Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2022/00985

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.Э-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х.С-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: “2015 оны 09 сарын 22-ны өдрийн “Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Марал-Эрдэнэ.

/Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хянан хэлэлцэв./

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь Улсын бүртгэлийн Ү-2204064492 дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15-р хороолол, Хилчид гудамж 33-р байрны 76 тоот 514,92 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг дангаар өмчилдөг.

Нөхөр н.Ганзориг түүний эхнэр Х.С нар нь надтай танилцаад удаагүй байхдаа Жижиг дунд үйлдвэр эрхлэгчид /ЖДҮЭ/-ийн зээл авах гэсэн юм хөрөнгө дутагдалтай байна туслаач гэж гуйсан. Банк миний өгсөн “Итгэмжлэл”-ийг шаардлагад нийцэхгүй гэж амаар хариу өгч Х.С нарт зээл олгоогүй. Нэлээд хэдэн сарын дараа Х.С нь над дээр ирээд миний өмчлөлд чиний орон сууцыг шилжүүлбэл болох юм байна туслаач гэж дахин гуйсан. Би захиран зарцуулах эрхгүйгээр бол болох юм гэж хэлээд зориуд энэ үгийг бичээд дээрх хэлцлийг хийсэн.

Капитал банкнаас “Соёлзорро” ХХК-тай 2015 оны 09 сарын 23-ны өдрийн 43 тоот ЖДҮХО-ын зориулалтай 240 сарын урт хугацааны зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, түүний “Соёлзорро” ХХК-ийг зээлийн гэрээний үүрэгт 624,665,371 төгрөг төлөх үүргээ эс биелүүлсэн гэж 43 тоот Барьцааны гэрээний дагуу Улсын бүртгэлийн Ү-2204064492 дугаарт бүртгэгдсэн миний өмчлөлийн орон сууцнаас Х.Сд шилжсэн хэсэг төлбөрт хураагдаж, захиран зарцуулагдахаар болсон байна.

Энэ талаар Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрүүд гарсан байх ба шийдвэрүүд гарахад надад огт мэдэгдээгүй юм. Хэрэв мэдэгдсэн бол ингэж олон газарт гомдол гаргахгүй, өмчлөх эрх зөрчигдөх “шүүхийн шийдвэрт Итгэмжлэлийг үндэслэн барьцааны гэрээ хийгдсэн гэж дүгнэсэн байсан, Үнэндээ бол Итгэмжлэл, хэлцэл гэсэн бичгийн баримтуудаас энэ хэлцэл нь миний өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байгаа юм.

Нотариатчийн буруутай үйлдэл гэж миний бие шүүхэд гомдол гаргаснаар, эцсийн шийдвэр Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 10 сарын 19-ний өдрийн 01/ХТ2021/01252 дугаар тогтоолыг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авснаар, нотариатч гэм буруутай биш иргэн Х.С нь намайг төөрөгдүүлж хэлцэл хийж хохироосон юм байна гэдэг нь тодорхой боллоо.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас надад 2021 оны 11 сарын 15-ны өдөр ирж мэдэгдэл өгсөн ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гомдол гаргасан байгаа.

Эдгээрээс гадна тус шүүхийн 2021 оны 07 сарын 08-ны өдрийн 182/Ш32021/06302 тоот шүүгчийн захирамжаар Ц.Эын нэхэмжлэлтэй Х.Сд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон ба шүүгчийн захирамжид заасан үндэслэл арилсан. Тодруулбал: Хэлцэл гэрчилсэн Нотариатчийн үйлдэл буруу үгүй, харин иргэн Х.С нь миний өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байгаа гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага дахин гаргаж байна.

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дүгээр зүйлийн үндэслэлийг задалж тайлбарлахдаа манай үйлчлүүлэгч өнөөдрийн байдлаар энэ хэлцэл гэрээ юм гэж үзэж байгаа. Энэ хийсэн хэлцлийн хэлбэрийг зөрчсөн. Ноцтой төөрөгдсөн. Яагаад гэвэл Х.С өмчлөгч байх учиргүй, ийм хэлбэртэй байвал надад тус болж байна гэхээр нь цаашид үр дагаврыг нь ойлгоогүй байна гэж үзэж ноцтой төөрөгдөлд орсон. Банкны зээлийг “Соёлзорро” ХХК-ийн өмчлөлд шилжвэл захиран зарцуулагдаад явна. Нөгөө талаас нь харвал хууль зөрчсөн хэлцэл байгаа. Тэрийг нотлохын тулд эрүүгээр шалгуулах хууль дүрмийг зөрчсөн гэдэг процедур шаардагдаж байгаа юм. Эцсийн үр дүнд ингэвэл болно гэж ойлгож, төөрөгдсөн байна гэж үзэж байгаа юм

Иймд Ц.Э болон Х.С бидний хооронд 2015 оны 9 сарын 22-ны өдөр “Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл”-ийг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү.” гэв.

           

2.Хариуцагч Х.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Х.Сд анх банкнаас зээл авах шаардлага гарах үед барьцаа хөрөнгийн дутагдалд орсон бөгөөд Капитал банкны эдийн засагчтай уулзах үед ямар нэг аргаар нэмэлт барьцаа хөрөнгө олж ирэх, бүр болохгүй бол бусад хэн нэгний үл хөдлөх хөрөнгө дээр хамтран өмчлөгчөөр бүртгүүлээд ир гэсэн зөвлөгөө, шаардлага өгсөн байдаг.

Ингээд Ц.Эт санаа зорилгоо хэлж, туслалцаа гуйхад “гагцхүү захиран зарцуулах эрхгүйгээр хамтран өмчлөгчөөр бүртгүүлж болох юм” гэсэн агуулгаар зөвшөөрсөн ба тэр тохиролцооны дагуу хэлцэл хийгдэж Х.С нь Баянзүрх дүүрэг, 4 хороо, 15 хороолол, Хилчид гудамж, 33-р байрны 76 тоотод орших 514,92 м.кв талбайтай 5 өрөө, улсын бүртгэлийн Ү2204064492 бүртгэлтэй орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн нь үнэн юм.

Тухайн үедээ Х.С болон Ц.Э нар нь гэрээний үүргийн шаардлага, түүнийг барьцаагаар хангуулах эрсдэл үүсэж болохыг тооцоолоогүй байх талтай.

Ц.Эын туслалцаатайгаар барьцаа хөрөнгийн үнэлгээ нэмэгдэж, банкнаас тавьж буй шаардлагыг хангаж Х.С нь “Соёл Зорро” ХХК-ний нэрээр 2015/09/23-нд Капитал банкнаас зээл авсан бөгөөд 2018 оны хавраас бизнесийн үйл ажиллагаа доголдож зээлийн төлбөр төлөхөд хүндрэл үүссэнээр Капитал банк урт хугацааны гэрээг нэг талын санаачилгаар цуцалж иргэний шүүхэд хандан шүүхийн шийдвэр гаргуулсан юм.

Капитал банкны нэхэмжлэлтэй “Соёл Зорро”ХХК-д холбогдох гэрээний үүрэгтэй холбоотой иргэний хэргийг иргэний шүүх 2018-2019 онд хянан хэлэлцэж, анхан, давж заалдах, хяналтын шатны шийдвэр, магадлал, тогтоол гарсан.

Тухайн гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэж байх явцад нэхэмжлэгчийн зүгээс барьцаа хөрөнгийн үндсэн өмчлөгч Ц.Эыг хариуцагчаар татах хүсэлт гаргаагүй, Х.С нь гэрээний үүргийн шаардлага, түүнийг барьцаагаар хангуулах тухай маргаан шүүхээр хянагдаж байгааг Ц.Э нь иргэний хэрэг хянан шийдвэрлэж байгааг Ц.Эт мэдэгдээгүй тул Ц.Э нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй бөгөөд шүүхийн шийдвэрийн талаар болон одоо явагдаж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар огт мэдээгүй нь үнэн.

            Одоо Ц.Э болон Х.С нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Хилчид гудамж, 33 байрны 76 тоотод орших 514,92 м.кв талбайтай 5 өрөө, улсын бүртгэлийн Ү2204064492 бүртгэлтэй орон сууц нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжлэгдэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

            Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж нэмж тайлбарлах зүйлгүй болно.” гэв.

 

3.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.07.08-ны өдрийн 182/ШЗ2021/06302 дугаартай шүүгчийн захирамж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.11.23-ны өдрийн 2347 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.10.19-ний өдрийн 001/ХТ2021/01252 дугаар тогтоол, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.02-ны өдрийн 182/ШШ2018/01906 дугаартай шүүхийн шийдвэр, 2021.11.15-ны өдрийн 20360327/12 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай 2021.11.15-ны өдрийн 20360327/11 дугаар мэдэгдэл, Ү-2204064492 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл, 2015.09.23-ны өдрийн 43 дугаар Барьцааны гэрээ, барьцаалбар 11-531461, 2013.06.13-ны өдрийн 321 дугаартай зээлийн гэрээ, хавсралт, 2013.06.13-ны өдрийн 321 дугаартай барьцааны гэрээ, эмнэлгээс өвчтөн илгээх хуудас, 2022.01.18-ны өдрийн 20360327/17 шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны мэдэгдэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.03-ны өдрийн 182/ШШ2019/03414 дугаартай шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.05-ны өдрийн 292 дугаар магадлал, 2022.04.04-ний өдрийн итгэмжлэл, Ц.Э, Э.Цэрэндаваа нарын гэрлэлтийн гэрчилгээ, Э.Оюу төрсний гэрчилгээ, Э.Төгөлдөрийн төрсний гэрчилгээ, 2022.04.05-ны Эмчийн тодорхойлолт, өмгөөллийн үг зэрэг баримт гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас 2021.06.08-ны өдрийн итгэмжлэл, хариу тайлбар гаргаж өгсөн.

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

            Нэхэмжлэгч Ц.Э нь Х.Сд холбогдуулан “2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Х.С зээл авахад туслаач гэж гуйсан, Х.С нь орон сууцыг өмчлөлд шилжүүлбэл болно гэж дахин гуйсан. Би захиран зарцуулах эрхгүйгээр бол болох юм гэж хэлээд зориуд энэ үгийг бичээд дээрх хэлцлийг хийсэн.

Зээлийн гэрээний үүрэгт 624,665,371 төгрөг төлөх үүргээ эс биелүүлсэн гэж 43 тоот барьцааны гэрээний дагуу Ц.Эын өмчлөлийн орон сууцнаас Х.Сд шилжсэн хэсэг төлбөрт хураагдаж, захиран зарцуулагдахаар болсон байна. Энэ талаар 3 шатны шүүхийн шийдвэрүүд гарсан байх ба надад огт мэдэгдээгүй.

Х.С нь намайг төөрөгдүүлж хэлцэл хийж хохироосон, ноцтой төөрөгдсөн. Х.С өмчлөгч байх учиргүй, ийм хэлбэртэй байвал надад тус болж байна гэхээр нь цаашид үр дагаврыг нь ойлгоогүй байна гэж үзэж ноцтой төөрөгдөлд орсон. Банкны зээлийг “Соёлзорро” ХХК-ийн өмчлөлд шилжвэл захиран зарцуулагдаад явна. Эцсийн үр дүнд төөрөгдсөн. Иймд 2015 оны 09 сарын 22-ны өдөр хэлцлийг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлд дараах үндэслэлээр тайлбар гаргасан байна. Үүнд: Х.С банкнаас зээл авах шаардлага гарч, барьцаа хөрөнгө дутагдаж, Ц.Эаас туслалцаа гуйхад “гагцхүү захиран зарцуулах эрхгүйгээр хамтран өмчлөгчөөр бүртгүүлж болох юм” гэсэн агуулгаар зөвшөөрсөн ба хэлцэл хийгдэж Х.С нь улсын бүртгэлийн Ү-2204064492 бүртгэлтэй орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн нь үнэн юм.

Тухайн үедээ Х.С болон Ц.Э нар нь гэрээний үүргийн шаардлага, түүнийг барьцаагаар хангуулах эрсдэл үүсэж болохыг тооцоолоогүй байх талтай.

Капитал банкны нэхэмжлэлтэй “Соёл Зорро” ХХК-д холбогдох маргааныг Ц.Эт мэдэгдээгүй тул иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй бөгөөд шүүхийн шийдвэрийн талаар болон одоо явагдаж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар огт мэдээгүй нь үнэн, нэмж тайлбарлах зүйлгүй гэж тайлбарлажээ.

 

            Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

            Нэхэмжлэгч Ц.Э хариуцагч Х.Стэй 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр “Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл” байгуулагдсан, уг хэлцлээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, /13344/ Хилчид гудамж 33 байрны 76 тоот Ү-2204064492 дугаарт бүртгэгдсэн орон сууцны өмчлөгч Ц.Э нь Х.Сд 514,92 м.кв, 5 өрөө, 100,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны өмчлөлд төслийн зээлд хамрагдахын тулд орон сууцыг захиран зарцуулах эрхгүйгээр хамтран өмчлөгчөөр нэмж оруулахаар харилцан тохиролцсон болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр “Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл”, Ү-2204064492 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

            Ц.Э нь нотариатч Г.Мэндбаярт холбогдуулан “2015.09.22-ны өдрийн орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг гэрчилсэн үйлдлийг хүчингүйд тооцуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.03-ны өдрийн 101/ШШ2019/03414 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлал болон Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.10.19-ний өдрийн 001/ХТ2021/01252 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба шүүхийн дээрх шийдвэр, магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр байна.

 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй болно.

           

   Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус байх хэлцэл, 57-60 дугаар зүйлд хүчин төгөлдөр бусд тооцогдох хэлцлийн талаар зохицуулсан байна.

 

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т зааснаар хүчин төгөлдөр бусд тооцогдсон хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг.

 

Хүчин төгөлдөр бус хэлцэл нь эрх зүйн үр дагавар үүсгэх үндэслэл болдоггүй, хуулиар хориглосон, эсхүл зөвшөөрөгдөөгүй агуулга, хэлбэртэй байдаг ба шүүх талуудын хүсэлт байгаа эсэхээс үл хамааран тухайн хэлцлийн хүчин төгөлдөр бус байдлыг тогтоодог бол хүчин төгөлдөр бусд тооцогдох хэлцэл хуулиар зөвшөөрөгдсөн, хориглоогүй агуулга, хэлбэртэй боловч хэлцлийн аль нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл доголдолтой байдаг тул түүний хүсэлтээр шүүх тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцдог байна.

 

Энэ утгаараа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хэлцлийг шүүх  хүчин төгөлдөр бус болохыг нь тогтоодог, харин Иргэний хуулийн 57-60 дугаар зүйлд заасан үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцдог байна.

 

“Соёлзорро” ХХК, Капитал банк нарын хооронд 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 321 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 43 дугаартай барьцааны гэрээ мөн байгуулагдаж, уг барьцааны гэрээгээр нэхэмжлэгч Ц.Э, Х.С нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, /13344/ Хилчид гудамж 33 байрны 76 тоот Ү-2204064492 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг барьцаалсан байх ба тухайн гэрээнд хамтран барьцаалуулагчаар Х.С, Ц.Э нар гарын үсэг зурж, уг гэрээ байгуулагдсан талаар маргаагүй байна.

 

Капитал банкны нэхэмжлэлтэй Соёлзорро ХХК-д холбогдох зээлийн  гэрээний үүрэг болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээр хянан шийдвэрлэгдэж, шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д “Ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно, 58.2-т Дараахь тохиолдолд ноцтой төөрөгдсөн гэж үзнэ: 58.2.1-д хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн; 58.2.2-т хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн.

58.3-т Дараахь тохиолдолд ноцтой төөрөгдсөн гэж үзэж болно: 58.3.1-д хэлцэл хийгч нөгөө тал болох этгээд, түүний хувийн шинж байдал нь хэлцэл хийх гол үндэслэл болсон бөгөөд энэ талаар төөрөгдсөн; 58.3.2-т хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн; 58.3.3-т хэлцэл хийх гол үндэслэл болсон эрхийн талаар төөрөгдсөн; 58.3.4-т тохиролцооны зүйл байсан сэдэлтийн талаар төөрөгдсөн.

58.6-т Төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн этгээд төөрөгдсөн болохоо мэдмэгц нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.” гэж тус тус заажээ.

 

Ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах шаардлагын хувьд сонирхогч этгээд нөгөө талынхаа хүсэл зориг, эсхүл гэрээний зүйл болох эд зүйлийн шинж байдал, хэлцлийн шинж байдал, хэлцлийн үнэ, гэрээ байгуулах сэдлийн талаар ноцтой төөрөгдсөн үндэслэл тогтоогдсон байхыг ойлгох бөгөөд хүсэл зоригоос зөрүүтэй нөхцөл байдлын талаар хэлцэл хийх үед мэдээгүй, мэдэх боломжгүй байх нь чухал ач холбогдолтой. 

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүнийг агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талуудын хооронд хийгдсэн хэлцлийн агуулгаас үзэхэд нэхэмжлэгчийг ноцтой төөрөгдөж хийх хэлцлээсээ өөр хэлцлийг хийсэн, хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн гэж үзэхгүй ба нэхэмжлэгч өөрийн орон сууцны хамтран өмчлөгчөөр хариуцагч Х.Соёл-Эрдэнийг нэмж оруулж байгааг ойлгосон байх ба Х.Соёл-Эрдэнийг хамтран өмчлөгчөөр нэмж оруулж байгаа зорилго зээлийн гэрээ байгуулахтай холбоотойгоор зээлийн барьцааны гэрээ байгуулах зорилготой байсан, үүнийг нэхэмжлэгч Ц.Э мэдэж байсан нь тогтоогдож байна.

 

            Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ц.Эын хувьд хариуцагч Х.Сийг банкнаас зээл авахад туслах зорилгоор зээлийн барьцааны гэрээ байгуулахад итгэмжлэл олгож байсан болон 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 43 дугаартай Барьцааны гэрээнд хамтран барьцаалуулагчаар оролцож гарын үсэг зурсан, мөн орон сууцны өмчлөлд төслийн зээлд хамрагдахын тулд орон сууцыг захиран зарцуулах эрхгүйгээр хамтран өмчлөгчөөр нэмж оруулсан нөхцөл байдлаас үзэхэд тэрээр хэлцлийн талаар ноцтой төөрөгдсөн гэж үзэхгүй.

 

            Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд нэхэмжлэгч Ц.Э хамтран өмчлөгчөөр Х.Сийг бүртгүүлэхдээ орон сууцыг төслийн зээлд барьцаалахыг мэдэж байсан, энэ үндэслэлээр хэлцлийг хийсэн, нэмж оруулах хэлцлийн агуулгыг өөрөө мэдэж байсан бөгөөд хэдийгээр нэхэмжлэгч Ц.Эын хувьд хэлцэл хийхдээ орон сууцыг захиран зарцуулах эрхгүйгээр гэж тодорхойлсон боловч эд хөрөнгийг барьцаалснаас үүсэж болох эрх зүйн үр дагаврыг мэдээгүй, ойлгоогүй, хүсэл зоригоо илэрхийлээгүй, ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж үзэх боломжгүй.

           

            Нэхэмжлэгч тал хэлцэлд орон сууцыг захиран зарцуулах эрхгүйгээр гэж тодорхойлж оруулсан, үр дагаврыг ойлгоогүй гэж тайлбарлах боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн тайлбараар Х.Сийн хувьд тухайн орон сууцыг захиран зарцуулсан гэх байдал тогтоогдохгүй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “зохигч, түүний төлөөлөгч  нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа  эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй ба тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.

 

Иймээс нэхэмжлэлд заасан үндэслэлээр зохигчийн хийсэн хэлцлийг ноцтой төөрөгдлийн улмаас хүчин төгөлдөр бус гэж тооцох Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2, 58.3-т заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч Х.Сд холбогдох “2015 оны 09 сарын 22-ны өдрийн “Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах” тухай нэхэмжлэгч Ц.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.2, 58.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Х.Сд холбогдох “2015 оны 09 сарын 22-ны өдрийн “Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах” тухай нэхэмжлэгч Ц.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Эын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               И.АМАРТӨГС