Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 408

 

М.Э-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, хохирогч М.Б, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Т.Баярбат, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 385 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018  оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 416 дугаар магадлалтай, М.Э-д холбогдох 180600000027 дугаартай эрүүгийн хэргийг иргэний хариуцагчийн өмгөөлөгч Т.Баярбатын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хуацай овогт М-ийн Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх М.Э-г авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар иргэний хариуцагч Ц.Г-аас 5,000,000 төгрөг, шүүгдэгч М.Э-гээс 4,509,800 төгрөг тус тус гаргуулж хохирогч М.Б-д олгосугай” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч М.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Даваажаргал, П.Учралгэрэл нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагчийн өмгөөлөгч Т.Баярбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-гээс 9,509,800 төгрөгийг гаргуулж хохирогч М.Б-д олгож, иргэний хариуцагчаар Ц.Г-г татсан мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосон болно. Шүүх Ц.Г-г иргэний хариуцагчаар татсан мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгохдоо “М.Э тус угаалгын газарт ажилд ороод 7 хонож байсан ба автомашин угаалгын газар М.Э нарын хооронд хөдөлмөрийн гэрээ хийгдээгүй, М.Э нь албан тушаалын дагуу үүрэг гүйцэтгэх явцдаа бусдад гэм хор учруулаагүй байна” гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл М.Э нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа бус эрүүгийн гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогчид эд хөрөнгийн хохирол учруулсан байна гэж үзэж “Гял цал” авто угаалгын газрыг ажиллуулж байсан Ц.Г-г иргэний хариуцагчаар татсан мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосон. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой 8 дахь заалтыг иргэний хариуцагч Ц.Г-аас 5,000.000 төгрөг, шүүгдэгч М.Э-гээс 4,509.800 төгрөг тус тус гаргуулж хохирогч М.Б-д олгохоор өөрчилж шийдвэрлэснийг өмгөөлөгчийн хувьд эс зөвшөөрч хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Магадлалаар энэхүү өөрчлөлтийг оруулсан үндэслэлээ тодорхойлохдоо Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасан үндэслэлийг заасан боловч буруу тайлбарлаж хэрэглэсэн, огт хамаагүй Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтыг дурдаж хохирогч М.Б нь иргэний хариуцагч “Гял цал” авто угаалгын эзэн Ц.Г-д авто машинаа угаалгахаар хүлээлгэн өгсөн угаалгын төлбөрийг түүнд төлсөн, нөгөөтэйгүүр Ц.Г нь М.Э-тэй ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийлгүйгээр ажил эрхлүүлж Хөдөлмөрийн тухай болон Иргэний хуулиудад заасан үүргээ зөрчсөн гэж дүгнэж, хохирогч М.Борхүүд учирсан 9,509,800 төгрөгийн хохирлын зохих хувийг иргэний хариуцагч Ц.Г-аар төлүүлэхээр шийдвэрлэснийг хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Ингэхдээ дараах нөхцөл байдлуудыг зөв шинжлэн судалж нотлох баримтад дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн.

Уг хэрэгт холбогдогч Энхбилгүүн нь тус угаалгын газарт Хөдөлмөрийн гэрээгээр бус хөлсөөр ажиллах гэрээний хэлбэрээр ажиллаж машин угаан тухай бүрд нь хөлсийг нь авах журмаар ажиллаж байсан байна. Э нь уг хэргийг үйлдэхдээ машины түлхүүрийг угаалгын газрыг хариуцан ажиллаж байсан Ц.Г-ын ширээн дээрээс хулгайлан авч, улмаар шөнө болсон хойно харуулаар ажиллаж байсан хүнийг унтсан хойгуур хаалгыг эвдлэн орж, машиныг хулгайлан авч явж байх үедээ хэргийг үйлдсэн байдаг. Шүүгдэгч М.Э-гийн үйлдэл нь хулгайн болон авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжүүдийг давхар агуулж байхад энэ талаар шалгаж ямар нэгэн дүгнэлт хийгээгүй нь гэмт хэрэгтэнд ял завших боломжийг олгосон бөгөөд М.Э нь автомашины түлхүүрийг ширээн дээрээс хулгайлан авсан, машиныг хулгайлан авч явахдаа ажлын бус цагаар гаднах хаалгыг эвдлэн авч явсан, цагдаагийн шаардлагаар зогсоогүй, гэмт хэрэг үйлдчихээд хэргийн газрыг орхин зугтаасан, ээждээ би хөдөө Хэнтий явлаа гэж байсан зэрэг дээрх хулгайн болон хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн үйлдэл, санаа зорилгыг илэрхийлэх нотлох баримтууд байгаа учир ийнхүү дүгнэж байгаа болно. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх заалтыг баримтлан үндэслэлгүй өөрчлөлт оруулахдаа мөн зүйлийн 498.5 дахь заалтыг давхар зааж өгөх ёстой байсан боловч энэ заалтыг орхигдуулж санаатай эрүүгийн гэмт хэрэг үйлдэх явцдаа байгууллагад болон бусдад хохирол учруулсан этгээдийг хохирол төлж барагдуулахаас чөлөөлж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэхэд хүргэж байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад Хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заажээ. Эдгээрээс дүгнэн үзвэл шүүгдэгч Энхбилгүүн нь тухайн газрын Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ажилтан бус хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байсан, гэмт хэргийг үйлдэхдээ ажил үүрэгтэйгээ огт хамаагүй уг машиныг өөр зорилгоор хулгайлан авч явахдаа энэхүү үйлдлийг хийж гэмт хэрэгт холбогдсон байдаг. Иймд давж заалдах шатны шүүхийн 416 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад өөрчлөлт оруулсан хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал байхгүй. Хэргийн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдсон тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.  

Мөн хуралдаанд прокурор Ц.Насанбат гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гол зорилго нь хүний зөрчигдсөн эрхийг сэргээх юм. Гэтэл хохирогчийн зөрчигдсөн эрх одоог хүртэл сэргээгдээгүй байгаа шалтгаан нь анхан болон давж заалдах шатны шүүх учирсан хохирлыг хэнээр төлүүлэх үү гэсэн асуудалд маргаантай хандаж байгаагаас болж байна. Хохирогч нь “Гял цал” авто угаалгын газар машин угаалгахаас гадна хадгалуулах харилцаа давхар үүсгэсэн байсанд шүүх дүгнэлт хийгээгүй. Дээрх харилцаа нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн машинаа угаалгаад хонуулахаар 18,000 төгрөг өгсөн гэсэн мэдүүлгээр нотлогдож байна. Үүнийг зөвхөн хөдөлмөрийн харилцаанаас биш хадгалалтын харилцаанаас үүссэн үр дагавар гэж үзэж, эхний ээлжинд хохирол, төлбөрийг иргэний хариуцагчаас гаргуулж, шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх шийдвэр гаргах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Т.Баярбатын гаргасан гомдлыг үндэслэн М.Э-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч М.Э- нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гял цал” автомашин угаалгын газраас иргэн М.Б-ийн эзэмшлийн 39-23 УБЗ улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота пробокс” загварын автомашиныг зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Э-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Давж заалдах шатны шүүх “Гял цал” автомашин угаалгын газар, шүүгдэгч М.Э нарын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн талаар болон уг угаалгын газар хохирогч М.Б-ийн машиныг угаах үйлчилгээ үзүүлж улмаар нэг хоногийн хугацаанд автомашиныг хадгалж, хамгаалахаар хүлээн авсан талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, иргэний хариуцагч байгууллагаас 5,000,000 төгрөг гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан нь хуульд нийцжээ.

Хэдийгээр шүүгдэгч М.Э-г ажиллуулж буй “Гял цал” автомашин угаалгын газар нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцах үүрэг хүлээх боловч гэм буруутай нь шүүхээр тогтоогдсоны дараа уг этгээдээс иргэний хариуцагчийн хувьд төлсөн төлбөрийг буцаан нэхэмжлэх эрхтэйгээс гадна шүүгдэгч буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг иргэний хариуцагчийг хохиролгүй болгох үүрэг хүлээдэг билээ.

Иймд иргэний хариуцагчийн энэхүү эрхийг хангах үүднээс шүүгдэгч М.Э-гээс 5,000,000 төгрөг гаргуулж иргэний хариуцагч “Гял цал” автомашин угаалгын газар /Ц.Г/-т олгохоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 385 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018  оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 416 дугаар магадлалд:

“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1, 513 дугаар зүйлийн 513.2-т зааснаар иргэний хариуцагч Ц.Г-аас 5,000,000 төгрөг, шүүгдэгч М.Э-гээс 4,509,800 төгрөг тус тус гаргуулж хохирогч М.Б-д, шүүгдэгч М.Э-гээс 5,000,000 төгрөг гаргуулж иргэний хариуцагч Ц.Г-д олгосугай” гэсэн өөрчлөлт оруулж, тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Т.Баярбатын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                       

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН