Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 221/MA2017/0176

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 07 өдөр

  Дугаар 221/МА2017/0176

         Улаанбаатар хот

 

 

“Төсөлч” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигбаяр нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1058 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын гаргасан давж заалдах гомдлоор, “Төсөлч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1058 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “Төсөлч” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн “Төсөлч” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга  давж заалдах гомдолдоо: “Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Хүсэлтээ хугацаанд нь гаргаагүй аж ахуйн нэгжүүдэд нөхөх олговор олгох үндэслэлгүй гэж үзэж тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль бус байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журмын дагуу нийт 600 орчим аж ахуйн нэгжүүд хамрагдсан бөгөөд нэхэмжлэгч компанид 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн албан бичгээр нөхөн олговор авах хүсэлтээ 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс ирүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Мөн өдөр тутмын сонин болох Зууны мэдээ сонины 2011 оны 10 дугаар сарын 10/11-ний өдрийн 239/240 дугааруудад, Үндэсний шуудан, Үнэн сонинуудад тус тус нийтэд нийтэлсэн ба Ашигт малтмалын газрын www.mram.gov.mn цахим хуудсанд байрлуулж мөн нийтэд мэдээлсэн болно.

Гэвч “Төсөлч” ХХК-ийн эзэмшлийн 15332А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл нь хуулиар хориглосон хязгаарласан талбайтай давхцалтай байсан мөн нөхөн олговор авах талаар хууль, нөхөн олговрын журмын 3 дугаар зүйлийн 3.4.2-т заасан хугацаанд албан хүсэлтээ ирүүлээгүй бөгөөд улмаар Ашигт малтмалын газарт ирүүлсэн Сангийн яамны 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3-2/1458 тоот албан бичигт “...хүсэлтээ хугацаандаа гаргаагүй аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговор олгох үндэслэлгүй...” болохыг дурдсан байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “Нөхөх олговор олгохгүй байх” тухайн нэг тохиолдлыг зохицуулсан байгаа болохоос тусгай зөвшөөрлийг бүхэлд нь цуцлахаар тогтоосон зохицуулалт биш байна гэж дүгнэсэн хууль зүйн үндэслэлгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 “хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн” гэсэн заалтыг үндэслэн Монгол улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоол, “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2-т заасан болон “Тодорхойлолтыг баталгаажуулсан тухай” Сангийн дэд сайдын 2012 оны 3-2/1458 дугаартай албан бичгийн дагуу Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрээр цуцалж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт болно.

Дээрх Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 295 дугаар шийдвэрийг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан журмын дагуу шийдвэр гаргахаас өмнөх мэдэгдлийг 2012 онд холбогдох албан бичгээр тус нэхэмжлэгч компанид хүргүүлж байсан бөгөөд энэ нь Ашигт малтмалын газрын 2012 оны шуудангийн бүртгэлийн дэвтрээр нотлогдож байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар дээд шатны албан тушаалтанд гомдлоо хуулийн хугацаанд гаргаж шийдвэрлүүлээгүй атал Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан хугацааг хэтрүүлэн гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, тус компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1058 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн гомдлоор хянан үзэхэд шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүрэн гүйцэд явуулалгүйгээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалтыг баримтлан “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн “Төсөлч” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Төсөлч” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дүгнэлт хийлгүйгээр, нотлох баримтад тулгуурлалгүй, хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийж шийдвэрлэсэн буруу юм.

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1038 дугаар шийдвэрээр Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт Баруун зах нэртэй газарт орших 28 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын 15332А дугаартай тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч “Төсөлч” ХХК-д эзэмшүүлсэн байна.

Дээрх шийдвэрийн дагуу эзэмшиж байгаа “Төсөлч” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын 15332А дугаар тусгай зөвшөөрлийн 28 гектар талбайгаас 1.42 гектар талбай нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар, Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай” 174 дүгээр тогтоолоор батлагдсан ашигт малтмал ашиглахыг хориглосон 7211 солбицолд хамаарч байгаа тул тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулж мэдээллийн санд бүртгэжээ. 

Улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр “Төсөлч” ХХК-ийн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт Баруун зах нэртэй газарт орших 28 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын 15332А дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн цуцалсан тухай Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Б.Болормаагийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 2011 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 6-1255 дугаар албан бичгээр “Төсөлч” ХХК-д хүргүүлж байсан тухай нотлох баримт хэрэгт авагдсан байна.

Харин Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоол, “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын 5.2-т заасан болон “Тодорхойлолтыг баталгаажуулсан тухай” Сангийн дэд сайдын 2012 оны 3-2/1458 дугаартай албан бичгийн дагуу нэхэмжлэгч “Төсөлч” ХХК-ийн эзэмшиж байсан Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт Баруун зах нэртэй газарт орших 28 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын 15332А дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

Шүүхэд “Төсөлч” ХХК нь “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална”, мөн зүйлийн 56.1.3-д “хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн” гэж зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлахдаа нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн байхыг заавал шаардсан байна. Гэтэл нөхөн олговрыг олгоогүй атлаа манай компанийн тусгай зөвшөөрлийг дээрх хуулийн заалтыг баримталж цуцалсан нь хуульд нийцээгүй гэх үндэслэлээр маргаан бүхий Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлон гаргажээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 6100 дугаар захирамжаар “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын  2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн “Төсөлч” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг “Төсөлч” ХХК шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн байна.

Тиймээс анхан шатны шүүх дараах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах нь зүйтэй гэж үзлээ.

Маргаан бүхий Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрээр Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт Баруун зах нэртэй газарт ашигт малтмалын ашиглалтын 15332А дугаартай тусгай зөвшөөрлөөр “Төсөлч” ХХК-д олгосон 28 гектар талбайг бүхэлд нь цуцалсан эсэх, эсвэл зөвхөн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар, Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай” 174 дүгээр тогтоолоор батлагдсан ашигт малтмал ашиглахыг хориглосон 7211 солбицолд хамаарч байсан гэх 1.42 гектар талбайг цуцалсан эсэх талаар хариуцагчаас тодруулсны үндсэн дээр анхан шатны шүүх дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэхээр байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нэхэмжлэгч “Төсөлч” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулж, тэрээр шүүхээр ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнийг тогтоолгох, тэрхүү эрхээ хэрхэн сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тодруулж, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй юм.

Тодруулбал, “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг нэхэмжлэл нь хангагдсанаар “Төсөлч” ХХК нь Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт Баруун зах нэртэй газарт ашигт малтмалын ашиглалтын 15332А дугаартай тусгай зөвшөөрлөөр олгосон 28 гектар талбайг бүхэлд нь эзэмших эрх нь сэргээгдэх үндэслэл байгаа эсэхийг тодруулж, мөн холбогдох нотлох баримтуудыг хэрэгт цуглуулж шүүх дүгнэлт өгөх нь зөв байна.

Тиймээс шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үүргийн дагуу хэргийн оролцогчдоос тодруулж, дээрх нотлох баримтыг бүрдүүлэх шаардлагатай.

Учир нь маргаан бүхий Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрээс өмнө нэхэмжлэгч “Төсөлч” ХХК-д эзэмшүүлсэн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт Баруун зах нэртэй газарт орших 28 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын 15332А дугаартай тусгай зөвшөөрлийг ээлжит жилийн төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр цуцалсан гэх Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 6-1255 дугаар албан бичиг хэрэгт авагдсан байна.

Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд маргаан бүхий Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэр нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журмыг үндэслэл болгосон байх бөгөөд Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар, Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн “Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай” 174 дүгээр тогтоолоор батлагдсан ашигт малтмал ашиглахыг хориглосон 7211 солбицолд хамаарч байсан “Төсөлч” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын 15332А дугаар тусгай зөвшөөрлийн 1.42 гектар талбайг цуцалсан гэж үзэхээр байх тул энэхүү үндэслэлийг тодруулах, мөн нэхэмжлэгч “Төсөлч” ХХК нь маргаан бүхий шийдвэрийг хүчингүй болгосноор нөхөн олговор авахаар, эсвэл уг тусгай зөвшөөрлийн ашиглалтын талбайгаа бүхэлд нь буцаан эзэмших эрхээ сэргээлгэх талаар нэхэмжлэл гаргаж байгаа эсэхийг нэхэмжлэгч, хариуцагчаас тодруулан дүгнэлт өгөх зэрэг нь шүүхээс гаргах шийдвэрийн агуулгыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.

Мөн “Төсөлч” ХХК-ийн Булган, Төв аймгийн Бүрэгхангай, Заамар сумдын Баруун зах цаг нэртэй 28 гектар ашигт малтмалын ашиглалтын 15332А тоот тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх тухай өргөдлийг Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн талбай буцаах өргөдлийн бүртгэлийн SU-002272 дугаарт бүртгэн хянан үзээд шаардлага хангаагүй учир өргөдлийн бүртгэлээс хасахаар шийдвэрлэсэн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын “Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх тухай өргөдлийг бүртгэлээс хасах тухай” 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1036 дугаар шийдвэр байх бөгөөд энэ нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай эсэх талаар шүүх анхаарах нь зүйтэй байна.

Зүй нь, маргаан бүхий шийдвэрийн хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл, дүгнэлтээр “Төсөлч” ХХК-д Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт Баруун зах нэртэй газарт ашигт малтмалын ашиглалтын 15332А дугаартай тусгай зөвшөөрлөөр олгогдсон 28 гектар талбайгаас Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар, Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн “Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай” 174 дүгээр тогтоолоор батлагдсан ашигт малтмал ашиглахыг хориглосон талбайд хамрагдсан 1.42 гектар талбайг буцаан эзэмших үндэслэл байж болох ч уг тусгай зөвшөөрлөөр олгогдсон 28 гектар талбайг нэхэмжлэгчид бүхэлд нь эзэмшүүлэх үндэслэл биш гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүх дээр дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, холбогдох нотлох баримтуудыг бүрэн цуглуулж хэргийг шийдвэрлэхдээ нарийвчилсан зохицуулалттай хууль алин нь болохыг анхаар ч хэргийг шийдвэрлэх нь зөв гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1058 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

 

                                    ШҮҮГЧ                                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

                                    ШҮҮГЧ                                                              Э.ЗОРИГТБААТАР

 

                                    ШҮҮГЧ                                                               Э.ХАЛИУНБАЯР