Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 59

 

Б.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00170/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  04 дүгээр сарын 16-ны өдрийн 347 дугаар шийдвэртэй,

            Нэхэмжлэгч Б.Г-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч “Шарын гол” ХК-д холбогдох

"Тэтгэмж 7.200.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайвангийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Г-оос:

...Миний бие “Шарын гол” ХК-д анх 2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гүйцэтгэх захирлын №292 тоот тушаалаар оффис менежерийн албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн. Энэхүү хугацаанаас хойш төслийн менежер, 50 жилийн ойн комиссын нарийн бичиг, ТУЗ-ийн даргын туслах зэрэг ажлыг тус тус гүйцэтгэсэн. 2014 оны 10 сараас эхлэн миний үндсэн цалин болох 1.100 ам доллар мөн сарын нэмэгдэл болох 200 ам долларыг үндэслэлгүйгээр 1.200.000 төгрөг болгосон байдаг ба миний бие ямар нэгэн гомдол гаргалгүй өдийг хүртэл ажлаа шударга, зөрчилгүй хийж ирсэн билээ. Гэтэл “Шарын гол” ХК- гүйцэтгэх захирлын 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/140 дүгээр тушаалыг гаргасан байна. Уг тушаалыг миний бие 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээж авсан. Үүнээс хойш Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилд эгүүлэн томилох гомдол гаргасан ч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байдаг бөгөөд ажлаас халагдсан тэтгэмжийг шаардах боломжтой гэж дүгнэлт гарсан билээ. Иймд намайг ажлаас халсантай холбоотой тэтгэмж болох 6 сарын цалинтай тэнцэх 7.200.000 төгрөг нэхэмжлэх шаардлагыг гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайвангаас:

Тус шүүхэд Б.Г-ын нэхэмжлэлтэй “Шарын гол” ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж заасан тул хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэн нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэхэмжлэгчид олгосон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 347 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар “Шарын гол” ХК-аас 7.200.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Г-од олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Г- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Шарын гол ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 130.150 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван давж заалдсан гомдолдоо:

            “Шарын гол" ХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6. 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд “нэг сар түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж заасан тул хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэн, нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэхэмжлэгчид олгосон. Гэтэл шүүх хариуцагчийг хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлчхээд байхад, тодорхой өөр үндэслэл шалтгаанаар ажлын байр цөөлж цомхотгон, тухайн шалтгаанаар цомхотголд орж буй ажилтныг өөр ажилд шилжүүлэх боломжгүй тохиолдолд олгодог тэтгэмжийг олгох ёстой байсан гэж дүгнэн нэхэмжлэгчид 6 сарын тэтгэмж гэж 7.200.000 төгрөгийг олгох шийдвэр гаргасан. Өмнө нь олгосон нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг ч энэхүү дүнгээс хасахгүйгээр шийдвэрлэсэн. Нөгөө талаас нэхэмжлэгч шүүхэд хандах хугацаагаа хэтрүүлж нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байсан. Тодруулбал нэхэмжлэгч 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд ажлаас чөлөөлж, 1 сарын дундаж цалин хөлстэй  тэнцэх тэтгэмж олгох хариуцагчийн тушаалыг 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гардаж авсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар 3 сарын дотор шүүхэд хандах ёстой тул 2018 оны 11 дүгээр сарын 13-ны дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Г- нь хариуцагч “Шарын гол” ХК-д холбогдуулан ажлаас орон тооны цомхотголоор халагдсаны тэтгэмж 7.200.000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч  тал Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Хэргийн материалыг хуульд зааснаар гомдолд хязгаарлахгүйгээр бүхэлд хянахад ажил олгогч “Шарын гол” ХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Б.Г-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч Б.Г- нь анх тус байгууллагад 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “Шарын гол” ХК-ийн оффис менежерийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан, мөн тус компани Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын туслахын ажлыг хийж байсан тухай үйл баримт тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

Харин хариуцагч тал орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэсэн заалтаар нэхэмжлэгчийг ажлаас халсан ба нэхэмжлэгч үл зөвшөөрч маргажээ.

“Шарын Гол” ХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээний 2.6-д “ажилтан” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.2-т заасан ажиллаж байгаа иргэнийг, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “ажилтан” гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг гэж зааснаар Б.Г-ыг тус байгууллагын ажилтан мөн гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар “...хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авах, хөдөлмөрийн гэрээ ба хамтын гэрээ, хэлэлцээрт заасан бусад эрх, хөнгөлөлт эдлэх эрхтэй” тул нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн байна.

Ажил олгогч ажилтан Б.Г-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохоор зохицуулжээ.

Мөн хамтын гэрээний 6.2.2-т “үйлдвэрлэлийн хэтийн төлөв болон техник технологид шинэчлэл хийж ажлын байр цөөлөх, цомхотгох тохиолдолд өөр ажилд шилжүүлэх боломжгүй бол цомхотголд орж халагдаж буй ажиллагсдад 5-10 жил ажилласан бол 6 сар, 11-15 жил ажилласан бол 12 сар, 16 ба түүнээс дээш жил ажилласан бол 24 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа компаниас олгоно гэж заасан байна.

Нэхэмжлэгч Б.Г- нь 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд “Шарын гол” ХК-д ажиллаж байсан, иөн орон тооны цомхотголоор ажлаасаа халагдсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Хариуцагч талын гомдолд дурдсан нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан ба нэхэмжлэгч шүүхэд хандах хугацаагаа хэтрүүлж нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэснийг тодруулбал Б.Г- нь анх шүүхэд хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэл гаргаж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж байсан бөгөөд үүний дараа ажлаас халагдсаны тэтгэмжийг үргэлжлүүлэн нэхэмжилснийг хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

Ажил олгогчоос нэхэмжлэгч Б.Г-ыг ажлаас чөлөөлөхдөө 1 сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгосон тул шүүх нэхэмжлэгчид 6 сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмж 7.200.000 төгрөгийг олгосон нь нэг сарын тэтгэмжийг давхардуулсан байх тул өөрөө 5 сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмж 6.000.000 төгрөгийг хариуцагч “Шарын Гол” ХК-аас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  04 дүгээр сарын 16-ны өдрийн 347 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын:

 “7.200.000 төгрөг” гэснийг “6.000.000 төгрөг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 130.150 төгрөгийг шүүгчийн захирамжаар хариуцагчид буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

    

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ

                                                                ШҮҮГЧИД                                     С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                      С.ОЮУНЦЭЦЭГ