Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 761

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, шүүгчЗ.Доржнамжин, А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Эрин барилга ХХК-ийн байранд байрлах Эрин барилга ХХК /РД:2722615/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, эрин хороолол 53/7 дугаар байрны 139 тоотод оршин суух, Алдар овогт Жавзангийн Даваабаяр /РД:ВЗ87092115/-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 1,650,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярмаа, хариуцагч Ж.Даваабаяр,иргэдийн төлөөлөгч Г.Даваадулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Эрин барилга ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 12 сарын 01-ний шөнө Эрин хороолол-ын 53/7 дугаар байрны 149 тоотод оршин суух Ж.Даваабаяр бусадтай хамтран хороолол руу орох хэсгийн автомашины хаалтыг эвдсэн. Энэ байдал хорооллын гадна камерын бичлэгт үлдсэн. Маргааш нь СӨХ-ны дарга н.Мөнхцэцэг хариуцагч Ж.Даваабаяртай уулзаж, хаалт засуулах талаар ярилцсан. Ж.Даваабаяр хаалт засна, үнэ судална гэсэн боловч 20 гаруй хоног арга хэмжээ аваагүй. 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Эрин барилга ХХК-иас өөрийн хөрөнгөөр авто машины хаалт сольсон. Машины хаалтын буудаг төмрөөс гадна, мотор гэмтэж солихоос өөр аргагүй болсон. Эрин барилга ХХК-иас 408/18 дугаартай албан бичгээр хариуцагчид машины хаалтын засварын төлбөрийг төлөхийг мэдэгдсэн боловч мэдэгдэл хүлээж авахаас татгалзсан тул компанид учирсан бодит хохирол 1,650,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

Хариуцагч Ж.Даваабаярын хууль бус үйлдлийн улмаас хороолол руу орох машины хаалт ашиглах боломжгүй болсноор өмчлөх эрх зөрчигдөж бодитоор 1,650,000 төгрөгийн хохирол учирсан. Уг хохирол шүүхэд гаргаж өсгөн санхүүгийн баримтаар нотлогдоно. Хариуцагч Ж.Даваабаяр автомашины хаалтад хүрээгүй, харж зогссон гэсэн тайлбар өгсөн. Эрин хороолол-ын гаднах камерын дуугүй бичлэгээс Ж.Даваабаярын машины хаалт эвдэж байгаа харагдахгүй ч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт зааснаар шууд гэм хор учруулсан этгээд биш боловч хаалт эвдсэн этгээдийг уруу татаж, дэмжин тусалсан хамт оролцсон этгээд юм. Ж.Даваабаяр 2015 оны 8 сард Эрин хороолол-ын байрнаас худалдаж авсан. Борлуулалтын албаны байранд согтуу ирж, хамгаалалтын албаны даргатай муудалцах зэрэг хувийн таарамжгүй, зүй бус үйлдэл гаргаж байсан. 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Ж.Даваабаярт манай компаниас өсгөн албан бичигт энэ талаар сануулсан. Ж.Даваабаяр 2018 оны 12 дугаар сарын 01-ний шөнө согтуу байснаа хүлээн зөвшөөрдөг. Бичлэгт хаалтыг хий өшиглөж унаж байгаа зэргээс харахад бичлэгт гарсан 2 хүн хоёулаа согтуу байсан нь харагдана. Ж.Даваабаяр өс хонзон хөөж, хаалт эвдсэн этгээдийн өдөөн хатгаж, машины хаалт эвдэхэд хүргэсэн. Гэрч хаалт эвдэхийг болихыг шаардахад улаан куртиктай том биетэй залуу буюу Ж.Даваабаяр чиний юмыг эвдэж байгаа юм уу, битгий олон юм яриад бай гэх мэтээр хэрэлдэж, ногоон куртиктай залууг өмөөрч үйлдлийг нь зөвтгөсөн. Үүнээс Ж.Даваабаяр машины хаалт эвдсэн этгээдийг өмөөрч дэмжин тусалсан нь харагдана. Үүнээс Ж.Даваабаяр өөрийн хууль бус үйлдлийг ухамсарлаж байсан нь харагдаж байна. Ж.Даваабаяр бусдын хууль бус үйлдлийг харж зогсоод таслан зогсоох үйлдэл хийгээгүй, хорооллын оршин суугч байж харж зогссон нь утгагүй юм. Ж.Даваабаярын шүүхэд хаалт эвдсэн этгээдийг танихгүй, хамт яваагүй, харж зогссон гэсэн тайлбар нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, 510 дугаар зүйлд заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагчаас 1,650,000 төгрөг гаргуулж Эрин барилга ХХК-д учирсан хохирлыг арилгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ж.Даваабаяр шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би тэр өдөр согтуу байсан. Хаалт эвдсэн гэх залууг танихгүй. Тэр залуу 1,800,000 төгрөгийн үнэтэй S8 утсаа харуулаас болж алга болгочихлоо гэсэн. Тухайн үед харуул ажлын байраа орхиод цаг алга болсон. Эрин хороолол-оос гарч явсан 2 залуутай тэр залуу зодолдсон байсан. Тэр бичлэг байхгүй байсан. Харуул байхгүй учраас би ирэхийг нь хүлээсэн. Гэтэл харуул цагийн дараа согтуу ирсэн. Харуулын байрнаас хаалга эвдсэн залуугийн утас гарч ирсэн. СӨХ-ны дарга эгч камер шалгачихаад маргааш нь над руу ярьсан. СӨХ-ны дарга эгч намайг хаалт засахгүй бол бичлэгийг чинь фейсбүүкд тавилаа гэсэн. Би хороололдоо нэр хүндтэй, мөн эхнэр дөнгөж төрсөн, нялх биетэй байсан учраас битгий тэгээрэй эгчээ хуучин хаалгыг нь засаж болохгүй юм уу гэхэд СӨХ-ны дарга эгч хуучин хаалга засаж байсан газар руу яриад үнэ төлбөрийг нь хэлье гэсэн. Гэтэл маргааш бичлэг фейсбүүкт тавьсан байсан. Нэхэмжлэгч тал хаалга эвдсэн хүнийг цагдаагаар олуулах ёстой. Би тэр хүнийг таньдаг байсан бол олоод л өгнө. Би Эрин барилга ХХК-ын захирал н.Эрхэмбаярт хаалга эвдээгүй гэдгээ хэлэхэд чи манай барилгад олон жил гай болсон, чамайг алчихад Монголд тоохгүй гэсэн. Би Эрин барилга ХХК-иас хямдралгүй 2 өрөө байр авсан. Байранд ороод удаагүй байхад асуудал гарсан. Энэ талаар компанийн борлуулалтын албан ажилтанд хэлэхэд чи яах гэж байр авсан юм бэ гэж хэлсэн. Нэхэмжлэгч тал машины хаалт эвдсэн залууг олж чадахгүй болохоор надад холбогдуулан нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэгч талаас надад удаа дараа хаалт зас гэсэн бичиг ирсэн. Би хаалт эвдээгүй болохоор хүлээн зөвшөөрөөгүй. Нэхэмжлэгч талаас бичлэг фейсбүүкт тавьсан учраас би шүүхээр яв гэсэн. Би эвдээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Эрин барилга ХХК нь хариуцагч Ж.Даваабаярт холбогдуулан гэм хорын хохиролд 1,650,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Эрин барилга ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ...2018 оны 12 дугаар сарын 01-ний шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрин хороолол-ын автомашин нэвтрэх хэсгийн хаалтыг Ж.Даваабаяр нь бусадтай хамтран эвдсэн. Тус хорооллын камерын бичлэгээр Ж.Даваабаяр нь машины хаалт эвдэж байгаа харагдахгүй ч хаалт эвдсэн этгээдийг уруу татаж, дэмжин туслах байдлаар оролцсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр уг хохирлыг хариуцах үүрэгтэй этгээд юм...., Мөн Ж.Даваабаяр нь 2015 оны 8 сард Эрин хороолол-ын байрнаас худалдаж авсан ба тус байрны асуудлаас болж Эрин барилга ХХК-тай хувийн таарамжгүй харьцаатай тул өс хонзон хөөж, хаалт эвдсэн этгээдийг өдөөн хатгаж, машины хаалт эвдэхэд хүргэсэн...гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч Ж.Даваабаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх ба үндэслэлээ... Эрин хороолол-ын автомашины нэвтрэх хэсгийн хаалтыг би эвдээгүй. Харин миний хажууд байсан ногоон куртиктай залуу эвдсэн. Би тэр залууг танихгүй... гэж тайлбарлан маргаж байна. .

 

Хэрэгт авагдсан баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

2018 оны 12 дугаар сарын 01-ний шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах Эрин хороолол-ын автомашины нэвтрэх хэсгийн хаалтыг ногоон куртиктай эрэгтэй хүн эвдсэн ба түүний хажууд Ж.Даваабаяр /улаан куртиктай/ байсан боловч автомашины хаалтыг эвдэхэд оролцоогүй болох нь зохигчийн тайлбар, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Б.Даваасүрэнгийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Тус хорооллын орон сууцны барилгыг нэхэмжлэгч Эрин барилга ХХК нь барьсан боловч орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой асуудлыг хариуцан Эрин СӨХ ажилладаг талаарх тайлбарыг зохигчийн хэн алин нь шүүх хуралдаанд гаргаж байхаас гадна уг эвдэрсэн хаалтыг зассан гэх Титэм хаалга ХХК нь Эрин СӨХ-оос хаалтыг засварласны төлбөр 1,650,000 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийн хэлнэ гэжээ.

 

Хуулийн энэхүү зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч Эрин барилга ХХК нь өөрийн өмчлөлийн болон эзэмшлийн зүйлд бусдын буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар Эрин хороолол-ын автомашин нэвтрэх хэсгийн хаалт нь нэхэмжлэгч Эрин барилга ХХК-ийн өмч гэх байдал тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч Эрин барилга ХХК нь Титэм хаалга ХХК-руу хаалтны засварын төлбөрт 1,650,000 төгрөг шижлүүлсэн санхүүгийн баримт болон Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс Эрин барилга ХХК-д олгосон 00332 дугаартай тусгай зөвшөөрөл, Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон 49/2018, 50/2018 дугаартай тусгай зөвшөөрөл зэргийг үндэслэн тухайн хаалтны өмчлөгч мөн гэж тайлбарлаж байх боловч тухайн баримтуудыг үндэслэн Эрин барилга ХХК-ийг Эрин хороолол-ын автомашины нэвтрэх хэсгийн хаалтыг засварлахад гарсан зардлыг нэхэмжлэх эрхтэй этгээд гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Эрин барилга ХХК-ийн хариуцагч Ж.Даваабаярт холбогдуулан гаргасан 1,650,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                          ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Даваабаяраас 1,650,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Эрин барилга ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА

ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН

А.САРАНТУЯА