Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 181/2019/00569/и |
Дугаар | 814 |
Огноо | 2019-05-06 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 814
Ш.Т-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2019/00755 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ш.Т-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч “ҮДД” ХК -д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,
шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ш.Т,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ш.Т ХААДД ХК-ийг анх үүсгэн байгуулагдах үед буюу 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Захиргааны ажилтнаар ажилд орсон. Ингээд 2016 оны Компанийн бүтцийн өөрчлөлтөөр Захиргаа олон нийт хариуцсан ажилтнаар томилогдон ажиллаж байгаад, 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Захиргаа удирдлагын газрын Архив бичиг хэргийн ажилтнаар ажилласан. Би ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчлийн асуудал гаргаж, арга хэмжээ авахуулж байгаагүй болно. Гэтэл 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн өглөөний 8 цаг 40 минутын үед ажлынхаа газрын ариун цэврийн өрөөнд хамт ажилладаг, дотны хуурай эгч дүүсийн харилцаатай байдаг Эрсдэлийн менежмент, хөрөнгийн удирдлагын газрын, хөрөнгө оруулалтын шинжээч Б.Гэрэлтуяатай хувийн асуудлаар маргалдан, хэрүүл хийж, Б.Гэрэлтуяа эхэлж миний гадуур хувцас болох курткыг урахад, эргүүлээд би түүний курткыг урсан асуудал болсон. Энэ талаар компани мэдээд, намайг Ёс зүйн хорооны хуралд өөрийн биеэр оролцуулан, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай ёс зүйн хорооны шийдвэрээр үндсэн цалинг 3 сараар 20 хувиар бууруулах арга хэмжээ авах зөрчлийг гаргасан байна гэсэн шийдвэр гаргасан. Гэвч тус компанийн гүйцэтгэх захирал Г.Энхтайван надад дээрх сахилгын арга хэмжээг авсан байхад дахин арга хэмжээ авч 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Б/05 дугаартай тушаалаар ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тушаалын үндэслэх хэсэгт 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай Ёс зүйн хорооны шийдвэр, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтуудыг баримталж ажлаас халсан гэжээ. Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт зааснаар зөрчилд дараах сахилгын шийтгэлүүдээс ногдуулахдаа гаргасан зөрчил, дутагдал түүний хор уршиг хойшид засрах боломжтой эсэх, хүндэтгэх шалтгаан байсан эсэх зэргийг харгалзан үзэж ажилтанд түүний харьяалагдах албан тушаалтны, удирдах албан тушаалтанд гүйцэтгэх удирдлагын гомдол, мэдээлэл саналыг үндэслэн Захирлын зөвлөлөөр хэлэлцүүлсний үндсэн дээр гүйцэтгэх захирлын тушаалаар шат дараалал харгалзахгүйгээр шийдвэрлэнэ гэж заасан. Дээрх заалтаас үзэхэд бидний асуудлыг Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээгүй мөн журмын 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт дараах тохиолдлыг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж шууд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулна гээд дээрх заалтын 10.6.1-10.6.6 дахь хэсгүүдэд заасан зөрчлийг миний бие гаргаагүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг ажлаас халахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн. Иймээс 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/05 дугаартай ХААДД ХК-ийн захирал Г.Энхтайваны гаргасан тушаалыг зөвшөөрөхгүй, ажлаас үндэслэлгүй халсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Ш.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн өглөөний 09.00 цагийн үед ажлын байрны 00 өрөөний үүдэнд зогсож байсан Б.Гэрэлтуяаг хэл амаар өдөж, тэр хоёр балиар ногоон нүдээрээ над руу хэрүүл хийхийг уриалан дуудсан гэж хэрүүлийг өдөж, улмаар зодолдож, зодооныг салгасны дараа Б.Гэрэлтуяагийн өвлийн куртикыг хутгаар сийчин зүсэж /камерын бичлэг/ дахин ашиглах боломжгүй болгон ажлын байранд ёс бус үйлдэл гаргаж танхайрсан болно. ХААДД ХК-ийн Ёс зүйн хороонд Б.Гэрэлтуяагаас 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өргөдөл ирсний дагуу 2019 оны 01 дүгээр сарын 31, 02 дугаар сарын 01-ний өдрүүдэд Ёс зүйн хороо нь хуралдсан. Хуралдаанд өргөдөл гаргагч Б.Гэрэлтуяа, өргөдөлд холбогдогч Ш.Т нарыг байлцуулан өөрсдийн тайлбар, камерын бичлэг, зүсэгдсэн куртик зэрэгт үзлэг хийж, хуралдаж протокол үйлдэн баримтжуулсан болно. Ш.Т нь Б.Гэрэлтуяатай 00 өрөөний үүдэнд үсээ боож байхад очин хэрүүл өдөж улмаар зодолдож тэр уурандаа куртикыг хутгаар сийчсэн болох нь тогтоогдсон тул Ёс зүйн хорооны дүрмийн 4.1.1-д компанийн ажилтнууд нь харилцан бие биенээ, хамт олноо болон бусдыг хүндэтгэж, өөр хоорондоо нөхөрсөг, шударга, хамтач, ажил хэрэгч харилцаатай байх мөн дүрмийн 4.1.4-т ажилтан компанийн нэрийн өмнөөс ажиллаж байгаагаа ямагт санаж, хамт олны дунд дэл сул яриа гаргах, хэрүүл маргаан үүсгэх, амт олон, олон нийт, иргэдтэй харьцахдаа бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, доромжлох, ор үндэсгүй зүйлээр гүжирдэж гүтгэх, элдэв бүдүүлэг зан авир гарган танхайрч орчны амгалан тайван байдлыг алдагдуулахыг цээрлэх гэснийг зөрчсөн тул хөдөлмөрийн дотоод журмын 3.3.8, 10.1.2-т тус тус заасны дагуу үндсэн цалинг гурван сараар 20 хувиар бууруулан арга хэмжээ авах дүгнэлтийг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийг гаргаж гүйцэтгэх захиралд уламжилсан. Энэхүү шийдвэрийг эцэслэн шийдвэрлэх эрх нь ёс зүйн дүрэм болон хөдөлмөрийн дотоод журмын дагуу гүйцэтгэх захирал эцэслэн шийдвэрлэдэг болно. Гүйцэтгэх захирал нь хөдөлмөрийн дотоод журмын 10.2-т заасны дагуу Захирлын зөвлөлийн хуралдааныг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хийж Ёс зүйн хорооны дүгнэлтийн дагуу зөрчил гаргасан Ш.Т-ыг гаргасан зөрчилдөө гэмшихгүй, хамт олноосоо уучлалт гуйхгүй, ажлын байранд хутга гарган бусдын эд хөрөнгөд санаатайгаар халдаж танхайрсан, цаашид алдаа дутагдал гаргахгүй байх талаар идэвх чармайлт гаргаагүй тул хамт олны дунд сөрөг уур амьсгалыг бий болгож байгаатай холбогдуулан цаашид хамтран ажиллах боломжгүй гэж үзэн хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэрийг гаргасан болно. Хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэрийг гаргасны дагуу Ш.Т-д түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.3-т заасны дагуу 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №01 дугаар тушаалаар Ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон цуцалж байгаа тухай мэдэгдэж хүлээлгэн өгсөн болно. ХААДД ХК-ийн Захиргаа, удирдлагын газрын Архив бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан Ш.Т нь гүйцэтгэх захирлын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/05 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халагдсан болно. Хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах хууль зүйн үндэслэлээ Ёс зүйн хорооны 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 тоот дүгнэлтээр Ёс зүйн дүрмийн 4.1.1, 4.1.4-т заасныг зөрчсөн, Хөдөлмөрийн дотоод журмын 3.3.8 компанийн ажилтны ёс зүйн дүрэм, мэдээллийн аюулгүй байдлын журмыг зөрчихгүй байх, 10.1.2. хууль бус үйлдэл хийсэн, биеэ авч явах байдал нь Компанийн нэр төрд муугаар нөлөөлсөн, ёс суртахууны доголдол гаргасан ажилтанд, 10.1.14. энэхүү журмаас бусад компанийн дүрэм, журамд заасан зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээний 5.1.1, 6.2.4-т заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн болно. Ш.Т нь Б.Гэрэлтуяаг ажлын байранд ажлын цагаар хэрүүл анхлан өдөж хэл амаар доромжилсон улмаар зодож тэр уурандаа куртикыг нь хутгаар сийчэн бүдүүлэг зан авир гарган танхайрч орчны амгалан тайван байдлыг алдагдуулсан, бусдад буруу үлгэр дууриалал үзүүлсэн, хийсэн үйлдэлдээ гэмшихгүй, уучлалт гуйхгүй байгаа нь цаашид хамтран ажиллах боломжгүй гэж үзсэн тул хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасны дагуу ажлаас чөлөөлөхөд 3 хүртэлх насны хүүхэдтэй хүнд хамаарахгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Т-ын хариуцагч ХААДД ХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан "шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх" шаардлагыг хангаагүй байх тул түүнийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Анхан шатны шүүх "Ш.Т-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийг тухайлан заасан заалт байхгүй..." гэж зөв дүгнэсэн атлаа Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3 дахь заалтад "ажил олгогч нь ажилтанд компанийн дотоод дүрэм журамд заасны дагуу хариуцлага хүлээлгэх, шийтгэл ногдуулах эрх эдэлнэ" заасныг ноцтой зөрчил тухайлан тохиролцсонтой адилтгаж үзсэн нь учир дутагдалтай болжээ. Ажилтан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, дотоод дүрэм журмыг мөрдөх нь түүний хууль болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үндсэн үүрэгт хамаарах бөгөөд гагцхүү уг үүргийг хэрхэн биелүүлээгүй, буруутай үйлдэл, эс үйлдэл гаргасны улмаас ямар үр дагавар, хор уршиг үүссэн тохиолдолд ажил олгогч дангаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болох талаар талууд гэрээгээр тухайлан тохиролцсон байхыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т шаардана. Өөрөөр хэлбэл тухайн ажилтны ажлын байрны чиг үүрэг, онцлогоос шалтгаалж, түүний гаргасан зөрчлийн хэр хэмжээг талууд гэрээгээр тохиролцсон байдлаас хамаарч ажил олгогч түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн аль тохирох сахилгын шийтгэлийг ногдуулах эрх хэмжээ үүсэх учиртай. Үүн дотроос ноцтой зөрчилд хамаарах нөхцөл байдлыг талууд нарийвчлан гэрээгээр тухайлан тохироогүй тохиолдолд түүнд ажлаас шууд халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй юм. Энэ талаар Улсын Дээд шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмжид "гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаардана. Иймээс ажил олгогчоос гаргасан дүрэм, журам, зааварт тусгагдсан ажлын байрны тогтоосон горим, журмыг ажилтан ноцтой байдлаар зөрчсөн ч тухайн актыг хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзэх боломжгүй, харин дээрх дүрэм, журам, зааврын зарим заалтыг зөрчвөл "ноцтой зөрчил"-д тооцохоор хөдөлмөрийн гэрээнд заасныг адилтан үзэж болох юм" гэжээ. Анхан шатны шүүхээс хөдөлмөрийн гэрээний 6.2.3-д заасан "...дотоод дүрэмд журамд заасан зөрчил гаргавал хариуцлага хүлээлгэнэ" гэж хэт өргөн хүрээтэй тодорхойлсныг дүрэм, журам, зааврын зарим зүйл, заалтыг зөрчвөл хариуцлага хүлээхээр хөдөлмөрийн гэрээнд тусгасан мэтээр тайлбарласан нь үндэслэл муутай болжээ. Иймд гомдлыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Ш.Т нь хариуцагч “ХААДД" ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч Ш.Т нь хариуцагч байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулан 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс архив бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан ба 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 11.00 цагт ажлын байранд танхайрсан ноцтой зөрчил гаргасан тул ажил олгогчийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/05 тоот тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн байна. /хх-9-10, 33 дах тал/
Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, ХААДД ХК-ийн Ёс зүйн хорооны 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр дүгнэлт, ХААДД ХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.3.8, 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.1.14, хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1, 6.2.4-т заасныг тус тус үндэслэжээ.
/хх-33 дах тал/
Нэхэмжлэгч Ш.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хамт ажилладаг ажилтан Б.Гэрэлтуяатай хэрэлдэж, зодолдон, улмаар хувцасны шүүгээнд байсан түүний гадуур хувцсыг хутгаар зүссэн үйлдлийг гаргасан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн үзлэгийн тэмдэглэл болон зохигчдын тайлбар, Ёс зүйн хорооны дүгнэлтээр тогтоогдсон, энэ үйл баримтыг нэхэмжлэгч үгүйсгэж маргаагүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн гэрээг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан.
Нэхэмжлэгч Ш.Т-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийг тухайлан нэрлэн заагаагүй, харин ажил олгогч нь ажилтанд компанийн дотоод дүрэм, журамд заасны дагуу хариуцлага хүлээлгэх, шийтгэл ногдуулах эрх эдэлнэ гэж хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3-т, ажилтанд зөрчил дутагдал гаргасан тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулахыг компанийн хөдөлмөрийн дотоод журам 10 дугаар зүйлд заажээ. /хх9-10, 72-82 дах тал/
Хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн харилцааны явцад гарч болох ноцтой зөрчлийн тохиолдол бүрийг талууд харилцан тохиролцож нэрлэн заагаагүй тохиолдолд байгууллагын дотоодод мөрдөх дүрэм, журам, зааврыг зөрчсөн зөрчлийг ноцтойд тооцох, хөдөлмөрийн гэрээнд заасантай адилтган үзэх боломжтой бөгөөд нэхэмжлэгч Ш.Т-ын гаргасан бусдын эрх, эрх чөлөө, эд хөрөнгөд халдсан, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн зөрчлийн шинж байдал, үр дагаврыг ажил олгогч ноцтой гэж үзэж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсныг буруутгах үндэслэлгүй, ажил олгогчийн шийдвэр хуульд нийцсэн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.
Зөрчлийг хянан шийдвэрлэсэн Ёс зүйн хорооны хурлын тэмдэглэл, дүгнэлт нь санал, дүгнэлтийн шинжтэй бөгөөд ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан тушаал, шийдвэр гэж үзэхгүй тул нэг зөрчилд сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй талаар шүүх зөв дүгнэжээ.
Түүнчлэн, хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тул гурав хүртэл насны хүүхэдтэй эхийг ажлаас халахыг хориглох тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дахь хэсэгт хамаарахгүй талаарх шүүхийн дүгнэлт зөв тул түүнийг ажлаас халсан нь үндэслэлгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүх хариуцагч ХААДД ХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай Ш.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасантай нийцжээ.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2019/00755 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ