Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01227

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01227

 

Улаанбаатар хот дахь Гын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2022/00986 дугаар шийдвэртэй

Улаанбаатар хот дахь Гын нэхэмжлэлтэй М ХХК-д холбогдох

М ХХК-иас хугацаа хожимдуулсан татварын хүү 1,106,736,004.50 төгрөг төлүүлж улсын төсөвт төвлөрүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Жаргалсайхан, Ц.Пүрэвдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Номуунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Ш.Жаргалсайхан, Ц.Пүрэвдорж шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: М ХХК нь Онцгой албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.11, НӨАТ-ын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.5-д зааснаар нийт 2,773,774.447,37 төгрөгийн татварыг хойшлуулсан. Мөн татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуулийн дагуу албан татвар төлөгчийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй татварт алданги, торгууль ногдуулахаас нэг удаа чөлөөлнө гэж заасан тул 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Гаалийн тухай хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1 дэх хэсэгт заасны дагуу татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын үнийн дүнгээс бодож хугацаа хожимдуулсан хоног тутамд 0,3 хувийн хүү ногдуулах гэж зааснаар хүүг тооцоолж 1,106,736,004.50 төгрөг болсон байна. Тогтоосон хугацаанд төлөхгүй байгаа татварын өр 2,773,774,447.37 төгрөг болон хугацаа хожимдуулсан хоног тутмын хүү 1,106,736,004.50 төгрөг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргахаар бичиг баримтыг бүрдүүлэх явцад буюу 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 11 дүгээр сарын 21-ний өдрүүдэд 10 удаагийн гүйлгээгээр 2,773,774,447,37 төгрөгийг төлсөн байна. Иймээс Гаалийн тухай хуулийн 294 дүгээр зүйлийн 2941.1 дэх хэсэгт зааснаар татварын хугацаа хожимдуулсан хоног тутмын хүү 1,106,736,004.50 төгрөгийг М ХХК-иар төлүүлнэ. М ХХК нь 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 11 удаагийн гаалийн бүрдүүлэлтээр автобензин, дизелийн түлш импортлон гаалийн байгууллагад онцгой албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татварыг хойшлуулсан боловч хуульд заасан хугацаанд 2,773,774,447.37 төгрөгийг төлж барагдуулаагүй байсан юм гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Номуунгэрэлийн шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: М ХХК нь олон жилийн турш газрын тосны бүтээгдэхүүний бөөний болон жижиглэнгийн худалдаа тогтвортой эрхэлж, Монгол улсын хэрэглэгчдийг хангаж ирсэн. 2019 оноос дэлхий нийтээр дэгдсэн цар тахлын нөхцөл байдлын улмаас улс оронд хатуу хөл хорио цээр тогтоож, импортын бүтээгдэхүүн хил гааль дээр саатах, бэлэн мөнгөний нийлүүлэлт удаашрах зэрэг үзэгдлээс болж компанийн санхүүгийн байдалд хүндрэл учрах болсон. М ХХК нь нэхэмжлэлд дурдагдсан газрын тосны бүтээгдэхүүнийг компанийн нөөц бүрдүүлэх зорилгоор оруулж ирсэн бөгөөд онцгой албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар татвар төлөх хугацаа нь болоогүй байхад Улаанбаатар хот дахь Гаас 2021 оны 08-11 саруудад албан татварын өр үүссэн байгаа гэж үзэж төлөхийг шаардсан. Манай компаниас холбогдох учир шалтгааныг илэрхийлж, хойшлуулах хүсэлтүүдийг удаа дараа тавьж байсан бөгөөд улмаар оны сүүлээр буюу 11 сард багтааж бүх татварын өрөө бүрэн барагдуулж төлж дуусгасан юм. Гэтэл ийнхүү төлбөр тооцоо дууссаны дараа буюу 12 сарын эхээр хүү нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг эс зөвшөөрч байна. Гамшгийн тухай хуулийн 4.1.1, 4.1.2, Татварын ерөнхий хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаас үзэхэд тус компанийн хувьд Ковид-19 цар тахлын онцгой нөхцөл байдлын нөлөөгөөр санхүүгийн боломж буурсан тул татвар төлөх хугацааг хойшлуулж өгөх хүсэлтийг удаа дараа гаргасан байхад дурдсан хуулийн заалтыг үл хэрэгсэн татвараас хүү тооцож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тус компани нь татвараа төлөөгүй биш төлсөн гэхдээ дурдсан нөхцөл байдлын улмаас 2,3 сарын хугацаа алдсан байдаг. Ийнхүү асуудалд хатуу байр сууринаас хандаж байгаа нь цар тахлын онцгой нөхцөл байдал, дурдсан хуулийн заалтыг агуулга үзэл санаа, Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасантай нийцэхгүй юм. Түүнчлэн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2, 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Улаанбаатар хотын Г манай хүсэлтийг хүлээн авч хангах боломжтой байсан. Гаалийн ерөнхий газраас 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хот дахь Гт ирүүлсэн Чиглэл хүргүүлэх тухай албан бичигт ... дансны гүйлгээг хаах, татвар, төлбөртэй тэнцэх хэмжээний эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ авахыг үүрэг болгожээ. Гэтэл Улаанбаатар хот дахь Г эдгээр арга хэмжээг урьдчилан хэрэгжүүлэлгүйгээр татварын өр төлбөрөө бүрэн барагдуулчихсан байсан компанийг нөхөж хүү тооцсон нь аливаа зөрчлийн арга хэмжээг хөнгөнөөс хүнд рүү чиглэсэн байдлаар хэрэгжүүлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг алдагдуулсан. Түүнчлэн нэхэмжлэгчээс хариуцагчид ирүүлсэн 2021 оны 07 дугаар зүйлийн 09-ний өдрийн 02/355 дугаар албан бичигт 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор татвараа төлж барагдуулахыг мэдэгдье гэж 30 хүртэл хоногийн хугацаа олгосон атлаа хүүгийн хэмжээг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс тооцож нэхэмжилсэн нь алдаатай юм. Иймд Улаанбаатар дахь Гаас гаргасан Хугацаа хожимдуулсан татварын хүүг төлүүлж улсын төсөвт төвлөрүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Онцгой албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.11, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.5, Гаалийн тухай хуулийн 2941 дүгээр зүйлийн 2941.1-д заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 1,074,924,644.73 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Улаанбаатар хот дахь Гт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 699,163 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар нэхэмжлэгч Улаанбаатар хот дахь Г нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 5,532,573 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Номуунгэрэлийн давж заалдах гомдлын агуулга: ... Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг улсын болон компанийн нөөц гэж хоёр ангилдаг. Улсын нөөцийг засгийн газраас баталсан журмын дагуу бүрдүүлдэг бол компанийн нөөцийг газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу компани өөрөө бүрдүүлдэг. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, Газрын тосны бүтээгдэхүүний импортоор оруулж бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлж байгаа компанийн нөөц бүрдүүлэх журмын 2.5-д компани нь газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг тогтоосон нэр төрөл, хэмжээгээр өөрийн эзэмшлийн агуулахад бүрдүүлэн хадгална. Ашигт малтмал газрын тосны газрын дарга болон М ХХК-ийн хооронд байгуулсан Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөц бүрдүүлэх гэрээний 4.7-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ...дагуу газрын тосны бүтээгдэхүүн хүлээн авах, хадгалах, борлуулах үед чанарын шаардлагын шинжилгээг хийж, бүртгэл хөтөлнө, 4.9-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь компанийн нөөцийг бүрдүүлэх, хадгалах үйл ажиллагаатай холбоотой зардлыг бүрэн хариуцна гэж тус тус зохицуулсан. Манай М ХХК нь үүний дагуу компанийн нөөцөд авсан бараа материалын бүртгэл буюу цахим тайлан хөтөлж үйл ажиллагаагаа явуулдаг. Иймд уг компанийн бүртгэлийн хэсгээс хэрэгт хамааралтай баримт болох Компанийн нөөцийн бараа материалын тайлан-г холбогдох журмын дагуу тамга тэмдэг дарж шүүхэд нотлох баримтаар гаргасан байхад нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, компанийн нөөц бүрдүүлэх талаар нотлох баримт биш гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Түүнчлэн, шүүх Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1, 222 дугаар зүйлийн 222.2 дахь заалт дээрх маргаанд хамаарахгүй бөгөөд талуудын хооронд үүссэн харилцаа нь хуульд зааснаар ногдуулсан татварын харилцааны маргаан юм гэж дүгнэснийг хэргийн нөхцөл байдал болон хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Талуудын хооронд гарсан маргаан татварын маргаан мөн боловч хэргийн нөхцөл байдлын хувьд цар тахал гарч онцгой нөхцөл байдлын үед үүссэн харилцаа болохыг анхаарах учиртай. Тодуулбал, Татварын ерөнхий хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар гамшгийн онцгой нөхцөлд татвар төлөх хугацааг 1 жил хүртэл хугацаагаар сунгаж хөнгөлөлт үзүүлж болохоор заасан. Тус зохицуулалтын агуулга нь татвар төлөгчөөс хамааралгүй нөхцөл байдлаас болж татвар төлөх боломжгүй болсон нөхцөлд татвар төлөгч этгээдийн эрх ашгийг хамгаалах, дордуулахгүй байх зорилготой гэж үзэж байна. Иймд иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 болон 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсгийн заалтууд уг маргаанд хамаарна. Мөн М ХХК-ийн зүгээс татвар төлөх хугацааг хойшлуулж өгөх хүсэлтийг удаа дараа гаргасан байхад Улаанбаатар хот дахь Г уг нөхцөл байдлыг харгалзан үзээгүй болно. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагатай. Тухайн хэргийн нөхцөл байдал манай маргааны агуулгатай ижил байхад хүүгийн хэмжээ анзад хамаарахгүй гэж үзэж шийдвэрлэж байгаа нь маргааныг шүүх шийдвэрлэхдээ хуулийг нэг мөр хэрэглэх шаардлагыг зөрчиж байна. Ийнхүү шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт цугласан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэт бодит байдлаар дүгнэж чадаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг биелүүлээгүй гэж үзэх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Пүрэвдоржийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: ... Онцгой албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.11 дэх хэсэгт газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн импортлож байгаа компанийн нөөц бүрдүүлэхээс бусад Монгол Улсын 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний автобензин, дизелийн түлшинд ногдох онцгой албан татварыг 30 хоногоор хойшлуулан ногдуулна гэж заасан. Энэ заалтыг үндэслээд компанийн нөөц бүрдүүлэхгүй, Улсын нөөц бүрдүүлнэ гэсэн Засгийн газрын тогтоол ирснээр 30 хоногоор хойшлуулсан. 30 хоногийн хугацаа өнгөрсний дараа сэлгэх ёстой учраас хугацаагаа тоолж эхэлсэн. Гэтэл хариуцагч коровирусын цар тахалтай холбож тайлбарласан. Коровирусын цар тахалтай холбоотой хоёр хууль батлагдсан. Тухайлбал татварын албан торгуулиас чөлөөлөх тухай хуульд зааснаар хариуцагчийн татвар төлөөгүй хугацааг оруулаагүй. Мөн Петрожамп ХХК-ийн тухай тайлбарласан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс тухайн хэрэг маргааныг шийдвэрлэхдээ Гаалийн тухай хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1 дэх хэсэгт гаалийн болон бусад татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын үнийн дүнгээс хугацаа хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн хүү ногдуулах бөгөөд энэ заалтын "хүү" гэсэн ойлголт нь Иргэний хуулийн "анз" гэсэн ойлголтод үл хамаарна гэж заасан боловч шүүхээс анз гэж үзээд татварыг 50 хувиар багасгасан шийдвэр гаргасан. Тухайн шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхээс анз гэж үзээгүй учраас Петрожамп ХХК татвараа 100 хувь төлхөөр болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянасан болно.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хуулийн зүйл заалтыг буруу бичсэн байгаа зөвтгөн өөрчлөх нь зүйтэй байна.

3. Нэхэмжлэгч Улаанбаатар хот дахь Г нь хариуцагч М ХХК-д холбогдуулан хугацаа хожимдуулсан татварын хүү 1,106,736,004.50 төгрөг төлүүлж улсын төсөвт төвлөрүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийн шаардлагаа 31,112,196.70 төгрөгөөр багасгасан байна.

Нэхэмжлэгч Улаанбаатар хот дахь Г нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Гаалийн тухай хуулийн 2941 дүгээр зүйлийн 2941.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч М ХХК татварын хугацаа хожимдуулсан татварын хүүд 1,075,623,807.80 төгрөг төлөх үүрэгтэй гэж тодорхойлсон байна.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч М ХХК-ийн 2,773,774.447,37 төгрөгийн албан татварыг Онцгой албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.11, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.5-т зааснаар хойшлуулсан байсан, хариуцагч нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 2,773,774,447,37 төгрөгийн татварыг төлсөн үйл баримт тогтоогдсон байна.

5. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...автобензин болон дизелийн түлшийг компанийн нөөцөд зориулж бүрдүүлсэн, нэмэгдсэн өртгийн татвар төлөх хугацаа нь болоогүй байхад 2021 оны 08-11 саруудад албан татварын өр үүссэн байгаа гэж үзэж төлөхийг шаардсан, Гамшгаас хамгаалах тухай хуульд татвар төлөх хугацааг 1 жил хүртэлх хугацаагаар сунгаж хөнгөлөлт үзүүлж болохоор заасан, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2, 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт зааснаар манай хүсэлтийг хүлээн авч хангах боломжтой байсан гэсэн үндэслэл заажээ.

6. Анхан шатны шүүх Гаалийн тухай хууль болон Онцгой албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудад зааснаар автобензин болон дизелийн түлшинд онцгой албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татварыг тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй ба уг үүргээ хуульд заасан хугацаанд хариуцагч М ХХК биелүүлээгүй хугацаа хожимдуулсан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан мэдэгдэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэсэн нь буруу биш байна.

7. Түүнчлэн, хариуцагч тал нэхэмжлэлд дурдсан хугацаанд автобензин болон дизелийн түлшийг компанийн нөөцөд зориулж бүрдүүлсэн учир Онцгой албан татварын тухай хуулийн 8.10, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16.2.4-т заасан зохицуулалт хамаарна, дээрх албан татвар ноогдуулсан автобензин, дизелийн түлшийг компанийн нөөцөд зориулж бүрдүүлсэн гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

8. Татвар алданги, торгуулиас чөлөөлөх тухай 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд ...2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлөгдөхөөр, 2 дугаар зүйлд Энэ хуулийг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө гэж тус тус заасан байна.

9. Анхан шатны шүүх хариуцагч М ХХК-ийн хувьд дээрх хуулиудын зохицуулалтад зааснаар онцгой албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг хожимдуулсан байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны хүүг нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

10. Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1, 222 дугаар зүйлийн 222.2 дахь заалт дээрх маргаанд хамаарахгүй бөгөөд талуудын хооронд үүссэн харилцаа нь хуульд зааснаар ногдуулсан татварын харилцааны маргаан болно.

11. Гаалийн тухай хуулийн 2941 дүгээр зүйлийн 2941.1 дэх хэсэгт Гаалийн болон бусад татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын үнийн дүнгээс хугацаа хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн хүү ногдуулах бөгөөд энэ заалтын хүү гэсэн ойлголт нь Иргэний хуулийн анз гэсэн ойлголтод үл хамаарна гэж заажээ.

12. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж хариуцагч байгууллагаас 1,074,924,644.73 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

13. Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Гаалийн тухай хуулийн 2941 дүгээр зүйлийн 2941.1-д гэж техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг залруулсан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2022/00986 дугаар шийдвэрийн хэсгийн 1 дэх заалтын ...2941 дүгээр зүйлийн 2941.1-д гэснийг ...2941 дүгээр зүйлийн 2941.1 дэх хэсэгт гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,691,631 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Ц.ИЧИНХОРЛОО