Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/01741

 

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/01741

 

“ПИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/02441 дугаар шийдвэртэй,

“ПИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“ХТ” ХХК-д холбогдох,

26,074,608 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхбаатар, хариуцагчийн төлөөлөгч Д.Цэдэнсанжаа, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

“ПИ” ХХК нь “ХТ” ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 55/2017 дугаар Бараа материал нийлүүлэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр захиалагч талд 71,352,576 төгрөгийн үнэ бүхий барилгын хөөсөнцөр хавтан нийлүүлэх байснаас захиалагчийн хүсэлтээр 44,883,072 төгрөгийн бараа материалыг нийлүүлж, захиалагч 27,500,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр болох 17,383,072 төгрөгийг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй.

Иймд энэхүү гэрээний үлдэгдэл төлбөр 17,383,072 төгрөг болон түүний алданги болох 8,691,536 төгрөг, нийт 26,074,608 төгрөгийг “ХТ” ХХК-аас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Манай компани нь 2017 оны 9 сард захиалагч Цагдаагийн ерөнхий газар, ерөнхий гүйцэтгэгч “Б” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Хууль сахиулагч-1 хотхон төслийн А блокийн гадна хөөсөн фасадны ажлыг гүйцэтгэх гэрээг “Б” ХХК-тай байгуулан тус ажлыг 2018 онд хүлээлгэн өгч улсын комисс ажиллаж барилга ашиглалтад орсон.

2.2. Тус гэрээт ажлыг гүйцэтгэж байх хугацаанд 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 55/2017 тоот бараа материал нийлүүлэх гэрээг тус гэрээний 7.4-т заасны дагуу төслийн ерөнхий гүйцэтгэгч “Б” ХХК, төслийн захиалагч Цагдаагийн ерөнхий газрын ажлын хэсгийн дарга асан хурандаа Б.Ц-ын батлан даалт болон хамтран үүрэг хүлээж гэрээг байгуулсан.

Батлан даагч болох “Б” ХХК нь манай компанитай төлбөр тооцоо хийхдээ 55/2017 тоот гэрээний 7.4-т заасан батлан даалтаа үндэслэн “ПИ” ХХК-тай хийх хөөсөнцөр хавтангийн тооцоог хасаж буюу “өөрсдөө тооцоо хийнэ” гэж суутгаж авч үлдсэн. Энэ нь нэхэмжлэгч талын шүүхэд өгсөн төлбөр тооцооны баримтаас тодорхой харагдаж байгаа бөгөөд манай компанийн зүгээс өдийг хүртэл уг “ПИ” ХХК-д нэг ч төгрөгийн төлбөр хийж байгаагүй болно.

2.3.Иймд уг “ПИ” ХХК-ийн нэхэмжилж буй төлбөрийг “Б” ХХК төлж барагдуулах үүрэггүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч “ХТ” ХХК-аас 26,074,608 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ПИ” ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч “ПИ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,324 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ХТ” ХХК-аас 288,324 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Манай компани нэхэмжпэгчтэй 55/2017 тоот гэрээг байгуулсантай маргахгүй. Харин барилгын материалыг “Б” ХХК нь санхүүгийн баримтаар хүлээн авч, манайд санхүүгийн баримтаар бараагаа өгдөггүй байсан. Нийлүүлэгч нь манайхтай бараа хүлээлцсэн актыг зохих журмын дагуу үйлдээгүй юм.

4.2. Бараа бүтээгдэхүүний төлбөрийг “Б” ХХК нь нийлүүлэгчид төлөхөөр анхнаасаа тэд хоорондоо ярилцаж тохирсон. Өөрөөр хэлбэл, манайхтай гэрээ байгуулахаас өмнө төлбөрийг шилжүүлэх үүрэг “Б” ХХК-нд үүссэн байсан учраас гэрээний 7.3-т ... хэрэв манайх төлбөрийг төлөөгүй тохиолдолд “Б” ХХК, мөн төслийн захиалагч Цагдаагийн ерөнхий газрын ажлын хэсгийн дарга хурандаа Б.Ц- нар нь манай үүргийг хамтран хариуцах тухай заалтыг оруулсан юм.

4.3. Гэрээний энэхүү заалтын дагуу хамтран төлбөр шилжүүлэх үүрэг хүлээсэн батлан даагч “Б” ХХК нь эхний 27,500,000 төгрөгийн төлбөрийг нийлүүлэгчийн дансанд шилжүүлж байсан нь нотлогддог. Энэ үйл баримтыг тогтоолгох зорилгоор хариуцагч би батлан даагч буюу төлбөр төлөх үүрэг шилжигдсэн ажлын хэсгийн дарга Б.Ц-, “Б” ХХК-ийг шүүхэд гэрчээр дуудуулж мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасан атал шүүх миний гэрч асуулгах хүсэлтийг хангасан атлаа захирамжийн биелэлтийг хангаагүй нь шүүх бодит байдлыг тогтооход хайнга хандлаа гэж үзэж байна.

4.4. Бэлтгэн нийлүүлсэн гэх хөөсөнцөрийн үнийг 2017 оны 12 дугаар сарын 01-нд төлөх үүрэг хүлээсэн байсан, нэхэмжлэгч 2022 оны 04 дүгээр сарын 13-нд шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Эндээс дүгнэвэл төлбөр шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна.

4.5. Төслийн захиалагч Цагдаагийн ерөнхий газрын ажлын хэсгийн дарга Б.Ц- нь манайхаар гэрээг хийлгэж, “Б” ХХК-тай гэрээний үнийг батлан дааж төлөх үүрэг хүлээсэн боловч нэхэмжлэгчтэй хоорондын өглөг, авлагын тооцоотой гэх шалтгаанаар үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байсан ба нэхэмжлэгч нь хариуцагчийг зөв тодорхойлоогүй зөвхөн манайхаас үлдэгдэл төлбөрөө шаардсан нь шударга бус байна.

Иймд анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүй хэрэгт хамааралтай талаас нь үнэлээгүй, үйл баримтыг зөв тодорхойлоогүй, зөвхөн дүр эсгэж өөр нөхцөл байдлыг халхавчлан хийж байсан 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээг хөдлөшгүй цорын ганц нотлох баримт гэж дүгнээд манайхаас 26,074,608 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1.Манай компани “ХТ” ХХК-тай гэрээ байгуулсан бөгөөд тус компанийн захиалгын дагуу бараа материалыг өгдөг байсан. “ХТ” ХХК-ийн менежер н.Д- гэх хүн захиалга өгсний дагуу тухайн компанийн гүйцэтгэж байгаа ажлын обьект дээр бараа материалаа хүргэж өгдөг байсан. 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 30/55, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 30/86, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 34/42, 2018 оны 03 дугаар сарын 15-ны 35/39 зэрэг зарлагын баримтуудын дээд зах дээр захиалга өгсөн гэрээнд тусгагдсан албан ёсны хаяг, утас тэмдэглэгдсэн байдаг. Уг албан ёсны утаснаас манай компанид захиалга өгсний дагуу бид захиалгыг авч, тухайн төсөл хэрэгжиж байгаа газарт хүлээлгэж өгөөрэй гэсэн хүнд нь албан ёсоор бараа материалаа хүлээлгэж өгсөн. Тиймээс манай бараа материалыг “ХТ” ХХК хүлээж авсан.

5.2. Манай бараа материалыг ашиглаж барилгын ажлаа гүйцэтгэж, уг ажлын хөлсөө “Б” ХХК-аас авсан гэдэг асуудлаа хариуцагч тал өмнөх шүүх хуралдаанд мэдүүлж байсан. Нэхэмжлэгч талаас гэрээгээр батлан даасан гэдэг асуудлыг ярьж байна. Энэ нь хэдийгээр гэрээнд зүйл, заалтаар оруулсан ч тухайн гэрээндээ баталгаажуулж, батлан даасан хүмүүсээр гарын үсэг зуруулаагүй учраас эрх шилжих боломжгүй юм. Мөн гэрээний 1.5-д “зөвшөөрөлгүйгээр эрх шилжүүлэхийг хориглоно” гэсэн заалт байдаг. Тиймээс “ХТ” ХХК манай бараа материалыг авч, гэрээ байгуулсан учир үлдэгдэл төлбөрийг хариуцах үндэслэлтэй.

5.3. Гэрч асуулгах хүсэлт гаргасан ч хангаагүй гэж байгаа боловч уг гэрчүүд нь хэрэгт шаардлагагүй гэрчүүд гэж үзсэн.

5.4. Гэрээ 2017 оны 11 дүгээр сард байгуулагдсан. “ХТ” ХХК-тай холбогдож байнга төлбөрөө нэхдэг байсан. Үүний дагуу төлбөр тооцоо нь 2018 оноос эхэлж 2019 оны 12 дугаар сар хүртэл 4 удаагийн үйлдлээр 27,500,000 төгрөг орж ирсэн. Энэ төлбөр тооцоо орж ирснээс хойш ч мөн адил бидний зүгээс албан ёсны утас руу нь холбогдож үлдэгдэл төлбөр тооцоогоо барагдуулахыг сануулж нэхэмжилдэг байсан. Иймд хэргийн үйл явц тасралтгүй үргэлжилж байсан гэж үзэж байна.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч “ПИ” ХХК нь хариуцагч “ХТ” ХХК-д холбогдуулж гэрээний үүрэгт 26,074,608 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас гэрчээр Б.Ц-ыг оролцуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШЗ2022/10864 дугаар захирамжаар Б.Ц-ыг гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн ч энэ захирамж биелэгдээгүй, захирамжийг шүүх хүчингүй болгоогүй байна.  

 

3.2. Хариуцагч тал 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэрчээр Б.Ц-, О.Б-, Д.Д-, н.Оюун нарыг оролцуулах хүсэлт гаргасан байх ба шүүх 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШЗ2022/11539 дүгээр захирамжаар хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэхдээ “гэрчээр юу гэрчлүүлэх нь тодорхойгүй, ач холбогдолгүй” гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй байна. Гэрчээс мэдүүлэг авсны дараа уг мэдүүлгийг ач холбогдолтой эсэхийг шүүх үнэлэх учиртай. Энэ захирамжаар өмнөх 10864 дүгээр захирамжийг хүчингүй болгоогүй байна. 

Түүнээс гадна нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн “Өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан” гэх өөрийн байгууллагын үйлдсэн баримтдаа дээрх гэрээний дагуу 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хийсэн төлбөрийг “Б-с” гэж тэмдэглэсэн байдал, хариуцагчийн тайлбар зэргээс үзвэл гэрчээс мэдүүлэг авах ажиллагааг ач холбогдолгүй гэж дүгнэхээргүй байна.

 

4. Нэхэмжлэгч талын үйлдсэнӨглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан” гэх баримтын талаар хариуцагч тал маргасан тохиолдолд нэхэмжлэгч нь уг баримтыг үйлдэхдээ ямар эх сурвалж дээр үндэслэгдсэн талаар нотлох үүрэгтэй болно. Энэ талаар анхан шатны шүүх тодруулах ажиллагаа хийх байжээ. Өөрөөр хэлбэл, зохигчдод нотлогооны үүргийг хуваарилсан эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй гэж дүгнэхээр байна.

 

Дээр дурдсан ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7, 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/02441 шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ХТ” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,324 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ш.ОюунХАНД

                                           

         ШҮҮГЧИД                                 С.ЭНХБАЯР

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА