Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/01312

 

 

 

 

....-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч М.Баясгалан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2022/00985 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ....-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ...-д холбогдох орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхжаргал, түүний өмгөөлөгч Д.Мөнхтуул, хариуцагч ...-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

....- нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Хилчид гудамж 33 дугаар байрны 76 тоот хаягт байрлах 514,92 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг дангаар өмчилдөг. Д.Ганзориг болон ...- нар зээл авах хөрөнгө дутагдалтай байна туслаач гэж гуйхад зөвшөөрөөгүй. Гэтэл ...- хэдэн сарын дараа ... миний өмчлөлд чиний орон сууцыг шилжүүлбэл болох юм байна туслаач ... гэж дахин гуйсан. Захиран зарцуулах эрхгүйгээр бол болох юм гэж хэлээд зориуд энэ үгийг бичээд дээрх хэлцлийг хийсэн. Капитал банкнаас Соёлзорро ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 43 тоот ЖДҮХО-ын зориулалтай 240 сарын урт хугацааны зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, түүний Соёлзорро ХХК-ийг зээлийн гэрээний үүрэгт 624,665,371 төгрөг төлөх үүргээ эс биелүүлсэн гэж 43 тоот барьцааны гэрээний дагуу Улсын бүртгэлийн Ү-2204064492 дугаарт бүртгэгдсэн миний өмчлөлийн орон сууцнаас ...-д шилжсэн хэсэг төлбөрт хураагдаж, захиран зарцуулагдахаар болсон. Энэ талаар Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрүүд гарсан байх ба шийдвэрүүд гарахад мэдэгдээгүй юм. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 01/ХТ2021/01252 дугаар тогтоолыг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авснаар, нотариатч гэм буруутай биш ...- нь ....-ыг төөрөгдүүлж хэлцэл хийж хохироосон нь тодорхой болсон. Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 07 сарын 08-ны өдрийн 182/Ш32021/06302 тоот захирамжаар ....-ын нэхэмжлэлтэй ...-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон ба шүүгчийн захирамжид заасан үндэслэл арилсан. Тодруулбал, хэлцлийг гэрчилсэн нотариатчийн үйлдэл буруугүй, харин ...- нь ....-ын өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн. ...- нь ....-ыг үр дагаврын талаар ноцтой төөрөгдөлд оруулсан. Банкны зээл Соёлзорро ХХК-ийн өмчлөлд шилжвэл захиран зарцуулагдана. Иймд ....- болон ...- бидний хооронд 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

...-д анх банкнаас зээл авах шаардлага гарах үед барьцаа хөрөнгийн дутагдалд орсон бөгөөд Капитал банкнаас нэмэлт барьцаа хөрөнгөтэй бол зээл олгоно. Хэн нэгний үл хөдлөх хөрөнгө дээр хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх зөвлөгөө өгсөн. ....-аас тусламж гуйхад гагцхүү захиран зарцуулах эрхгүйгээр хамтран өмчлөгчөөр бүртгүүлж болно гэж зөвшөөрсний дагуу ...- нь Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Хилчид гудамж, 33 дугаар байрны 76 тоотод орших 514,92 м.кв талбайтай 5 өрөө, орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн. ...- болон ....- нар нь гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах эрсдэл үүснэ гэж тооцоолоогүй. ...- нь Капитал банк ХХК-аас Соёлзорро ХХК-ийн нэр дээр зээл авсан. 2018 оны хавраас бизнесийн үйл ажиллагаа доголдож зээлийн төлбөр төлөхөд хүндрэл үүсч Капитал банк ХХК-ийн санаачилгаар зээлийн гэрээг цуцалсан шүүхийн шийдвэр гарсан. Тухайн гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шийдвэрлэж байх явцад нэхэмжлэгчийн зүгээс барьцаа хөрөнгийн үндсэн өмчлөгч ....-ыг хариуцагчаар татах хүсэлт гаргаагүй. ...- нь гэрээний үүргийг барьцаагаар хангуулах маргааны талаар ....-т мэдэгдээгүй тул ....- нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй.

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Хилчид гудамж, 33 байрны 76 тоот хаягт байрлах ....-, ...- нарын өмчлөлийн 514,92 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжлэгдэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.2, 58.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ...-д холбогдох 2015 оны 09 сарын 22-ны өдрийн орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэгч ....-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ....-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдлын агуулга:

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн үйл баримтад бодитой дүгнэлт өгч чадаагүйгээс гадна хуулийг хүрээмжтэй, хүнлэг байдлаар бүрэн тайлбарлан хэрэглээгүй. ....- нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас орон сууцаа чөлөөлж өгч, бага насны 2-10 насны 2 хүүхэд, эхнэрийн хамт орон сууцгүй болох нөхцөл байдал үүсээд байна. ....-ын биеийн эрүүл мэнд муу байгаа. ....- нь бусдад тусалсны төлөө орон гэргүй болоход хүрч байна. Хариуцагч ...- нь Капитал банк ХХК-аас авсан зээлийн төлбөрийн талаар хожим мэдсэн бөгөөд тэрээр энэ орон сууцны өмчлөгч байхэд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2018/01906 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу гэрээний үүргийн гүйцэтгэлд орон сууц шилжих үр дагавар үүсээд байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

Зээл авах үед ийм нөхцөл байдал үүснэ гэж бодоогүй. Үйлдвэрлэлээ хөгжүүлэх зорилгоор зээл авахдаа ....-ын хөрөнгийг барьцаалсан. Тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхгүйгээр барьцаалахыг зөвшөөрсөн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

1. Хэргийн үйл баримт болон шүүхийн шийдвэрийн талаар

 

1.а. Нэхэмжлэгч ....- нь хариуцагч ...-д холбогдуулан 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь Капитал банк ХХК-аас зээл авахын тулд нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцанд хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн гэж тайлбарласан байна.

 

1.б. Талуудын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай хэлцэл байгуулагдаж, уг хэлцлээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол (13344), Хилчид гудамж 33 дугаар байр, ....-ын өмчлөлийн 514,92 м.кв талбайтай 5 өрөө, 100,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны өмчлөгчөөр Х.Соёл-Эрдэнийг нэмж бүртгүүлэхээр тохиролцжээ. (хх-ийн 24)

 

Дээрх хэлцэлд ...514,92 м.кв, 5 өрөө, 100,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны өмчлөлд төслийн зээлд хамрагдахын тулд орон сууцыг захиран зарцуулах эрхгүйгээр... гэж тусгасан байна. Иймд хариуцагч ...- банкнаас төслийн зээлийн авахын тулд уг орон сууцны өмчлөгчөөр нэмж бүртгүүлэхийг хүссэнийг нэхэмжлэгч ....- зөвшөөрсөн гэж үзнэ.

 

1.в. ....- нь дээрх хэлцлийг гэрчилсэн нотариатч Г.Мэндбаярт холбогдуулан Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/03414 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2021/01252 дугаар тогтоол гарснаар хуулийн хүчин төгөлдөр болсон байна. (хх-ийн 11-15) Уг тогтоолд ... орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн ...- нь Соёлзорро ХХК-ийн үүсгэн байгуулагч, Соёлзорро ХХК нь 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Капитал банк ХХК-аар дамжуулан 600,000,000 төгрөгийн зээлийг ХХАЯ-ны жижиг дунд үйлдвэрийн газар, Жайкагийн төслийг хэрэгжүүлэхээр авахдаа хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн орон сууцыг барьцаалсан, нэхэмжлэгч нь төслийн зээлд хамрагдахын тулд Х.Соёл-Эрдэнийг орон сууцны хамтран өмчлөгчөөр нэмж оруулсан тухайгаа хэлцэлд тодорхой заасан байх тул .... хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлэх гэрээний үүргийг ойлгоогүй нотариатч үр дагаврыг тайлбарлаагүйгээс эрх, ашиг сонирхол зөрчигдөж, бусдын авсан зээлийн гэрээний үүрэгт орон сууцаа алдахад хүрсэн гэх байдал тогтоогдоогүй... гэж дүгнэжээ. (хх-ийн 14 дүгээр талын ард)

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул талуудын байгуулсан Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлгүй.

 

1.г. Түүнчлэн, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүнийг агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талуудын хооронд хийгдсэн хэлцлийн агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь уг хэлцлийг хийхдээ ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Мөн нэхэмжлэгчийн тайлбарлаж буй зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа нь талуудын байгуулсан хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт заасан ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж үзэхгүй.

 

1.д. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ....- нь Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай хэлцлийг хийхдээ өөрийн хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд түүний тайлбар Капитал банк ХХК-тай байгуулсан 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн барьцааны гэрээнд гарын үсэг зурсан байгаагаар үгүйсгэгдсэн гэж үзэхээр байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.

 

1.е. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт зааснаар хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүйгээс гадна Капитал банкинд орон сууцыг барьцаалах нэхэмжлэгчийн хүсэл зориг итгэмжлэл, хэлцэл, барьцааны гэрээ зэрэг хэлбэрээр удаа дараа илэрхийлэгдсэн байх тул ...шүүх хүнлэг бус шийдвэр удаа дараа гаргаж байна... гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2022/00985 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Н.БАТЗОРИГ