Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 754

 

 

С.Э-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/00405 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Э-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч О.Э-д холбогдох

 

Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт болон үндэслэлгүй хөрөнгөжсөн 33 523 436 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч С.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц, Г.Х,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Э би өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Ривер гарден хотхоны 302 дугаар байрны 402 тоот орон сууцыг мөнгөний шаардлага гарсаны улмаас худалдахаар хотхоныхоо самбарт зар тавьсан. Гэтэл 2017 оны 9 дүгээр сард Болор түлхүүр зуучлалын компаниас зарын дагуу бидэнтэй холбогдон 2017 оны 11 дүгээр сард О.Э  гэгч эмэгтэйтэй анх уулзуулсан. Тухайн үед О.Э  одоо байр худалдан авах мөнгө байхгүй, 2018 оны 8 дугаар сард мөнгөтэй болохоороо байрныхаа үндсэн төлбөр болох 1 480 000 000 төгрөгийг төлнө, тэр болтол танай байрыг зохих үнэ хөлсөөр буюу сарын 5 000 000 төгрөгөөр хөлсөлж сууя гэж хэлсэний дагуу бид 2018 оны 8 дугаар сар хүртэл байрыг сарын 5 000 000 төгрөгөөр хөлсөлж суух, 2018 оны 8 дугаар сарын 15-нд орон сууц худалдан авсан 1 480 000 000 төгрөгийг бүрэн төлөхөөр зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулан тохирсон боловч нэг ч төгрөг төлөлгүй, манай байранд 4 сар амьдарч байгаад 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр орон сууц хөлсөлж суусны төлбөр болох 18 000 000 төгрөгийг надад бэлнээр өгсөн. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа тодорхой үйлдлээр илэрхийлсэн буюу О.Э  гэрээг хүлээн зөвшөөрч манай байранд орж амьдарсан бөгөөд орон сууц хөлсөлсний төлбөрт 18 000 000 төгрөг өгч байсан үйлдлээрээ энэхүү гэрээг хүлээн зөвшөөрснөө илэрхийлж байсан. Иймд түүнээс орон сууц хөлсөлсний төлбөр болох төлөгдөөгүй үлдэгдэл 10 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн хариуцагч О.Э  нь 18 000 000 төгрөгийг надад төлөх үедээ манай нөхрийн талд ажил явдал гарсан, удахгүй би мөнгөтэй болно хэмээн хэлж байсан учир би гэрээг 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс хойш 2 сарын хугацаагаар сунгаж, түүнд нэмэлт 1 сарын хугацаа тогтоож өгсөн. Ингээд хугацаа дуусахад О.Э  нь манай орон сууцыг худалдаж авахгүй нь тодорхой болсон тул 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр О.Энхжаргалтай уулзаж байрыг чөлөөлж, хүлээлгэн өгөхийг мэдэгдэхэд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байрыг хүлээлгэж өгөхийг зөвшөөрч гарын үсгээ зурсан боловч өнөөдрийг хүртэл хууль бусаар манай байранд амьдарсаар байна. Хариуцагч О.Э  нь 2018 оны 8 дугаар сарын 15-нд зээлээр орон сууц худалдах-худалдан авах гэрээний 1 480 000 000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон боловч энэхүү үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасны дагуу түүнд гэрээг цуцлаж, байраа хүлээн авахаар 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 18 цагт уулзаж мэдэгдсэн. Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй байхаар Иргэний хуульд хуульчилсан байдаг. Анх бид орон сууцыг зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан боловч О.Э-ын орон сууц худалдан авах 1 480 000 000 төгрөг бүтэхгүй нөхцөл байдал бий болж, гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болсон. Хариуцагч О.Э  орон сууц худалдан авах үүргээ хугацаандаа биелүүлэхгүй, ашиглалтын зардал болон сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлөхгүй байсан тул миний бие 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэрээг түүнд мэдэгдэж гарын үсэг зуруулсны дагуу Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1-т зааснаар цуцалж, дуусгавар болгосон гэж үзэж байгаа болно. Бид гэрээг цуцалж, дуусгавар болгосон талаар харилцан зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан боловч хариуцагч О.Э  нь уг орон сууцанд амьдарсаар байгаа буюу бусдын өмчлөлийн орон сууцанд гэрээгүйгээр, үнэ төлбөргүйгээр амьдарч, ашиглаж байгаа тул түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу хариуцагч О.Э-с 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд хамаарах төлбөрийг орон сууцыг хөлсөлж байсан 5 000 000 төгрөгөөр тооцож, нийт 15 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа болно. Мөн тэрээр манай байранд 2018 оны 4 дүгээр сараас хойш амьдрах хугацаандаа орон сууцны ашиглалтын ус, дулаан, цэвэр, бохир ус, цахилгааны холбогдох зардал, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө ч төлөөгүй тул эдгээрийн төлбөр болох 1 973 287 төгрөгийг хариуцагч О.Э-с нэхэмжилж байна. Иймд хариуцагч О.Э-с орон сууц хөлсөлж суусны төлөөгүй үлдэгдэл 10 000 000 төгрөг, үндэслэлгүй хөрөнгөжсөн 15 000 000 төгрөг, ашиглалтын зардал 745 118 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1 498 388 төгрөг, цахилгааны төлбөр 129 930 төгрөг, алданги 6 150 000 төгрөг, нийт 33 523 436 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Э-н нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь С.Э нар нь үл хөдлөх хөрөнгө зуучлалын “Болор түлхүүр” ХХК-тай 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Ривер гарден хотхоны 302 дугаар байрны 402 тоотын 281 м.кв орон сууцыг автомашины гараашийн хамт зуучлан борлуулах гэрээ байгуулсан байсан ба уг гэрээний хугацаа нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болсон байсан. Тус байр зарах тухай зарыг Болор түлхүүр зуучлалын байгууллагын зуучлагч Болдбаатар, Анхбаяр гэх хүмүүс 2018 оны 02 дугаар сарын 10-даар хэлж, би уг байрыг үзсэн. С.Э нар нь уг байраа зарах гээд бүтэн жил хүн худалдаж аваагүй. Байр нь хүнгүй хоосон байсан. С.Э ч надад байр үзүүлэхдээ бид байраа жижиг болгож байгаа юм, шалтгаан нь өр төлбөр нэхэгдээд байна гэж байсан. Байр зарсанаа хүнд мэдэгдмээргүй байна, энд тэндээс өр нэхэгдээд байна гэсэн зовлон ярьж байсан. Гэтэл нэхэмжлэлд бичихдээ Болор түлхүүр зуучлалын газраас 2017 оны 11 дүгээр сард бидэнтэй холбогдож О.Э  гэгчтэй анх уулзсан гэж он, сар, өдрөө хүртэл худал бичсэнийг гайхаж байна. Би уг байрыг сонирхож авахаар болж, нөхөр лүүгээ ярихад 2018 оны 8 дугаар сарын эхээр мөнгө бэлэн болно гэж хэлсэн ба энэ тухай зуучлагч Болдбаатар, Анхбаяр нарт хэлж байсан. 2018 оны 4 дүгээр сарын эхээр Болдбаатар, Анхбаяр нар над руу утасдаж байрны эзэн С.Э бид гурав байранд байна, С.Э эгч тантай уулзаж ярилцъя, тохиролцоё гэж байна гээд намайг утсаар дуудсан. Байранд намайг яваад очиход С.Э нь та үнэхээр манай байрыг худалдаж авъя гэж бодож байгаа бол гэрээ хийгээд орж бай, худал үнэн ярьсан хүмүүстэй харьцсаар байгаад залхлаа, их ч хугацаа алдлаа, байр маань ч эзэнгүй сул байгаад байна, зардал мөнгийг нь ч төлөхөд хэлүү байна. Би нөхөртэйгээ ярилцаад таныг нэг ч гэсэн хоногийн өмнө оруулж байя гэж зөвлөлдлөө, та мөнгөө орж иртэл байрандаа нүүж ор гэж санал тавьсаны дагуу 2018 оны 4 дүгээр сарын 10-нд 1 автомашины зогсоол бүхий 281.2 м.кв байрыг 1 480 000 000 төгрөгөөр тохирч байр болон автомашины зогсоолын түлхүүрүүдийг хүлээн авч тус байранд нүүж орсон. Уг байранд 2018 оны 4 дүгээр сарын 10-нд нүүж орсоны дараа буюу 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг өөрсдийнх нь санал болгосон бэлэн гэрээ болон санал болгосон нотариат дээр нь очиж гарын үсэг зурж байгуулсан. Ингээд уг байранд ороод нэг сар гаруй болж байтал байрны доголдол илэрч бүх өрөөний шал, шалны хүрээ хоёрын завсар 2 см хэртэй завсар гарсан байсныг нуун далдалж силикон шахсан, шал нь бүхэлдээ доош суун хонхолздог, обойнууд суларч хөндийрсөн, цонхнууд бүрэн хаагддаггүй, ариун цэврийн өрөөний хананууд цуурч суулт өгсөн, том тагтны үндсэн хана болон 2 унтлагын өрөөний хооронд нэвт цууралт өгч ан цав гарч хагарсан ба түүнийгээ өнгөлөн далдалж эмульсээр будсан, хаалганууд гажиж хаагддаггүй зэрэг бодит байдлын доголдлуудыг нуун өнгөлөн далдлалт хийж үл хөдлөх хөрөнгө зээлдээр худалдах-худалдан авах гэрээг хийсэн байдал нь мэдэгдсэн тул энэ байдлыг С.Э-д   хэлж үзүүлэхэд би мэдэхгүй нөхрөөсөө асууя гээд л зугтаад гараад явчихсан. Өөрөөр хэлбэл тэд энэ доголдлоо мэдсээр байж өнгөлөн далдалж нуусан байсан нь илэрсэнд сандраад зугтаж гарсан. Тэр өдөртөө би энэ тухай зуучлагч Болдбаатарт утасдаж мэдэгдэж лавлан асууж байсан. С.Э нь надад эргэж энэ тухай хариу мэдэгдээгүй, огт ярихгүй байсан тул би энэ доголдлуудыг НМХГ-т хандан баталгаажуулья гэж үзээд 2018 оны 6 дугаар сарын 29-нд хянаж шалгуулахаар гомдол гаргасан бөгөөд тэдгээрийг ирж шалгаж дүгнэлт гаргасны дараа гэрээгээ цуцлах, гэм хорын хохирлоо гаргуулахаар шүүхэд хандахаар хүлээгээд байсан ба МХЕГ-ын дүгнэлт 2018 оны 12 дугаар сарын 07-нд гарсан. Гэтэл С.Э нь 2018 оны 12 дугаар сарын 10-нд байр чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан байсан. Тэгэхээр нь уг нэхэмжлэлийг хүлээж аваад анх байгуулсан үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, уг гэрээнээс болж өөрт учирсан хохирол болох 72 590 000 төгрөгийг С.Э нараас гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан боловч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг сөрөг нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авахаас татгалзсан 183/ШЗ2019/00909 тоот захирамж гаргасан. Энэ захирамжийг гомдол гаргах эрхгүйгээр гаргасан тул гомдол гаргаж болохгүй болсон. С.Э нар нь өөрийн орон сууцны эдгээр доголдлыг мэдсээр байж өнгөлөн далдлалт хийж, хууран мэхэлж уг байрыг зээлээр худалдах-худалдан авах гэрээ хийснийг нь уг байранд нүүж орсноос хойш 1 сарын дараа мэдсэн тул уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үүнээс надад учирсан хохирлоо төлүүлэх нэхэмжлэлийг уг нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэх ёстой байхад шүүх миний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, зөвхөн байр чөлөөлөх асуудлыг шийдвэрлэсэнд гомдолтой байгаа ба энэ шийдвэр буюу 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/196 тоот шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдаад байгаа болно. С.Э нар нь сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1 498 388 төгрөг, ашиглалтын зардал 754 118 төгрөг, цахилгааны төлбөр 129 930 төгрөг, алданги 6 150 000 төгрөг нэхэмжилсэн боловч С.Э нар нь энэ мөнгөний нэхэмжлэгч нар нь биш. С.Э нар нь 2018 оны 11 дүгээр сарын 16-нд орон сууц ашиглалтын Хайспийд ХХК-д өгсөн бичигтээ “Э нь түрээсэнд нэг ч төгрөг төлөөгүй тул хэрэглээний халуун, хүйтэн усыг нь хязгааргүй хугацаагаар тасалж хааж өгнө үү” гэж худал гүтгэн миний нэр төр, иргэний аюулгүй амьдрах үндсэн эрхэнд минь маш бүдүүлгээр халдаж, хязгаарлалтыг надад мэдэгдэлгүйгээр гэрт нэвтэрч хулгайгаар хуйвалдан хийлгэж дарамталсан. Хязгаарлалт хийсний дараа бичгийг надад өгч хууль бус үйл ажиллагаа явуулсан. Дээрхтэй мөн адил утгатай гүтгэсэн бичгийг Ухаалаг эрчим хүч ХХК-д өгч цахилгааны нэг ч төгрөгийн өргүй байтал 2018 оны 12 дугаар сарын 06-нд цахилгааны хязгаарлалтыг бас л хуйвалдан хийлгэж дарамталж хууль бус үйл ажиллагаа хийлгэсэн. Иймд С.Э нар нь цахилгааны мөнгө, сууц өмчлөгчдийн холбооны мөнгө, хэрэглээний мөнгө зэргийг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Э-с 33 253 436 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Э-д   олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 270 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 530 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Э-с улсын тэмдэгтийн хураамжид 324 217 төгрөг, улсын орлогоос 6 433 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Э-д   олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй болж чадаагүй нэг талыг барьсан шударга бус шийдвэр болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгч С.Э нь намайг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж 33 523 436 төгрөг нэхэмжилснийг, анхан шатны шүүх 33 253 436 төгрөг гаргуулахаар шийдэж илт нэхэмжлэгчийн шаардлагад нийцүүлж үнэлэлт дүгнэлт өгсөн нь шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсанаар С.Э, О.Э  бидний хооронд 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан зээлээр үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг орон сууц хөлслөх гэрээ байгуулсан мэт дүгнэснээс тодорхой харагдаж байна. Гэтэл бидний хооронд Иргэний хуулийн 263 дугаар зүйлд заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан ба уг гэрээний 3.6-д заасан нэмэлт нөхцөл гэх хэсэгт орон сууц худалдаж авсан зээлийн төлбөрийг төлж дуусгах 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл түрээсэлж суухаар 1 сарын төлбөрт 5 сая төгрөг тооцож төлөхөөр тохирсон ба эхний 2 сарын түрээсийн төлбөрийг 2018 оны 6 дугаар сарын 15-нд, үлдсэн төлбөрийг орон сууцны нийт төлбөртэй хамт төлөхөөр тохиролцсон бөгөөд Гэрээний гол нөхцөл нь "Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах" юм. Гэтэл шүүх бидний хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243, 302 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээ, орон сууц хөлслөх гэрээ хийгдсэн тул орон сууцны хөлсийг төлөх үүрэгтэй гэж үзэж шийдсэн нь хуульд нийцэхгүй байна. Бидний хооронд байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах-худалдан авах гэрээнээс үүдэн уг орон сууцны эд хөрөнгийн доголдол, орон сууцанд орсны дараа илэрсэнээс болж О.Э  надад учирсан хохирлыг С.Э-с шаардахад С.Э зөвшөөрөөгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийг О.Э  би хүлээж аваад сөрөг нэхэмжлэл гаргасан боловч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүгчийн 183/Ш32019/60909 тоот захирамж нь гомдол гаргах эрхгүй гарсанаас болж миний эрх ашиг хохироход хүрээд байгааг анхаараагүй юм. С.Э нь сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, цахилгааны төлбөрийг надаас нэхэмжилсэн байх ба энэ мөнгөний нэхэмжлэгч нь С.Э биш гэдгийг мөн анхаараагүй. Би үндэслэлгүй хөрөнгөжсөн биш харин С.Э нь бидний хооронд "Орон сууц хөлслөх гэрээ" байгуулсан мэтээр 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл орон сууц хөлсөлсөн төлбөр 25 сая төгрөг нэхэмжилж байгаа нь С.Э өөрөө мөнгө хүүлэгч болж үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэж байгаа нь харагдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр уг шийдвэрийг гаргасан анхан шатны шүүх хурал завсарлаж, шүүгч зөвлөлдөх тасалгаанд байхад шүүгчийн туслах Б.Соронзонболд нь зөвлөлдөх тасалгаанд орж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасныг ноцтой зөрчиж шүүгчийн хараат бус байдлыг алдагдуулсаныг анхаарахыг "хүсч" байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч О.Э-с орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 25 000 000 төгрөг, алданги 6 150 000 төгрөг, ашиглалтын зардалд 2 303 436 төгрөг, нийт 33 523 436 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ривер гарден хотхон, 302 дугаар байрны 402 тоот хаягт байрлалтай 281.2 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг худалдах-худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид 5 өрөө орон сууцыг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээлгэн өгөх, хариуцагч нь нэхэмжлэгчид 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор орон сууцны үнийг төлөх, үнийг төлөх хүртэл орон сууцыг сар бүр 5 000 000 төгрөгөөр хөлслөх, мөн ашиглалтын зардлыг хариуцахаар тохиролцсон байна.

 

Зохигчид орон сууцыг гэрээгээр тохиролцсоны дагуу 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээлгэж өгсөн, худалдах-худалдан авах гэрээ цуцлагдсан талаар хэн аль нь маргаагүй, харин орон сууц хөлслөх гэрээний хугацаа дууссанаас хойшх хугацааны хөлс төлөх эсэх талаар талууд маргажээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан холимог гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид орон сууц хөлсөлсөн 4 сарын хөлс 20 000 000 төгрөг төлөхөөс 18 000 000 төгрөг төлж, 2 000 000 төгрөг төлөөгүй дутуу байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т зааснаар хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Иймээс нэхэмжлэгч хариуцагчаас Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар дутуу хөлс төлөхийг шаардах эрхтэй.

 

Орон сууц хөлслөх гэрээний хугацаа 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр дууссан бөгөөд нэхэмжлэгч хариуцагчийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр орон сууц чөлөөлөхийг шаардаж байсан нь талуудын тайлбар болон хэргийн 29-30 дугаар тал дахь мэдэгдлээр тогтоогдсон байна.               

                                                                                                        

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4 дэх хэсэгт орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарах тул мөн хуулийн 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг буцааж өгөх үүргээ биелүүлээгүйгээс хойшлуулсан бүх хугацааны хохирлыг орон сууц хөлслөх гэрээний үнийн дүнтэй адил хэмжээгээр шаардах эрх нэхэмжлэгчид хуулиар үүсчээ.

 

Иймд гэрээ байгуулсан 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл гэрээний болон хэтэрсэн хугацааны төлбөр 45 000 000 төгрөг болж байгаагаас хариуцагчийн төлсөн 18 000 000 төгрөгийг хасч тооцвол 27 000 000 төгрөг, гэрээний 3.6-д тохиролцсон ашиглалтын зардал 2 303 436 төгрөг, нийт 29 303 436 төгрөгийг хариуцагч О.Э-с гаргуулж нэхэмжлэгч С.Э-д   олгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж алданги гаргуулж шийдвэрлэснийг залруулах шаардлагатай. Орон сууц хөлслөх гэрээний хугацааг хэтрүүлсэн хугацаанд төлөх хөлсийг хохиролд тооцон гаргуулсан тохиолдолд алданги тооцохгүй. Учир нь алдангийг гэрээгээр тохирсон, гэрээний үндсэн үүрэгт тооцдог бол хуулийн дагуу хохирол буюу гэрээ цуцлагдсанаас хойш хугацааны төлбөрт алданги гаргуулах хууль зүйн үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж алданги 5 950 000 төгрөг гаргуулсан хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрийг зөвлөлдөх тасалгаанд гаргаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл тус шүүхийн байранд зөвлөлдөх тасалгаа тусдаа байдаггүйгээс шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдааны танхимд дангаараа үлдэж, хэргийн оролцогчдыг танхимаас түр гаргаж зөвлөлдсөнийг хууль зөрчсөн гэж үзэхгүй. Энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй болно.

 

Шүүгчийн туслах ямар зорилгоор шүүх хуралдааны танхимд орсон талаар тус шүүхийн Тамгын газраас хариу өгсөн баримт хэрэгт авагдсанаас үзвэл шүүгчийн туслах шүүгчид нөлөөлсөн, зөвлөлдөх тасалгааны нууц задруулсан гэх байдал тогтоогдоогүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ноцтой нөлөөлсөн зөрчил гэж үзэхгүй тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/00405 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Э-с 29 303 436 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Э-д   олгож, нэхэмжлэлээс үлдэх 5 950 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “324 217” гэснийг “304 467” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325 567 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                             ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ