Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 205/МА2020/00020

 

Г.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Намхайдорж даргалж,

Бүрэлдэхүүнд:

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нарийн бичгийн дарга: М.Пүрэвдорж нар оролцов.

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 285 дугаартай шийдвэртэй, Г.*******ийн нэхэмжлэлтэй Г.*******д холбогдох иргэний хэргийг хариуцагч Г.*******гийн давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Г.******* нь 2015 онд иргэн Г.******* надаас 322.000 төгрөгний хүнсний бараа болон жимсийг дэлгүүрээс зээлж аваад одоог хүртэл өгөхгүй байгаа тул эвлэрүүлэн зуучлалд хандаад бүтсэнгүй. Иймд миний энэ мөнгийг мөнгөн хэлбэрээр гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Г.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Улаантолгой багийн иргэн Г.******* 322.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Өмгөөлөгч авах хүсэлтэй байгаа тул Дархан-Уул багийн иргэн Г.******* тайлбар гаргаж байна гэжээ. 

Мөн нэхэмжлэгч Г.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Иргэн Г.******* нь иргэн Г.*******д 422,000 төгрөгийн бараа өгөөд 100,000 төгрөг бэлэн аваад, 322,000 төгрөг үлдсэн болно. Надад шинээр нотлох баримт байхгүй, 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 322,000 төгрөг авсан талаараа бичсэн Г.*******гийн гарын үсэгтэй баримт байгаа болно гэжээ.

Харин хариуцагч Г.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 322.000 төгрөгийг 2 сард 100.000-аар, 3 дахь сард 100.000, 100.000 төгрөгийг өгье гэснээс хойш 100.000 төгрөгийг өгсөн. Хасуулж тооцуулах баримтаа Хаан банкнаас гаргасан зээлийн хуулгаар нотолж хасуулах хүсэлтэй байна. Шүүх хурал дээр банкны хуулгаа авчрах болно гэжээ.

Анхан шатны шүүх:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэг, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.*******гаас 322,000 /гурван зуун хорин хоёр мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,310 /арван мянга гурван зуун арав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******гаас 10,310 /арван мянга гурван зуун арав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгож,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж,

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Хариуцагч Г.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Миний бие Гомбо овогтой ******* нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан Уул багийн Дэлгэрэхийн 607 тоотод оршин суудаг. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 285 дугаартай шүүхийн шийдвэрт гомдол гаргаж байна. Улаан толгой багийн иргэн Г.******* 322.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Авсан бараанаас илүү үнийн дүн бичсэн. Уг 322.000 төгрөгнөөс 2008 оны 04 дүгээр сарын 04-нд зээлээс 100.000 төгрөг өгсөн байхад хасаагүй. Иймд 100.000 төгрөг хасуулахаар гомдол гаргаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Г.*******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 322.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Г.******* нарын хооронд 2016 онд хүнсний бараа худалдах, худалдах авах гэрээ байгуулагдаж, Г.******* нь барааны үнэ 322.000 төгрөгийг дараа төлөх нөхцөлтөйгөөр авсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй үйл баримт тогтоогджээ.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ.

Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа болон гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй үүрэг зөрчигдсөн, нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 243.дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцсэн байна.

Хариуцагч Г.******* нь худалдах, худалдан авах гэрээний үүргээс 100.000 төгрөгийг биелүүлсэн гэж маргаж нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцохыг хүссэн боловч 100.000 төгрөг өгсөн гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэсэн анхан шатны шийдвэр үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 285 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.*******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Монгол улсын Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 10310 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ

ШҮҮГЧИД  Ч.ЭНХТӨР

Б.АРИУНБАЯР