Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2022/02441

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ........................ байранд байрлах, П-И ХХК /РД:......../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .......... тоотод байрлах, Х ХХК /РД:........../-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 26,074,608 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн О.М,

Хариуцагчийн төлөөлөгч Д.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч П-И ХХК нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан 26,074,608 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: П И ХХК нь Х ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр №55/2017 тоот бараа материал нийлүүлэх гэрээ байгуулан захиалагч талд 71,352,576 төгрөгийн үнэ бүхий барилгын хөөсөнцөр хавтан нийлүүлэх гэрээ байгуулан захиалагчийн хүсэлтийн дагуу 44,883,072 төгрөгийн бараа материалыг нийлүүлснээс захиалагч тал 27,500,000 төгрөгийг төлж, тухайн нийлүүлсэн бараа материалын үлдэгдэл төлбөр болох 17,383,072 төгрөгийг өнөөдөр хүртэл барагдуулалгүй явж ирлээ. Иймд энэхүү гэрээний үлдэгдэл төлбөр 17,383,072 төгрөг болон түүний алданги болох 8,691,536 төгрөг, нийт 26,074,608 төгрөгийг Х ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч Х ХХК нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2017 оны 9 сард захиалагч Цагдаагийн ерөнхий газар, ерөнхий гүйцэтгэгч Б ХХК-ийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ....... хотхон төслийн А блокийн гадна хөөсөн фасадны ажлыг гүйцэтгэх гэрээг Б ХХК-тай байгуулан тус ажлыг 2018 онд хүлээлгэн өгч улсын комисс ажиллаж барилга ашиглалтад орсон. Тус гэрээт ажлыг гүйцэтгэж байх хугацаанд 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр №55/2017 тоот бараа материал нийлүүлэх гэрээг тус гэрээний 7.4-т заасны дагуу төслийн ерөнхий гүйцэтгэгч Б ХХК, төслийн захиалагч .... газрын ажлын хэсгийн дарга асан  Б.Ц батлан даалт болон хамтран үүрэг хүлээж гэрээг байгуулсан. Батлан даагч болох Б ХХК нь манай компанитай төлбөр тооцоо хийхдээ №55/2017 тоот гэрээний 7.4-т заасан батлан даалтаа үндэслэн П И ХХК-тай хийх хөөсөнцөр хавтангийн тооцоог хасаж буюу өөрсдөө тооцоо хийнэ гэж суутгаж авч үлдсэн болно. Энэ нь нэхэмжлэгч талын шүүхэд өгсөн төлбөр тооцооны баримт материал дээр тодорхой харагдаж байгаа бөгөөд манай компанийн зүгээс өдийг хүртэл уг П И ХХК-д нэг ч төгрөгийн төлбөр хийж байгаагүй болно. Иймд уг П И ХХК-ийн нэхэмжилж буй төлбөрийг Б ХХК төлж барагдуулах үүрэгтэй болно гэжээ.

 

4.Нэхэмжлэгчээс П И ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 3/, өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан /хх-ийн 5/, 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн бараа материал нийлүүлэх гэрээ /хх-ийн 6-9/, зарлагын баримтууд /хх-ийн 10-16/ нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч П-И ХХК нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан 26,074,608 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Хариуцагч нь манай байгууллагатай бараа материал нийлүүлэх гэрээ байгуулсан барилгын материал авсан боловч барааны үнийг төлж дуусгаагүй. Гэрээнд төлбөрөө төлөөгүй бол алданги тооцохоор тохирсон. Х ХХК-тай гэрээ байгуулсан. Үндсэн тохиролцоо маань гэрээ дээр бичгээр хийгдсэн. Б ХХК, бусад этгээдтэй ямар тохиролцоотой байсан нь энэ хэрэгт хамааралгүй байна гэж,

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ... Б ХХК нь бид нар барилгын материал буюу хөөсөнцрийн үнийг өөрсдөө төлнө, гэрээ хийчих гээд бид нэхэмжлэгч талтай гэрээ хийлгэсэн. Манай компани гэрээ хийж, ажлыг гүйцэтгэсэн боловч төлбөр тооцооны асуудал дээр манай тал оролцоо байхгүй гэж тайлбарласан.

 

4.Нэхэмжлэгч П -И ХХК, хариуцагч Х ХХК-ийн хооронд 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Бараа материал нийлүүлэх байгуулагдсан байх бөгөөд гэрээгээр нэхэмжлэгч П -И ХХК нь барилгын дулаалгын хөөсөнцөр хавтан нийлүүлэх, хариуцагч Х ХХК нь төлбөр төлөх үүргийг хүлээнсэн байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд бараа буюу барилын хөөсөнцөр хавтан шилжүүлэн өгөх, хариуцагч нь барааны үнийг төлөхөөр тохиролцсоноос үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хэлцэл хүчин төгөлдөр байна гэж үзэв.

 

5.Гэрээ нь тухайн гэрээ хэлцэл хийгч талуудын хооронд хийгдсэн тохиролцоог баталгаажуулах баримт бөгөөд гэрээ байгуулагдсанаар тэдгээрийн хооронд гэрээний дагуу шаардах эрх, биелүүлэх үүрэг үүснэ.

 

6.Гэрээний 7.4-т Энэхүү гэрээний 1.1-т заасан төслийн ерөнхий гүйцэтгэгч Б ХХК болон цагдаагийн ерөнхий газрын дарга хурандаа Б.Ц нар батлан дааж энэхүү гэрээгээр хүлээсэн захиалагч талын үүргийг хамтран хариуцахыг хүлээн зөвшөөрсөн болно гэж тусгасан байгаа хэдий ч уг гэрээнд Б ХХК болон цагдаагийн ерөнхий газрын дарга хурандаа Б.Ц нар гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулаагүй байна. Ийнхүү гэрээний үүргийг бусад гэтээ хариуцна гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

7.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

8.Хариуцагч нь гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу 44,883,072 төгрөгийн бараа авч, төлбөрөөс 17,383,072 төгрөг төлөөгүй талаар маргаагүй.

 

9.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ. Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.

 

10.Талуудын хооронд байгуулагдсан Бараа материал нийлүүлэх гэрээний 3.3-т ...төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний дотор багтаан бүрэн төлж барагдуулна, 7.2-т захиалагч тал төлбөр тооцоог графикт хугацаанд шилжүүлээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцог нийлүүлэгчид төлнө гэж тохиролцжээ.

 

11.Хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас барааны үнэ 17,383,072 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй дүнгээр тооцсон алданги 8,691,536 төгрөг нийт 26,074,608 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна.

 

12.Иймд шүүх дээрх үндэслэлээр хариуцагч Х ХХК-иас 26,074,608 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П -И ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

13.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,324 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 288,324 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу хариуцагч Х ХХК-иас 26,074,608 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П -И ХХК-д олгосугай. 

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгч П -И ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 288,324 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-иас 288,324 төгрөг гаргуулан гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР