Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2022/00192

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2022/00192

 

 

Б.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч А.Мөнхзул, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2021/02354 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.М-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Г-ад холбогдох,

Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт төлсөн 2,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: Өмгөөлөгч Г.Г-тай 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг цуцалж, шилжүүлсэн 2,000,000 төгрөгийг буцаан гаргуулна.

Өмгөөлөгч Г.Г- нь үйлчлүүлэгчийн ашиг сонирхлын эсрэг байр суурь илэрхийлсэн тул цаашид хэрэг дээр хамтран ажиллах боломжгүй гэж үзэн гэрээнээсээ татгалзаж мөнгөө буцааж шаардсан боловч өмгөөлөгч өгөхгүй гэсэн.

Нэхэмжлэгч нь шүүх хуралд өөр өмгөөлөгч авч орсон ба асуудлаа шийдвэрлэсэн Г.Г- өмгөөлөгч шүүх хуралд оролцоогүй гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Иймд гэрээний үүрэгт төлсөн 2,000,000 төгрөгийг Г.Г-аас гаргуулна.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга: Б.М-гаас өмгөөллийн хөлс буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Тодорхой ажиллагаа хийсэн. Үйлчлүүлэгчийн ашиг сонирхлын эсрэг байр суурь илэрхийлсэн зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 205 дүгээр зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Г-аас 1,000,000 /нэг сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид 28,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.М-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4.б.Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу иргэн О.Ц-ийн нэхэмжлэлтэй иргэн Б.М-д холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр Г.Г- оролцсон нь шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамжаар нотлогдоно. Ингэхдээ нэхэмжлэлийн тайлбарыг бэлтгэж, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлэхээр шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг Г.Г- боловсруулж Б.М-гаар гаргуулсан нь талуудын хооронд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлснийг илэрхийлнэ.

Гэтэл өмгөөлөгч Г.Г- хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрэм зөрчөөгүй байхад түүнд мэдэгдэлгүйгээр өмгөөлөгч Г.Г-аас татгалзсан тухай хүсэлтийг иргэн Б.М-гаас шүүхэд бичгээр гаргасан тул өмгөөлөгч Г.Г-ын иргэний хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох оролцогчийн эрх, үүрэг дуусгавар болж, цаашид өмгөөлөгчөөр оролцох боломжгүй болсонд хариуцагч буруугүй. Шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр Г.Г- оролцоогүйд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3-т зааснаар үйлчлүүлэгч гэм буруутай тул гэрээг цуцлах үндэслэлгүй, Б.М-гийн татгалзал Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаан бүхий үндэслэлийг агуулаагүй нь хөлсөөр ажиллах гэрээг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас цуцлах тухай Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.1 дэх хэсэгт заасанд нийцэхгүй тул үндэслэлгүй.

Талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийг өмгөөлөгч Г.Г- зөрчөөгүй тул гэрээ цуцлах ерөнхий зохицуулалт болох Иргэний хуулийн 17 дугаар бүлэгт заасан үндэслэл Б.М-д бүрдээгүй байхад гаргасан санал нь хууль бус бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлах үндэслэл болохгүй. Гэрээний нэг талын оролцогч мэдээгүй байхад түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцуулахаас татгалзах тухай Б.М-гаас шүүхэд гаргасан хүсэлт буюу гэрээг цуцлах тухай саналын хүсэл зоригийн илэрхийлэл Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгчид ирээгүй тул талуудын хооронд байгуулсан өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг цуцалж, хөлсийг буцаан шаардах эрх үйлчлүүлэгч иргэн Б.М-д үүссэн гэж үзэх үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээнээс татгалзах журмыг Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2 дахь хэсэгт заасан бөгөөд энэхүү журмын дагуу гэрээнээс татгалзах саналыг үйлчлүүлэгч Б.М-гаас өмгөөлөгч Г.Г-ад ирүүлсний дагуу гэрээг цуцлах тухай хугацааг өмгөөлөгч тогтоох атал ийнхүү мэдэгдээгүйн улмаас гэрээнээс татгалзах хугацаа тогтоогүй нь Б.М- шаардах эрхээ алдсан.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тал хариу тайлбар гаргаагүй.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.М- нь хариуцагч Г.Г-ад холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээг цуцалж, гэрээгээр шилжүүлсэн 2,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч Гэрээг цуцлах үндэслэлгүй. Гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж маргажээ. /хх1, 72-74/

 

Нэхэмжлэгч нь өмгөөлөгч Г.Г-тай 2021 оны 02 дугаар сарын 04 ны өдөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулж түүнд 2,000,000 төгрөгийг шилжүүлсэнд талууд маргаангүй байна.

 

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчөө сольсон үйл баримт тогтоогдсон.

 

Зохигчид өмгөөлөгч Г.Г-тай байгуулсан гэрээг нэхэмжлэгч цуцалсан нь үндэслэлтэй эсэх, өмгөөлөгч үйлчлүүлэгчийн ашиг сонирхолд харш үйл ажиллагаа явуулсан эсэхэд маргаж байна.

 

Анхан шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн.

 

Хөлсөөр ажиллах гэрээ нь хоёр талын гэрээ бөгөөд ажиллагч тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч тохиролцсон хөлсийг төлөх үүрэгтэй.

 

Хөлсөөр ажиллах гэрээний зүйл нь ажлын үр дүн биш харин ажил үйлчилгээ юм.

 

Хэргийн баримтаас үзэхэд ажиллагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу гэрээнд харш үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Өмгөөлөгчөө чөлөөтэй сонгох нь хэргийн оролцогчийн үндсэн эрх бөгөөд нэхэмжлэгч өөрөө өмгөөлөгчөө сонгож сольсонд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Хэргийн баримтаас үзэхэд өмгөөлөгч Г.Г- нь тайлбар, хүсэлт гаргасан, шүүх хуралдаанд оролцсон байх тул ажил үйлчилгээг огт гүйцэтгээгүй гэж дүгнэх үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 2,000,000 төгрөгийн хөлснөөс 1,000,000 төгрөгийг буцаан гаргуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй. Ажлын хөлс 2,000,000 төгрөг гаргуулах шаардлагаас 1,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна.

 

Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн ерөнхий ангийн 205 дугаар зүйлд заасныг баримталж хэргийг шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд тухайн харилцааг зохицуулсан нарийвчилсан заалтыг эхэлж шалгах хууль хэрэглээний дарааллыг зөрчжээ.

 

Иймд Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.2 дахь хэсэгт заасан гэрээнд хугацаа тогтоогоогүй буюу ажил, үйлчилгээний онцлог, зорилгоос шалтгаалан хугацаа заагаагүй бол гэрээний талууд тохиролцон хэдийд ч гэрээг дуусгавар болгож болно гэснийг үндэслэн хууль хэрэглээний хувьд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.1 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн 221 дүгээр зүйлд заасан хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээг цуцалсан тохиолдолд ажиллагч нь гэрээ цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг шаардах эрхтэй тул 1,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг зөв гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Г.Г-ын Гэрээ цуцлагдсанд буруугүй тул хөлсөө бүрэн авна гэх давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2021/02354 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 205 дугаар зүйлийн 205.1 гэснийг 367 дугаар зүйлийн 367.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ш.ОЮУНХАНД