Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2021/02354

 

2021 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2021/02354

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ................... оршин суух  овогт Б-ын Мө /РД:.............../-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ...................тоотод оршин суух Б овогт Г-ийн Г /РД:.........../-д холбогдох,

өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт төлсөн 2.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М /ШТЭҮД:1527/, хариуцагч Г.Г, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б /ШТЭҮД:000/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М миний бие Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлэгдсэн О.Ц-ийн нэхэмжлэлтэй, Б.М-д холбогдох хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн маргаанд хууль зүйн үйлчилгээ авахаар өмгөөлөгч Г.Г-тай 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гэрээ байгуулж, 2.000.000 төгрөгийг Хаан банкны .............. тоот түүний дансанд 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хөлс болгон төлсөн. Өмгөөлөгч Г.Г нь миний ашиг сонирхлын эсрэг байр суурь илэрхийлж, нөгөө талын өмгөөлөгч С-тэй уулзаад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээн дээр охины нэрийг бичүүлэхээр харилцсан нь үйлчлүүлэгчийнхээ эсрэг явсан гэж үзэх тул цаашид хэрэг дээр хамтран ажиллах боломжгүй гэж үзэж, би гэрээнээсээ татгалзаж мөнгөө буцааж шаардсан. Гэвч Г.Г өмгөөлөгч өгөхгүй гэсэн. Би шүүх хуралд өөр өмгөөлөгч авч орон асуудлаа шийдвэрлэсэн. Г.Г өмгөөлөгч шүүх хуралд оролцоогүй, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учир өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүлэх гэрээний үүрэгт төлсөн 2.000.000 төгрөгийг Г.Г-аас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Г.Г шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Миний бие үйлчлүүлэгчийнхээ эсрэг ажилласан зүйл байхгүй. Б.М-тай 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсны дагуу хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээг өгөөд явж байсан. 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хурал нотлох баримт гаргаж өгөх шаардлагаар 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хойшилсон. Шинжээчийн дүгнэлт хүүхдийг ээжийнх нь асрамжид байхаар гарсан. Эд хөрөнгийн маргаанаа нэг тал руу нь шийдье гэж нөгөө талд санал тавьснаас бус үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд охины нэрийг бичүүлнэ гэж ярьж тохирсон зүйл байхгүй. Б.М нь надаас татгалзаж байгаагаа мэдэгдээгүй. Дараагийн шүүх хуралд би өвчтэй учир очоогүй. Гэтэл өөр өмгөөлөгч аваад шүүх хуралдаанд оролцсон байсан. Иймд миний бие гэрээнд заасан үүргээ биелүүлсэн, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 2.3-т үйлчлүүлэгч гэрээнээсээ татгалзсан тохиолдолд хууль зүйн туслалцаа үзүүлсэн ажлын нийт хөлс буцаан олгогдохгүй гэж заасан учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Г.Г-аас өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт төлсөн 2.000.000 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагаас 1.000.000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 1.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Зохигчдын хооронд 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдаж, хариуцагч Г.Г нь иргэний хэргийн асуудлаар өмгөөлөл, эрх зүйн туслалцаа үзүүлэх, нэхэмжлэгч Б.М ажлын хөлсөнд 2.000.000 төгрөг, гэрээний 1.1-д заасан өмгөөлөгчийн гүйцэтгэх үүрэг биелэгдсэн тохиолдолд нэмж 1.000.000 төгрөгийг урамшуулал буюу нэмэгдэл хөлс болгон өгөхөөр харилцан тохиролцжээ.

Талууд өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээг гүйцэтгэсний дагуу хөлс авах нөхцөлтэйгээр байгуулсан нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359 дүгээр зүйлд заасан ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг хүлээнэ гэсэн хөлсөөр ажиллах гэрээний үндсэн шинжийг агуулж байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасанхөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Дээрх өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, хэн аль нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд гэрээний дагуу ажлын хөлс болох 2.000.000 төгрөгийг хариуцагч Г.Г-ад шилжүүлсэн, талууд энэ талаар маргахгүй байна.

Харин нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Г.Г-ыг миний эсрэг байр суурь илэрхийлж, нөгөө талын өмгөөлөгч Сү-тэй уулзаад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээн дээр охины нэрийг бичүүлэхээр харилцаж, үйлчлүүлэгчийнхээ эсрэг явсан тул цаашид хэрэг дээр хамтран ажиллах боломжгүй гэж үзэж, гэрээнээсээ татгалзсан. Г.Г өмгөөлөгч шүүх хуралд оролцоогүй, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учир өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт төлсөн 2.000.000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан бол хариуцагч Г.Г нь миний бие Б.Мтай өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсны дагуу хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээг өгөөд явж байсан. Эд хөрөнгийн маргаанаа нэг тал руу нь шийдье гэж нөгөө талд санал тавьснаас бус үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд охины нэрийг бичүүлнэ гэж ярьж тохирсон зүйл байхгүй. Б.М нь надаас татгалзаж байгаагаа мэдэгдээгүй. Гэтэл өөр өмгөөлөгч аваад шүүх хуралдаанд оролцсон байсан. Миний бие гэрээнд заасан үүргээ биелүүлсэн, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 2.3-т үйлчлүүлэгч гэрээнээсээ татгалзсан тохиолдолд хууль зүйн туслалцаа үзүүлсэн ажлын нийт хөлс буцаан олгогдохгүй гэж заасан учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Хариуцагчийн татгалзал үндэсгүй гэж шүүх дүгнэв.

Хариуцагч Г.Г нь үйлчлүүлэгчийн эсрэг байр суурь илэрхийлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Б.М нь түүнтэй байгуулсан өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээнээс татгалзаж, О.Ц-ийн нэхэмжлэлтэй Б.М-д холбогдох хүүхдийн асрамж болох тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ноглох хэсгийг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт өмгөөлөгч Б.М-ыг өмгөөлөгчөөр сонгон авч оролцуулсан болох нь зохигчийн тайлбар, хууль, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2021/0000 дүгээр шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

Гэрээнээс татгалзсан тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй боловч хариуцагч Г.Г-ыг үйлчлүүлэгчийн ашиг сонирхлын эсрэг ажиллаж гэрээний үүргээ биелүүлээгүй үзэх үндэслэл тогтоогдохгүй байх ба тэрээр шүүхэд гаргасан хүсэлтдээ ...2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хурлын өмгөөлөгчид гомдол байхгүй гэж дурдсанаас үзэхэд хариуцагч Г.Г-ыг гэрээнээс татгалзсанд буруутай гэж үзэх үндэслэлгүй.

Хариуцагч Г.Г нь нэхэмжлэгч Б.М-гийн гэрээнээс татгалзах тухай саналын дагуу дараагийн шүүх хуралд оролцоогүй нь нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзах тухай саналыг хүлээн зөвшөөрч гэрээг цуцалсан гэж үзнэ.

Энэхүү тохиолдолд талууд гэрээний үүргийн гүйцэтгэлийг харилцан тооцож, хийж гүйцэтгэсэн ажил, үйлчилгээнд тохирох хөлсийг үлдээж, үлдэгдэл хөлсийг ажиллуулагчид буцаан төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Г.Г-ыг гэрээнд заасан ажил үүргээ биелүүлээгүй гэж ажлын хөлсөнд төлсөн 2.000.000 төгрөгийг бүхэлд нь буцаан гаргуулахаар нэхэмжилж байна гэж тайлбарлаж байгаа боловч өмгөөлөгч Г.Г нь түүний шүүхэд хариу тайлбар гаргах, хүүхдийн асрамжийн талаар шинжээч томилуулах хүсэлт гаргах ажиллагаанд өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээ үзүүлж, 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцсон зэргийг үгүйсгэхгүй байх ба дээрх ажил, үйлчилгээг 1.000.000 төгрөгөөр үнэлэн, үлдэгдэл 1.000.000 төгрөгөө авах хүсэлт гаргасныг хариуцагч Г.Г өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний 2.3-т зааснаар зөвшөөрөөгүй байна.

Зохигчид 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний 2.3-т үйлчлүүлэгч гэрээнээс татгалзсан тохиолдолд хууль зүйн туслалцаа үзүүлсэн ажлын нийт хөлс буцаан олгогдохгүй байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

Учир нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй гэснийг зөрчжээ.

Өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний 2.3-т заасан энэхүү заалт хүчин төгөлдөр бус байх нь зээлийг гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй тул гэрээний бусад зүйл заалтыг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Иймд хариуцагч Г.Г-ын хийж гүйцэтгэсэн шүүхэд хариу тайлбар гаргах, хүүхдийн асрамжийн талаар шинжээч томилуулах хүсэлт гаргах ажиллагаанд өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээ үзүүлж, 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцсон ажлын хөлсийг гэрээ цуцалсан үеийн байдлаар нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрч байсан 1.000.000 төгрөгөөр тооцож, үлдэгдэл 1.000.000 төгрөгийн ажлын хөлсийг хариуцагч Г.Г-аас гаргуулж нэхэмжлэгч Б.М-д олгох үндэслэлтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 28.550 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дүгээр зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Г-аас 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид 28.550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.М-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР