгрөгийг шаардах эрхтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Хариуцагч “Т” ХХК нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсан хэдий ч нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж мэтгэлцээгүй, шүүхэд бичгээр тайлбар ирүүлээгүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 72 дугаар зүйлийн 72.3 дах хэсэгт заасныг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хариуцагчид мэтгэлцэх боломжийг хангалттай олгосон боловч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зохигчийн гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна, 42.2 дах хэсэгт зохигч нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно гэж тус тус заасан. Хариуцагч нь нэхэмжлэгчийн дээрх тайлбар баримтыг эсэргүүцээгүй, холбогдох нотлох баримт гаргаж өгөөгүй тул мөн зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар хүлээн зөвшөөрсөнд тооцно. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч “Т” ХХК-иас тээвэрлэлтийн хөлс 1 840 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ө” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 386 дугаар зүйлийн 386.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/02304 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44 390 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А.МӨНХЗУЛ 

 

                                                                                   

                          ШҮҮГЧИД                                         Э.ЗОЛЗАЯА

 

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ