Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 347

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2019/00170/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ..............  хот, .............. дүүрэг, ..............  хороо, ..........  байр..........  тоотод оршин суух ....... овгийн Б.Г- /РД: ........ , утас: ............... /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ............  аймаг, ............  сум, ..........  багт байрлах “Ш.г” ХК /РД: ............./-д холбогдох

“7,200,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Г- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Миний бие Ш.г-ХК-д анх 2012 оны 9 дүгээр сарын 27-нд гүйцэтгэх захирлын №292 тоот тушаалаар оффис менежерийн албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн билээ. Энэхүү хугацаанаас хойш төслийн менежер, 50 жилийн ойн комиссын нарийн бичиг, ТУЗ-ийн даргын туслах зэрэг ажлыг тус тус гүйцэтгэсэн юм. 2014 оны 10 сараас эхлэн миний үндсэн цалин болох 1,100 ам доллар мөн сарын нэмэгдэл болох 200 ам долларын үндэслэлгүйгээр 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөг болгосон байдаг ба миний бие ямар нэгэн гомдол гаргалгүй өдийг хүртэл ажлаа шударга, зөрчилгүй хийж ирсэн билээ. Гэтэл Ш.г-компаниас 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай гүйцэтгэх захирлын 2018 оны 8 дугаар сарын 07- ны өдрийн Б/140 дүгээр тушаалыг гаргасан байна. Уг тушаалыг миний бие 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээж авсан. Үүнээс хойш Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилд эгүүлэн томилох гомдол гаргасан ч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байдаг бөгөөд ажлаас халагдсан тэтгэмжийг шаардах боломжтой гэж дүгнэлт гарсан билээ. Иймд дээрх үндэслэлээр намайг ажлаас халсантай холбоотой тэтгэмж болох 6 сарын цалинтай тэнцэх 7,200,000 төгрөг нэхэмжлэх шаардлагыг гаргаж байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“Тус шүүхэд Б.Г-ын нэхэмжлэлтэй Ш.г-ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 1-д “ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж заасан тул хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэн нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэхэмжлэгчид олгосон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Г- нь хариуцагч Ш.г-ХК-д холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар ажлаас цомхтголоор халагдсаны тэтгэмж 7,200,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч Б.Г- Ш.г-ХК-ийн ТУЗ-ийн даргын туслахын албан үүргээс 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/140 дугаартай тушаалаар орон тооны цомхтголоор халагдсан тул Хамтын гэрээний 6.2.2 заалтын дагуу зургаан сарын тэтгэмж 7,200,000 төгрөг гаргуулна гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон тул зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Ш.г-ХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээний 2.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар Б.Г- тус байгууллагын ажилтан бөгөөд мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээ ба хамтын гэрээ, хэлэлцээрт заасан бусад эрх, хөнгөлөлт эдлэх эрхтэй байна.

Ажил олгогч Ш.г-ХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөр үүрэгт ажлаас Б.Г-ыг чөлөөлсөн байна.

Хамтын гэрээний 6.2.2-ын үйлдвэрлэлийн хэтийн төлөв болон техник технологид шинэчлэл хийж ажлын байр цөөлөх, цомхтголд хамаарах ажлын байрны жагсаалтыг хамтын гэрээнд тодотгоогүй мөн гэрээний 9 дүгээр бүлэг /хамтын ажиллагаа/ 9.4-т Компанийн ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 зүйл, компанийн дотоод журмыг үндэслэнэ гэжээ.

Ажил олгогч ажилтан Б.Г-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа бол мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөстэй тэнцэх   тэтгэмж олгохоор хуульчилсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар 1 сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохыг ажил олгогчид хуулиар үүрэгжүүлсэн, ажил олгогч Ш.г-ХК хууль зөрчөөгүй, энэ талаар итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.

Харин нэг сараас дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгох талаар ажилтан, ажил олгогч хөдөлмөрийн гэрээндээ компанийн дотоод журам, хамтын гэрээнд заасны дагуу харилцан тохиролцож, тухайн ажил олгогч нийгмийн хамгааллын бодлого /хамтын гэрээний 6 дугаар бүлэг. Нийгмийн хамгаалал/ зохицуулалт буюу урамшуулал, хөнгөлөлт, тэтгэмж, тусламжаа бие даан, эдийн засгийн боломждоо тулгуурлан хамтын гэрээгээр шийдвэрлэх боломжийг хууль нээлттэй олгосон.

Ажил олгогчийн одоо мөрдөж байгаа гэх Хамтын гэрээний 6 дугаар бүлэг Нийгмийн хамгаалал хэсэгт Компанийг ажилтнуудад цалин хөлсний нэмэгдэл олгох үед газрын дор, газрын дээр гэж, ажилласан жилээр хамааран ялгамжтай хувь хэмжээгээр тогтоосноос бусад бүлэгт албан тушаалыг ялгаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбараа өөрөө баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч татгалзлаа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэг сарын тэтгэмж олгосон тул 6 сарын тэтгэмж олгохыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ бусад байдлаар нотлоогүй, энэ талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Г- Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээ ба хамтын гэрээ, хэлэлцээрт заасан бусад эрх, хөнгөлөлт эдлэх эрхтэй тул хамтын гэрээний 6.2.2-д заасан 5-10 жил ажилласан бол 6 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно гэснийг шаардах эрхийн үндэслэл болгож байгааг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч Ш.г-ХК-иас /талуудын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.2-д зааснаар үндсэн цалин 1,200,000 төгрөг х 6 сар/ 7,200,000 төгрөг гаргуулан Б.Г-од олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч 7,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч Ш.г-ХК-иас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 130,150 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...шүүхэд өмнө нь бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тухай байр суурь хэвээрээ байгаа бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг оролцуулалгүйгээр эзгүйд шүүх хуралдааныг хийж өгнө үү... гэх хүсэлтийг ирүүлсэн, нэхэмжлэгч хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар Ш.г-ХК-иас 7,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Г-од олгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Г- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ш.г-ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 130,150 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг  сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ОЮУНДАРЬ