Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 115/2016/0023/з |
Дугаар | 221/MA2017/0187 |
Огноо | 2017-03-09 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 221/MA2017/0187
2017 оны 03 сарын 09 өдөр | Дугаар 221/МА2017/0187 | Улаанбаатар хот |
Б.Батбаярын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0024 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Батбаярын нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0024 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “г”, 29 дүгээр зүйлийн 29.2, 32 дугаар зүйлийн 32.2, 32.7, 32.8, 38 дугаар зүйлийн 38.1, Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.7 дэх зүйлүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Батбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Засаг даргыг үүрэгт ажлаас огцруулах тухай” Б/50, “Үүрэг гүйцэтгэгч томилох тухай” Б/51 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгож, Б.Батбаярын ажилгүй байсан хугацааны цалин 3516.076 /гурван сая таван зуун арван зургаан мянга далан зургаан/ төгрөг, урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж 6515.154 /зургаан сая таван зуун арван таван мянга нэг зуун тавин дөрвөн/ төгрөргийг тус тус Дорноговь аймгийн Засаг даргаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд С.Одбаяр давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгч сумын хурлаас намайг огцруулах үндэслэлгүй, огцруулахгүй гэсэн тогтоол, саналыг аймгийн Засаг даргад хүргүүлж байсан” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг шүүх шийдвэртээ үндэслэсэн байна.
Мөн аймгийн Засаг даргын 2016 оны Б/50 дугаар захирамжид үндэслэсэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг анхан шатны шүүхээс “нэхэмжлэгчийн хууль зөрчсөн, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй” гэх үндэслэл тогтоогдоогүй талаар үндэслэсэн байна. Аймгийн Засаг даргаас дээрх заалтыг үндэслэхдээ Сайншанд сумын Засаг дарга асан Б.Батбаяр нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй, хууль тогтоомж зөрчсөн үйлдлүүд нь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба, Мэргэжлийн хяналтын газрын хяналт, шалгалтаар нотлогдох тухай захирамждаа дурдсан.
Гэтэл Дорноговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс дээрх нотлох баримтуудыг цуглуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээс нотлох баримтыг цуглуулах, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэлгүй, хууль зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0024 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үндэслэл бүхий дүгнэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хэргийг зөв шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Б.Батбаяр нь “Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/50, Б/51 дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэл гаргасан байна.
Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01/05 тоот тогтоолыг үндэслэн Дорноговь аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/26 дугаар захирамжаар Б.Батбаярыг Сайншанд сумын Засаг даргаар томилсон байна.
Хариуцагч нь Монгол Улсын хууль тогтоомж, журмыг удаа дараа ноцтой зөрчиж, Сайншанд сумын орон нутгийн хөгжлийн сан, сумын хөгжлийн сан, эрсдэлийн сангуудаас олгосон зээл, түүний буцаан төлөлтийн үйл ажиллагаанд хяналт тавилгүйгээс үүдэн 661920.3 мянган төгрөгийн төлбөр, зөрчил үүсгэж орон нутгийн ажил, төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд хүндрэл учруулан, дараагийн төслийг санхүүжүүлэх эх үүсвэр бүрдэхгүй байдалд хүргэж чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж үзэж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийг заалтыг тус тус үндэслэн Сайншанд сумын Засаг даргын албан тушаалаас Б.Батбаярыг огцруулан 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/50 дугаар захирамжийг гаргажээ.
Улмаар аймгийн Засаг дарга 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/51 дүгээр захирамжаар С.Одбаярыг Сайншанд сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т "Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ”, 32.4-д “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан үндэслэлээр Засаг даргыг огцруулах бол саналаа зохих шатны Хуралд хүргүүлэх бөгөөд Хурал 15 хоногийн дотор хэлэлцэж санал хураалт явуулж хариу өгнө”, 32.6-д “Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ”, 32.7-д “Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг нь бүрэн хүлээнэ” гэж тус тус заажээ.
Тиймээс хуульд өөрөөр заагаагүй бол Төрийн албаны тухай хуулийг удирдлага болгох байсан бөгөөд хуульд өөрөөр заасан байх тул энэ тохиолдолд Засаг даргын баталгааг зохицуулсан гол хууль нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан 32.2 дахь хэсэгт заасан тухайн шатны Хурал нь Засаг даргыг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг даргад хүргүүлээгүй байхад Засаг даргыг чөлөөлөх, огцруулахгүй байхыг хуулиар зохицуулсан нь улс төрийн албан хаагчийн баталгаа юм. Өөрөөр хэлбэл, аймгийн Засаг дарга нь сумын Засаг даргыг чөлөөлөх, огцруулах эрхтэй хэдий ч хуулиар тухайн шатны Хурал санал хүргүүлсэн нөхцөлд шийдвэрлэхээр зохицуулжээ.
Дээрх үндэслэлээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар 32.2, 32.4, 32.6 дахь хэсгийг тус тус зөрчиж, сумын Засаг дарга Б.Батбаярыг огцруулах саналыг аймгийн Засаг дарга Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлээгүй байхад хариуцагч Дорноговь аймгийн Засаг дарга 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Б/50 дугаар захирамжийг гаргасан нь Сайншанд сумын Засаг даргаар ажиллаж байсан нэхэмжлэгч Б.Батбаярын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөн С.Одбаярыг Сайншанд сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д “Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг нь бүрэн хүлээнэ” гэж заасныг зөрчсөн байх тул аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-нийн өдрийн Б/51 дүгээр захирамж нь хуульд нийцээгүй гэж үзнэ.
Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд хариуцагчийн “Сайншанд сумын сум хөгжлийн сангийн зээл олголт болон төлөлтийн үйл ажиллагаанд 2012 онд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, 2013 онд Аудитын газар, 2016 онд Санхүү хяналтын аудитын албанаас хяналт шалгалтыг хийж зөрчил дутагдлыг арилгах чиглэл үүрэг өгч байсан хэдий ч өнөөдрийг хүртэл энэ зөрчил арилаагүй, санхүүгийн ноцтой зөрчил гаргасан Б.Батбаярыг ажлаас нь огцруулсан” гэсэн тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй.
Харин ээлжит сонгуулийн үр дүнгээр Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01/05 дугаар тогтоолоор, Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/89 дүгээр захирамжаар Сайншанд сумын Засаг даргаар С.Одбаярыг томилсон.
Тиймээс Б.Батбаярыг хугацаанаас өмнө огцруулсан маргаан бүхий аймгийн Засаг даргын захирамж хууль бус болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч Б.Батбаярт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж зааснаар 6 сарын урьд нь авч байсан албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.
Мөн “...урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Б.Батбаяр татгалзсаныг шүүх хүлээн авч, түүний энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Харин гуравдагч этгээд С.Одбаярын “анхан шатны шүүх нотлох баримтуудыг цуглуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус” гэх давж заалдах гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0024 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР