Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2022/02557

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ...... тоотод оршин суух, И ургийн овогтой У Ц /РД:.........../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ....... У ургийн овогтой Б Э /РД:............./-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 17,972,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч У.Ц ,

Хариуцагч Б.Э ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч У.Ц нь хариуцагч Б.Э д холбогдуулан 17,972,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч У.Ц нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: У овогтой Ц миний бие нь 2020 оны 9 сард Б.Э гэх залуутай ..... УНР улсын дугаартай, тэвшгүй ачааны Hino автомашиныг тэвш, порчиг болон бусад загварыг Б.Э нь засаж, гагнуур хийгээд жин тан болгож өгөөд 19,000,000 төгрөгөөр С дүүрэг 5 шард өгч авалцан ам хэлэлцээр хийж  банкны ................. тоот дансанд 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 2,000,000 төгрөг, 09 дүгээр сарын 13-ны өдөр 2,500,000 төгрөгийг Б.Э гийн дансанд Б.Э гийн өгсөн данс болох ......... тоот дансанд 11 дүгээр сарын 05-ны өдөр 1,257,000 төгрөг, 10 дугаар сарын 06-ны өдөр ...... тоот дансанд 1,150,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ...... тоот дансанд 800,000 төгрөгийг тус тус З гэх данс руу хийхдээ 12,707,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Уг автомашин нь эвдрэл гэмтэл гараад өдийг хүртэл явахгүй, Б.Э тай удаа дараа ярьсан боловч хэлэлцээр хийхдээ хэлсэн үгэндээ хүрээгүй татгалзсан. Иймд өөрсдийн зардлаар засвар үйлчилгээ, порчиг, тэвш 2 шинэ дугуй авч, 2 шинэ дискийг соль хийхдээ 5,000,000 төгрөгийг зарцуулсан. Гэтэл Б.Э нь 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хашааны айл эзгүй байхад хулгайгаар ямар нэгэн мэдэгдэл өгөлгүйгээр 3164 УБЯ улсын дугаартай автомашины жолоочтой ирээд гэрийн гаднаас авч явсан байгаа тул 16,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч У.Ц нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатаа: ..... УНР улсын дугаартай автомашинд байгаа дараах эд зүйлсийг нэхэмжилж байна. Үүнд час час татлага 14 ширхэг 252,000 төгрөг, кабин халаагч 1 ширхэг 350,000 төгрөг, тосол халаагч 1 ширхэг 60,000 төгрөг, хийн порцов 1 ширхэг 180,000 төгрөг, аккумулятор цэнэглэгч 1 ширхэг 75,000 төгрөг, аккумулятор 90А 1 ширхэг 130,000 төгрөг, нарийн мяндсан татлага 100 метр 120,000 төгрөг, бүдүүн мяндсан татлага 60 метр 120,000 төгрөг, данкрат 35 тонн 1 ширхэг 50,000 төгрөг, данкрат 25 тонн 1 ширхэг 35,000 төгрөг, тайл 1 тонн 1 ширхэг 130,000 төгрөг, үзүүрлэсэн дээс 1 ширхэг 60,000 төгрөг, нийт 1,972,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

2.Хариуцагч Б.Э нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: У.Ц ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч байна. Учир нь Б.Э миний бие нь ..... УНР улсын дугаартай Hino Profia маркийн авто машинаа 2020 оны 9 сард 20,000,000 төгрөгөөр зарсан ба ................. тоот дансанд 9,500,000 төгрөгийг хэлсэн ёсоор засвар үйлчилгээ, гагнуур зэргийг хийж дуусгах хугацаандаа авсан. Харин үлдэгдэл мөнгийг сар бүр О ББСБ ХХК-ийн хуваарийн дагуу төлөх гэсэн аман хэлэлцээрээр О ББСБ ХХК-д У.Ц ыг дагуулан очиж зээл болон фидуцын гэрээг шилжүүлэх гэсэн боловч орон нутгийн хаягтай болохгүй миний нэр дээр хэвээр үлдэгдэл зээлийн төлөлт дуусахаар нэр шилжүүлж болно гэсэн банк бус санхүүгийн байгууллагын зөвшөөрлөөр У.Ц нь цаг тухай бүрд нь төлөлт найдвартай хийнэ. Авто ломбарднаас урьдчилгаа өгөөд машин авах гэсэн боловч сайн машин олдохгүй байна гэж уг авто ломбардны таньдаг хүнээс миний дугаарыг авч холбогдоод авто машиныг худалдаж авах болсон. Иргэн У.Ц нь эхний хоёр сар буюу 10, 11 сарын төлөт хийгээд түүнээс хойш хуваарийн дагуу төлөлт хийхгүй байсан тул О ББСБ ХХК-иас миний нэр дээр 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр зээлийн өр төлбөр барагдуулах тухай шаардлага ирсэн. Үүнийг У.Ц ад хэлсэн боловч зээлийг барагдуулаагүй буюу хэл сураггүй болсон. Мөн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр зээлийн хүүгийн нэмэгдүүлсэн дүнгээр буюу нийт 11,620,170.16 төгрөгийг барагдуулах шаардлагатай Дахин өр барагдуулах шаардлага ирсэн. Мөн түүнийг иргэн У.Ц ад хэлэхэд банк бус санхүүгийн байгууллагын дансанд 800,000 төгрөг хийсэн бөгөөд энэ хугацаанд миний утасны дуудлагыг авахгүй байсан ба би эрж хайж 5 шард ачаа ачаад орон нутгаас орж ирээд гэрээ нүүлгэж хотоос гарч байх үед нь таарч авто машины бичиг баримтыг авсан боловч эхнэрийн цалингийн зээл аваад төлнө, тун удахгүй гэж хэлээд бичиг баримтаа буцааж авсан. 2021 оны 5 сараас хойш хуваарийн дагуу төлөлт хийгдэхгүй байна гэсэн шаардлагын дагуу Б.Э миний бие нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харин У.Ц тохиролцож өрийг барагдуулна гэсэн учир нэхэмжлэлээ буцаасан. О ББСБ ХХК-ийн зээлийн хугацаа дууссан, төлөгдөөгүй байсан тул зээлийн хариуцагч миний нэр дээр нэхэмжлэл ирсэн. Уг нэхэмжлэл зохих журмын дагуу явагдаж ..... УНР улсын дугаартай Hino profia маркийн авто машинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажил 9 дүгээр сарын 16-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэрээр О ББСБ ХХК-ийн өмгөөлөгч, хуулийн зөвлөх Б.Ц болон Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хорооны цагдаагийн хамт хурааж авах үйл ажиллагаа явагдсан. Уг автомашин Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хорооны гудамжинд тэвшээр нь дүүрэн хог ачаастай айлын гадаа гудамжинд байсан. Мөн У.Ц нь нэхэмжлэлдээ авсан машинаа эвдрээд өдийг хүртэл яваагүй гэж байгаа нь худал хот хооронд ачаа тээвэрлэж явж байсныг нь миний таньдаг хүмүүс хараад надад мэдээлэх буюу У.Ц өөрийн цахим хаягтаа ажил хийж байгаа зургаа нийтэлж байсан зэргээр батлагдана. Иргэн У.Ц нь намайг хэлэлцээр хийхдээ хэлсэн үгэндээ хүрээгүй татгалзсан гэж ташаа мэдээлэл бичсэн байна. Б.Э миний бие автомашинаа өгөхдөө хэлсэн ёсоор рамыг У.Ц ын хүслийн дагуу сунгаж, гагнуур хийж, тэвшний стремжийг өөрийн мөнгөөр худалдан авч засварын залуусаар боолгож ажилд гарахад бэлэн болгож өгсөнийг минь ташаа мэдээлж байна. У.Ц нь миний машинаар 8,000 км явсан байсан. Бүх зүйл нь өөрийнх нь эд анги гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр баталгаажсан. Уг машин нь давцант ачааны задгайгаар ачаа ачих зориулалтын машин байсныг өөрийн хэрэгцээнд тохируулж тэвш хийж авна гэж байсан. Аман хэлэлцээр хийгдэж нэр шилжүүлээгүй ч уг машиныг худалдаж авч явснаас хойших эвдрэл гэмтэл 2 дугуй, 2 диск сольж тавих зэрэг нь У.Ц ын өөрийн хариуцах асуудал тул надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, У.Ц ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс Иргэний үнэмлэхийн лавлагаа, фото зураг, Хаан банк ХХК-ийн деспозит дансны дэлгэрэнгүй хуулга, ..... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн мэдэгдэх хуудас, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ....... тоот албан бичиг,

Хариуцагчаас фото зураг,

Шүүхийн журмаар шинжээчийн дүгнэлт баримт бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч У.Ц нь хариуцагч Б.Э д холбогдуулан автомашин худалдан авахаар шилжүүлсэн 12,707,000 төгрөг, завсар үйлчилгээ, эд ангийн үнэ 5,000,000 төгрөг, татлага, кабин халаагч, тосол халаагч, хийн дроцов, аккумлятор цэнэглэгч, аккумлятор, нарийн мяндсан татлага, бүдүүн мяндсан татлага, дамкрат 35 тонн, 25 тонны тайл, үзүүрсэг дээлийн үнэ 1,972,000 төгрөг нийт 17,972,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, өөрчлөн автомашин худалдан авахаар шилжүүлсэн 12,700,000 төгрөг, тайл, кабин халаагчийн үнэ 440,000 төгрөг, порчиг, тосоол халаагч гаргуулахаар шаардсан байна.

 

4.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Hino Profia маркийн ..... УНР улсын дугаартай автомашиныг 19,500,000 төгрөгөөр Б.Э гаас худалдан авахаар тохиролцсоны дагуу дансаар 12,707,000 төгрөг шилжүүлсэн. Гэвч автомашинаа надад хэлэлгүйгээр буцаагаад авч явсан. Буцааж авах гэтэл өгөөгүй. Би автомашинд порчиг, тэвш, дугуй диск зэргийг сольж засвар үйлчилгээ хийхэд 5,000,000 төгрөг зарцуулсан. Мөн татлага, кабин халаагч, тосол халаагч, хийн дроцов, аккумлятор цэнэглэгч, аккумлятор, нарийн мяндсан татлага, бүдүүн мяндсан татлага, дамкрат 35, 25 тонны тайл, үзүүрсэг дээлийг машинтай хамт аваад явсан учир үнэ 1,972,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш зарим зүйлийг буцааж авсан. Иймд дансаар шилжүүлсэн 12,700,000 төгрөг, машиндаа байгаа порчиг, тосол халаагчийг буцаан авна. 90,000 төгрөгийн үнэтэй тайл, 350,000 төгрөгийн үнэтэй кабин халаагч байхгүй болсон учир үнэ 440,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...У.Ц тай 2020 оны 09 дүгээр сард Hino Profia маркийн, ..... УНР улсын дугаартай автомашиныг 20,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Үүнээс бэлнээр 9,500,000 төгрөг авсан. Машин банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн барьцаанд байсан учир үлдэх 10,500,000 төгрөгийг У.Ц банк бус санхүүгийн байгууллагын зээлийн гэрээний дагуу зээлийг хүүтэй нь төлж дуусгаад авахаар тохиролцоо хийсэн. Гэвч зээлийг хугацаандаа төлөөгүй учир машиныг банк бус санхүүгийн байгууллага хураан авч, надаас зээлийн төлбөр 13,600,000 төгрөг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би банк бус санхүүгийн байгууллагын зээлийг хүнээс хүүтэй мөнгө зээлж төлсөн. Автомашинд порчиг, тосол халаагч нь байгаа учир буцааж өгнө. Машинд байсан бусад зүйлийг өгсөн. Тайл, кабин халаагч байхгүй, үнэ 440,000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Мөн машин худалдан авсан 12,700,000 төгрөгийг буцаахгүй гэж маргасан.

 

5.Нэхэмжлэгч У.Ц , хариуцагч Б.Э нар 2020 оны 09 дүгээр сард Hino Profia маркийн, ..... УНР улсын дугаартай автомашиныг худалдах худалдан авахаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч У.Ц нь автомашины үнээс 9,500,000 төгрөгийг төлж, үлдэх хэсгийг хариуцагч Б.Э , О ХХК-тай байгуулсан зээлийн дагуу зээл, хүүг төлж авах, автомашин зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан болохыг зөвшөөрч хэлцэл хийсэн талаар маргаагүй.

 

6.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

7.Гэвч нэхэмжлэгч У.Ц нь хариуцагч Б.Э тай харилцан тохиролцсоны дагуу автомашины үнийн үлдэх хэсгийг О ХХК-д төлөх үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан байна.

 

8.Хариуцагч Б.Э нь .... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд О ХХК-иас гаргасан зээл 9,762,237 төгрөг, хүү 3,094,482 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 268,135 төгрөг нийт 13,124,856 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг бүрэн төлж, автомашинаа авсан. У.Ц аас автомашины үнэ 11,620,170 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхэд гаргасан ч төлбөрийн талаар маргасан учир автомашиныг өгөхөөс татгалзаж, шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан гэх тайлбар гаргасан.

 

9.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.

 

10.Нэхэмжлэгч автомашины үнэ төлөх үүргээ биелүүлээгүйгээс талуудын хооронд төлбөрийн талаар маргаан үүсэж, хариуцагч автомашиныг нэхэмжлэгчид шилжүүлэхээс татгалзсан үйл баримт тогтоогдож байна гэж үзэв.

 

11.Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зохицуулсан.

 

12.Хариуцагч гэрээнээс татгалзсан үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгч нь хариуцагчид болон О ХХК-ийн зээлд шилжүүлсэн 12,700,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна.

 

13.Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардсан автомашины порчиг, тосоол халаагч-ийг нэхэмжлэгчид буцаан өгөхийг зөвшөөрч маргаагүй.

 

14.Харин автомашины тайл кабин халаагч 440,000 төгрөгийн үнэтэй эсэх, хариуцагч хариуцах үндэслэл зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

15.Иймд хариуцагч Б.Э гаас 12,700,000 төгрөг, автомашины порчиг, тосоол халаагч гаргуулан нэхэмжлэгч У.Ц ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 440,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж шүүх дүгнэв.

 

16.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284,452 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 218,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 200,000 төгрөг гаргуулан шинжээч Х ХХК-д олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т заасны дагуу хариуцагч Б.Э гаас 12,700,000 төгрөг, автомашины порчиг, тосоол халаагч гаргуулан нэхэмжлэгч У.Ц ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 440,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгч У.Ц аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284,452 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э гаас 218,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 200,000 төгрөг гаргуулан шинжээч Х ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР