Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 844

 

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/00761 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.Д-т холбогдох

 

Гэм хорын хохиролд 1 650 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 12 дугаар сарын 01-ний шөнө Эрин хорооллын 53/7 дугаар байрны 149 тоотод оршин суух Ж.Д бусадтай хамтран хороолол руу орох хэсгийн автомашины хаалтыг эвдсэн. Энэ байдал хорооллын гадна камерын бичлэгт үлдсэн. Маргааш нь сууц өмчлөгчдийн холбооны дарга н.Мөнхцэцэг хариуцагч Ж.Д-тай уулзаж, хаалт засуулах талаар ярилцсан. Ж.Д хаалт засна, үнэ судална гэсэн боловч 20 гаруй хоног арга хэмжээ аваагүй. 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Э” ХХК-иас өөрийн хөрөнгөөр автомашины хаалт сольсон. Машины хаалтын буудаг төмрөөс гадна, мотор гэмтэж солихоос өөр аргагүй болсон. “Э” ХХК-иас 408/18 дугаартай албан бичгээр хариуцагчид машины хаалтын засварын төлбөрийг төлөхийг мэдэгдсэн боловч мэдэгдэл хүлээж авахаас татгалзсан тул компанид учирсан бодит хохирол 1 650 000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. Хариуцагч Ж.Д-ын  хууль бус үйлдлийн улмаас хороолол руу орох машины хаалт ашиглах боломжгүй болсноор өмчлөх эрх зөрчигдөж бодитоор 1 650 000 төгрөгийн хохирол учирсан. Уг хохирол шүүхэд гаргаж өсгөн санхүүгийн баримтаар нотлогдоно. Хариуцагч Ж.Д автомашины хаалтад хүрээгүй, харж зогссон гэсэн тайлбар өгсөн. Эрин хорооллын гаднах камерын дуугүй бичлэгээс Ж.Д-ын  автомашины хаалт эвдэж байгаа харагдахгүй ч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт зааснаар шууд гэм хор учруулсан этгээд биш боловч хаалт эвдсэн этгээдийг уруу татаж, дэмжин тусалсан хамт оролцсон этгээд юм. Ж.Д 2015 оны 8 сард Эрин хорооллын байрнаас худалдаж авсан. Борлуулалтын албаны байранд согтуу ирж, хамгаалалтын албаны даргатай муудалцах зэрэг хувийн таарамжгүй, зүй бус үйлдэл гаргаж байсан. 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Ж.Д-т манай компаниас өгсөн албан бичигт энэ талаар сануулсан. Ж.Д 2018 оны 12 дугаар сарын 01-ний шөнө согтуу байснаа хүлээн зөвшөөрдөг. Бичлэгт хаалтыг хий өшиглөж унаж байгаа зэргээс харахад бичлэгт гарсан 2 хүн хоёулаа согтуу байсан нь харагдана. Ж.Д өс хонзон хөөж, хаалт эвдсэн этгээдийн өдөөн хатгаж, машины хаалт эвдэхэд хүргэсэн. Гэрч хаалт эвдэхийг болихыг шаардахад улаан куртиктай том биетэй залуу буюу Ж.Д чиний юмыг эвдэж байгаа юм уу, битгий олон юм яриад бай гэх мэтээр хэрэлдэж, ногоон куртиктай залууг өмөөрч үйлдлийг нь зөвтгөсөн. Үүнээс Ж.Д машины хаалт эвдсэн этгээдийг өмөөрч дэмжин тусалсан нь харагдана. Үүнээс Ж.Д өөрийн хууль бус үйлдлийг ухамсарлаж байсан нь харагдаж байна. Ж.Д бусдын хууль бус үйлдлийг харж зогсоод таслан зогсоох үйлдэл хийгээгүй, хорооллын оршин суугч байж харж зогссон нь утгагүй юм. Ж.Д-ын  шүүхэд “хаалт эвдсэн этгээдийг танихгүй, хамт яваагүй, харж зогссон” гэсэн тайлбар нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, 510 дугаар зүйлд заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагчаас 1 650 000 төгрөг гаргуулж “Э” ХХК-д учирсан хохирлыг арилгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тэр өдөр согтуу байсан. Хаалт эвдсэн гэх залууг танихгүй. Тэр залуу 1 800 000 төгрөгийн үнэтэй S8 утсаа харуулаас болж алга болгочихлоо гэсэн. Тухайн үед харуул ажлын байраа орхиод цаг алга болсон. Эрин хорооллоос гарч явсан 2 залуутай тэр залуу зодолдсон байсан. Тэр бичлэг байхгүй байсан. Харуул байхгүй учраас би ирэхийг нь хүлээсэн. Гэтэл харуул цагийн дараа согтуу ирсэн. Харуулын байрнаас хаалга эвдсэн залуугийн утас гарч ирсэн. Сууц өмчлөгчдийн холбооны дарга камер шалгачихаад маргааш нь над руу ярьсан. Сууц өмчлөгчдийн холбооны дарга намайг хаалт засахгүй бол бичлэгийг чинь фейсбүүкд тавилаа гэсэн. Би хороололдоо нэр хүндтэй, мөн эхнэр дөнгөж төрсөн, нялх биетэй байсан учраас битгий тэгээрэй, хуучин хаалгыг нь засаж болохгүй юм уу гэхэд сууц өмчлөгчдийн холбооны дарга хуучин хаалга засаж байсан газар руу яриад үнэ төлбөрийг нь хэлье гэсэн. Гэтэл маргааш бичлэг фейсбүүкт тавьсан байсан. Нэхэмжлэгч тал хаалга эвдсэн хүнийг цагдаагаар олуулах ёстой. Би “Э” ХХК-ийн захирал н.Эрхэмбаярт хаалга эвдээгүй гэдгээ хэлсэн. Би “Э” ХХК-иас хямдралгүй 2 өрөө байр авсан. Байранд ороод удаагүй байхад асуудал гарсан. Нэхэмжлэгч тал машины хаалт эвдсэн залууг олж чадахгүй болохоор надад холбогдуулан нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэгч талаас надад удаа дараа хаалт зас гэсэн бичиг ирсэн. Би хаалт эвдээгүй болохоор хүлээн зөвшөөрөөгүй. Би эвдээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Д-с 1 650 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг бүрэн тодорхойлоогүй төдийгүй хэргийг шударгаар шийдвэрлэлгүй хэт нэг талыг барьж хууль бус шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Эрин хорооллын автомашин нэвтрэх хэсгийн хаалт нь нэхэмжлэгч “Э” ХХК-ийн өмч гэх байдал тогтоогдохгүй байна." гэсэн нь бодит байдалд нийцэхгүй юм. “Э” ХХК нь Эрин хороолол руу нэвтрэх хэсгийн автомашины хаалтын өмчлөгч мөн бөгөөд уг хаалт нь хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас эвдэрч, түүнийг шинээр солиход бодитоор 1 650 000 төгрөгийн зардал гарсан болох нь хэрэгт авагдсан санхүүгийн анхан шатны баримтуудаар тогтоогдоно. Ийнхүү “Э” ХХК нь дээрх хуулийн заалтын дагуу өөрийн эрхийг хамгаалуулахаар нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн байхад автомашины хаалт “Э” ХХК-ийг хаалтын засварт гаргасан зардлыг нэхэмжлэх эрх бүхий этгээд гэж үзэх үндэслэлгүй хэмээн үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шүүхэд автомашины хаалтыг солиход “Э” ХХК-аас зардал гаргасан санхүүгийн баримтыг нэхэмжлэлтэй хамт гаргаж өгсөн бөгөөд шүүх хуралдаан дээр тухайн автомашины хаалт нь “Э” ХХК-ийн өмчөөр бүртгэлтэй байдаг, шаардлагатай бол нэмэлт нотлох баримтаар компанийн санхүүгийн бүртгэлийг гаргаж өгөх боломжтой тухай удаа дараа тайлбарлан хэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд баримтаар үлдсэн байгаа. Эрин хорооллын орон сууц 2015 онд ашиглалтад орсон бөгөөд орсон цагаас нь эхлэн “Э” ХХК нь уг хорооллын бүхий л ашиглалт засвар үйлчилгээг хариуцан ажилласаар ирсэн. Уг ашиглалт засварыг хариуцах үед эрин хорооллын гадна зогсоолын хаалтыг “Э” ХХК өөрийн хөрөнгөөр хийж, өнөөг хүртэл ашиглалт засварыг хариуцсаар ирсэн болно. Мөн сууц өмчлөгчдийн холбоо нь автомашины зогсоолыг өмчлөх хууль зүйн үндэслэл байхгүй болно. Учир нь Эрин хорооллын нэгдсэн дулаан зогсоол болон гадна зогсоолын бие даасан барилга хэлбэрээр улсын комисст өгөгдсөн бөгөөд ашиглалттай бүхий дээвэр тусдаа байгууламж тул өөрийн өмч хөрөнгийг хамгаалах үүднээс гадна зогсоолын хаалтыг хийсэн. Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2 “Дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга, байгууламж, төхөөрөмжийн хэсэг нь орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд байна. мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1. 147.2, 147.3-д дундын өмчлөлийн зүйлд юу багтаж болохыг тодорхойлсон бөгөөд бүхэлдээ барилгын салшгүй хэсгүүд хамаардаг. Гэтэл шүүх хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс бодитойгоор шийдвэрлэх зарчмыг алдагдуулж, аливаа баримт нотолгоогүйгээр сууц өмчлөгчдийн холбоо уг хаалтын өмчлөгч байж магадгүй гэх зэргээр хоосон таамаглал дэвшүүлэн бусдын хууль бус үйлдлийн улмаас гаргасан зардлаа шаардах боломжийг хязгаарласан нь зүйд нийцэхгүй юм. Өөрөөр хэлбэл бусдын хууль бус үйлдлийн улмаас “Э” ХХК-иас бодитоор 1 650 000 төгрөгийн зардал гарч, эрх ашиг нь зөрчигдсөн нь илт байхад шүүхээс хэргийн гол агуулга болох гэм хорын улмаас учирсан хохирлыг хариуцагчаас гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй, “Э” ХХК бус Эрин СӨХ автомашины өмчлөгч байх ёстой гэсэн хийсвэр ойлголтоор “Э” ХХК-ийг нэхэмжлэл гаргах эрхгүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Эрин СӨХ хуульд заасны дагуу орон сууцтай холбоотой цэвэрлэгээ, лифт ашиглалт засварыг хариуцдаг нь үнэн боловч хорооллын нэвтрэх хэсгийн автомашины хаалт нь “Э” ХХК-ийн өмч билээ. Тиймдээ ч хаалтыг засахад “Э” ХХК-иас зардлыг гаргасан. Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д зааснаар "тал бүрээс нь бодитойгоор харьцуулан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэнгүй. Тухайлбал, гэрчээр оролцсон Б.Даваасүрэнгийн мэдүүлэгт "хаалт эвдэлж буй хууль бус үйлдлийг таслан зогсоох гэтэл иргэн Ж.Д уг хүнийг өмөөрч гэрчтэй хэрүүл маргаан үүсгэсэн талаар дурдсан" нь хариуцагч Ж.Д хууль бус үйлдэлтэй санаа зорилго нэгтэй байсныг илтгэх төдийгүй, бусдаар гүйцэтгүүлж байгаа нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дах хэсэгт заасан хариуцлагаас чөлөөлөгдөхгүй юм. Мөн хамт хаалт эвдэлсэн гэх ногоон курткатай хүн нь түүний дотны найз нөхөд болох нь гэрчийн мэдүүлэг болон нотлох баримтаар авагдсан бичлэгт ил тодорхой харагдаж байхад зөвхөн хариуцагчийн "би танихгүй" гэх тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэж байгаа нь хэт нэг талыг барьсан төдийгүй, нотлох баримтуудыг харьцуулж, логик талаас нь анализ хийх зэргээр үнэн зөв үнэлж, бодитой дүгнэлт өгсөнгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Ж.Д-т холбогдуулан гэм хорын хохиролд 1 650 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хэргийн баримтаар 2018 оны 12 дугаар сарын 01-ний шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах Эрин хорооллын автомашины нэвтрэх хэсгийн хаалтыг ногоон куртиктай эрэгтэй хүн эвдсэн, тухайн үед Ж.Д байсан боловч автомашины хаалтыг эвдэхэд оролцоогүй болох нь хэргийн 30-31, 50-51 дэх талд авагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Б.Даваасүрэнгийн мэдүүлэг болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

            Дээрх орон сууцны хорооллын автомашины нэвтрэх хэсгийн хаалтыг “Титэм хаалга” ХХК засварласан тул тус компаниас 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн нэхэмжлэхээр 1 650 000 төгрөгийг нэхэмжилж улмаар 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Э” ХХК нь “Титэм хаалга” ХХК-д 1 650 000 төгрөг шилжүүлсэн үйл баримт хэргийн 16-17 дах талд авагдсан нэхэмжлэх, төлбөрийн даалгавар зэрэг баримтаар тогтоогджээ.    

 

            Харин, нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн эд зүйлд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй бөгөөд Эрин хорооллын автомашин нэвтрэх хэсгийн хаалт нь нэхэмжлэгч “Э” ХХК-ийн өмч гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.

 

Иймд “Э” ХХК-ийг Эрин хорооллын автомашины нэвтрэх хэсгийн хаалтыг засварлахад гарсан зардал 1 650 000 төгрөгийг шаардах эрхтэй этгээд гэж үзэхгүй тул хариуцагч Ж.Д-т холбогдуулан гаргасан 1 650 000 төгрөг гаргуулах тухай “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүх нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй юм.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/00761 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        С.ЭНХТӨР    

 

                                                                                   

                          ШҮҮГЧИД                                         Б.НАРМАНДАХ

 

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ