Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2020/03202

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байр, 0 тоотод оршин суух хаягтай Д овогтой З.Б /РД:/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Монгол улсын гудамж, Оргил стадион 0, Моннис Быюлдинг, 0 дугаар давхар, С.С ХХК /РД:000000/-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч З.Б нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нар оролцож, нарийн бичгийн дарга Б.Б шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

                                                                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... З.Б миний бие Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч бөгөөд 2009.08.18-ны өдрөөс С.С ХХК ХХК-д татвар ба тайлангийн ахлах нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаанд С.С ХХК ХХК-ийн гүйцэттэх захирлын 2016.03.07-ны өдрийн 16/39-R тушаалаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэснийг гурван шатны шүүхээр хүчингүй болгосны дагуу өмнө эрхэлж байсан ажилдаа буцаан томилогдсон. С.С ХХК ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020.07.17-ны өдрийн 01/124 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүлйийн 38.1.2, 40 дүтээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг үндэслэн дахин хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж шийдвэрлэжээ. Миний бие 2020 оны 01/124 дүгээр тушаалыг 2020.07.23-ны өдөр шуудангаар хүлээн авснаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсныг мэдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ. гэж заасныг ажил олгогч зөрчиж нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэж байна. Иймд С.С ХХК ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020.07.17-ны өдрийн 01/124 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд өмнө эрхэлж байсан татвар ба тайлангийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, дээрх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү... гэв.

Хариуцагч С.С ХХК ХХК нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар шүүх хуралдаанд гаргасан тайлартаа: Нэхэмжлэгч З.Б нь 2009 оноос С.С ХХК ХХК-д ажиллаж ирсэн ба 2016.03.07-ны өдрийн 16/39-К дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Гэвч талууд анхан шатны шүүхийн шатанд эвлэрсэн тул 2016.07.21-ний өдрийн Шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

С.С ХХК ХХК-ийн хувьд нийт 479 ажилтантай байсан бөгөөд 2020 оны эдийн засгийн хүндрэлийн үед ажлын байраа хадгалахаар хичээн ажиллаж ирсэн боловч зардлаа хэмнэх, хэвийн үйл ажиллагаагаа хадгалан үлдэхийн тулд ажлын байрыг үе шаттай цомхотгож одоо 235 ажлын байраар бүтцээ батлаад байна.

Нэхэмжлэгч З.Бийн ажлын байр дээрх тоонд багтсан тул түүнтэй 2020 оны 04 дүгээр сарын эхээр утсаар холбогдож Хүний нөөцийн ажилтантай ирж уулзахыг мэдэгдсэн. З.Б нь тухайн үед Дархан хотод байгаа тул очих боломжгүй байна, дараа долоо хоногт Улаанбаатар хотод очоод уулзана гэсэн хариуг өгсөн. Гэвч үүнээс хойш компанийн дуудлагыг авахаа больсон ба түүнтэй утсаар холбогдож чадаагүй. Иймд түүний ажлын байр хасагдах болсон мэдэгдэл-ийг түүний гэрийн аягаар шуудангаар 2020.05.06-ны өдөр явуулсан. Илгээсэн шуудан "тухайн хаягт 3 Батхишиг байхгүй гэсэн шалтгаанаар түүнд гардуулж чадаагүй тухай Монгол шуудангаас хариу бидэнд ирсэн.

Хариуцагчийн зүгээс З.Бтэй холбогдож чадахгүй байсан тул Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны Засаг даргаас тухайн хаягт иргэн З.Б амьдардаг эсэх талаарх тодорхойлолтыг 2020.05.22-ны өдөр авсан. Уг тодорхойлолтын дагуу Мэдэгдэл-ийг 2020.05.25-ны өдөр дахин гэрийн хаягаар нь илгээсэн. Гэвч өмнөх шуудангийн адил тухайн хаягт 3.Батхишиг амьдран суудаггүй гэсэн ижил шалтгаанаар мэдэгдэл буцаж ирсэн. Тухайн өдөр С.С ХХК ХХК-д З.Бээс, гэрийн хаягаас нь шуудан ирсэн байдаг.

Үүнээс улбаалан С.С ХХК ХХК-ийн зүгээс З.Бийг мэдэгдэл хүлээн авахаас санаатай зайлсхийж байна гэж үзэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020.07.07-ны өдрөөр тасалбар болгож 01/124 дугаартай тушаалыг түүний нийгмийн даатгалын дэвтрийн хамтаар гэрийн хаягаар нь шуудангаар илгээсэн. Энэ удаад З.Б нь шууданг гэрийн хаяг дээрээ хүлээж авсан байдаг. Өөрөөр хэлбэл С.С ХХК ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасны дагуу түүний ажлын байр хасагдах болсон тухай 45 хоногийн өмнө мэдэгдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                              

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З.Батхшиг нь хариуцагч С.С ХХК ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгч ...шүүхийн шийдвэрээр ажилд минь томилсон боловч ажил олгогч 2016 оноос хойш бодитоор ажлын байраар хангаагүй, цалингийн 60 хувийг олгож, сул зогсолтод байлгаж байсан, миний зүгээс байгууллагын удирдлагуудтай таарамжгүй харилцаанд орохгүйн тул үндсэн цалингийнхаа 60 хувийг аваад маргаан үүсгэхгүй хүлээцтэй явж ирсэн. Гэтэл бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулсан тус компанийн захирлын тушаал гараагүй байхад ажил олгогчийн зүгээс орон тоо хасагдсан гэх мэдэгдлийг шуудангаар явуулж байгаа нь ойлгомжгүй. Орон тоо хасагдсан үндэслэлээр дахин ажлаас халсныг зөвшөөрөхгүй.Утсаар ирж уулзах тухай мэдэгдсэн болохоос мэдэгдлийн агуулгыг танилцуулаагүй, мэдэгдлийг шуудангаар хүргүүлж буй нь үндэслэлгүй, мөн уг орон тоо хассан тухай мэдэгдлийг би хүлээж аваагүй, надад танилцуулаагүй, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үед бага хоногтой жирэмсэн байсан тул хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосныг зөвшөөрөхгүй ... гэж тайлбарласан.

 

Хариуцагч ... Ковид-19 цар тахлын улмаас компани зардлаа хэмнэх зорилгоор орон тоо цөөрүүлсэн. Нэхэмжлэгч 2016.11 сард амаржиж, 3 сарын дараа ажилдаа орох өргөдлөө өгсөн. Ажил олгогч 6 сарын дараагаас ажилд нь авч, 60 хувиар цалинжуулж, сул зогсолтод байлгаж байсан нь үнэн. Орон тоо хасагдсан тухай ажилтанд 45 хоногийн өмнө мэдэгдэх мэдэгдлийг өгөхөд заавал орон тоо хасагдсан тухай бүтэц, орон тоо баталсан захирлын тушаал гарсан байх шаардлагагүй. Уг тушаал гарахаас өмнө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан 45 хоногийн өмнө мэдэгдэх ажиллагааг гүйцэтгэх боломжтой тул нэхэмжлэгчийн оршин суугаа гэрийн хаягаар 2 удаа шуудан хүргүүлсэн. Гэвч нэхэмжлэгч шуудан хүлээж аваагүй, мэдэгдэл буцаж компани дээр ирсэн, гэхдээ ажил олгогч 2020 оны 4 сард утсаар уг мэдэгдлийг мэдэгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 

С.С ХХК ХХК нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 298 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч З.Бийг Татвар ба тайлангийн ахлах нягтлан бодогчийн ажилд нь эгүүлэн томилжээ. /х.х-ийн 8 хуудас/

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар С.С ХХК ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дүгээр сарын 17-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг аажил олгогчийн санаачлагаар цуцлах тухай 01/124 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42.1, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг тус тус үндэслэн тус компанийн Нягтлан бодох бүртгэлийн хэлтэс дэх Татвар, тайлангийн ахлах нягтлан бодогчийн ажлын байр хасагдсантай холбогдуулан тус орон тоонд ажилтай Заанаа овогтой Батхишигтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөр цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /х.х-ийн 5 хуудас/

 

 

 

 

 

Тодруулбал, хариуцагчийн зүгээс Татвар, тайлангийн ахлах нягтлан бодогчийн орон тоо хасагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3.-д хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хэлнэ гэж заасан.

 

Хөдөлмөрийн харилцаа нь ажил олгогч болон ажилтны хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр үүсэх бөгөөд зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тэдгээрийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн эсэх үйл баримтын талаар маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч З.Бийн сүүлийн биений юм 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдөр ирсэн болох нь жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч дэвтрийн 6 хуудасд авагдсан эмчийн тэмдэглэгээгээр тогтоогдож байх тул С.С ХХК ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дүгээр сарын 17-ны өдөр 01/124 тоот Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах тухай тушаал гарахад нэхэмжлэгч жирэмслээгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан зохицуулалтад хамаарахгүй болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогчийн санаачлагаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ.

 

С.С ХХК ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Бүтцэд өөрчлөлт оруулах тухай 01/346 дугаар тушаалын хавсралт №1 Нягтлан бодох бүртгэлийн хэлтэст 1. Татвар тайлангийн ахлах нягтлан бодогч, 2. Татвар тайлангийн нягтлан бодогчтай байхаар бүтэц орон тоог баталсан бол тус компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Ажил, албан тушаалын жагсаалт батлах тухай 01/78 дугаар тушааын хавсралт №1-д Татвар, тайлангийн нягтлан бодогчийн орон тоо хадгалагдаж, Татва, тайлангийн ахлах нягтлан бодогчийн орон тоо хасагдсан болох нь тогтоогдож байна. /х.хийн 37, 43 хуудас/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ гэж заасан байх бөгөөд С.С ХХК ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Ажил, албан тушаалын жагсаалт батлах тухай 01/78 дугаар тушаалаар Татвар,тайлангийн ахлах нягтлан бодогчийн орон тоо хасагдсан шийдвэр гарсан өдөр нэхэмжлэгч З.Бтэй хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тус компанийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 01/124 тоот тушаал хуульд нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл салбар,нэгж татан буугдсаны улмаас буюу орон тоо хасагдсаны улмаас гэдэг нь

 

салбар,нэгж татан буугдсан шийдвэр мөн орон тоо хасагдсан шийдвэр гарсан байхыг ойлгоно.

Ийнхүү ажил олгогч салбар,нэгж татан буугдсан, мөн орон тоо хасагдсан уг шийдвэр албан ёсоор гарсны дараа хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тухай 45 хоногийн өмнө ажилтанд мэдэгдэж хэлэлцээрт орж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай зохицуулалт юм. Тэрнээс орон тоо хасагдсан шийдвэр албан ёсоор гараагүй байхад ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдэл хүргүүлэх хууль зүйн үндэслэл ажил олгогчид үүсэхгүй юм.

 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д .Ажил олгогч нь иргэнийг ажилд авахад болон хөдөлмөрийн харилцааны явцад ажил, үүргийн онцлог шаардлагын улмаас ажилтны эрх, эрх чөлөөг хязгаарласан бол энэ тухай үндэслэлээ нотлох үүрэгтэй гэж заасан бөгөөд ажил олгогч Татвар,тайлангийн ахлах нягтлан бодогчийн орон тоог хассан атлаа мэргэжилтний хувьд ахлах мэргэжилтнийхээ доор байгаа Татвар,тайлангийн нягтлан бодогчийн ажил албан тушаалыг хэвээр үлдээж буй үндэслэлээ нотолж чадаагүй, ажил олгогч нь шүүхийн шийдвэрийг хэлбэр төдий биелүүлж, ажилтаныг 2016.03.09-ний өдрөөс хойш сул зогсоож, цалин хөлсийн үндэслэлгүй 40 хувь бууруулан олгосон байгаа ажил олгогчийн үйлдлийг шүүх ажилтны хөдөлмөрлөх эрх, эрх чөлөөг хязгаарласан гэж үзнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д Хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно. гэж заасан байх бөгөөд ажилтан мэргэжлийн ажил үүргээ түүнд тавьсан шаардлага стандартын дагуу хийнэ гэж үзэл болдоо ажил олгогчид илэрхийлсний төлөө ажилтныг ялгаврлан гадуурхаж, хөдөлмөрлөх эрхийг нь зөрчих эрх ажил олгогчид хуулиар олгоогүй юм. Учир нь ажилтныг 2016 оны 3 сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэрээр ажил олгогч ажилд нь эгүүлэн томилсноос хойш 2020 оны 7 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл ямар үндэслэлээр ажилтныг сул зогсоож, цалин хөлсийн 40 хувиар бууруулж байгаагаа шүүхийн өмнө нотолж чадахгүй байгаа тул хөдөлмөрийн харилцаанд ажилтныг ажил олгогч ялгаварлан гадуурхсан гэж үзэхээр байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид шуудангаар 2020 оны 5 дугаар сарын 6,25-ны өдөр тус тус мэдэгдэл хүргүүлсэн боловч мэдэгдлийг нэхэмжлэгч З.Б гардаж аваагүй, мэдэгдэл хүлээн авч, гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлсэн гэж шүүх үзэх үндэслэлгүй байна. /х.х-ийн 51-59 хуудас /

 

Иймд, шүүхээс дээр дурьдсаныг тус тус үндэслэн нэхэмжлэгч З.Бийг урьд өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д Энэ хуулийн 36.1. 2.-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж, мөн 46 дугаар зүйлийн 46.1.-д Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй гэж, түүнчлэн 46.2.-т Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, тус хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т зааснаар ажлаас халагдсан ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон тохиолдолд ажил олгогч тал тухайн ажилтанд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төлөх үүрэгтэйгээс гадна уг хугацаанд олговол зохих орлогоос Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар холбогдох шимтгэлийг төлөх үүргийг хүлээнэ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалин хөлснөөс Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д зааснаар тодорхойлвол ажилгүй байсан 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр /ажлын 107 хоног/-ийг хүртэлх олговорт 9,008,330 төгрөг /1 өдрийн цалин 84,190 төгрөг (1,763,066+2,292,000+1,375,226=5,430,292:3=1,810,097:21,5 хон) х 107 хоног/ -ийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгахаар шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 56 дугаар зүйлийн 56.2.-д заасныг тус тус үндэслэн З.Бийг С.С ХХК ХХК-ийн татвар, тайлангийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 9,008,330 төгрөгийг хариуцагч С.С ХХК ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч З.Бт олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч С.С ХХК ХХК-д даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулийн дагуу чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д тус тус зааснаар хариуцагчаас 131,191 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.О