Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/01871

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/01871

 

 

У.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2022/02557 дугаар шийдвэртэй,

У.Ц-ын нэхэмжлэлтэй Б.Э-д холбогдох,

17,972,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч У.Ц-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Э-д холбогдуулан *** УБЯ улсын дугаартай автомашины үнэд шилжүүлсэн 16,000,000 төгрөгийг буцаан гаргуулах, автомашинд байгаа дараах эд зүйлсийн үнэ 1,972,000 төгрөг, нийт 17,972,000 төгрөг шаардсан боловч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж,

1.1 2020 оны 9 дүгээр сард Б.Э-тай байгуулсан *** УНР улсын дугаартай автомашиныг худалдах худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагавар болох гэрээгээр шилжүүлсэн 12,707,000 төгрөг,

1.2. Тайл, кабин халаагчийн үнэ 440,000 төгрөг,

1.3. Порчиг, тосол халаагч гаргуулахаар шаарджээ.

У.Ц- нь 2020 оны 9 дүгээр сард Б.Э-тай *** УНР улсын дугаартай, тэвшгүй ачааны Hino Profia маркийн автомашиныг худалдах, худалдан авах хэлцэл хийсэн. Автомашиныг шилжүүлэн өгч, Б.Э-д бага багаар нийт 12,707,000 төгрөгийг шилжүүлсэн. Уг автомашин нь эвдрэл гэмтэл байсан тул Б.Э-тай удаа дараа ярьсан боловч хэлцэл хийхдээ хэлсэн үгэндээ хүрээгүй. Б.Э- нь 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хашааны айл эзгүй байхад *** УБЯ улсын дугаартай автомашиныг жолоочтой ирээд гэрийн гаднаас авч явсан.

Иймд дансаар шилжүүлсэн 12,707,000 төгрөг, тайл, кабин халаагчийн үнэ 440,000 төгрөгийг гаргуулах, порчиг тосол халаагчийг буцаан гаргуулж өгнө үү.

 

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Б.Э- нь *** УНР улсын дугаартай Hino Profia маркийн автомашинаа

2020 оны 9 сард 20,000,000 төгрөгөөр худалдсан ба 9,500,000 төгрөгийг хэлсэн ёсоор шилжүүлэн авсан. Харин үлдэгдэл мөнгийг сар бүр Ом авто кредит ХХК-д хуваарийн дагуу төлөх гэсэн аман хэлэлцээрээр уг компани дээр У.Ц-ыг дагуулан очиж зээл болон фидуцийн гэрээг шилжүүлэх гэсэн боловч орон нутгийн хаягтай учраас шилжүүлэх боломжгүй болсон тул зээл Б.Э-гийн нэр дээр үлдэж, зээлийн төлөлт дуусахаар автомашины нэр шилжүүлэхээр болсон. У.Ц- нь эхний хоёр сарын төлөлт хийгээд түүнээс хойш хуваарийн дагуу төлөлт хийгээгүй. Ом авто кредит ХХК-аас Б.Э-гийн нэр дээр 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр зээлийн төлбөр барагдуулах шаардлага ирсэн. Үүнийг У.Ц-ад хэлсэн боловч зээлийг төлөөгүй. 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар зээлийн хүүгийн нэмэгдүүлсэн дүнгээр нийт 11,620,170 төгрөгийг барагдуулах шаардлагатай болсон. Энэ талаар У.Ц-ад хэлэхэд банк бус санхүүгийн байгууллагын дансанд 800,000 төгрөг хийсэн. Ом авто кредит ХХК-ийн зээлийн хугацаа дууссан, төлөгдөөгүй байсан тул Б.Э-д холбогдуулан нэхэмжлэл ирсэн. Уг нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, автомашиныг хурааж авсан. Мөн автомашиныг эвдрээд өдийг хүртэл яваагүй гэж байгаа нь худал. У.Ц- нь дээрх машинаар 8,000 км явсан байсан. Шинжээчийн дүгнэлтээр эд ангиуд өөрийнх болох нь тогтоогдсон. Аман хэлэлцээр хийгдэж нэр шилжүүлээгүй ч уг машиныг худалдаж авч явснаас хойших эвдрэл гэмтэл 2 дугуй, 2 диск сольж тавих зэрэг нь У.Ц-ын өөрийн хариуцах асуудал тул надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Б.Э-гаас 12,700,000 төгрөг, автомашины порчиг, тосол халаагч гаргуулан нэхэмжлэгч У.Ц-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 440,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч У.Ц-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284,452 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-гаас 218,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 200,000 төгрөг гаргуулан шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. У.Ц- нь 2020 оны 9 сард надаас *** УНР улсын дугаартай Hino Profia маркийн автомашиныг худалдаж авсан. Урьдчилгаа 9,500,000 төгрөг төлөн үлдэгдэл 9,500,000 төгрөгийг Ом авто кредит ХХК-д төлөх нөхцөлтэйгөөр авсан. Тэрээр 2020 оны 10, 11 сард зээлийн графикийн дагуу төлөлт хийгээд 2021 оны 5 сар хүртэл төлөлт хийгээгүй тул Ом авто кредит ХХК нь 2021 оны 7 сард шүүхэд нэхэмжлэл гарган 2021 оны 9 сард шүүхийн шийдвэр гарч, автомашиныг хураан авсан. Автомашиныг хурааж авах үед эд анги эвдэрсэн байсан. Эвдэрсэн эд зүйлийг зах зээлийн үнэтэй дүйцүүлэн тооцож, нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасах нь зүйтэй. Автомашинд үнэлгээ хийлгэж 2020 оны 9 сараас 2021 оны 9 сар хүртэлх хугацаанд ашигласан тул ашигласан хоногийн тоогоор түрээс бодож нэхэмжилж буй мөнгөн дүнгээс хасаж тооцож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Давж заалдах гомдол үндэслэлгүй. Талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээ байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч У.Ц- нь хариуцагч Б.Э-д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Үүнд: 2020 оны 9 дүгээр сард Б.Э-тай байгуулсан *** УНР улсын дугаартай автомашиныг худалдах худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагавар болох гэрээгээр шилжүүлсэн 12,707,000 төгрөг, тайл, кабин халаагчийн үнэ 440,000 төгрөг, порчиг, тосол халаагч гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ.Үүнд:

2.а. Нэхэмжлэгч У.Ц-, хариуцагч Б.Э- нар 2020 оны 09 дүгээр сард Hino Profia маркийн, *** УНР улсын дугаартай автомашиныг худалдах худалдан авахаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч У.Ц- нь автомашины үнээс 9,500,000 төгрөгийг төлж, үлдэх хэсгийг хариуцагч Б.Э-гийн Ом авто кредит ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу зээл, хүүг төлөх замаар үүргээ гүйцэтгэхээр тохиролцсон байна.

 

2.б. Гэрээний зүйл болох Hino Profia маркийн, *** УНР улсын дугаартай автомашин Б.Э-гийн Ом авто кредит ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үйл баримтад талууд маргаагүй.

 

2.в. Хариуцагч Б.Э- нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ом авто кредит ХХК-аас гаргасан зээл 9,762,237 төгрөг, хүү 3,094,482 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 268,135 төгрөг, нийт 13,124,856 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч хэргийг шийдвэрлүүлжээ.

 

2.г. Дээрх гэрээний зүйл болох Hino Profia маркийн, *** УНР улсын дугаартай автомашиныг Ом авто кредит ХХК хураан авсан үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

2.д. Хариуцагч Б.Э- нь У.Ц-аас автомашины үнэд 11,620,170 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхэд гаргасан ч нэхэмжлэлээ татаж авсан талаар талууд тайлбарлажээ.

 

2.е. Хариуцагч Б.Э- нь нэхэмжлэгчийн шаардсан автомашины порчиг, тосол халаагчийг нэхэмжлэгчид буцаан өгөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасан.

 

2.ё. Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас автомашины тайл, кабин халаагч 440,000 төгрөгийн үнэтэй эсэх, хариуцагч хариуцах үндэслэлтэй эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна.

 

2.ж. Анхан шатны шүүхээс хариуцагч Б.Э-гаас 12,700,000 төгрөг гаргуулж У.Ц-ад олгож шийдвэрлэсэнд үнийн дүнгийн хэмжээний хувьд хариуцагч маргаагүй.

 

3. Зохигч дараах асуудлаар маргаантай байна. Үүнд:

3.а. Нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзсан тул 12,700,000 төгрөгийг буцаан гаргуулна гэсэн байр суурийг хариуцагч эс зөвшөөрч буцаахгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Талууд гэрээний зүйл гуравдагч этгээдийн барьцааны эрхээр хязгаарлагдсан гэдгийг мэдэж, гэрээг байгуулсан тул эрхийн зөрчилтэй хөрөнгө худалдсан гэж үзэх боломжгүй.

 

Харин худалдан авагч буюу нэхэмжлэгч У.Ц- нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг бүрэн төлөх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гэрээ биелэгдэх боломжгүй болж, гэрээний зүйл шүүхийн шийдвэрээр хураагдсан үйл баримт талуудын тайлбараар маргаангүй тогтоогдсон.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

 

Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэгчээс хариуцагчид болон Ом авто кредит ХХК-ийн зээлд шилжүүлсэн 12,700,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

 

Хариуцагчаас ...хурааж авах үед автомашины эд анги эвдэрсэн байсан. Эвдэрсэн эд зүйлийг зах зээлийн үнэтэй дүйцүүлж бодож нэхэмжилж буй мөнгөн дүнгээс хасуулна. Автомашинд үнэлгээ хийлгэж 2020 оны 9 сараас 2021 оны 9 сар хүртэлх хугацаанд ашигласан тул ашигласан хоногийн тоогоор түрээс бодож нэхэмжилж буй мөнгөн дүнгээс хасуулж тооцуулна гэж давж заалдах журмаар гомдол гаргасан боловч энэ талаар анхан шатны шүүхэд тайлбар, сөрөг нэхэмжлэл, нотлох баримт гаргаагүй тул уг гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

 

Зохигчийн гэрээний зүйл нь автомашин бөгөөд ашиглалтын явцад аливаа эд хөрөнгө тэр дундаа автомашин ердийн элэгдэлд ордог. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.3-т заасан үүргийн зүйлийг ердийн элэгдэл, хорогдлоос гадуур гэмтээсэн, муутгасан, дутаасан, устгасан гэх үйл баримт хэрэгт тогтоогдоогүй тул мөн зүйлийн 205.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгчид мөнгөөр нөхөн төлөх үүрэг үүсээгүй. Мөн талуудын гэрээнээс татгалзсан тохиолдолд түрээсийн төлбөр төлөх талаар тохиролцсон зүйл тогтоогдохгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2022/02557 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД