Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 141/ШШ2020/00285

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нарангэрэлээр тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Г.Уийн нэхэмжлэлтэй, Г.Цд холбогдох “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 322,000 төгрөг гаргуулах тухай”  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Г.У нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх ба хариуцагч Г.Ц нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5 дахь хэсэгт зааснаар зохигч талуудын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г.Ц нь 2015 онд иргэн Г.У надаас 322,000 төгрөгийн хүнсний бараа болон жимсийг дэлгүүрээс зээлж аваад одоог хүртэл өгөхгүй байгаа тул эвлэрүүлэн зуучлалд хандаад бүтсэнгүй. Иймд миний энэ мөнгийг мөнгөн хэлбэрээр гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Г.Ц нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Улаантолгой багийн иргэн Г.У 322,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Өмгөөлөгч авах хүсэлтэй байгаа тул Дархан-Уул багийн иргэн Г.Ц тайлбар гаргаж байна.” гэжээ.

Мөн нэхэмжлэгч Г.У нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Иргэн Г.У нь иргэн Г.Цд 422,000 төгрөгийн бараа өгөөд 100,000 төгрөг бэлэн аваад, 322,000 төгрөг үлдсэн болно. Надад шинээр нотлох баримт байхгүй, 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 322,000 төгрөг авсан талаараа бичсэн Г.Цгийн гарын үсэгтэй баримт байгаа болно” гэжээ.

Харин хариуцагч Г.Ц нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 322,000 төгрөгийг 2 сард 100,00-аар, 3 дахь сард 100, 100-аар өгье гэснээс хойш 100,000 төгрөгийг өгсөн. Хасуулж тооцуулах баримтаа Хаан банкнаас гаргасан зээлийн хуулгаар нотолж хасуулах хүсэлтэй байна. Шүүх хурал дээр банкны хуулгаа авчрах болно.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.У нь хариуцагч Г.Цд холбогдуулан “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 322,000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Г.Ц нь 2016 онд нэхэмжлэгч Г.Уээс хүнсний бараа болон жимс зээлээр худалдаж авсан үйл баримтын талаар маргахгүй, харин зээлж авсан хүнсний бараа болон жимсний нийт үнийн талаар маргаж, төлөх ёстой дүнгээс зарим хэсгийг төлсөн шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөөгүй байна.

Нэхэмжлэгч Г.У нь 2016 онд хариуцагч Г.Цд 422,000 төгрөгийн бараа, жимс  дэлгүүрээсээ зээлдүүлж, 100,000 төгрөгийг нь авч,  322,000 төгрөг аваагүй үлдсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан тайлбар, хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан тайлбар болон нэхэмжлэгч Г.Уээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн “Ц би бараа, жимс авсан 322,000-ыг 2 сард 100,000-аар тооцож, 3 дахь сард 122,000-г жимс, аньс, мөнгөөр тооцож хаах болно. /10,11,12/ сар Г.Ц гээд гарын үсэг зурж, 2017 оны 10 дугаар сарын 17 гэсэн огноо тавьсан” 1 хуудас баримт,  “...60 хуудас бүхий дөрвөлжин шугамтай дэвтрийн голоос урагш 10 хуудаст, голоос арагш 27 хуудаст ар өвөргүй өрийн тооцоо болон барааны үнэ бичсэн, голоос урагш хамгийн эхний хуудаст 2016 он гээд 4 дугаарт Ц 422,000 99252977-100,000 гэсэн бичилттэй, голоос арагш эхний хуудаст зээл гэсэн гарчиг тавьж 4 дугаарт Ц 422,000-100,000=322,000 99252977 гэсэн бичилт хийсэн...” дэвтэр  зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Г.У нь 2016 онд хариуцагч Г.Цд дэлгүүрээсээ бараа болон жимс зээлээр худалдсан үйл баримт болон талууд төлбөрийг хэсэгчлэн тодорхой хугацааны дараа хийхээр тохирсон нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч хүү төлөхөөр тохиролцоогүй учир тэдний хооронд зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Харин  нэхэмжлэгч тал нь бараа, жимсийг хариуцагч талын өмчлөлд шилжүүлж, хариуцагч тал нь барааг хүлээн авч, хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэг хүлээснээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт “Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж тус тус хуульчилсан.

 Нэхэмжлэгч Г.У, хариуцагч Г.Ц нар 2016 онд худалдах худалдан авах гэрээ байгуулсан боловч хариуцагч нь 2017 оны 12 дугаар сард гэрээний үүргээ биелүүлж дуусгах талаар нэхэмжлэгчтэй тохиролцсон байна.

Иймээс  2018 оны 01 дүгээр сараас эхлэн нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхээр шүүхэд хандсан тул тэдний хооронд үүссэн гэрээний маргааныг шүүх шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Г.Ц нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох талаар хүсэлтийг шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүхээс түүнд өмгөөлөгч сонгон авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжит хугацаа олгосон боловч тэрээр өмгөөлөгч сонгон аваагүй, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбар ирүүлсэн боловч холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй, шүүх хуралдаанд нотлох баримт гаргаж өгнө гэсний дагуу шүүх хуралдааны товыг өөрт нь танилцуулан мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно.

Иймд шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, хариуцагч Г.Цгаас худалдах худалдан авах гэрээний үүрэг болох 322,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ут олгох нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “Шүүхээс эрх зүйн маргаан шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно” гэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр өргөдөл, гомдол, нэхэмжлэл шүүхэд гаргах болон шүүхээс баримт бичиг олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

7.1.1.эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх:  

Нэхэмжлэлийн үнийн дүн /төгрөгөөр/

Хураамжийн хувь, хэмжээ /төгрөгөөр/

0-130 000

4550 төгрөг.

130 001-650 000

4550 төгрөг дээр 130 000 төгрөгөөс давсан дүнгийн 3 хувийг нэмнэ.

650 001-1 300 000

20150 төгрөг дээр 650 000 төгрөгөөс давсан дүнгийн 2.4 хувийг нэмнэ.

1 300 001-13 000 000

35750 төгрөг дээр 1 300 000 төгрөгөөс давсан дүнгийн 1.6 хувийг нэмнэ.

13 000 001-ээс дээш

222950 төгрөг дээр 13 000 000 төгрөгөөс давсан дүнгийн 0.5 хувийг нэмнэ.

 

гэж” тус тус  хуульчилсан.

Нэхэмжлэгч Г.У нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 322,000 төгрөгийн шаардлагад 10,310 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн байх бөгөөд шүүхээс түүний нэхэмжлэлийг бүрэн хангахаар шийдвэрлэж буй учир хариуцагч Г.Цгаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэг, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Цгаас 322,000 /гурван зуун хорин хоёр мянга/  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ут олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Уийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,310 /арван мянга гурван зуун арав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Цгаас 10,310 /арван мянга гурван зуун арав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ут олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН