Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 140/ШШ2017/00552

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж, Б.*******ын нэхэмжлэлтэй *******ийн *******ны Завхан салбарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* миний бие Ургамал сумын тооцооны төвд 2007 онд анх нээгдсэн үеэс ажиллаж нягтлан бодогч, ахлах теллер зэрэг ажил хийж байгаад 2013 оны 10 сараас эхлэн *******ийн *******ны Ургамал тооцооны төвийн захирлаар томилогдон ажиллаж байгаад 2017 оны 5 сарын 03-ны өдрийн *******ийн *******ны салбарын захирал А.*******ийн 67-р тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир

1. Би *******ыг хохироогоогүй

2.Би харилцагчийг хохироогоогүй иймийн тулд уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх гэсэн шаардлагаа дэмжиж байна гэжээ.  

Хариуцагч байгууллагын төлөөлөгч А.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******ийн ******* ХХК-ний Завхан салбарын харъяа Ургамал тооцооны төвд ээлжит шалгалт хийсэн. Тус шалгалтын тайланг үзвэл нэхэмжлэгч Б.******* нь *******ийн *******ны ёс зүйн дүрмийн 5.2 /...хамтран ажиллагсад, харилцагч болон нийлүүлэгч нартай хувийн санхүүгийн асуудал үүсгэж болохгүй/ дахь заалтыг удаа дараа зөрчсөн нь тогтоогдсон байдаг. *******ийн *******ны Ёс зүйн дүрмийн 6 дугаар зүйлд /Ёс зүйн дүрмийн заалтыг зөрчих явдлыг ноцтой зөрчилд тооцох болно. Энэ ёс зүйн дүрэм болон *******ны бусад бодлогыг зөрчих нь захиргааны арга хэмжээ авах, улмаар ажлаас халах зэрэг арга хэмжээнүүд авахад хүргэх болно./ заасны дагуу ажлаас халах үндэслэл болохуйц ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан байна. Мөн *******ийн *******ны Зээлийн үйл ажиллагаа журам-ын холбогдох зүйл заалтуудыг удаа дараа зөрчин зээл олгосон байсан нь тогтоогдсон. Нэхэмжлэгч шүүхэд 2017 оны 06 сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх уг нэхэмжлэлийг үндэслэн иргэний хэрэг маргаан үүсгэсэн байдаг. Ажил олгогч нь нэхэмжлэгч Б.*******ыг 2017 оны 05 сарын 03-ны өдрийн 67 дугаар тушаалаар ажлаас халсан бөгөөд уг тушаалыг үндэслэн 2017 оны 05 сарын 04-ний өдөр ажил хүлээлцсэн байдаг. Гэвч нэхэжлэгч шүүхэд 2017 оны 06 сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргасан байдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. Тодруулбал нэхэмжлэгч Б.******* 2017 оны 06 сарын 03-ны өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн эрх нь нээлттэй байсан ч гаргаагүй. Нэхэмжлэгчийн хугацаандаа нэхэмжлэл гаргаагүй, хууль эрх зүйн мэдлэг дутмаг байх нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь заалт /хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй/-ын дагуу өөрийг нь зөвтгөх үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгчийн хугацаа хэтрүүлэн нэхэмжлэл гаргасан байдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-ыг зөрчсөн үйлдэл болсон гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Иймд ******* ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хуулийн дагуу цуцалсан гэж үзэж байх бөгөөд Б.*******ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 оноос хойш Ургамал тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж эхэлсэн. Салбарын захирлын гаргасан тушаал нь надад нийцэхгүй тушаал гаргасан байна гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Яагаад захирлын тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм бэ? гэхээр би ажиллаж байх хугацаандаа чамгүй их ажлыг хийж гүйцэтгэсэн гэж үзэж байна. Энэ ажлыг авахад манай тооцооны төв ашиггүй ажиллаж байсан. Би сүүлийн хэдэн жил ашигтай ажиллуулж байгаа. Харилцагчдаа эв найртай байлгах гэж их хичээж ажилласан. Би цэвэрлэгчээс нь эхлээд бүх л ажлыг хийж байсан. Би *******ыг ч, харилцагчийг ч хохироогоогүй учраас ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан юм гэв.  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж ярьж байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. *******ыг ажлаас чөлөөлсөн тушаал 2017 оны 05 сарын 03-ны өдөр гарсан. Нэхэмжлэгч 2017 оны 05 сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс нэхэмжлэлийг 2017 оны 06 сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн үндэслэл нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Тиймээс энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан байгаа. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ гэж заасан. Тиймээс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх боломжгүй гэдэг нь дээрх хуулийн заалтаар няцаагдаж байна. *******ийн *******ны зээлийн үйл ажиллагааны журмаар зохицуулагдсан зөрчлүүдийг гаргасан гэж тайлбар хэлж байна. Гэтэл яг ямар дүрэм журам зөрчсөн гэдэг нь тодорхойгүй. Учир нь хавтаст хэрэгт авагдсан дээрх журам нь 4 хуудас баримт байна. Гэтэл журмын гарчигийг нь харахад 68 хуудас баримт байхаар харагдаж байна. Журам нь хавтаст хэрэгт бүрэн эхээрээ авагдаагүй байгаа учраас журам зөрчсөн гэж үзэх боломжгүй байна. Ёс зүйн дүрэм зөрчсөн гэж үзэж байгаа. 2013 оны 12 сарын 18-ны өдөр гүйцэтгэх захирлын тушаалаар батлагдсан гэж байгаа. Гэтэл хэдэн сарын хэдний өдрийн хэдэн тоот тушаалаар тухайн журмыг баталсан талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Тиймээс шүүх энэ баримтыг үнэлж үзэх боломжгүй гэж үзэж байна. Хэрвээ нотлох баримтын хэмжээнд үнэлж үзлээ гэж бодоход энэ дүрмийн 5.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчиж харилцагч нартай хувийн асуудал үүсгэсэн гэж байна. Гэтэл *******ны журамд өөрийн төрөл садан, найз нөхдөд зээл олгох боломжтой талаар заасан байна. Тиймээс үүнийг ноцтой зөрчил гэж үзэх боломжгүй байна. , , ******* гэсэн хүмүүст хувийн данснаас мөнгө шилжүүлсэн зөрчил гаргасан гэж байгаа. Гэтэл энэ зөрчлийг шийдвэрлэхийн тулд Хөдөлмөрийн хуульд заасан хугацааг анхаарах хэрэгтэй. Тэгэхээр Хөдөлмөрийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. д 2016 оны 05 сарын 16-ны өдөр 1.000.000 төгрөг шилжүүлсэн асуудал байгаа. Энэ хүн нь нэхэмжлэгчийн авга ах нь юм. Энэ нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон. Мөн нэхэмжлэгчийн хамаатан садангийнх нь хүн байгаа юм. ******* нь мөн энэ хүний хамаатан. Эдгээр хүмүүст мөнгө шилжүүлсэн асуудалд хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байгаа учраас энэ талаар тайлбар хэлэх боломжгүй. Ажлаас чөлөөлөх тушаалд дурдсан дараагийн үндэслэл нь зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтийг өөрийн дансаараа шилжүүлж төлсөн асуудал байгаа. Энэ үйлдэл нь *******ийн *******ны яг ямар журмыг зөрчөөд байгаа гэдэг нь тодорхойгүй байна. Энэ яагаад ямар учраас зээлийн эргэн төлөлтийн хугацаа 20 хоног хэтэрсэн байсан. Зээлээ төлөх талаар удаа дараа шаардсан гэж тайланд бичигдсэн байгаа учраас энэ талаар дахин дахин тайлбарлаад байх шаардлагагүй гэж үзэж байна. Тушаалын 3 дахь үндэслэл нь Зээлийн үйл ажиллагааны журмын 9.3, 12.7.3 дахь заалтуудыг зөрчсөн гэж бичсэн байгаа боловч энэ журам нь хавтаст хэрэгт авагдаагүй байгаа учраас бид энэ журмын талаар ярих ямар ч боломжгүй байна. Э., гэх мэт нэр бүхий хүмүүс дээр Монгол *******ны зээлийн сангийн мэдээлэл аваагүй зөрчил гаргасан гэж байгаа боловч ихэнх зөрчлийг гаргасанаас хойш 6 сарын хугацаа өнгөрч хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа учраас энэ асуудлыг мөн ярих боломжгүй байна. Э. гэх хүний зээлийн мэдээлэл аваагүй зөрчил нь хугацаа дуусаагүй хугацаандаа байгаа боловч *******ийн *******ны зээлийн үйл ажиллагааны журмаа гаргаж өгөөгүй учраас шүүх энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй. А.*******, *******, Ц.*******, Л. зэрэг хүмүүст зээл олгохдоо ямар зөрчил гаргасан талаар тайландаа бичсэн байгаа. Тооцооны төвөөс зээл олгох гэж байгаа иргэдийнхээ материалыг салбар руугаа явуулж зөвшөөрөл авдаг. Тэр зөвшөөрлийг хэн олгодог вэ гэхээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн салбарын захирал өгдөг байгаа. Тэр үед нь лавлагаа аваагүй материал явуулахад зөвшөөрч зээл олгуулсныхаа дараа ийм асуудал яриад байгааг ойлгохгүй байна. Тушаалын 4 дэх заалт нь мөн *******ийн *******ны зээлийн үйл ажиллагааны журамд заасан заалтыг буюу зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй гэсэн асуудал байгаа. , Ц.******* нарын зээл нь зээлийн хороогоор орж шийдвэрлэгдсэн. Би энэ баримтуудыг нэг бүрчлэн судалж үзсэн. Хэрвээ нэхэмжлэгчийн зүгээс зээлээ олгосны дараа зөвшөөрлөө авсан байна уу гээд судлаад үзэхээр зээл олгохоосоо 1-2 хоногийн өмнө зөвшөөрлөө авсан байгаа. Бямбажав, гэсэн хүмүүст зээл олгохдоо зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй гэсэн асуудал яригдаж байгаа боловч хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байгаа. Тушаалын 5 дахь заалт нь Зээлийн үйл ажиллагааны журмын 31 дүгээр зүйлийн 31.9.8-д заасан заалтыг зөрчсөн гэж байгаа боловч энэ журам нь хавтаст хэрэгт авагдаагүй байна. Тушаалын 6 дугаар зүйлд хамтран зээлдэгч, хамтран зээлдэгч нарын бусад ******* болон ******* бус санхүүгийн байгууллага дахь зээлийн гэрээг хуулбарлаж аваагүй нь Зээлийн үйл ажиллагааны 25.8.7 д заасан журам зөрчсөн гэж байгаа боловч энэ журам нь хавтаст хэрэгт авагдаагүй учраас харах боломжгүй байна. Зээлдэгчид давуу байдал олгосон талаар асуудал яригдаж байна. Энэ давуу байдлыг хэзээ олгосон юм гэдгээс хамаарч Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарна. Гэтэл хэзээ давуу байдал олгосон талаар тодорхойгүй байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаа ярих боломжгүй байна. Мөн хариуцагч байгууллагын зүгээс шат дараалсан хяналтыг хэрэгжүүлээгүй гэсэн асуудал яригдаж байна. Шат дараалсан хяналтыг ямар журмаар хэрэгжүүлэх талаар тодорхойгүй байгаа учраас энэ талаар тайлбар хэлэх боломжгүй байна. Өмнөх шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг давтан гаргасан гэсэн асуудал яригдаж байна. Зөрчил дутагдал нь ямар дүрэм журмыг зөрчсөн талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байгаа учраас энэ талаар ярих боломжгүй байна. 2015, 2014 онуудад сахилгын шийтгэл ногдуулсан юм байна лээ. Тэр тушаалуудыг гаргаснаас хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн учраас сахилгын шийтгэлгүйд тооцогддог. Тиймээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Гэтэл сахилгын шийтгэлгүй байхад ажлаас чөлөөлөх тушаал гаргасан байна гэж үзэж байна. Ажлын байранд заасан чиг үүргийн дагуу ажлаа хийж гүйцэтгээгүй гэж тушаалд мөн заасан байна. Энэ нь ажилтанг ажлаас чөлөөлөх үндэслэл мөн үү гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй.

Өмнө нь сахилгын шийтгэл ногдуулсан зүйл байхгүй, мөн давтан зөрчил гэж үзэх зүйл байхгүй, ноцтой зөрчил гаргасан гэсэн баримтууд огт байхгүй. Ноцтой зөрчлийн талаар гэрээндээ тусгайлан заах ёстой. Хавтаст хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлүүдэд хамаарах асуудал байхгүй байна. *******ыг ажлаас чөлөөлсөн тушаалын агуулга дотор 12 үйлдлийг үндэслэсэн талаар тусгасан байгаа. Нэхэмжлэгч нь 2016 -2020 оны орон нутгийн сонгуульд ялалт байгуулж, Завхан аймгийн Ургамал сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдож төлөөлөгчийн бүрэн эрхээ 2016 оны 11 сард хүлээн авсан талаарх тогтоол хавтаст хэрэгт авагдсан байгаа. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт засаг дарга, эрх бүхий бусад албан тушаалтан Хурлын төлөөлөгчийг ажлаас халах, чөлөөлөх, шилжүүлэх, өөрчлөх тохиолдолд саналаа тухайн шатны Хурлын Тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж зөвшилцсөн байна гэж заасан байгаа. Гэтэл *******ийн *******ны Завхан салбарын захирал энэ хуулийн заалтын дагуу *******ыг ажлаас чөлөөлөхдөө энэ хуулийн дээрх заалтыг биелүүлээгүй. Одоогийн байдлаар ямар нэгэн санал ирүүлээгүй талаар Завхан аймгийн Ургамал сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ирүүлсэн албан бичигт тодорхой бичсэн байгаа. Ажил олгогч санал солилцсон байна гэж ойлгож байна. Заавал зөвшөөрөл авна гэсэн ойлголт биш. Тэр хүнийг ажлаас чөлөөлөх саналаа хүргүүлээд буцаагаад ямар хариу ирэх гол биш. Гол нь саналаа хүргүүлсэн байх ёстой л гэж үзэж байгаа юм гэв.  

Хариуцагч байгууллагын төлөөлөгч А.******* шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Тооцооны төвийн эрхлэгч нь холбогдох дүрэм журам, заавруудаа мөрдөж ажиллахаа хүлээн зөвшөөрч гэрээ байгуулж ажилд орсон. Гэтэл дотоод шалгалтаар мөрдөх ёстой заавар, дүрэм журмаа зөрчсөн болох нь тогтоогдож ажлаас чөлөөлөгдсөн. Энэ хүн өөрөө дүрэм журмаа зөрчиж алдаа дутагдал гаргаснаа хүлээн зөвшөөрч тайлбараа бичгээр гаргаж өгсөн. Мөн шалгалтын тайлантай танилцаж гарын үсгээ зурсан байгаа. *******ын гаргасан зөрчлүүд нь анх удаа гаргасан зөрчлүүд биш өмнө нь зээлдэгч нь байхгүй байхад зээл гаргасан зөрчил гаргасан байсан. ******* нь энэ албан тушаалд ажиллаж байх хугацаандаа 2 удаа сануулах арга хэмжээ авагдсан байсан. Шалгалтын тайлан дээр өмнө нь гаргасан алдаа дутагдлаа арилгахыг удаа дараа сануулж байсан боловч зөрчил дутагдал хэвээрээ байгаа талаар дурдсан байгаа.Тиймээс хууль ёсны дагуу тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч талаас *******ны зээлийн үйл ажиллагааны дүрэм бүрэн эхээрээ хавтаст хэрэгт авагдсан эсэх талаар маш их ач холбогдол өгч тайлбар хэлж байна. ******* өөрөө 2013 оноос хойш ажиллаж байгаа. Тэр яриад байгаа журам нь байнга өдөр тутамд нь мөрдөгдөж байгаа журам. Мөн шалгалтын дагуу гарсан зөрчил дутагдлыг өөрөө хүлээн зөвшөөрөөд өөрөө гарын үсэг зурсан байгаа. *******ын ажлын байрны тодорхойлолт байгаа. Тэр тодорхойлолтод энэ хүн ямар ажил хийх ёстой талаар тодорхой бичигдсэн байгаа. Энэ дүрэм журамд заагдсан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тэр нь ноцтой зөрчил болно шүү гээд хөдөлмөрийн гэрээний 7.4.2 дахь хэсэгт заасан байхад ноцтой зөрчил гаргаагүй мэтээр тайлбарлаж байна. Хамаатан садан найз нөхдөөсөө мөнгө зээлж болно гэж ярьж байгаа. Тэр бол манай *******ны харилцагч биш хамаатан садан найз нөхөдтэйгөө хувийн санхүүгийн асуудлаар харилцаж болно гэж заасан байгаа. Гэтэл *******ын мөнгө зээлээд байгаа хүмүүс нь хэдийгээр найз нөхөд хамаатан садан нь байлаа ч манай *******ны харилцагч байна. Харилцагч гэж хэнийг хэлэх талаар Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1 дэх хэсэгт төлбөр тооцооны гэрээгээр *******, эрх бүхий бусад хуулийн этгээд /цаашид төлбөр тооцоо гүйцэтгэгч гэх/ нь иргэн болон хуулийн этгээд /цаашид харилцагч гэх/-ийн бэлэн бусаар хийх төлбөр тооцоог гүйцэтгэх үүрэг хүлээнэ гэж заасан байгаа. Банкны харилцагч биш хамаатнаасаа мөнгө зээлж болно. Гол нь тэр хүн чинь *******ны харилцагч л биш байх ёстой шүү гэж заасан заалт юм. Банкны харилцагчийн зээлийн мөнгийг өөрийнхөө дансаар шилжүүлэлгүйгээр *******ин дээр байж байгаа харилцагчийн өөрийнх нь дансруу хийлгэдэггүй юм бэ. *******ийн *******ны зээлийн үйл ажиллагааны 9.3-д зээлийн ажилтан нь зээлдэгчийн талаарх мэдээллийн зээлийн давхардал үүсгэхгүй байхад анхаарлаа хандуулан ажиллаж талаар заасан байгаа. Банкны үйл ажиллагаа ажил бол бэлэн мөнгөтэй байнга харилцаж байдаг учраас *******ны ажилтаны хийх ёстой үүрэг чиглэлийг олон төрлийн дүрэм, журам, заавраар зохицуулж зааж өгдөг. Зээлийн үйл ажиллагааны 17.2.13 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлнэ гэж заасан байгаа. Гэтэл энэ үүргээ биелүүлж ажиллаагүй. Гэрээгээ нотариатаар гэрчлүүлж, гэрээ хүчин төгөлдөр болоогүй байхад зээл олгосон асуудал нь журмаа зөрчсөн үйлдэл нь ноцтой зөрчил болно гэж зээлийн үйл ажиллагааны журмын 34.2 гэсэн заалтад хамаарч байгаа юм. Салбараар орж байгаа зээл нь эхлээд тооцооны төвөөр ороод тухайн зээл нь тооцооны төвд олгосон эрхээс давсан байна гэж үзэж байгаа бол энэ талаар салбарт танилцуулдаг. Тооцооны төв нь хувийн хэргийн бүртгэл хангах, нотариатаар гэрчлүүлэх зэрэг үйл ажиллагааг ******* хийх ёстой. Мөн журмын 31.7 дахь заалтыг зөрчсөн гэж байгаа. Энэ 31.7 дахь заалт нь зээл хүсэгчийн сар бүрийн эргэн төлөх дүн нь өрхийн орлогын 80 хувиас хэтрэхгүй байх ёстой гэж заасан байгаа. Гэтэл энэ заалтыг зөрчиж 80 дээш 90 хувиар тавьж өгсөн байгаа нь *******т олгосон үүргээ зөрчсөн асуудал үүссэн байна гэж үзэж байна. Тухайн зээлдэгч нь бусад ******* болон ******* бус санхүүгийн байгууллагад зээлийн үлдэгдэлтэй бол энэ талаарх баримтыг зээлийн хувийн хэрэгт хавсаргах ёстой. Гэтэл мөн энэ үүргээ удаа дараалан биелүүлээгүй нь зээлийн үйл ажиллагааны журмыг зөрчөөд байгаа юм. Тооцооны төвийн зээлийн эрхийг хэтрүүлсэн асуудал гаргасан. Тооцооны төвийн эрхийг салбарын зээлийн хороо хуралдаж тушаалаар өгсөн байдаг. Зээлдэгчид давуу байдал олгож зээл олгосон асуудал байгаа. Миний дээр дурдсан олон шаардлага байгаа. Энэ шаардлагуудыг хангаж байж зээл олгодог. Гэтэл дээрх шаардлагуудыг хангаагүй байхад нь зээл олгоод байгаа нь тухайн зээлдэгчид давуу байдал олгосон гэж үзэж байна. *******ын боловсруулж ирсэн зээлийн гэрээн дээр зарим зүйлүүдийг засах өөрөө хэлбэл хамтран зээлдэгчээр ээжийг нь оруулах шаардлагатай юм байна гэж үзээд энэ талаар сануулаад явуулахад үүнийг биелүүлээгүй байх асуудал үүсгэсэн байгаа. Өмнөх шалгалтаар өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байгаа талаар тайланд бичсэн байгаа. Өмнө нь ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж зөрчил дутагдал гаргаад байхаар нь сахилгын арга хэмжээ аваад ажил үүргээ сайжруул гэж үүрэг даалгавар өгөөд байхад ажлаа сайжруулахгүй зөрчил дутагдал гаргаад байсан учраас ажлаас нь чөлөөлсөн. Банк бол өөрийн гэсэн онцлогтой нарийн зохицуулалттай. Банкны тухай хуультай ийм байгууллагад ажиллаж байж удаа дараа зөрчил дутагдал гаргаж байгаа нь хариуцлагагүй үйлдэл юм гэж үзэж байна. Банкны ажилтан яг юу хийж болох, юу хийж болохгүй талаар бүгдийг нь заачихсан байгууллагад ажилладаг хүн өөрийнх нь гаргасан алдаа дутагдал баримтаар нотлогдчихсон байхад би буруугүй гэж хэлээд сууж байгаа нь хувь хүний ёс зүйн хувьд ч нийцтэй биш байна. Ноцтой зөрчлийн талаар дүрэм журам, гэрээнд тусгагдаагүй мэтээр ярьж байна. Гэтэл Хөдөлмөрийн гэрээнд бүгдийг нь тодорхой тусгаж өгсөн байгааг уншиж танилцуулъя гээд хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил гэж заасан заалтуудыг уншиж сонсгоод энэ хүн *******наас л зээл олгохоос биш *******ан дээр ирсэн харилцагчид хувийнхаа мөнгөнөөс зээл олгож болохгүй гэж заасан утга юм. 2016-2020 хүртэл Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон байгаа. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд зааснаар зөвшилцсөн эсэх асуудал яригдаж байна. Энэ хүн тухайн сонгуульд сонгогдохоос өмнө *******ийн *******анд орж гэрээгээр үүрэг хүлээж ажиллаж байсан хүн. Нэгжийн тухай хуульд зөвшилцөнө л гэж заасан байгаа болохоос биш заавал зөвшөөрөл авч ажлаас нь чөлөөлөх ёстой гэсэн заалт байхгүй. Энэ хүн хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан учраас хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлсөн юм гэв.  

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Б.*******ыг *******ийн *******ны Завхан салбарын захирлын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 67 тоот тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 40-р зүйлийн 40.1.4, 131-р зүйлийн 131.1.3, *******ийн *******ны Хөдөлмөрийн дотоод журам-ын 5-р зүйлийн 5.16.3, 5.28.2, 12-р зүйлийн 12.2, 13-р зүйлийн 13.5.3, Хөдөлмөрийн гэрээний 7-р зүйлийн 7.4.2, 9-р зүйлийн 9.6.3 дахь заалтуудыг баримтлан харилцагч болон зээлдэгчтэй хувийн санхүүгийн харьцаа үүсгэсэн, зээлдэгчийн зээлийн төлөлтийг өөрийн дансаар дамжуулан бэлэн бусаар шилжүүлсэн, зээлдэгчид Монгол *******ны зээлийн мэдээллийн сангийн лавлагаа аваагүй зээл олгосон, зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй, зээл олгохдоо зээлдэгчийн нийт зээл, хүүгийн төлбөр 80 хувиас хэтэрсэн байхад зээл олгосон, зээлдэгч болон хамтран зээлдэгчийн бусад ******* болон ******* бус санхүүгийн байгууллага дээрх зээлийн дансны гэрээ болон дансны хуулгыг хавсаргаагүй зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргасан, тооцооны төвийн зээлийн хорооны эрхээ хэтрүүлсэн, зээлдэгчид давуу байдал үүсгэн зээл олгосон, салбарын зээлийн хорооны шаардлагыг биелүүлээгүй, шат дараалсан хяналтыг хэрэгжүүлээгүй, өмнөх шалгалтын тайлангаар тогтоогдсон зөрчил дутагдлаа дахин давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргүүдийг биелүүлж ажиллагаагүй зэрэг нь дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон гэсэн үндэслэлүүдээр түүнийг Ургамал тооцооны төвийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Нэхэмжлэгч Б.******* нь дээрх тушаалыг үндэслэлгүй гэж үзэн ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Б.*******ын гаргасан зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцож ажил олгогчийн санаачлагаар түүнийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэстэй. Мөн Б.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаагаа хэтрүүлсэн байна гэж тайлбарлан маргаж байна.

Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны хувьд: Б.******* нь 2017 оны 05-р сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байсан байна. Шүүх нэхэмжлэлийн үндэслэл тодорхой бус гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байсан ба Б.******* 2017 оны 06-р сарын 12-ны өдөр дахин нэхэмжлэлээ гаргажээ.

Монгол улсын Иргэний хуулийн 79-р зүйлийн 79.2 дахь хэсэгт шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал ...үргэлжлэхээр, мөн хуулийн 79-р зүйлийн 79.7 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг шинээр эхлэн тооцохоор тус тус заасан байна.

Иймд нэхэмжлэгч Б.*******ыг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзлээ.

Монгол улсын Хөдөлмөрийн хуулийн 40-р зүйлийн 40.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар зохицуулсан байна. Б.*******ын тухайд дээрх 2 зөрчлийн алиныг нь гаргаснаар ажлаас чөлөөлөгдөх үндэслэл болсон нь *******ийн *******ны Завхан салбарын захирлын 2017 оны 05-р сарын 03-ны өдрийн 67 тоот тушаалаас тодорхой харагдахгүй байна.

Энэ талаар хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа ...*******ны дүрэм, журамд заагдсан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тэр нь ноцтой зөрчил болно шүү гээд Хөдөлмөрийн гэрээний 7.4.2 дахь хэсэгт заасан. Зөрчил дутагдал гаргасан талаар шалгалтын тайланд туссан ******* өөрөө гарын үсгээ зурсан байгаа гэж тайлбарласан байна.

Түүнчлэн *******ийн *******ны Зээлийн үйл ажиллагаа-ны дүрэмд заасан зөрчлүүдийг Б.******* гаргасан эсэхийг хэрэгт цугларсан баримтуудын хүрээнд тогтоох боломжгүй, хариуцагч *******ны зүгээс энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

Тушаалын 1-р хэсэгт заагдсан зарим зөрчлүүд нь тухайлбал зээлдэгчид Монгол *******ны зээлийн мэдээллийн сангийн лавлагаа аваагүй зээл олгосон, зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй, зээл олгохдоо зээлдэгчийн нийт зээл, хүүгийн төлбөр 80 хувиас хэтэрсэн байхад зээл олгосон, зээлдэгч болон хамтран зээлдэгчийн бусад ******* болон ******* бус санхүүгийн байгууллага дээрх зээлийн дансны гэрээ болон дансны хуулгыг хавсаргаагүй, тооцооны төвийн зээлийн хорооны эрхээ хэтрүүлсэн, зээлдэгчид давуу байдал үүсгэн зээл олгосон, салбарын зээлийн хорооны шаардлагыг биелүүлээгүй, шат дараалсан хяналтыг хэрэгжүүлээгүй гэх зөрчлүүд нь *******ийн *******ны Зээлийн үйл ажиллагааны журам-аар зохицуулагддаг гэж хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байгаа ч *******ийн *******ны Зээлийн үйл ажиллагааны журам хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, хариуцагч *******ийн *******ны зүгээс Зээлийн үйл ажиллагааны дүрэм ээ шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй байна.

ИХШХШ тухай хуулийн 6-р зүйлийн 6.2-т зохигч түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлзэх эрхтэй гэж заасан мөн хуулийн 25-р зүйлийн 25.2.2, 38-р зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.

Зохигчид эдгээр эрх, үүргийнхээ дагуу нотлох баримтыг шүүхэд өөрсдөө гаргаж өгөх, цуглуулж өгөх үүрэгтэй байжээ.

Иймд Б.*******ыг Зээлийн үйл ажиллагааны дүрэм-д заасан үүргээ биелүүлээгүй, ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэсгүй байна.

Мөн тушаалд өмнөх шалгалтын тайлангаар тогтоогдсон зөрчил дутагдлаа дахин давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргүүдийг биелүүлж ажиллагаагүй гэж заасан боловч өмнөх шалгалтын тайлангаар ямар ямар зөрчлүүд тогтоогдсон түүнийг хэрхэн давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ямар чиг үүргүүдийг биелүүлээгүй болохоо баримтаар нотлоогүй байгаагийн зэрэгцээ тус *******ны ёс зүйн дүрэмд заасан зээлдэгч харилцагч нартай хувийн санхүүгийн харьцаа үүсгэсэн гэх үйл баримт хангалттай нотлогдохгүй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл *******ны Ёс зүйн дүрмийн 5-р зүйлийн 5.2-д харилцагч, нийлүүлэгч нараас мөнгө зээлдэх, зээлдүүлэх, хувийн санхүүгийн асуудал үүсгэж болохгүй гэж заасан атлаа хамаатан садан ойрын найз нөхдөөс мөнгө зээлдэж болно гэсэн нь ойлгомжгүй, хоёрдмол утга илэрхийлсэн, мөн хамаатан садан ойрын найз нөхөд нь *******ны харилцагч, нийлүүлэгч байх тохиолдлыг зохицуулаагүй гэж үзэхээр байна.

Хувийн санхүүгийн харилцаанд орсон гэх Ч., А.*******, Ч. нартай Б.******* нь хамаатан садан, ойрын найз нөхдийн холбоотой болох нь гэрчүүдийн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Түүнчлэн ажил олгогчийн зүгээс Б.*******ыг ажлаас чөлөөлөхдөө Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14-р зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар хурлын төлөөлөгчийг ажлаас халах, чөлөөлөх, ... тохиолдолд саналаа тухайн шатны хурлын тэргүүлэгчид урьдчилан танилцуулж зөвшилцөнө гэж заасны дагуу зөвшилцсөн эсэх нь тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.******* нь Завхан аймгийн Ургамал сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 11-р сарын 09-ний өдрийн 06 тоот тогтоолоор тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байгаа болох нь хурлын дарга А.*******ийн тодорхойлолт, төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай хуралдааны тогтоол, тогтоолын хавсралт зэргээр тогтоогдож байна.

Энэ талаар хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа *******ыг иргэдийн төлөөлөгч болсон гэдгийг сонгуулийн дараа надтай ирж уулзахад нь мэдсэн, ... Ургамал сумын иргэдийн хурал болон тэргүүлэгч нартай зөвшилцсөн зүйл байхгүй гэж тайлбарласан байна.

Иймд нэхэмжлэгч Б.*******ыг *******ийн *******ны Завхан салбарын харъяа Ургамал тооцооны төвийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 05-р сарын 03-ны өдрөөс 2017 оны 11-р сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорыг *******ийн *******ны Завхан салбараас гаргуулж, түүний эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд төвлөрүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Б.*******ын дээрх хугацааны нөхөн олговрыг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-гийн а-д зааснаар түүний ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.******* нь ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сард нийт 2,226,000 төгрөгийн цалин авсан нь түүний 000285318 тоот нийгмийн даатгалын дэвтрээр нотлогдож байна. /02 дугаар сарын цалин 744000+ 03 дугаар сарын цалин 738000 + 04 дүгээр сарын цалин 744000 = 2,226,000 сүүлийн 3 сарын цалин, 2,226,000: 3= 742,000 төгрөг /сарын дундаж цалин/, 742,000 : 21,5= 34,511 / өдрийн дундаж цалин/

Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх хугацааны нийт 143 хоногийн цалинг тооцоход нийт 4,935,073 төгрөг байх тул хариуцагч байгууллагаас 4,935,073 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжийг тооцож /ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад төлүүлэх тэмдэгтийн хураамж 70200 + ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагад төлүүлэх тэмдэгтийн хураамж 93911 төгрөг= нийт 164111 төгрөгийг/ хариуцагч байгууллагаас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******ийн *******ыг *******ийн *******ны Завхан салбарын харъяа Ургамал тооцооны төвийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар *******ийн *******ны Завхан салбараас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 28ний өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговор болох 4.935.073 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

3. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтрүүдэд зохих бичилтүүдийг хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 164.111 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулсугай.

5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

6. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ