Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 00055

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,
Улсын яллагч Т.Ганзориг,
Хохирогч Г.Хишгээ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа,
Шүүгдэгч Б.Оюун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боролзойн Оюун-Эрдэнэд холбогдох 142/2016/0022/Э индекстэй, 201514000113 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян Өндөр суманд төрсөн, эмэгтэй, 37 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 42-2 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хартуул овогт Боролзойн Оюун-Эрдэнэ /РД:ФМ78122987/.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Оюун-Эрдэнэ нь 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Г.Хишгээг “багийн төслийн дагуу хашаа барих блок хийнэ, хашаа барих ажлыг гүйцэтгэх хүмүүст урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна” гэж хуурч мэхлэн 3 сарын хугацаатайгаар 7500000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “Ө.Амаржаргалын хуурай эгчийн зээлийг чөлөөлөөд буцааж төлнө” гэж хуурч мэхлэн 7 хоногийн хугацаатайгаар 3100000 төгрөгийг тус тус гэрээ байгуулан авч нийт 10600000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Б.Оюун-Эрдэний өгсөн: Би блокны үйл ажиллагааг 2012 оноос хойш эрхэлж байна. 2014 оны 05 дугаар сарын 19-өөс 20-ны үед манайх блокны үйл ажиллагаа эрхэлж байсан бөгөөд хашаагаараа дүүрэн блоктой болсон. Энэ үед манайд шар өнгийн суудлын тээврийн хэрэгсэлтэй 2-3 хүн ирсэн. Үүнд манай дүүгийн найз, Хишгээгийг эгч Алтанцэцэг, Хишгээ, Булганбаатар нарын хамт ирсэн. Алтанцэцэг надад Хишгээг мөнгө зээлдэг талаар хэлсэн. Булганбаатар, Хишгээ нарыг 130000000 төгрөгтэй гэдэг. Хишгээ, Алтанцэцэг нар манай гэрт орсон. Харин Булганбаатар манай хашаанд блокны үйл ажиллагаатай танилцаад, ажилчидтай ярилцаад байсан. Хишгээ манай блокны үйл ажиллагаатай, мөн манай гэртэй танилцсан. Намайг блокны үйл ажиллагаагаа их сайн эрхэлж байгаа гэдгийг хэлсэн. Булганбаатар, Хишгээ нар мөнгө зээлнэ гэдгээ хэлэхэд нь би барьцаа хөрөнгө байхгүй гэдгээ хэлсэн. Би боломжтой мөнгийг зээлнэ гэдгээ хэлсэн. Булганбаатар, Хишгээ нар маргааш утсаар холбогдоорой гээд явсан. Би маргааш нь Булганбаатар руу утсаар яриад мөнгө зээлэх эсэхийг асуусан. Харин Булганбаатар мөнгө зээлнэ гэдгээ хэлсэн. Би 10000000 төгрөг зээлнэ, харин энэ мөнгийг бага, багаар авна гэдгээ хэлсэн. Булганбаатар Хишгээгээс аваарай гэж хэлсэн. Ингээд Хишгээ бид хоёр 2014 оны 05 дугаар сарын 21-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар микроны 17 дугаар байранд байрлах нотариатоор 3000000 төгрөгийг 0.8 хувийн хүүтэйгээр 2014 оны 10 дугаар сард буцаан төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан. Би уг мөнгийг 2014 оны 10 дугаар сард буцаагаад төлнө гэдгээ хэлсэн. Үүний дараа 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 4500000 төгрөгийг зээлэхээр Булганбаатартай утсаар ярьсан. Харин Булганбаатар Хишгээтэй ярилцаад түүнээс авчих гэж хэлсэн. Бид өмнө нь байгуулсан 3000000 төгрөгийн зээлийн гэрээн дээр 4500000 төгрөг нэмж авахаар болж дахин зээлийн гэрээ байгуулсан. 3000000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулахад нотариатын төлбөр 20000, 4500000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулахад нотариатын төлбөр мөн 20000 болсон. Ингээд бид өмнө нь зээлсэн 3000000 төгрөг, 4500000 төгрөгийг нэгтгээд, нийт 7500000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. 4500000 төгрөг нэмж зээлэх гэсэн боловч Хишгээд хаан банкны данс байхгүй байсан. Харин төрийн банкны данс байсан. Ийм учраас намайг төрийн банкны данстай хүн олохыг хүссэн. Үүний дагуу би Амаржаргал руу яриад дансаар нь мөнгө шилжүүлэн авч болох эсэхийг асуухад зөвшөөрсөн. Ингээд 4500000 төгрөгийг найз Амаржаргалын дансаар шилжүүлэн авсан. Үүнээс 2-3 хоногийн дараа мөн мөнгөний хэрэг болсон учраас Булганбаатар руу утсаар ярьсан. Үүний дагуу 3100000 төгрөг зээлсэн бөгөөд мөн нөгөө нотариатын газар зээлийн гэрээ байгуулсан. Надад Хишгээг залилсан асуудал байхгүй. Би мөнгө зээлснээс хойш 6 сарын турш зээлээ төлж байсан. 2014 оны 6 дугаар сард хадам аав нас барсан учраас миний блокны үйл ажиллагаа 1 сар зогссон. Мөн тухайн үед цемент муугаас болж блокны чанар муудсан. Үүнээс үүдэлтэй ашиг муудсан. Дээрх нөхцөл байдлуудаас болж 2014 оны 10 дугаар сард зээлийг төлөх боломжгүй болсон. Би Булганбаатар, Хишгээ нарт өөрийн нөхцөл байдлаа хэлсэн. Би зээлийн хүүг нь төлж байх санал тавьсан. Харин Хишгээ манай найз цагдаа гээд надтай хамт цагдаа найз дээрээ очиж зөвлөгөө авсан. Хишгээ цагдаа найз маань зээлсэн мөнгийг төлөхийг зөвшөөрсөн тодорхойлолт бичүүлээд ав гэсэн гээд надаар тодорхойлолт бичүүлээд авсан. Тэр тодорхойлолтод надаар үндсэн зээл, түүний хүү, нийт 13600000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн байдлаар бичиж өгөхийг шаардсан. Үүний дагуу би тодорхойлолт бичиж өгсөн. Надад зээлсэн мөнгөө төлөх бага зэргийн хугацаа өгсөн. Зээлсэн мөнгийг төлөхөөр тохирсон хугацаанаас өмнө Хишгээ манай нөхөр рүү утсаар ярьсан байсан. Үүнээс болж нөхөр бид хоёр маргалдсан. Би Булганбаатар, Хишгээ нараас анх нөхөрт маань хэлэхгүй байхыг гуйсан. Харин Хишгээ урдаас зээлсэн мөнгөө нэхэмжилсэн. Би өөрийн ах, дүү нарт болсон үйл явдлын талаар хэлэхэд
Улаанбаатар хотод ажил хийхийг зөвлөсөн. Үүний дагуу би Улаанбаатар хотод ажил хийсэн. Би ажилд орсноосоо хойш өөрийн чадах боломжоороо л Хишгээд мөнгө өгч байсан. Харин Хишгээ цагдаад гомдол гаргасан байсан. Үүнээс хойш цагдаа нар намайг ажил дээрээс авч явсан. Надад бусдыг залилсан асуудал байхгүй. Би зээлсан мөнгөний хүү сар бүр өгдөг байсан, мөн 1 удаа 1000000 төгрөг өгч байсан. Хишгээ Байгалмаагийн дансаар 10000000 төгрөг шилжүүлээд надад мөнгө өгсөн гээд намайг гүтгээд байна. Би маш их гомдолтой байна гэх мэдүүлэг
Хохирогч Г.Хишгээгийн өгсөн: Би анх Оюун-Эрдэнийг таньдаггүй байсан. Манай эгч Оюун-Эрдэний дүүтэй найз юм. Алтанцэцэг эгч Оюун-Эрдэнэд мөнгө зээлүүлэхийг санал болгосон. Би Оюун-Эрдэний блокны үйл ажиллагаатай танилцахад 2 блокны машинтай, хашаагаараа дүүрэн блоктой, олон ажилтантай, их сайхан амьдардаг харагдсан. Оюун-Эрдэнэ надаас цемент авна гээд 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 3000000 төгрөгийг 1 сарын хугацаатай 0.8 хувийн хүүтэй зээлсэн. Бид зээлийн гэрээ байгуулсан. Үүнээс хойш 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нарийн боовны цех ажиллуулдаг найз нь Яргуут гэх газар блокоор хашаа барихаар надаас блок худалдан авах гээд байна, мөн өөрийг нь хашаа барих ажилчид олж өгөхийг хүссэн гээд байна, хашаа барих ажилчдад урьдчилгаа мөнгө өгөх шаардлагатай болсон гээд надаас мөнгө зээлэхийг хүссэн. Ингээд би Байгалмаа гэдэг хүний дансаар дамжуулан 3000000 төгрөг, өөрийн данснаас 4500000 төгрөг, нийт 7500000 төгрөгийг 0.8 хүүтэй зээлсэн. Энэ талаар зээлийн гэрээ байгуулсан. Оюун-Эрдэнэ манай нөхрөөс 4500000 төгрөг л зээлнэ гэсэн байдаг. Харин надаас нэмж 3000000 төгрөг зээлэхийг хүссэн юм. Үүний дараа 2014 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 3100000 төгрөг зээлэхийг хүссэн. Уг мөнгөөр Амаржаргал гэдэг хүнтэй зээлийг чөлөөлнө гэж хэлсэн. Уг 3100000 төгрөгийг 7 хоногийн дараа буцааж өгөхөөр тохиролцон бөгөөд мөн адил зээлийн гэрээ байгуулсан. Тухайн үед манай нөхөр Амаржаргалтай л зээлийн гэрээ хийгээрэй гэж надад сануулж байсан. Тухайн үед би Оюун-Эрдэнэтэй хамт Амаржаргалын ажил дээр очсон. Оюун-Эрдэнэ, Амаржаргал нар намайг хүлээлгээд дээд давхар руу гарсан. Оюун-Эрдэнэ дээд давхраас бууж ирээд Амаржаргал хуралтай байна, би зээлийн гэрээ хийе гээд гуйгаад байсан. Ингээд Оюун-Эрдэнэ бид хоёр нотариатын газар руу очсон. Би нөхөртөө Амаржаргалтай зээлийн гэрээ хийсэн гээд худлаа ярьсан. Нөхрөөсөө хийсэн зээлийн гэрээгээ нуудаг байсан. Оюун-Эрдэнэ надад 1000000 төгрөг өгсөн гээд худлаа яриад байна. Мөн нөхөр бид хоёрыг 130000000 төгрөгтэй гээд худлаа яриад байна. Би Оюун-Эрдэнэд 130000000 төгрөгтэй гэж огт хэлж байгаагүй. Нөхөр бид хоёрт 130000000 төгрөг байхгүй. Харин 30000000 төгрөг байсан. Энэ 30000000 төгрөгийг нөхөр бид хоёр өөрсдөө ажиллаж байж олсон юм. Мөн Байгалмаа гэдэг хүний дансаар мөнгө шилжүүлээд надаас мөнгө аваагүй гээд худлаа яриад байна. Мөн надаас болж нөхрөөсөө салсан, намайг нөхөр рүү нь утсаар ярьсан гээд худлаа яриад байна. Оюун-Эрдэнэ өөрөө нөхөр рүү ярь гээд утасны дугаарыг нь өгч байсан. Манай нөхөрт намайг муугаар хэлсэн байсан. Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотод ажил хийдэг байсан бөгөөд надад 50000 төгрөг, 30000 төгрөг гээд л бага, багаар мөнгө явуулдаг байсан. Би түүнд бага, багаар мөнгө авахад хэцүү байгаагаа хэлэхэд
үүнээс илүүгээр өгч чадахгүй гэж хэлсэн. Оюун-Эрдэнэ блокны машин дээр ажилладаг 1 ажилчин нь үйлдвэрлэлийн осолд орсон гээд надаас 500000 төгрөг өгөхийг гуйхад нь би найзаасаа 1000000 төгрөг авч өгч байсан. Үүний дараа мөн найзаасаа 3000000 төгрөг авч өгөхийг гуйсан. Энэ мөнгөөр загасны безнис эрхэлнэ гэж байсан. Үүнээс хойш би түүнд итгэхээ больсон. Ингээд найзынхаа 1000000 төгрөгийг буцааж авахын тулд Оюун-Эрдэнэд найз маань өмнө нь өгсөн 1000000 төгрөгөө өгсөний дараа 3000000 төгрөгийг өгнө гээд байна гэж худлаа хэлсэн. Харин Оюун-Эрдэнэ өмнө нь найзаас маань авсан 1000000 төгрөгийг шилжүүлсэн. Үүний дараа би Оюун-Эрдэнэд найз маань 3000000 төгрөг өгөх боломжгүй гэж хэлсэн. Ийм байдлаар найзынхаа 1000000 төгрөгийг буцааж авч өгсөн. Түүнээс биш надад 1000000 төгрөг өгсөн асуудал байхгүй. Оюун-Эрдэнэ намайг 3 удаагийн үйлдлээр залилаж мөнгө авсан. Түүнд надаас авсан мөнгөө буцааж төлөх санаа зорилго огт байгаагүй. Оюун-Эрдэнэ надтай Улаанбаатар хотод ажлынхаа гадаа уулзсан гэдэг. Би Оюун-Эрдэний ажлын гадаа очиж байгаагүй. Харин Улаанбаатар хотод Доктор авто сервисийн гадаа л 1 удаа уулзаж байсан. Би 13600000 төгрөгөө авна. Үүнээс зээлийн хүүнд авсан 1070000 төгрөгийг хасч тооцуулна. Оюун-Эрдэнэ намайг цагдаад гомдол гаргаснаас хойш миний мөнгийг төлөхгүй гэдэг болсон. Надад өмгөөлөгчийн хөлс, замын зардал, хүү, алданг зэрэг хохирол төлбөр учирсан. Үүнийг би Оюун-Эрдэнээс нэхэмжлээгүй гэх мэдүүлэг,
201514000113 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд: Гэрч В.Булганбаатарын өгсөн: ...Анх эхнэр бид хоёр 3000000 төгрөгийг хүүтэйгээр эхнэр гэрээ хийж Б.Оюун-Эрдэнэд зээлсэн. Үүний дараахан би Төв аймгийн Заамар сум руу ажилдаа явсан. 2014 оны 6 дугаар сарын 20-дын үеэр надруу Оюун-Эрдэнэ утсаар яриад би Дэнжид 5 айлын газрын хашааны блок үйлдвэрлэх боллоо үүнийг барих бригадын ажилчдын урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна. 14 хоногийн дотор өгчихнө гэхээр нь би эхнэртэйгээ утсаар яриад гэрээ хийгээрэй гэж хэлээд 4500000 төгрөгийг шилжүүлсэн үүнээс хойш Амаржаргал гэдэг банкинд ажилладаг хүнтэй, хамтарч зээл чөлөөлөх гэж байгаа гэхээр нь 3100000 төгрөг шилжүүлсэн. Тэр мөнгөтэй хамт эхнэртэй 1200000 төгрөг шилжүүлсэн. Ингээд Оюун-Эрдэнэ гэж эмэгтэйд нийт 13660000 төгрөг зээлээд авч чадахгүй байна гэх /хх 20 тал/, ...2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр манай эхнэр Ганболд овогтой Хишгээ надруу залгаад “чамд мөнгө байна уу, чамд байгаа мөнгөний үлдэгдэл хэд байна” гэж асуусан юм. Тэгэхээр би “надад 10000000 байна” гэж хэлсэн. Тэгсэн чинь манай эхнэр “ чи наад мөнгөө надад шилжүүлчих, би хүнд зээлүүлэх гэсэн юм” гэж надад хэлсэн... би төрийн банкны данстайгаар нь шууд А.Найгалмаагийн дансанд мөнгөө шилжүүлсэн юм. Миний А.Найгалмаагийн дансанд шилжүүлсэн 10000000 төгрөгийг манай эхнэр Г.Хишигээ данснаас нь гаргуулж авсан юм гэх мэдүүлэг /хх-3-36 тал/, Гэрч Ө.Амаржаргалын өгсөн: Миний хувьд Оюун-Эрдэнэтэй бусдын зээлийг чөлөөлсөн асуудал байхгүй. 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Оюун-Эрдэнэ утсаар яриад манай Хишгээ гэдэг найзын нөхөр нь Эрдэнэтээс хол байгаа
нөхрийнх нь нэр дээр мөнгө нь байгаа төрийн банкны дансаар шилжүүлж авмаар байна. Чамд данс байгаа юу гэхээр нь байгаа гэсний дагуу Булганбаатар гэдэг хүнээс 4850000 төгрөгийг шилжүүлж авсан. Тухайн үед Хишгээ гэдэг эмэгтэй нь Оюун-Эрдэнэтэй цуг явж байсан. 2014 оны 6 дугаар сарын 25-нд мөн найзынхаа нөхрөөс дахиад мөнгө шилжүүлж авах гэсэн юм гээд дахиад 4800000 төгрөгийг шилжүүлээд авсан. Шилжиж ирсэн мөнгийг нь Оюун-Эрдэнэд өгсөн хоёулаа цуг байсан. Би Оюун-Эрдэнэд дансаараа шилжиж ирсэн мөнгийг авч өгсөнөөс биш нийлж ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй. Оюун-Эрдэнийг Хишгээ гэдэг хүнээс мөнгө зээлж авч байгааг ч мэдээгүй гэх /хх-21 тал/, ...би гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв өгсөн. Энэ талаар гэрчлэх дансны хуулгаа ч би мэдүүлэгтээ хавсаргаж өгсөн байгаа. ... Б.Оюун- Эрдэнэ нь надтай хамт сурч байсан танилууд, өөр дотно найз нөхдийн харьцаа бол байхгүй. Хамтарч зээл чөлөөлдөг асуудал огт байгаагүй гэх мэдүүлэг /хх-3-9 тал/, Гэрч Т.Батхуягийн өгсөн: Оюун-Эрдэнэ нь хашаандаа блок үйлдвэрлэдэг байсан ба би тэнд нь ажилдаг байсан. Өдөрт хэдэн блок гардаг байсныг мэдэхгүй, санахгүй байна. Хувь хүмүүсийн захиалгаар борлуулдаг байсан, Шүүхийн шийдвэрийн байгууллагаас блок ирж авдаг байсан. Оюун гэдэг эмэгтэйд өртэй гээд авдаг байсан, тоог нь мэдэхгүй ч нилээн их блок авдаг байсан гэх мэдүүлэг /хх-24 тал/, Гэрч Б.Одгэрэлийн өгсөн: ...2013 онд өдрийн 800 ширхэг блок цохидог байсан. Өдөр болгон хүмүүс ирж блок авдаг байсан, мөн өдөр болгон Шүүхийн шийдвэрийн өр гээд нэг эмэгтэй 100 ширхэгийг ачаад явдаг байсан. Сардаа дунджаар 30000 ширхэш блок цохидог, нэг ширхэг блок 900-1100 төгрөгөөр зарагддаг байсан... гэх мэдүүлэг /хх-1-140 тал/, Гэрч А.Найгалмаагийн өгсөн: ...Би цаг хугацааг нь сайн санахгүй байна. Надаас Булганбаатар, Хишгээ нарын нэг нь надруу утасдаад “Төрийн банкны данс байна уу” гэж асуухаар нь “байна” гэж хэлэхэд “дансаар чинь мөнгө шилжүүлээд би авъя” гэсэн. Тэгээд миний 13080001260 тоот дансанд 10000000 төгрөг орсон, түүнийг нь Хишигээд бэлнээр нь өгч байсан...гэх мэдүүлэг /хх-3-38 тал/, Эрүүгийн хэрэг үүсгэх прокурорын тогтоол /хх 1 тал/, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2 дугаар тал/, Г.Хишгээ, Б.Оюун-Эрдэнэ нарын хооронд 2014 оны 05 дугаар сарын 21, 2014 оны 06 дугаар сарын 23, 25-ны өдрүүдэд байгуулсан зээлийн гэрээ /хх 17-19 тал/, депозит дансны харилцагчийн монгол хуулга /хх-22, хх-3-39 дүгээр тал/, 13660000 төгрөгийг төлөх талаар гаргасан шүүгдэгч Б.Оюун-Эрдэнийн тодорхойлолт /хх-6 дугаар тал/, бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл болон дэвтэр /хх 29-55 тал/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-86-92 дугаар тал/, сэжигтнээр тооцох тогтоол тэмдэглэл /хх 79-80 тал/, яллагдагчаар татах тогтоол, тэмдэглэл /хх 81-83 тал/, хэргийг прокурорт шилжүүлэх тогтоол /хх 128 тал/, Зээлийн дансны хуулга /хх-107-110,153-155 дугаар тал/, нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтанд буцаах тухай прокурорын тогтоол /хх 129,180 тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 56-58 тал/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи /хх 57-74 тал/ нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Оюун-Эрдэнэ нь хохирогч Г.Хишгээгийн итгэлийг эвдэн 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр “Дэнжид 5 айлын газрын хашааны блок үйлдвэрлэх боллоо үүнийг барих бригадын ажилчдын урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна” гэж 7500000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр “3ээл чөлөөлчихээд буцаагаад өгнө” гэж 3100000 төгрөгийг 15 хувийн хүүтэй, 7 хоногийн хугацаатай зээлийн гэрээгээр халхавчлан, давтан үйлдлээр залилан авч бусдад 10600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Хишгээгийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт болсон үйл баримт, түүний эх сурвалжийг тодорхой зааж өгсөн мэдүүлэг, гэрч В.Булганбаатарын “...анх эхнэр бид хоёр 3000000 төгрөгийг гэрээ хийж Б.Оюун-Эрдэнэд зээлүүлсэн. Үүний дараахан би Төв аймгийн Заамар сум руу ажилдаа явсан. 2014 оны 6 дугаар сарын 20-дын үеэр надруу Оюун-Эрдэнэ утсаар яриад би Дэнжид 5 айлын газрын хашааны блок үйлдвэрлэх боллоо үүнийг барих бригадын ажилчдын урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна, 14 хоногийн дотор өгнө гэхээр нь би эхнэртэйгээ утсаар яриад гэрээ хийгээрэй гэж хэлээд 4500000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш Амаржаргал гэдэг банкинд ажилладаг хүнтэй, хамтарч зээл чөлөөлөх гэж байгаа гэхээр нь мөн 3100000 төгрөг шилжүүлсэн. ...би төрийн банкны данстайгаар нь шууд А.Найгалмаагийн дансанд мөнгөө шилжүүлсэн. ...10000000 төгрөгийг манай эхнэр Г.Хишигээ данснаас нь гаргуулж авсан юм гэх, гэрч Ө.Амаржаргалын “...Би Оюун-Эрдэнэд дансаараа шилжиж ирсэн мөнгийг авч өгсөнөөс биш нийлж ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй. ...энэ талаар гэрчлэх дансны хуулгаа ч би мэдүүлэгтээ хавсаргаж өгсөн байгаа. ...Сүүлд Хишгээ нь миний утсыг олж ярихаар нь л мөнгөө Оюун-Эрдэнэд зээлсэн талаар нь мэдсэн. ...Б.Оюун- Эрдэнэ нь надтай хамт сурч байсан танилууд, өөр дотно найз нөхдийн харьцаа бол байхгүй. Хамтарч зээл чөлөөлдөг асуудал огт байгаагүй гэх, гэрч А.Найгалмаагийн “...Би цаг хугацааг нь сайн санахгүй байна...миний 13080001260 тоот дансанд 10000000 төгрөг орсон, түүнийг нь Хишгээд бэлнээр нь авч өгч байсан...гэх мэдүүлэг, Г.Хишгээ, Б.Оюун-Эрдэнэ нарын хооронд 2014 оны 06 дугаар сарын 23, 25-ны өдрүүдэд байгуулсан зээлийн гэрээ, депозит дансны харилцагчийн монгол хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Хохирогч Г.Хишгээ, В.Булганбаатар нарын мэдүүлгийн эх сурвалж гэрч Ө.Амаржаргал, А.Найгалмаа нарын мэдүүлэг, депозит дансны харилцагчийн монгол хуулганд авагдсан гэрч Ө.Амаржаргалын дансанд хийгдсэн 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 4850000 төгрөгийн орлого, зарлагын гүйлгээ, 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 4800000 төгрөгийн орлого, зарлагын гүйлгээ, мөн гэрч А. Найгалмаагийн 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 10000000 төгрөгийн орлого, 5000000 төгрөгийн 2 удаагийн зарлагын гүйлгээгээр нотлогдож байх ба хохирогч Г.Хишгээ нь 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 7500000
төгрөгийг, 06 дугаар сарын 25-ны өдөр 3100000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл хохирогч Г.Хишгээгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Оюун-Эрдэнэнийг намайг залилж мөнгө авсаныг Амаржаргалтай утсаар яриад л мэдсэн, 5 айлын хашааны блок хийх, зээл чөлөөлнө гэдэг нь бүгд худлаа байсан” учраас би анхны зээлүүлсэн 3000000 төгрөг дээр сүүлийн авсан 10600000 төгрөг, мөн надаас зээлсэн 60000 төгрөгийг нэмээд 13660000 төгрөгийг төлөх хугацааг өөрөөр нь бичүүлж авсан, хүү тооцоогүй” гэх мэдүүлэг болон дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Оюун-Эрдэнийн “...би 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 3000000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлж аваад сарын дараа хүүг нь өгөөд уг мөнгөн дээрээ нэмж 4500000 төгрөгийг зээлж, гэрээгээ шинэчлэн 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 7500000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай байгуулсан, 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 3100000 төгрөгийг мөн гэрээ хийж авсан, хүүгээ төлж явж байгаад блокны үйлдвэрлэл зогсож эрсдэлд орсноор зээлээ хугацаанд нь төлж чадахгүй болж Г.Хишгээтэй хүүг тооцон 13660000 төгрөгийг төлөхөөр тохиролцож тодорхойлолт хийж өгч” гэрээний үүргийн гүйцэтгэлээр харилцан тохиролцож үүрэг биелүүлэх хугацааг тогтоож байсан гэх мэдүүлэг үгүйсгэгдэж байна.
Иймд шүүгдэгч Б.Оюун-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Оюун-Эрдэнийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хүндэвтэр ангилалын гэмт хэрэгт хамаарах бөгөөд цаг хугацааны хувьд 2014 онд үйлдэгдсэн байх тул Монгол улсад Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар оногдуулсан ялаас түүнийг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас 10600000 төгрөгийн хохирол учирсан байх ба хохирогч Г.Хишигээ нь 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр олгосон 3000000 төгрөгийн зээлээ иргэний журмаар нэхэмжилнэ, харин хүүд төлсөн 1070000 төгрөгийг хохирлоос хасаж тооцуулна гэсэн тул шүүгдэгч Б.Оюун-Эрдэнээс 9530000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, Б.Оюун-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291 дүгээр зүйлийн 291.1, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хартуул овогт Боролзойн Оюун-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар шүүгдэгч Б.Оюун-Эрдэнийг эд хөрөнгө хураахгүйгээр, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Монгол улсад Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Оюун-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.
4. Шүүгдэгч Б.Оюун-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Оюун-Эрдэнээс 9530000 /есөн сая таван зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 86-05 тоотод оршин суух, Боржигон овогт Ганболдын Г.Хишгээ /РД: ШЕ82042560/-д олгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Оюун-Эрдэнэд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД