Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/00399

 

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/00399

 

 

З.Бийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2020/03202 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч З.Бийн нэхэмжлэлтэй, хариуцагч С С ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Б миний бие 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс С С ХХК-д татвар ба тайлангийн ахлах нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаанд С С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 16/39-R тушаалаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэснийг шүүхээр хүчингүй болгосны дагуу өмнө эрхэлж байсан ажилдаа буцаан томилогдсон. С С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 01/124 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг үндэслэн дахин хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж шийдвэрлэжээ. Миний бие 2020 оны 01/124 дүгээр тушаалыг 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр шуудангаар хүлээн авснаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсныг мэдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг ажил олгогч зөрчиж нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэж байна. Иймд С С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 01/124 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд өмнө эрхэлж байсан татвар ба тайлангийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, дээрх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч З.Б нь 2009 оноос С С ХХК-д ажиллаж ирсэн ба 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 16/39-К дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Гэвч талууд анхан шатны шүүхийн шатанд эвлэрсэн тул 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. С С ХХК-ийн хувьд нийт 479 ажилтантай байсан бөгөөд 2020 оны эдийн засгийн хүндрэлийн үед ажлын байраа хадгалахаар хичээн ажиллаж ирсэн боловч зардлаа хэмнэх, хэвийн үйл ажиллагаагаа хадгалан үлдэхийн тулд ажлын байрыг үе шаттай цомхотгож одоо 235 ажлын байраар бүтцээ батлаад байна. Нэхэмжлэгч З.Бийн ажлын байр дээрх тоонд багтсан тул түүнтэй 2020 оны 4 дүгээр сарын эхээр утсаар холбогдож хүний нөөцийн ажилтантай ирж уулзахыг мэдэгдсэн. З.Б нь тухайн үед Дархан хотод байгаа тул очих боломжгүй байна, дараа долоо хоногт Улаанбаатар хотод очоод уулзана гэсэн хариуг өгсөн. Гэвч үүнээс хойш компанийн дуудлагыг авахаа больсон ба түүнтэй утсаар холбогдож чадаагүй. Иймд түүний ажлын байр хасагдах болсон мэдэгдлийг түүний гэрийн хаягаар шуудангаар 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр явуулсан. Илгээсэн шуудан тухайн хаягт 3.Батхишиг байхгүй гэсэн шалтгаанаар түүнд гардуулж чадаагүй тухай Монгол шуудангаас хариу бидэнд ирсэн. Хариуцагчийн зүгээс З.Бтэй холбогдож чадахгүй байсан тул Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны Засаг даргаас тухайн хаягт иргэн З.Б амьдардаг эсэх талаарх тодорхойлолтыг 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр авсан. Уг тодорхойлолтын дагуу мэдэгдлийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр дахин гэрийн хаягаар нь илгээсэн. Гэвч өмнөх шуудангийн адил тухайн хаягт 3.Батхишиг амьдран суудаггүй гэсэн ижил шалтгаанаар мэдэгдэл буцаж ирсэн. Тухайн өдөр С С ХХК-д З.Бээс, гэрийн хаягаас нь шуудан ирсэн байдаг. Үүнээс улбаалан С С ХХК-ийн зүгээс З.Бийг мэдэгдэл хүлээн авахаас санаатай зайлсхийж байна гэж үзэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөр тасалбар болгож 01/124 дугаар тушаалыг түүний нийгмийн даатгалын дэвтрийн хамтаар гэрийн хаягаар нь шуудангаар илгээсэн. Энэ удаад З.Б нь шууданг гэрийн хаяг дээрээ хүлээж авсан байдаг. Өөрөөр хэлбэл, С С ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасны дагуу түүний ажлын байр хасагдах болсон тухай 45 хоногийн өмнө мэдэгдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 56 дугаар зүйлийн 56.2.-д заасныг тус тус үндэслэн З.Бийг С С ХХК-ийн татвар, тайлангийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 9 008 330 төгрөгийг хариуцагч С С ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч З.Бт олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч С С ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулийн дагуу чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагчаас 131 191 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч С С ХХК давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх дүгнэхдээ бүгэц, орон тоо шинэчлэн батлагдахаас өмнө ажилтанд орон тоог хасах тухай мэдэгдэл хүргүүлсэн нь хуульд нийцээгүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заажээ. Энэхүү хуулийн зохицуулалтын гол агуулга нь гагцхүү тухайн орон тоо хасагдаж, цөөрч байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлахаас өмнө орон тоо хасагдсан, цөөрүүлсэн байгууллагын шийдвэр гарсан байхыг хуульчилснаас бус заавал 45 хоногийн өмнө бүтэц, орон тоог хасаж, цөөрүүлсэн байхыг шаардаагүй болно. Дээрх үндэслэлийн хүрээнд "орон тоо хасагдсан шийдвэр албан ёсоор гараагүй байхад ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох мэдэгдэл хүргүүлэх хууль зүйн үндэслэл ажил олгогчид үүсэхгүй" гэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй, анхан шатны шүүх хуулийг буруу ойлгож тайлбарласан байна. Анхан шатны шүүх ажил олгогч татвар, тайлангийн ахлах нягтлан бодогчийн тоог хассан атлаа ахлах мэргэжилтний доор байгаа татвар, тайлангийн нягтлан бодогчийн албан тушаалыг хэвээр үлдээсэн нь хуульд нийцээгүй гэж ажил олгогчийн өөрийн бүтэц, зохион байгуулалтаа тодорхойлох дотоод эрх хэмжээнд халдсан нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.1-д ажил олгогч нь ажил, албан тушаалын жагсаалт баталж мөрдүүлэх, компанийн дүрмийн 8.7.Ж-д заасан байдаг. 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдөр баталсан компанийн бүтцээр нягтлан бодох бүртгэлийн хэлтэс 11 ажилтантай байсан бөгөөд 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр шинэчлэгдэн батлагдсан бүтцээр тухайн хэлтсээс татвар, тайлангийн ахлах, нягтлан бодогч болон авлагын нягтлан бодогч зэрэг 2 орон тоо хасагдаж 9 ажилтантай үлдсэн. Дээрх орон тоог хасах үндэслэл, шаардлага нь тухайн байгууллага, хэлтэс нэгжийн дотоод ажил үүргийн хуваарилалт, хөдөлмөр зохион байгуулалтын асуудал бөгөөд шүүхээс аж ахуй нэгж байгууллагад тэр албан тушаалыг хэвээр үлдээж, энэ албан тушаалыг хасаж, цөөрүүл гэдэг байдлаар чиглэл өгч, дүгнэлт гаргах нь хууль зүйн үндэслэлгүй, ажил олгогчийн дотоод асуудалд оролцсон хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон байна. Нягтлан бодох бүртгэлийн хэлтэст дарга, орлогч дарга зэрэг хангалттай удирдах төвшний албан тушаалтан байсан тул татвар, тайлангийн ахлах нягтлан бодогчийн албан тушаалыг хассан шийдвэр гаргасан болохыг анхан шатны шүүхэд тайлбарласан атал шүүх тайлбарыг авч хэлэлцэлгүй дүгнэлт гаргажээ. Ажилтан З.Бт ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар түүний орон тоо хасах тухай мэдэгдлийг танилцуулахаар утсаар дуудсан боловч ажилдаа ирэхээс үндэслэлгүйгээр татгалзсан тул түүний албан ёсны оршин суугаа хаягаар шуудангаар 2 удаа мэдэгдлийг хүргүүлсэн. З.Б тухайн хүргүүлсэн хаягаас ажил олгогчид өөрөө шуудан илгээж байсан, Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны Засаг даргын тухайн хаягт З.Б оршин суудаг нь үнэн гэсэн тодорхойлолт, ажлаас чөлөөлсөн тушаал, нийгмийн даатгалын дэвтрийг тухайн хаягаар нь дахин хүргүүлэхэд хүлээн авч, анхан шатны шүүхэд гомдол гаргаж байгаа үйл баримтуудаар З.Б хаягтаа оршин сууж байсан нь нотлогдож байна. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.5 дахь хэсэгт заасан тул 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдлийг шуудангаар З.Бийн албан ёсны бүртгэлтэй хаягаар хүргүүлсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан шаардлага хангагдсан гэж үзнэ. З.Бт мэдэгдлийг танилцуулахаар дуудсан боловч ажилдаа ирэхгүй байгаа тохиолдолд түүнийг албадан ирүүлэх, мэдэгдлийг хүчээр танилцуулах, гардуулах эрх зүйн зохицуулалт байхгүй тул ажил олгогч мэдэгдлийг түүний хаягаар хүргүүлсэн нь хуульд бүрэн нийцсэн ажиллагаа гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүх мэдэгдэл хүлээн авсан баримт хэрэгт авагдаагүй гэж хэлбэрийн төдий зүйлээр шалтаглаж, үүнийг мэдэгдэл хүргүүлсэн гэж шүүх үзэхгүй гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, З.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч З.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нэхэмжлэлийг нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалин хөлснөөс Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан " Дундаж цалин хөлс тодорхойлох" журамд зааснаар тодорхойлбол ажилгүй байсан 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр (ажлын 107 хоногт)-ийг хүртэлх олговорт 9 008 330 төгрөг /Нэг өдрийн цалин 84 190 төгрөг (1 763 066 + 2 292 000 + 1 375 226) = 5 430 292 : 3 = 1 810 097 : 21,5 хоног) * 107 хоног/-ийг харуицагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгахаар шийдвэрлэлээ. 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр ажил тасалбар болсон сар нь энэ сардаа орох ба бүтэн ажиллаагүй тул дундаж цалин хөлс тодорхойлоход ордоггүй тул түүнээс өмнөх сүүлийн 3 сарын дунджаас 4, 5, 6 дугаар сараас бодох нь зүйтэй юм. З.Б миний бие нь Татвар тайлангийн ахлах нягтлан бодогчоор ажиллаж үндсэн цалин үндсэн цалин 3 820 000 төгрөг, мэргэжлийн зэргийн нэмэгдэл 573 000 нийт 4 393 000 төгрөгөөс цалин авдаг байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээрр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу тохиролцож гэрээ байгуулсан. Гэтэл хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлсөө олгохгүй, үндэслэлгүйгээр 40 хувь бууруулан хувилж намайг хохироосон байхад тэр дүнгээс нь анхан шатны шүүх 60 хувиар нь тооцож 9 008 330 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 20 400 411,95 төгрөг болгож өөрчилж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч З.Б нь хариуцагч С С ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч С С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 01/124 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42.1, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг тус тус үндэслэн З.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөр дуусгавар болгож цуцалсан ба нэхэмжлэгч шүүхэд 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт нийцсэн байна. /хх-ийн 8, 34 /

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар зохицуулжээ.

Ажил олгогч байгууллага өөрийн бүрэн эрхийн хүрээнд байгууллагын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулахаар шийдвэр гаргах эрхтэй хэдий ч уг тушаал, шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар орон тоо хассан, цөөрүүлсэн нь бодитой байхаас гадна ийнхүү шийдвэрлэсэн талаараа ажилтанд мөн хуулийн 40.5 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаас нэг сарын өмнө мэдэгдсэн байх ёстой.

Хариуцагч С С ХХК-ийн хүний нөөцийн хэлтэс нэхэмжлэгч З.Бт шуудангаар 2020 оны 5 дугаар сарын 6, 25-ны өдөр тус тус Ажлын байр хасах тухай мэдэгдэл хүргүүлсэн боловч уг мэдэгдэлд дурдсан ажлын байрны орон тоог хасах, цөөрүүлэх алхам хийгдэж, үүнд нэхэмжлэгчийн ажиллаж байсан татвар ба тайлангийн ахлах нягтлан бодогчийн ажлын байрыг хамруулсан... гэх үйл баримт бий болоогүй байснаас гадна уг мэдэгдлийг З.Бт гардуулсан гэж үзэх үндэслэл бүхий баримт хэрэгт авагдаагүй байна. / хх-ийн 51-59 /

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэл бодитоор бий болоогүй байхад ажилтныг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж, нэхэмжлэгч З.Бийг урьд эрхэлж байсан татвар ба тайлангийн ахлах нягтлан бодогчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасантай тус тус нийцсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахдаа тооцооны алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Мөн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамааралгүй асуудлаар буюу 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс хойш сул зогсож, цалин хөлсийг үндэслэлгүй 40 хувь бууруулан олгосон талаар болон Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.3 дахь хэсэгт заасан асуудлаар дүгнэлт хийсэн нь хууль хэрэглээний хувьд буруу болсныг дурдах нь зүйтэй.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д зааснаар ажлаас буруу халсантай холбогдуулан дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцож ажилгүй байсан хоногийн хугацаанд бодох ёстой.

Нэхэмжлэгчийн ажлаас халагдсан 2020 оны 7 дугаар сарыг оруулахгүйгээр 2020 оны 4, 5, 6 дугаар сарын дундаж цалин хөлсийг тооцоход 2 115 688 төгрөг болох / хх-ийн 7 / ба ажлын 107 хоногт /98 404 * 107 / 10 529 228 төгрөгийг нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь түүний цалин хөлсийг хариуцагч байгууллагаас 60 хувиар тооцож олгосон үйл баримтын талаар нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байгаагүй тул үндсэн цалин 3 820 000 төгрөг, мэргэжлийн зэргийн нэмэгдэл 573 000 нийт 4 393 000 төгрөгөөс тооцож, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар гомдол гаргасныг хангах үндэслэлгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2020/03202 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 9 008 330 гэснийг 10 529 228 гэж, 2 дахь заалтын 131 191 гэснийг 183 418 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 131 191 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

Н.БАТЗОРИГ