Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2022/02737

 

Б   дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:...... тоотод оршин суух, Х овогтой Б Т  /РД:......./-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ........ тоотод оршин суух, Д овогтой Я М  /РД:УУ90100307/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Б   дүүрэг, ... дугаар хороо, /....../, гудамж  109 байр, 4 тоот орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

1.Нэхэмжлэгч Б.Т  нь хариуцагч Я.М ад холбогдуулан Б   дүүрэг, ... дугаар хороо, /....../, гудамж  109 байр, 4 тоот орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: Миний бие Б.Т  нь 2017 оны 9 сард Я.М тай танилцан хамтран амьдарч эхэлсэн бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр охин Т.Х  төрсөн. Хэд хэдэн тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ зохих ёсоор батлуулаагүй болно. Бидний хэн хэн нь өөрийн гэр оронгүй байсан тул цуглуулж байсан мөнгөө эхэндээ хүүтэй зээлдүүлэн, хүүнд нь байранд нь үнэгүй суудаг байсан. 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Монгол улсын Засгийн газар, Улаанбаатар хотын захирагчийн албанаас олгосон батламжын дагуу төрийн албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцаар хангах Монгол улсын Засгийн газрын хөтөлбөрт хамрагдах батламжийг гардан авсан. Улмаар Монгол Улсын Их Хурлын 2020 оны 32 дугаар тогтоол, Засгийн газрын 2020 оны 185 дугаар тогтоол, 2019 оны 138 дугаар тогтоолоор батлагдсан түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам, ковид-19 цар тахлын эрсдэлтэй нөхцөлд биечлэн үүрэг гүйцэтгэн ажилласан төрийн албан хаагчдыг түрээслээд өмчлөх орон сууцаар хангах тусгай журмын дагуу Монгол улсын иргэн Б.Т  нь Нийслэлийн Б   дүүргийн ... дугаар хороонд байрлах Х таун хотхоны 109 дүгээр байрны 1 давхарт 4 тоот хаягт байршилтай 56.6 м.кв хоёр өрөө орон сууцыг Нийслэлийн орон сууцны корпораци ХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц түрээслээд өмчлөх №К/508 тоот гэрээг байгуулан тус хөтөлбөрт хамрагдсан. Тус гэрээнд заасны дурдсаны дагуу .............тоот улсын бүртгэлийн дугаартай ...... тоот гэрчилгээний дугаартай, нийт 121,690,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны үнээс урьдчилан 21,690,000 төгрөгийг төлж гэрээ байгуулж, гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлж байна. Хариуцагч нь 2020 оны 10 дугаар сарын эхээр ажлаас ирэхэд цоожны голыг сольсон байсан бөгөөд гэртээ орох гэхэд байрны гэрээг өөрийнх нь нэрээр хийсэнгүй хэмээн хөөн, тухайн байранд амьдрах боломжгүй болгосон. Миний бие тэр өдрөөс хойш найзуудынхаа гэрт, гадаа, машиндаа гэх мэтээр амьдарч байгаад өвлийн саруудад арга буюу аавынхаа гэрт очиж өнөөдрийг хүртэл амьдарч байна. Гэрийн цоожны гол солигдон гэртээ амьдарч чадахаа байсан цагаас охинтойгоо уулзаж чадахгүй, уулзах гээд очихоор хариуцагч Я.М  нь хэл амаар доромжлон, уулзуулахгүй байсан. 2021 оны 4 дүгээр сард Б   дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэл гарган өгч 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн тус шүүхийн ....... дугаартай шийдвэрээр миний бие нь охин Т.Х гийн төрсөн эцгээр тогтоогдсон бөгөөд 11 нас хүртэл тус бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг олгуулах тухай шүүхийн шийдвэр гарсан. Миний бие сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлэх гэтэл хариуцагч Я.М  тэтгэлэг авахгүй гэсэн бөгөөд арга буюу 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн Хас банкинд долларын хугацаатай хадгаламжийг нээн охиндоо хуримтлал болгохоор сар бүр тогтмол шилжүүлэг хийж байна. Дээр дурдсан гэрээ байгуулахад гэрээний урьдчилгаа болгон төлсөн мөнгийг 17 орчим сая төгрөгийг миний аав, ээж болон нагац нараасаа зээлэн бүрдүүлэн өгсөн болно. Үлдэгдэл мөнгийг хариуцагч бид хоёрын хамтран цуглуулж байсан мөнгөнөөс төлсөн байдаг. Хариуцагчийг байрыг суллаж өгнө үү гэхэд 3 хүүхэдтэй хүнийг хөөлөө, дарамталж байна гэх мэтээр хэл ам хийн удаа дараа маргаан дэгдээж байсан. Дээрх түрээслээд өмчлөх хэлбэр бүхий байр нь ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх үйлсэд мэргэжлийн ур чадвараа дайчлан, эх оронч сэтгэлээр зүтгэн эрсдэлт нөхцөлд ажиллаж буй төрийн албан хаагч миний хөдөлмөрийг үнэлсэн шагнал хэмээн үзэж байна. Өнгөрсөн хугацаанд миний бие Нийслэлийн орон сууцны корпораци ХК-тай байгуулсан 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц түрээслээд өмчлөх №К/508 тоот гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлээ ханган биелүүлж байгаа бөгөөд хувийн авъяас чадвар, ололт амжилтыг сайшаан шагнасны орлого нь Монгол улсын Иргэний хуульд заасны дагуу хуваарьт хөрөнгө хэмээн заасан байдаг тул Б   дүүргийн ... дугаар хороо, /....../ гудамж  109 байр, 4 тоот хаягт байршилтай орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Т тай 2017 оны 9 сард танилцаж, 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр охин Т.Х  төрсөн. Мөн өөрийн дагавар буюу 2 охинтой бөгөөд нийт ам бүл 5 болж амьдарч эхэлсэн. Энэ хугацаанд Б.Т ын ажилладаг Х дүүргийн Замын  тасгаас Монгол Улсын Их хурлын 2020 оны 32 дугаар тогтоол, Засгийн газрын 2020 оны 185 дугаар тогтоол, 2019 оны 138 дугаар тогтоолоор батлагдсан түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам, ковид-19 цар тахлын эрсдэлтэй нөхцөлд биечлэн үүрэг гүйцэтгэн ажилласан төрийн албан хаагчдын гэр бүлийг түрээслээд өмчлөх, орон сууцаар хангах тусгай журмын дагуу манай гэр бүлийг олон хүүхэдтэй буюу 3 хүүхэдтэй гэж судлаад нэхэмжлэлд дурдагдсан Б   дүүргийн ... дугаар хороо, /....../ гудамж  109 байр, 4 тоот хаягт байршилтай байранд орох боломжоор хангаж өгсөн. Миний бие тусгай дунд боловсролтой, аарцаг нурууны эмчилгээний бариа засалч мэргэжилтэй, Лаймонд озон хүчилтөрөгчийн эмнэлэгт нөхөн сэргээх бага эмчийн ажилтай байсан төдийгүй Америкийн нэгдсэн улсын сайн дурын байгууллагатай хамтран ажилладаг тул тодорхой хэмжээний ашгийг сар бүр авч амьдардаг байсан. Харин Б.Т  нь надтай анх суухдаа эрхэлсэн тодорхой ажилгүй байсан. Бид хамт амьдраад гэр бүл зохиогоод ирээдүйд эцэг хүн үр хүүхэддээ ажил төрөлтэй, үүрэг хариуцлагатай сайн аав байх ёстой гэж ярилцан  байгууллагад эргүүлэн ажилд нь оруулж байсан. Б.Т  нь тухайн үед  байгууллагад албан тушаал дээр сард 900,000-1,000,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан бөгөөд ихэвчлэн миний цалин, орлогоор амьдралаа болгодог байсан. Дээрх байрны зээлд хамрагдахад Б.Т ын хэлээд байгаа бидний цуглуулж байсан мөнгө гэж огт байгаагүй, 10,000,000 төгрөгийг би өөрийн 2 охины хадгаламжийг цуцалсан, үлдсэн мөнгийг тухайн үед цалингийн зээлээр Харьер маркийн автомашин худалдаж авсан байснаа буцаан зарж зөрүүг нь өгсөн байдаг. Б.Т  нь надтай амьдрах хугацаанд архи, согтууруулах ундаа байнга хэрэглэдэг, хэрэглэсэн үедээ байнга хэрүүл өдөж намайг дарамталдаг байсан бөгөөд би өөрийн 3 охидыг айлгахгүйн тулд маш их тэвчиж, ээж А  нь хааяа утсаар хэлдэг байсан. Мөн  албан хаагч нь ёс зүйн зөрчил дутагдал гаргасан тохиолдолд ажил албанаас халагдах хүртэл арга хэмжээ авдаг гэдгийг мэддэг учраас түүнийг ажилгүй болгочих вий гэж айж энэ тухай  байгууллага болон өөрийн талын хэн нэгэнд хэлж байгаагүй. Түүний ээж А  хэлэхэд хүүгээ өмөөрч, чам шиг 2 дагавар хүүхэдтэй хүүхнийг яасан ч яадаг юм, чиний амьдрал гэж юу байсан юм гэх зэргээр удаа дараа доромжилдог байсан. Нэхэмжлэлд дурдсанчлан Б.Т  нь гэр бүлээс гадуурх харилцаатай болсон нь үнэн бөгөөд одоо түүний шинэ эхнэр хүүхэд төрүүлсэн байдаг ба өөрийн охин Т.Х г миний хүүхэд биш гэж хэлдэг, мөн охинтойгоо хэзээ ч уулзахаар ирж байгаагүй, гудамжинд тааралдсан ч танихгүй царайлаад өнгөрдөг мөртлөө намайг охинтой минь уулзуулдаггүй, гэр бүлээс гадуурх харилцаагүй гэж нэхэмжлэл гаргасанд үнэхээр хүн ёсны үүднээс гомдож байна. 2020 оны 5 сараас хойш намайг хүүхдүүдээ аваад яваад өгөөч, би амьдармаар байна гэж удаа дараа дарамталж байсан, түүгээр ч барахгүй ээж, аав 2 нь ирж бид энэ байранд амьдарна, та нар зайлаад өг гэж ирсэн. Энэ үед би  байгууллагад дуудлага өгч дээрх хүмүүсийг гэрээсээ гаргасан. Гэтэл Б.Т  нь Б   дүүргийн газарт би ганц бие хүн, гадаад явахаар боллоо, энэ байрны тогийг тасалж өгнө үү гэсэн хүсэлт өгсөнөөр манай гэрийн тогийг тасалж, би нялх 3 хүүхэдтэй цахилгаангүй 2 хонож, эцэст нь бид энд оршин суудаг, гэр бүлийнх нь хүмүүс юм гэж гуйж тог цахилгаанаа залгуулж байсан. Тиймээс ч би энэ хүний ээжид хэлж доромжлуулахгүйн тулд ажилладаг байгууллагынх нь Дотоод хяналт шалгалтын хэлтэст 126 дугаарын утсанд гомдол гаргаж байсан. Тухайн байгууллагын ажилтанд болсон, болж байгаа явдлыг ярьсан боловч би Б.Т ыг ажилгүй болчих байх гэж байгаад ямар нэгэн гомдол саналгүй гэж хэлсээр гарч ирсэн. Иймд миний бие Б.Т ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид хамтын амьдралтай болсноос хойш энэ хүнд биш энэ хүний гэр бүлийн байдлыг харгалзан үзэж улсаас олгосон эрхийн дагуу сонгосон орон сууцанд миний бие 3 хүүхэд буюу 3-14 насны хүүхдүүдтэйгээ амьдарч байгаа. Надад өөр очих газар байхгүй, тэгээд ч энэ бол миний охин Т.Х гийн байр, чиний ч биш, миний ч биш гэж ярьдаг байсан. Хэрвээ энэ хүн ипотекийн зээлээ төлж чадахгүй гэвэл би өөрийн цалин, орлогоор төлөөд явах боломжтой гэжээ.

 

4.Нотлох баримт: 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “” Тэтгэврийн даатгалын гэрээ, Батламж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 09 дүгээр сарын 16-ны Орон сууц түрээслээд өмчлөх гэрээ, Төлбөр төлөх хуваарь, Байр хүлээн авах акт, Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, Хаан банкны дансны хуулга, 2020 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2020 оны 05 дугаар сарын 09-ны үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, Хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэр, Б   дүүргийн ... дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, хаан банкны дансны хуулга, Б   дүүргийн 4 дүгээр хороо, “У” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, хаан банкны 3 хуудас тодорхойлолт хэрэгт баримтаар авагдсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Б.Т  нь хариуцагч Я.М ад холбогдуулан Б   дүүрэг, ... дугаар хороо, /....../, гудамж  109 байр, 4 тоот орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, нэр төр, алдар хүнд сэргээлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх тухай шаардлагаас татгалзсан байна.

 

3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Б   дүүрэг, ... дугаар хороо, /....../, гудамж  109 байр, 4 тоот орон сууцыг дангаар эзэмших, өмчлөх эрхтэй. Хариуцагч хууль бусаар эзэмшиж байгаа” гэж, 

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ “...Б   дүүрэг, ... дугаар хороо, /....../, гудамж  109 байр, 4 тоот орон сууцыг гэрээ байгуулж авахад 10,000,000 төгрөгийг төлсөн. Мөн эцэг хүний үүргээ биелүүлж хүүхдээ орон байраар хангах үүрэгтэй” гэж тайлбарласан.

 

4.Зохигчдын шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Б.Т , хариуцагч Я.М ад нар 2017 онд танилцаж, хамтран амьдрах болсон бөгөөд тэдний дундаас 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр охин Т ын Х  төрсөн. 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Б   дүүрэг, ... дугаар хороо, /....../, гудамж  109 байр, 4 тоот орон сууцыг Б.Т  нь Нийслэлийн орон сууцны корпораци ХК-тай “Орон сууц түрээслээд өмчлөх” гэрээг байгуулан, хамтран амьдарч байсан ч хоорондын таарамжгүй харилцааны улмаас хамт амьдрах боломжгүй болж, хариуцагч хүүхдүүдийн хамт уг орон сууцанд амьдарч байгаа талаар маргаангүй байна.

 

5.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. 106.4-т “Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна” гэж заасан.

 

6.Гэрлэлтээ батлуулаагүй, хамтран амьдрагчдын хамтын хөрөнгөөр бий болсон эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн эрхийн зохицуулалтад хамаарна. Маргаан бүхий орон сууцыг “Орон сууц түрээслээд өмчлөх” гэрээнд зааснаар түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж дууссан тохиолдолд өмчлөх эрх үүсэхээр зохицуулсан байна. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу эзэмшигч нь хууль бус эзэмшигчээс эрхээ хэрэгжүүлэх саад олж буй хууль бус үйлдлийг арилгуулахаар шаардах эрхийг тодорхойлсон.

 

7.2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “Орон сууц түрээслээд өмчлөх” гэрээг байгуулахад орон сууцны үнэ 121,690,000 төгрөгөөс урьдчилгаа төлбөрт 21,690,000 төгрөгийг төлсөн байна.

 

8.Урьдчилгаа төлбөрийг нэхэмжлэгч төлж, түрээслээд өмчлөх эрх дангаар үүсэн гэж тайлбарласан боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан хариуцагч Я.М ын Хаан банкинд эзэмшиж буй ...... тоот дансны хуулгаар 7,912,000 төгрөгийг Б.Т ын байгуулсан “Орон сууц түрээслээд өмчлөх” гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн болох нь нотлогдож байна.

 

9.Нэхэмжлэгч Б.Т ын Хаан банкинд эзэмшиж буй ......... тоот дансны хуулгаар 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 10,500,000 төгрөгийг “ээжээс нь НОСК байр”, мөн 6,100,000 төгрөгийг “байр зээл олгов” гэсэн утгаар дансандаа авсан байх боловч дангаар урьдчилгаа төлбөр төлсөн баримтгүй байна. /хх-ийн 66/

 

10.Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч, хариуцагч нар хамтран амьдрах зорилгоор хамтран орон сууцны урьдчилгаа төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул хариуцагч маргаан бүхий орон сууцыг хууль бусаар эзэмшиж байна гэж үзэх үндэслэлгүй.

 

11.Иймд хариуцагч Я.М ад холбогдох Б   дүүрэг, ... дугаар хороо, /....../, гудамж  109 байр, 4 тоот орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Б.Т ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.

 

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Т  нь хариуцагч Я.М ад холбогдуулан гаргасан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх шаардлагаас татгалзсаныг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

13.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасны дагуу хариуцагч Я.М ад холбогдох Б   дүүрэг, ... дугаар хороо, /....../, гудамж  109 байр, 4 тоот орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Б.Т ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Т  нь хариуцагч Я.М ад холбогдуулан гаргасан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх шаардлагаас татгалзсаныг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгч Б.Т аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АЗБАЯР