Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2022/00986

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: УБХГГ -ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “М” ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: “М” ХХК-иас хугацаа хожимдуулсан татварын хүү 1,106,736,004.50 төгрөг төлүүлж улсын төсөвт төвлөрүүлэх” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.П,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Марал-Эрдэнэ.

 

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч УБХГГ итгэмжлэгдсэн Ш.Ж, Ц.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК нь Онцгой албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.11-д “Газрын тосны бүтэгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн импортолж байгаа компанийн нөөц бүрдүүлэхээс бусад Монгол улсын 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний автобензин, дизелийн түлшинд ногдох онцгой албан татварыг 30 хоногоор хойшлуулан ногдуулна, НӨАТ-ын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.5-д “Газрын тосны бүтэгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн импортолж байгаа компанийн нөөц бүрдүүлэхээс бусад Монгол улсын 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний автобензин, дизелийн түлшинд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг 30 хоногоор хойшлуулан ногдуулна” гэж зааснаар нийт 2,773,774.447,37 төгрөгийн татварыг хойшлуулсан.

Мөн татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай 2020 оны 12 сарын 25-ны өдрийн хуулийн дагуу албан татвар төлөгчийн 2021 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй татварт алданги, торгууль ногдуулахаас нэг удаа чөлөөлнө гэж заасан тул 2021 оны 07 сарын 01-нээс эхлэн Гаалийн тухай хуулийн 294.1-д заасны дагуу татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын үнийн дүнгээс бодож хугацаа хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн хүү ногдуулах гэж зааснаар хүүг тооцоолж 1,106, 736,004.50 төгрөг болсон байна. Тогтоосон хугацаанд төлөхгүй байгаа татварын өр 2,773,774,447.37 төгрөг болон хугацаа хожимдуулсан хоног тутмын хүү 1,106,736,004.50 төгрөг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргахаар бичиг баримтыг бүрдүүлэх явцад буюу 2021 оны 11-р сарын 9-ны өдрөөс 11-р сарын 21-ны өдрүүдэд 10 удаагийн гүйлгээгээр 2,773,774,447,37 төгрөгийг төлсөн байна. Иймээс Гаалийн тухай хуулийн 294 дүгээр зүйлийн 2941.1-д гаалийн болон бусад татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын үнийн дүнгээс хугацаа хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн хүү ногдуулна гэж зааснаар татварын хугацаа хожимдуулсан хоног тутмын хүү 1,106,736,004.50 төгрөгийг “М” ХХК-иар төлүүлэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. “М” ХХК нь 2020 оны 06 сарын 11-ны өдрөөс 2021 оны 7 сарын 8-ны өдрийг хүртэл дараах 11 удаагийн гаалийн бүрдүүлэлтээр автобензин, дизелийн түлш импортлон гаалийн байгууллагад онцгой албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татварыг хойшлуулсан боловч хуульд заасан хугацаанд 2,773,774,447.37 төгрөгийг төлж барагдуулаагүй байсан юм.” гэв.

 

2.Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК нь олон жилийн турш газрын тосны бүтээгдэхүүний бөөний болон жижиглэнгийн худалдаа тогтвортой эрхэлж, Монгол улсын хэрэглэгчдийг хангаж ирсэн. 2019 оноос дэлхий нийтээр дэгдсэн цар тахлын нөхцөл байдлын улмаас улс оронд хатуу хөл хорио цээр тогтоож, импортын бүтээгдэхүүн хил гааль дээр саатах, бэлэн мөнгөний нийлүүлэлт удаашрах зэрэг үзэгдлээс болж компанийн санхүүгийн байдалд хүндрэл учрах болсон. М-Ойл ХХК нь нэхэмжлэлд дурдагдсан газрын тосны бүтээгдэхүүнийг компанийн нөөц бүрдүүлэх зорилгоор оруулж ирсэн бөгөөд онцгой албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар татвар төлөх хугацаа нь болоогүй байхад Улаанбаатар хот дахь гаалийн газраас 2021 оны 08-11 саруудад албан татварын өр үүссэн байгаа гэж үзэж төлөхийг шаардсан. Манай компаниас холбогдох учир шалтгааныг илэрхийлж, хойшлуулах хүсэлтүүдийг удаа дараа тавьж байсан бөгөөд улмаар оны сүүлээр буюу 11 сард багтааж бүх татварын өрөө бүрэн барагдуулж төлж дуусгасан юм. Гэтэл ийнхүү төлбөр тооцоо дууссаны дараа буюу 12 сарын эхээр хүү нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Гамшгийн тухай хуулийн 4.1.1-т “гамшиг” гэж аюулт үзэгдэл, ослын улмаас олон хүний амь нас эрүүл мэнд хохирох, ... хүрээлэн байгаа орчинд улс болон орон нутгийн эдийн засаг, нийгмийн дотоод нөөц боломжоос давсан хохирол учрахыг ойлгоно. Гамшгийн тухай хуулийн 4.1.2-т “Аюулт үзэгдэл гэж”... хүн мал амьтны гоц халдварт өвчин гарах, цар тахал ... зэргийг ойлгоно”, Татварын ерөнхий хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д гамшиг болон... аль нэг нь үүсэж татвар төлөгч татварын өрийг төлөх боломжгүй болох нь тогтоогдсон бол татвар төлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн харьяа татварын алба татвар төлөх хугацааг 1 жил хүртэлх хугацаагаар сунгаж хөнгөлөлт үзүүлж болно “ гэж заасан.

Үүнээс үзэхэд тус компанийн хувьд Ковид 19 цар тахлын онцгой нөхцөл байдлын нөлөөгөөр санхүүгийн боломж буурсан тул татвар төлөх хугацааг хойшлуулж өгөх хүсэлтийг удаа дараа гаргасан байхад дурдсан хуулийн заалтыг үл хэрэгсэн татвараас хүү тооцож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тус компани нь татвараа төлөөгүй биш төлсөн гэхдээ дурдсан нөхцөл байдлын улмаас 2,3 сарын хугацаа алдсан байдаг. Ийнхүү асуудалд хатуу байр сууринаас хандаж байгаа нь цар тахлын онцгой нөхцөл байдал, дурдсан хуулийн заалтыг агуулга үзэл санаа, Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна “ гэсэнтэй нийцэхгүй юм. Түүнчлэн Монгол Улсын Иргэний хуулийн 222.2-т зааснаар “хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй”, мөн хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-д заасан “Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн ... бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийлүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй” гэж ч зааснаар нэхэмжлэгч Улаанбаатар хотын гаалийн газар манай хүсэлтийг хүлээн авч хангах боломжтой байсан гэж үзэж байна.

Гаалийн ерөнхий газраас 2021.11.10-нд УБХГГт ирүүлсэн “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичигт “... дансны гүйлгээг хаах, татвар, төлбөртэй тэнцэх хэмжээний эд хөрөнгийг битүүмжлэх” арга хэмжээ авахыг үүрэг болгожээ. Гэтэл УБХГГ эдгээр арга хэмжээг урьдчилан хэрэгжүүлэлгүйгээр татварын өр төлбөрөө бүрэн барагдуулчихсан байсан компанийг нөхөж хүү тооцсон нь аливаа зөрчлийн арга хэмжээг хөнгөнөөс хүнд рүү чиглэсэн байдлаар хэрэгжүүлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг алдагдуулсан гэж үзэхээр байна. Түүнчлэн нэхэмжлэгчээс хариуцагчид ирүүлсэн 2021.07.09-ний өдрийн 02/355 дугаар албан бичигт “2021.07.30-ны өдрийн дотор татвараа төлж барагдуулахыг мэдэгдье” гэж 30 хүртэл хоногийн хугацаа олгосон атлаа хүүгийн хэмжээг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс тооцож нэхэмжилсэн нь алдаатай юм.

Иймд Улаанбаатар дахь гаалийн газраас гаргасан “Хугацаа хожимдуулсан татварын хүүг төлүүлж улсын төсөвт төвлөрүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.” гэв.

 

3.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.11.19-ний 02/583 дугаартай итгэмжлэл, 2020.06.11-ний өдрийн 02-2131006-20-I02408R Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, 2020.06.11-ний өдрийн 02-2131006-20-I02408R Гаалийн мэдүүлгийн хавсралт, 2020.06.15-ны өдрийн 20-2131006-20-I02471R Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, 2020.06.15-ны өдрийн 20-2131006-20-I02471R Гаалийн мэдүүлгийн хавсралт, 2020.06.19-ний өдрийн 20-2131006-20-I02608R Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, 2020.06.19-ний өдрийн 20-2131006-20-I02608R Гаалийн мэдүүлгийн хавсралт, 2021.01.14-ний өдрийн 20-2131006-21-I00179R Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, 2021.01.14-ний өдрийн 20-2131006-21-I00179R Гаалийн мэдүүлгийн хавсралт, 2021.01.15-ны өдрийн 20-2131006-21-I00343R Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, 2021.01.15-ны өдрийн 20-2131006-21-I00343R Гаалийн мэдүүлгийн хавсралт, 2021.01.15-ны өдрийн 20-2131006-21-I00356R Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, 2021.01.15-ны өдрийн 20-2131006-21-I00356R Гаалийн мэдүүлгийн хавсралт, 2021.01.15-ны өдрийн 20-2131006-21-I00358R Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, 2021.01.15-ны өдрийн 20-2131006-21-I00358R Гаалийн мэдүүлгийн хавсралт, 2021.04.20-ны өдрийн 20-2131006-21-I01962R Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, 2021.04.20-ны өдрийн 20-2131006-21-I01962R Гаалийн мэдүүлгийн хавсралт, 2021.06.30-ны өдрийн 20-2131006-21-I03283R Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, 2021.06.30-ны өдрийн 20-2131006-21-I03283R Гаалийн мэдүүлгийн хавсралт, 2021.07.06-ны өдрийн 20-2131006-21-I03543R Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, 2021.07.06-ны өдрийн 20-2131006-21-I03543R Гаалийн мэдүүлгийн хавсралт, 2021.07.06-ны өдрийн 20-2131006-21-I03584R Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, 2021.07.06-ны өдрийн 20-2131006-21-I03584R Гаалийн мэдүүлгийн хавсралт, 2021.11.08-ны өдрийн “М” ХХК-ийн төлөгдөөгүй татварын тооцоолол, УБХГГ 2020.08.27-ны өдрийн 02/29 тоот албан бичиг, УБХГГ 2021.04.27-ны өдрийн 02/221 тоот албан бичиг, УБХГГ 2021.05.17-ны өдрийн 01/250 тоот албан бичиг, УБХГГ 2021.07.09-ний 02/355 тоот албан бичиг, УБХГГ 2021.10.26-ны өдрийн 02/538 тоот албан бичиг, УБХГГ 2021.11.12-ны өдрийн 02/568 тоот албан бичиг, УБХГГ 2021.11.24-ний өдрийн 02/590 тоот албан бичиг, Гаалийн ерөнхий газрын даргын 2020.12.31-ний өдрийн 744 дүгээр тушаал, Гаалийн ерөнхий газрын даргын 2020.07.07-ны өдрийн А/156 дугаар тушаал, Гаалийн ерөнхий газрын 2021.11.10-ны өдрийн 03/2819 дугаартай албан бичиг, М ХХК-ийн  2020.09.01-ний өдрийн 20/678 тоот албан бичиг, М ХХК-ийн 2021.05.06-ны өдрийн 21-210 тоот албан бичиг, “М” ХХК-ийн 2021.07.01-ний өдрийн 21-320 тоот албан бичиг,  М ХХК-ийн 2021.07.01-ний өдрийн 21-321 тоот албан бичиг, хавсралт, “М” ХХК-ийн 2021.10.29-ний өдрийн 21-506 тоот албан бичиг баримт гаргаж, 2021.11.23-ны өдрийн 02/583 дугаартай итгэмжлэл, 2021.11.09-2021.12-31 хүртэлх татвар хойшлуулсан байгууллагаас авах татвар ногдуулалт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгасан тайлбар гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас 2022.01.24-ний 22-90 дугаартай итгэмжлэл, 2022.01.27-ны өдрийн итгэмжлэл, 2022.03.23-ны өдрийн22-179 дугаартай итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбар, 2020.06.01-2020.06.30 Компанийн нөөцийн бараа материалын тайлан, 2020.04.01-2020.04.30 Компанийн нөөцийн бараа материалын тайлан, 2021.01.01-2020.01.31 Компанийн нөөцийн бараа материалын тайлан, 2021.07.01-2021.07.31 Компанийн нөөцийн бараа материалын тайлан, 2021.06.01-2021.06.30 Компанийн нөөцийн бараа материалын тайлан гаргаж өгсөн.

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч УБХГГ нь “М” ХХК-д холбогдуулан “М” ХХК-иас хугацаа хожимдуулсан татварын хүү 1,106,736,004.50 төгрөг төлүүлж улсын төсөвт төвлөрүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 31,112,196.70 төгрөгөөр багасгаж, 1,075,623,807.80 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Онцгой албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.11, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.5-т зааснаар нийт 2,773,774.447,37 төгрөгийн татварыг хойшлуулсан.

Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуулийн дагуу албан татвар төлөгчийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй татварт алданги, торгууль ногдуулахаас нэг удаа чөлөөлнө гэж заасан.

2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 11 дүгээр сарын 21-ний өдрүүдэд 2,773,774,447,37 төгрөгийг төлсөн байна.

Гаалийн тухай хуулийн 2941дүгээр зүйлийн 2941.1-д гаалийн болон бусад татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын үнийн дүнгээс хугацаа хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн хүү ногдуулна гэж зааснаар татварын хугацаа хожимдуулсан хоног тутмын хүү 1,075,623,807.80 төгрөг гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд: ... автобензин болон дизелийн түлшийг компанийн нөөцөд зориулж бүрдүүлсэн учир Онцгой албан татварын тухай хуулийн 8.10, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16.2.4-т заасан зохицуулалт хамаарна, Онцгой албан татвар болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар татвар төлөх хугацаа нь болоогүй байхад 2021 оны 08-11 саруудад албан татварын өр үүссэн байгаа гэж үзэж төлөхийг шаардсан.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4.1.1, 4.1.2, Татварын ерөнхий хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д ...татварын алба татвар төлөх хугацааг 1 жил хүртэлх хугацаагаар сунгаж хөнгөлөлт үзүүлж болно” гэж заасан. Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасантай нийцэхгүй юм.

Түүнчлэн, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2, 220 дугаар зүйлийн 220.1-д зааснаар манай хүсэлтийг хүлээн авч хангах боломжтой байсан гэж үзэж байна.

Гаалийн ерөнхий газраас УБХГГт ирүүлсэн албан бичигт дансны гүйлгээг хаах, татвар, төлбөртэй тэнцэх хэмжээний эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ авахыг үүрэг болгосныг хэрэгжүүлэлгүйгээр татварын өр төлбөрөө бүрэн барагдуулчихсан байсан компанийг нөхөж хүү тооцсон нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг алдагдуулсан.

2021.07.09-ний өдрийн албан бичигтээ 30 хүртэл хоногийн хугацаа олгосон атлаа хүүгийн хэмжээг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс тооцож нэхэмжилсэн нь алдаатай гэж маргажээ.

 

            Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

            Хариуцагч “М” ХХК 2020.06.11-ний мэдүүлгээр 355,887,260.63 төгрөгийн онцгой албан татвар, 2020.06.15-ны мэдүүлгээр 585,191,880 төгрөгийн онцгой албан татвар, 201,579,953,01 төгрөгийн НӨАТ, 2020.06.19-ний мэдүүлгээр 205,324,000 төгрөгийн онцгой албан татвар, 85,825,131.35 төгрөгийн НӨАТ, 2021.01.14-ний мэдүүлгээр 277,807,880 төгрөгийн онцгой албан татвар, 154,476,899.15 төгрөгийн НӨАТ, 2021.01.15-ны мэдүүлгээр 117,479,600 төгрөгийн онцгой албан татвар, 89,175,286.46 төгрөгийн НӨАТ, 2021.01.15-ны мэдүүлгээр 68,969,600 төгрөгийн онцгой албан татвар, 53,458,376.75 төгрөгийн НӨАТ, 2021.01. 15-ны мэдүүлгээр 82,779,200 төгрөгийн онцгой албан татвар, 55,186,738.22 төгрөгийн НӨАТ, 2021.04.20-ны мэдүүлгээр 69,288,800 төгрөгийн онцгой албан татвар, 58,863,383.16 төгрөгийн НӨАТ, 2021.06.30-ны мэдүүлгээр 136,559,920 төгрөгийн онцгой албан татвар, 96,494,530.74 төгрөгийн НӨАТ, 2021.07.06-ны өдрийн мэдүүлгээр 55,211,082.08 төгрөгийн НӨАТ, 2021.07.08-ны мэдүүлгээр 24,214,925.82 төгрөгийн НӨАТ, нийт 2,773,774,447.37 төгрөгийн онцгой албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан байна.

 

            Дээрх мэдүүлгүүдийн дагуу “М” ХХК-ийн импортоор оруулсан автобензин, дизелийн түлшинд онцгой албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан байх бөгөөд дээрх татварыг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хугацаанд хариуцагч “М” ХХК нийт 2,773,774,447.37 төгрөгийг төлсөн талаар зохигчид маргаагүй байна.

 

Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т “гаалийн бүрдүүлэлт” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг, шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсний дараа барааг олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэлх цогц үйл ажиллагааг”, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.1-д “гаалийн мэдүүлгийн дагуу өгсөн мэдээллийн үнэн зөвийг хариуцаж, гаалийн болон бусад татвар, хураамжийг төлөх, эсхүл төлөх баталгаа гаргах” гэж тус тус зохицуулжээ.

 

Гаалийн тухай хууль болон Онцгой албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудад зааснаар автобензин болон дизелийн түлшинд онцгой албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татварыг тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй ба уг үүргээ хуульд заасан хугацаанд хариуцагч “М” ХХК биелүүлээгүй хугацаа хожимдуулсан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан мэдэгдэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Онцгой албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.11-д “Газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн импортолж байгаа компанийн нөөц бүрдүүлэхээс бусад Монгол Улсын 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний автобензин, дизелийн түлшинд ногдох онцгой албан татварыг 30 хоногоор хойшлуулан ногдуулна.” гэж,

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.5-д “газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн импортоор оруулж байгаа компанийн нөөц бүрдүүлэхээс бусад Монгол Улсын 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний автобензин, дизелийн түлшинд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг 30 хоногоор хойшлуулан ногдуулна.” гэж тус тус зохицуулжээ.

           

Түүнчлэн, Татвар алданги, торгуулиас чөлөөлөх тухай 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд “2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй.”, 2 дугаар зүйлд “Энэ хуулийг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.” гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч “М” ХХК-ийн хувьд дээрх хуулиудын зохицуулалтад зааснаар онцгой албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг хожимдуулсан байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны хүүг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж  тус тус зохицуулжээ.

 

Зохигчид эдгээр эрх, үүргийн дагуу нотлох баримтыг өөрсдөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээдэг.

 

            Хариуцагч тал нэхэмжлэлд дурдсан хугацаанд автобензин болон дизелийн түлшийг компанийн нөөцөд зориулж бүрдүүлсэн учир Онцгой албан татварын тухай хуулийн 8.10, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16.2.4-т заасан зохицуулалт хамаарна, дээрх албан татвар ноогдуулсан автобензин, дизелийн түлшийг компанийн нөөцөд зориулж бүрдүүлсэн гэх боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.

  

                Хэдийгээр хэрэгт “М” ХХК-ийн компанийн нөөцийн бараа материалын тайлан авагдсан хэдий ч уг баримтаар компанийн нөөц бүрдүүлэх зорилгоор импортоор оруулж байгаа автобензин, дизелийн түлш гэх байдал тогтоодохгүй байхаас гадна компанийн нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн нэр, автобензин, дизелийн түлшний заавал байлгах нөөцийн тоо хэмжээ, сэлгээ хийх хугацааг тогтоосон талаарх баримт гэж үзэхээргүй байна.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1, 222 дугаар зүйлийн 222.2 дахь заалт дээрх маргаанд хамаарахгүй бөгөөд талуудын хооронд үүссэн харилцаа нь хуульд зааснаар ногдуулсан татварын харилцааны маргаан юм.

 

Мөн Татварын ерөнхий хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр татвар төлөх хугацааг хойшлуулаагүй гэж хариуцагч тайлбарлах боловч энэ нь нэхэмжлэгчийн хувьд хуулиар олгогдсон эрх юм.  

 

Гаалийн тухай хуулийн 2691 дүгээр зүйлийн 2691.1.3-т “гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн болон бусад татвар, хураамжийг ногдуулах, хураах, албадан хураах, тэдгээрт хяналт тавих”, мөн хуулийн 2941 дугаар зүйлийн 2941.1-д “Гаалийн болон бусад татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын үнийн дүнгээс хугацаа хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн хүү ногдуулах бөгөөд энэ заалтын “хүү” гэсэн ойлголт нь Иргэний хуулийн “анз” гэсэн ойлголтод үл хамаарна” гэж заасан.

 

Дээрх зохицуулалтын дагуу УБХГГ нь хариуцагч “М” ХХК-иас онцгой албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татварыг хугацаанд нь төлөгдөөгүй татварын дүнгээс хугацаа хожимдуулсан хүүг тооцож шаардах эрхтэй.

 

            Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийн төлөх ёстой нэмэгдсэн өртгийн албан татвар, онцгой албан татварын өр 2,773,774,447.37 төгрөгөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хүү 1,075,623,807.80 төгрөг гэж тодорхойлж байгаа боловч 2021.06.30-ны гаалийн мэдүүлгээр 136,559,920 төгрөгийн онцгой албан татвар, 96,494,530.74 төгрөгийн НӨАТ, 2021.07.06-ны гаалийн мэдүүлгээр 55,211,082.08 төгрөгийн НӨАТ, 2021.07.08-ны гаалийн мэдүүлгээр 24,214,925.82 төгрөгийн НӨАТ-ыг 2021.07.01-ний өдрөөс тооцсон нь үндэслэлгүй байх тул дээрх мэдүүлгүүдийн дагуу 2021 оны 07 дугаар сарын 01-нээс тооцсон хүүг хасаж тооцох нь зүйтэй байна.

           

Өөрөөр хэлбэл, 2021 оны 06 дугаар сарын 30, 2021 оны 07 дугаар сарын 06, 2021 оны 07 сарын 08-ны өдрийн мэдүүлгүүдээр ногдуулах онцгой албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татварыг 30 хоногоор хойшлуулж хүүг тооцох нь зүйтэй байх тул дээрх хугацаанаас хүүг тооцвол 31,811,359.77 төгрөг болж байна.

 

            Нэхэмжлэгчийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг багасгахдаа шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тооцооны хувьд алдаа гаргасан буюу дээрх 3 мэдүүлгийн хувьд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс тооцсон байна гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг 31,112,196.7 төгрөгөөр багасгасан боловч 699,163 төгрөгийн зөрүү гарч байх тул нэхэмжлэлийн шаардлагаас уг хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иймд хариуцагч “М” ХХК-иас 1,074,924,644.73 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Улаанбаатар хотын Гаалийн газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 699,163 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Онцгой албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.11, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.5, Гаалийн тухай хуулийн 2941 дүгээр зүйлийн 2941.1-д заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-иас 1,074,924,644.73 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч УБХГГт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 699,163 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр  зүйлийн 41.1.4-д зааснаар нэхэмжлэгч УБХГГ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 5,532,573 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               И.АМАРТӨГС