Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 140/ШШ2017/00547

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч В.*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ш.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж, В.*******гийн нэхэмжлэлтэй *******-ийн салбар Завхан аймаг дахь ******* *******ийн *******д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, *******-ийн салбар Завхан аймаг дахь ******* *******ийн *******ийн захирлын 2017 оны 06 сарын 06-ны өдрийн Б/63 тоот тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэх, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч В.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие нь 2015 оны 2 сараас эхлэн тус сургуульд ажиллаж эхэлсэн бөгөөд 2016 оны 10 сард хүний нөөц, ХАБЭА-н ажилтнаар томилогдсон. Гэтэл 2016 оны 11 сард сургуулийн удирдлага солигдож, бүтэц орон тоог шинэчлэн байгуулахдаа хүний нөөцийн асуудлыг аж ахуйн даргад, ХАБЭА-н ажилтны орон тоо байхгүй болсон гэсэн үндэслэлээр 2017 оны 06 сард ажлаас чөлөөлсөн. Орон тоог салгасан байж болох ч аль нэг дээр нь намайг ажиллуулах ёстой хэмээн үзэж гомдолтой байгаа тул ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, *******-ийн салбар Завхан аймаг дахь ******* *******ийн захирлын 2017 оны 06 сарын 06-ны өдрийн Б/63 тоот тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэх, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар танай шүүхэд хандаж байна гэжээ.  

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ш.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Завхан аймаг дахь ******* *******ийн ******* нь *******-ийн салбар сургууль бөгөөд бүрэлдэхүүн сургуулиудын нэгэн адил *******-аас баталж өгсөн бүтэц орон тоонд захирагдан ажилладаг билээ. *******-ийн захирлын 2017 оны А/76 тоот тушаалаар манай сургуулийн бүтэц орон тоог өөрчилж, зарим ажлын байр, ажилтны тоог цөөрүүлсэнтэй холбогдуулан байгууллагын дотоодод сэлгэн ажиллуулах, хавсран ажиллуулах, ажлын ачаалал ажлын цагийг нягтруулах зэрэг зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор Сургалтын албаны мэргэжилтэн, Аж ахуйн дарга, Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан, Архив бичиг хэрэг, Хүний нөөцийн ажилтны ажлын байран дээр батлагдсан бүтэц орон тооны дагуу сонгон шалгаруулалт явуулсан ба В.******* нь сонгон шалгаруулалтанд орохгүй гэсэн хариу өгч сонгон шалгаруулалтанд ороогүй тул ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан юм. Учир нь

А.Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1, Хөдлөмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилагаар цуцалж болно. 40.1.1 аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн

Б. *******-ийн захирлын 2017 оны 03 сарын 02-ны өдрийн А/76 тоот Орон тоог шинэчлэн батлах тухай тушаал дээр шинэчлэн баталсан орон тоог 2017 оны 03 сарын 02-ны өдрөөс дагаж мөрдөж, зохион байгуулалт хийж ажиллах үүрэг өгсний дагуу

В. Засгийн газрын 2016 оны 09 сарын 09-ний 47 дугаар тогтоол чиглэлийн дагуу улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан төсвийг хэмнэлтийн зарчмаар удирдах зайлшгүй шаардлагын улмаас бүтэц орон тооноос илүү хүн ажиллуулах боломжгүй байна.

Иймд В.*******г ажлаас чөлөөлсөн нь зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээ мөний дээр, түүний хөдөлмөрлөх эрхийг хууль бусаар хөндсөн асуудал биш хэмээн үзэж байна гэжээ. 

Нэхэмжлэгч В.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 06 сарын 08-ны өдөр бичиг хэргийн ажилтан Сэтэвсүрэн надад сургуулийн захирлын 2017 оны 06 сарын 06-ны өдрийн Б/ 63 тоот тушаалыг танилцуулсан. Тухайн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, Соёл урлагийн их сургуулийн захирлын 2017 оны А/76 тоот тушаал, байгууллагын дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.6 дахь заалтыг үндэслэн таныг ажлаас чөлөөлж байна гэсэн байсан. Тушаалын 1 дэх заалтад бүтцийн өөрчлөлт хийж байгаатай холбогдуулан хүний нөөц хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтны орон тоо хасагдсан тул В.*******г 2017 оны 06 сарын 06-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэсэн заалтад тайлбар хэлье. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан заалтыг тайлбарлах тухай Дээд шүүхийн тайлбар байдаг. Энэ тайлбарт орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино гэж заасан байгаа. Гэтэл захирлын намайг ажлаас чөлөөлсөн тушаал дээр орон тоо хасагдсан гэж байгаа боловч Соёл урлагийн их сургуулиас баталсан бүтэц орон тоон дээр миний ажиллаж байсан ажлын байр хоёулаа нэршилээрээ байгаа учраас орон тоо хасагдсан гэж үзэх үндэслэлгүй. Хариуцагч байгууллагаас шүүхэд гаргаж өгсөн 1 дэх тайлбартай танилцсан тэгэхэд өмнө нь манай байгууллагад ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн Отгонбаатарын нэхэмжлэлд хариу тайлбараар ирүүлж байсан тайлбарын нэрийг нь өөрчлөөд шүүхэд хүргүүлсэн байна лээ. Хариуцагч байгууллагаас шүүхэд гаргаж өгсөн 2 дахь хариу тайлбарыг уншиж танилцуулаад энэ тайлбар дээр миний ажиллаж байсан ажлын байр хасагдсан биш салсан учраас ажлаас чөлөөлсөн гэж бичсэн байгаа. Төрийн үйлчилгээний албан хаагчийн эрх ашгийг Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль эдгээр хуульд нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжийн актуудаар зохицуулдаг. Төрийн албаны тухай хуульд зааснаар ямар тохиолдолд сонгон шалгаруулалт явуулах талаар заасан байна. Үүнд сул орон тоо гарсан юм уу эсхүл шинээр ажлын байр гарсан тохиолдолд л сонгон шалгаруулалт зарлахаар заасан байна. Тиймээс би энэ хүний зарласан сонгон шалгаруулалт хууль зүйн үндэслэлгүй байгаа учраас сонгон шалгаруулалтад орохоос татгалзсан. Аж ахуйн дарга хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтны ажлын байрны тодорхойлолт гаргаагүй байсан. Одоо бол гарсан байх л даа. Тухайн үед гараагүй байсан. Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 11 сарын 03-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор ажлын байрны тодорхойлолтыг хэрхэн байгуулах, ямар загвартай байх талаар заасан байгаа. Энэ тогтоолд ажлын байрны тодорхойлолт нь хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл болдог. Тиймээс ажлын байрны тодорхойлолт заавал хийгдэх ёстой байсан. Ийм зүйл хийгдээгүй ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарласан. Би хүний нөөц, хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтны орон тоон дээр ажиллаж байсан. Нийгмийн ажилтан Солонго аж ахуйн даргын ажлыг хавсран гүйцэтгэж байсан. Миний ажлын байр байсаар байхад хавсарч гүйцэтгэж байсан хүнтэй өрсөлдөх болсныг би сайн ойлгоогүй. Тэгж өрсөлдөх боломжгүй. Энэ талаар хууль тогтоомжид заасан байгаа. Энэ талаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3.төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулна гэж заасан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ гэж заасан. Надад албан ёсоор бүтцийн өөрчлөлтийн дагуу ажилгүй болж байгаа учраас хөдөлмөрийн гэрээг цуцална гэж хэлээгүй. 2017 оны 03 сарын 13-ны өдөр ажил танилцуулаад ороход надаас сонгон шалгаралуулалтад орох юм уу гэж асуусан. Тэгэхэд нь миний ажлын байрны орон тоо байгаа учраас би сонгон шалгаруулалтад оролцохгүй гэхэд захирал хориглоогүй учраас би захиралтай энэ талаар зөвшилцсөн гэж ойлгож байгаа тиймээс би өөрийнхөө ХАБ-ын ажлыг үргэлжлүүлэн хийнэ гэж ойлгож байсан шүү гэж хэлье. Хэрвээ би сонгон шалгаруулалтад орохоос татгалзсан байлаа гэхэд сонгон шалгаруулалтад ороогүй учраас энэ ажлын байран дээр ажиллах боломжгүй тул сарын дараа ажлаас чинь чөлөөлнө шүү гэж надад мэдэгдэл өгөх ёстой байсан. Гэтэл надад албан мэдэгдэл ирээгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 40 дүгээр зүйлийн 40.1,1 40.1.5, Үйлдвэрчиний эвлэлийн гишүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Бүтцийн өөрчлөлт хийсэн байж болно. Гэхдээ тэр бүтцийн өөрчлөлтөө хэрхэн хийх вэ гэдэг нь их чухал байсан. Бид хэн нэгнийг ажилд томилж чөлөөлөхдөө хуулийн дагуу томилж чөлөөлөх ёстой талаар хуульд зааж өгсөн байгаа. Хэн нэгийг албан ёсны мэдэгдэл өгөлгүйгээр, сонгон шалгаруулалтыг тохиромжтой бусаар хийснээс болж миний ажлын байр байсаар байтал орон тооны цомхотголд орсон үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан нь миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Хэн ч таны гаргасан энэ тушаал шийдвэрийн чинь цаана хүний амь амьдрал байгаа шүү дээ. Тиймээс шүүх энэ асуудлыг сонгон шалгаруулалтад орсон уу үгүй юу гэдэг өнцгөөс нь биш, харин ямар дарааллаар хийх ёстой байсан бэ гэдгийг нь авч үзэх байх гэж найдаж байна гэв.  

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ш.******* шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Энэ асуудал хуулийн хүрээнд явагдсан гэж үзэж байгаа. Бүтэц орон тоо батлагдаж ирсэн 2017 оны 03 сарын 02-ний өдрийн тушаалыг би 2017 оны 03 сарын 07-ны өглөөний байгууллагын шуурхай хурал дээр танилцуулсан. Мэдэгдлийг би өрөөндөө нэг нэгээр нь дуудаж гардуулж өгсөн. *******д сонгон шалгаруулалтын тухай хэлэхэд миний ажлын байр хасагдаагүй байгаа учраас би мэдэгдэл авахгүй гээд тайлбараа хэлээд гарсан. Тиймээс би хэд хоногийн дараа захиргааны зөвлөлийн хурлыг хуралдуулж *******с яагаад мэдэгдэл аваагүй талаар асууж ******* тайлбараа хэлээд гарын үсэг зураад гарсан. Яагаад сонгон шалгаруулалтад орохгүй байсан шалтгаанаа хэллээ. Аж ахуйн дарга ХАБ-ын орон тоон дээр өмнө нь нилээдгүй хугацаагаар ажиллаж байсан ажилтан өөрөө сонгон шалгаруулалтад орно гэсэн учраас сонгон шалгаруулалт явуулахад ******* өөрөө ороогүй гэв.  

Хариуцагчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс Төрийн албан тухай хуульд заасан үндлэслэлүүдийг дурдаж байна. Энэ хуулийн заалтыг баримтлах боломжгүй. Учир нь нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байгаа учраас Төрийн албаны тухай хуулийн заалтууд хамааралгүй. Ажил олгогчийн зүгээс дээд байгууллагаас батлагдаж ирсэн тушаалыг биелүүлсэн байна. Ингэж биелүүлэхдээ бүх талын арга хэмжээг авсан байна гэж үзэж байна. Бүтцийн өөрчлөлтийн талаарх мэдэгдлийг сарын өмнө өгсөн байна. Мөн сонгон шалгаруулалт зарласан байна. Тиймээс хуульд нийцсэн тушаал гаргасан гэж үзэж байна. Мэдэгдэл өгсөн байх ёстой. Мэдэгдлээ өгсөн байна гэж ойлгож байна. Гэтэл нэхэмжлэгч өөрөө мэдэгдлээ аваагүй гэдэг нь хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. Хавтаст хэрэгт тухайн байгууллагын бүтэц орон тоог баталсан нотлох баримт авагдсан байна. Энэ баримтад хүний нөөц, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан гэсэн орон тоо байхгүй байна.Тухайн орон тоо нь байгууллагын бүтэц орон тоонд байхгүй байгаа учраас тухайн орон тоог хасагдсан гэж үзнэ гэв.  

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :  

Нэхэмжлэгч В.*******г *******-ын салбар Завхан аймаг дахь *******оллежийн захирлын 2017 оны 06-р сарын 06-ны өдрийн Б/63 тоот тушаалаар Монгол улсын Хөдөлмөрийн хуулийн 40-р зүйлийн 40.1.1, *******-ын захирлын 2017 оны А/76 тоот тушаал, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7-р зүйлийн 7.6 дахь заалтуудыг үндэслэн тус сургуулийн хүний нөөц, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтны үүрэгт ажлаас чөлөөлжээ. 

Нэхэмжлэгч В.******* нь дээрх тушаалыг үндэслэлгүй гэж үзэн ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...*******-аас баталж өгсөн бүтэц орон тооны дагуу В.*******г ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байна.

*******-ын захирлын 2017 оны 03-р сарын 02-ны өдрийн А/76 тоот тушаалаар Завхан аймаг дахь *******оллежийн орон тоог шинэчлэн баталсан байх ба ийнхүү шинэчлэн батлахдаа В.*******гийн өмнө эрхэлж байсан хүний нөөц, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтны ажлын байрыг 2 нэгжид салгаж хүний нөөцийн ажлыг архив бичиг хэрэгт, Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтны үүргийг аж ахуйн даргын орон тоонд хавсарган гүйцэтгүүлэхээр орон тоог баталсан байна.

Ийм учир *******оллежийн зохион байгуулалтын бүтцээс хүний нөөц, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтны ажлын байр үгүй болсон гэж шүүх дүгнэв.

Ажил олгогчийн зүгээс В.*******г Хөдөлмөрийн хуулийн 40-р зүйлийн 40.1.1 дэхь хэсэгт зааснаар буюу орон тоо хасагдсан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлөхдөө түүнд ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 1 сарын өмнө мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзлээ.

Энэ талаар хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт 03 сард би бүх хүмүүсээ нэг нэгээр нь дуудаж ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдсэн мэдэгдэл өгсөн гэж тайлбарлаж байгаа ч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт тэрээр *******д мэдэгдэл өгөхөд би авахгүй. Та буруу юм хийж байна гээд аваагүй. Тэр үед би ганцаараа байсан учраас дараа нь захиргааны зөвлөлийн хурал дээр энэ асуудлын талаар ярьж хэлсэн байгаа гэж тайлбарлаж байгаа ч уг захиргааны зөвлөлийн 2017 оны 03-р сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэлд туссан В.*******гийн ...сонгон шалгаруулалтанд орохгүй. Мэдэгдэл ч авахгүй гэсэн тайлбар, гарын үсэг, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн өөрийнх нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан В.******* өөрөө сонгон шалгаруулалтад орохгүй гээд гарын үсгээ зурсан. Тэр баримт нь Захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэл юм гэсэн тайлбар зэргээр В.*******д ажлаас чөлөөлөх мэдэгдлийг өгсөн гэсэн хариуцагчийн дээрх тайлбар үгүйсгэгдэж байна. 

Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 17-р зүйлийн 17.1 дэх хэсэгт төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалтыг зарлаж болохоор заасан.

Төрийн албан хаагчид тус хуулийн 11-р зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар төрийн албан тушаал хамаарахааргүй байна.

Иймд төрийн үйлчилгээний албан тушаалд сонгон шалгаруулалт зарлан явуулах шаардлагагүй байсны дээр сонгон шалгаруулалт зарласан гэх архив бичиг хэрэг хүний нөөцийн ажилтны ажлын байр, аж ахуйн дарга хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтны ажлын байранд хүмүүс ажиллаж байсан учир сул орон тоо гэж үзэж сонгон шалгаруулалт зарлах шаардлагагүй байжээ. 

Иймд В.*******г урьд эрхэлж байсан *******-ын салбар Завхан аймаг дахь *******оллежийн хүний нөөц хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтнаар эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг хариуцагч байгууллагаас гаргуулж, түүний эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд төвлөрүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

В.*******гийн дээрх хугацааны нөхөн олговрыг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-гийн а-д зааснаар түүний ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч В.******* нь ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сард нийт 1.753.507 төгрөгийн цалин авсан нь түүний 0636559 тоот нийгмийн даатгалын дэвтрээр нотлогдож байна. /3 дугаар сарын цалин 583969+ 04 дүгээр сарын цалин 582369 + 05 дугаар сарын цалин 587169 = 1.753.507 сүүлийн 3 сарын цалин, 1.753.507: 3= 584.502 төгрөг /сарын дундаж цалин/, 584.502 : 21.5= 27.186 / өдрийн дундаж цалин/

Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны / 06-р сард 18 хоног, 07-р сард 16 хоног, 08-р сард 23 хоног, 09-р сард 21 хоног, 10-р сард 22 хоног, 11-р сард 20 нийт 120 хоногийн цалинг тооцоход нийт 3.262.320 төгрөг байх тул хариуцагч байгууллагаас 3.262.320 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжийг тооцож /ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад төлүүлэх тэмдэгтийн хураамж 70200 + ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагад төлүүлэх тэмдэгтийн хураамж 41717 төгрөг= нийт 111.917 төгрөгийг/ хариуцагч байгууллагаас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд 

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ: 

1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******-ын салбар Завхан аймаг дахь *******оллежийн захирлын 2017 оны 06-р сарын 06-ны өдрийн Б63 тоот тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэгч В.*******г Соёл урлагийн их сургуулийн салбар Завхан аймаг дахь ******* *******ийн *******ийн хүний нөөц, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтнаар эгүүлэн тогтоосугай. 

2. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Соёл урлагийн их сургуулийн салбар Завхан аймаг дахь ******* *******ийн *******оос нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор болох 3.262.320 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В.*******д олгосугай.  

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 111.917 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулсугай. 

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно. 

5. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ