Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 925

 

 

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/00827 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Г” ХХК-д холбогдох

 

Бараа материалын үлдэгдэл төлбөр, алдангид 195 326 529 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Тээврийн зардал, агуулахын түрээсийн төлбөр, алдангид 31 644 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсад 3 чингэлэг ахуйн хэрэглээний шингэрүүлсэн хийг Бүгд найрамдах Солонгос улсаас импортоор оруулж ирэх, санхүүжүүлэх, зарж борлуулах зорилгоор “Ж” ХХК нь хамтран ажиллах гэрээг “Г” ХХК-тай 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан. Тус гэрээнд “Ж” ХХК нь 3 чингэлэг газны санхүүжилт болох 112 500 000 вон буюу 236 250 000 төгрөгийг гаргах, “Г” ХХК нь борлуулах эрх, зөвшөөрлийн дагуу Монгол Улсад оруулж ирэх, нийт борлуулалтыг хариуцаж 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр “Ж” ХХК-д санхүүжилт хийсэн 3 чингэлэг газны үнэ болох 236 250 000 төгрөг, 2 чингэлэг газны ашиг 24 885 000 төгрөг нийт 261 135 000 төгрөгийг бүрэн хүлээлгэж өгөхөөр тохиролцсон.

Улмаар “Ж” ХХК нь хүлээсэн үүргээ биелүүлж 3 чингэлэг газны санхүүжилт болох 263 250 000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн боловч “Г” ХХК нь өнөөдрийг хүртэл хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Иймд хамтран ажиллах гэрээний дагуу буцаан төлөх төлбөр, ашгийн үлдэгдэл 71 414 600 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй буюу хөрөнгө оруулалтыг ашгийн хамт 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төлөх байсан үүргээ гүйцэтгээгүйн алданги 113 240 400 төгрөг, нийт 175 295 125 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Мөн хариуцагчтай амаар тохиролцож 24 096 400 төгрөгийн үнэ бүхий 100 хайрцаг кофе, 200 хайрцаг бэлэн хоол оруулж ирж манай компанид хүлээлгэн өгөх, манай компани үнийг төлөх үүрэг хүлээсэн. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 11 260 000 вон буюу тухайн өдрийн ханшаар 24 096 400 төгрөгийг шилжүүлсэн. Харин хариуцагч нь кофе, бэлэн хоол зэрэг бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх үүргээ биелүүлээгүй. Иймд хариуцагчийн нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнийг хасч, үлдэгдэл төлбөр болох 20 031 404 төгрөгийг гаргуулах шаардлага гаргаж байна. Хэрэг шүүхэд хянагдаж байх үед хариуцагчтай тооцоо нийлж үзэхэд үлдэгдэл төлбөр нь 14 681 220 төгрөг болж байна. Иймд 20 031 404 төгрөг гаргуулах шаардлагаа багасгаж 14 681 220 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээс 3 чингэлэг газны үнэ 175 295 125 төгрөг гаргуулах хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь анх тохиролцохдоо бид 3 чингэлэг газ оруулж ирж, үүнээс 2 чингэлэг газыг нь нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, нэг чингэлэг газны үнийг ашгийн хамт төлөхөөр тохиролцсон.

Нэхэмжлэгч 236 250 000 төгрөгөө төлсөн. Бид гурван чингэлэг газыг Монгол Улсад оруулж ирсэн. Ингээд оруулж ирэхэд нэхэмжлэгч худалдах эрхгүй болохоор зарж борлуулж чадахгүй байна гээд манай компанийг зарж борлуулж өгөөч гэсний дагуу бид өөрсдөө төлбөр төлж хадгалуулж, худалдаж өгч үнийг нь төлсөн. Ашиг төлөх ямар ч боломжгүй нөхцөл байдал үүссэн. Учир нь тухайн үед сонгууль болох гээд дэлгүүр хоршоог хааж, үүнийг дагаад тэсэрч дэлбэрэх бодисыг худалдах борлуулах үйл ажиллагааг зогсоосон.

Ингээд бид 2017 оны 7 сард 20 000 000 төгрөг, 8 дугаар сарын 20-нд 10 000 000 төгрөг, 8 дугаар сарын 24-нд 8 000 000 төгрөг, дахин 8 дугаар сарын 21-ний өдөр 8 000 000 төгрөгийг бэлнээр, 8 дугаар сарын 29-ний өдөр 4 000 000 төгрөг, 9 дүгээр сарын 20-нд 30 000 000 төгрөг, өдрийг нь сайн мэдэхгүй байна 15 300 төгрөгийг ажилтан С.Отгонцагаанд, мөн 6 дугаар сарын 24-ний өдөр 4 480 000 төгрөг тус тус төлж нийт 84 495 300 төгрөгийг өгсөн. Газаар нь 3402 хайрцаг газыг хүлээлгэж өгсөн. Ингээд төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Алданги төлөх боломжгүй. Учир нь өөрсдөө зараад өг гэж гуйчихаад зарим газыг нь газаар нь буцааж авчихаад одоо үнийг хугацаандаа төлөөгүй гэж алданги нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 24 096 400 төгрөгийн бараа бүтээгдэхүүний хувьд 11 742 500 төгрөгийг бараа бүтээгдэхүүн өгсөн. Үлдэгдэл мөнгө болох 12 353 900 төгрөгийг төлнө гэдгээ зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: “Г” ХХК нь “Ж” ХХК-тай Монгол Улсад ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хийг Солонгос улсаас импортоор оруулж ирэх, санхүүжүүлэх зарж борлуулах, төлбөр төлөхтэй холбоотой харилцааг зохицуулахаар 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ХГ-17-01 дугаартай хамтран ажиллах гэрээг байгуулсан.

Хамтран ажиллах гэрээний 3.4-т гурван чингэлэгийг Солонгос Улсаас Монгол Улсад оруулж ирэхэд чингэлгийн таталт, тавилт, хүргэлт татвар болон бусад зардал гаргахгүй. А тал болох “Ж” ХХК бусад зардлыг төлөх үүрэг хүлээхгүй, мөн гэрээний 5.3-т зааснаар Б тал буюу “Г” ХХК нь Солонгос Улсын газ үйлдвэрлэх компани болох MAXSUN компанитай бараа нийлүүлэх гэрээний дагуу 3 чингэлэг газыг нийлүүлэх, Монгол Улсад оруулж ирэхтэй холбоотой гаалын бүрдүүлэлт, бүх үйл ажиллагааг хариуцна. Солонгос Улсад ажиллах хугацааны зардал, онгоцны билет зардал зэргийг Б тал буюу “Г” ХХК хариуцна гэсний дагуу гадаад тээврийн зардлуудыг “Г” ХХК нь гүйцэтгэсэн байна.

Харин хамтран ажиллах гэрээний 3.5-д заасны заасны дагуу тээврийн зардлыг чингэлэг Монгол Улсад ирж гаалийн бүрдүүлэлт хийсний дараа А тал болох “Ж” ХХК 2 чингэлэг газны тээврийн зардлыг төлнө. Б тал буюу “Г” ХХК 1 чингэлэг газны тээврийн зардлыг төлсөн бөгөөд “Ж” ХХК нь гэрээний 3.5 дахь заалт буюу дотоод тээврийн зардлыг төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Тухайн үед гэрээний дагуу 2017 оны 6 сард Монгол Улсад орж ирсэн 3 чингэлэг газны гаалийн бүрдүүлэлтийг хийсний дараа “Г” ХХК 2 чингэлэг газны тээврийн зардал буюу дотоод тээврийн зардлыг нь төлсөн. Гэрээний 2.2-т зааснаар манай компани А тал болох “Ж” ХХК-д 2 чингэлэг газыг өгч, 1 чингэлэг газны үнийг төлснөөр гэрээний үүргээ биелүүлсэн. Компанийн ажилтан Отгонцагаан гэх хүн зургийг нь авч баримтжуулаад агуулах сав байхгүй гээд манай компанийн түрээсэлдэг агуулахад үлдээгээд явсан. 2017 оны 9 сар хүртэл 2 чингэлэг газаа аваагүй байлгасан.

Иймд гэрээний 3.5-д “Ж” ХХК нь 2 чингэлэг газны тээврийн зардлыг төлнө гэсний дагуу дотоод тээврийн зардалд 17 640 000 төгрөг, 7.6-д заасны дагуу алданги 8 820 000 төгрөг, 4.2-т заасан заалт болох А тал “Ж” ХХК 2 чингэлэг газыг Б талаас хүлээн авах заалтаа биелүүлээгүй тул 2017 оны 6 сараас 9 сар хүртэл манай компанийн түрээсэлдэг агуулахад байлгасан түрээсийн төлбөр 3 456 000 төгрөг, алданги 1 728 000 төгрөг, нийт 31 644 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Бид гэрээгээр аливаа зардал төлбөрийг төлөхгүйгээр тохиролцсон. Мөн н.Отгонцагаантай 2017 оны 9 сард Л.Л нь тооцоо нийлж тэр үед 2 чингэлгийн тээврийн зардалд төлөх 8 160 000 төгрөг болон 8 960 000 төгрөг, 280 000 төгрөг, 240 000 төгрөг нийт 17 640 000 төгрөгийг хасч тооцож тооцоо нийлж, энэ талаар 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээнд оруулж үлдэгдэл хураамж 261 135 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Иймд тээврийн зардал, алдангийг төлөх үндэслэлгүй. Мөн хариуцагч газыг өөрөө худалдан борлуулж ашиг олж байсан байж түрээсийн төлбөрийн зардлаа нэхэж байгааг ойлгохгүй байна. Иймд сөрөг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Г” ХХК-иас 80 156 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ж” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 115 170 329 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч “Г” ХХК-ийн 31 644 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 886 358 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч “Г” ХХК-иас 558 731 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгож, хариуцагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 316 170 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Ж” ХХК болон “Г” ХХК-ийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг ба тухайн гэрээний дагуу хариуцагчийн зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаарддаг. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...261 135 000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн" гэж дүгнэсэн байдаг бөгөөд "...гэрээний үүрэгт 72 015 300 төгрөгийг бэлнээр, 3172 хайрцаг газ буюу 113 240 400 төгрөгийн бараа бүтээгдэхүүн өгсөн талаар зохигчид маргадгүй" гэсэн байна. Дээрх бэлэн мөнгө болон бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн асуудлаар хэн аль нь маргахгүй байгаа бөгөөд хэргийн материалд дээрх бараа бүтээгдэхүүн болон бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн баримтууд авагдсан байдаг.

Манай зүгээс дээрх баримтуудыг үгүйсгээгүй бөгөөд хариуцагчийн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн өгсөн гэх 8 000 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 12-ны 130 хайрцаг газыг хүлээн аваагүй гэж маргадаг. Газыг хариуцагчийн зүгээс 2017 оны 9 дүгээр сарын 06-нд 100 хайрцаг /хх-146/, 2017 оны 9 дүгээр сарын 08-нд 130 хайрцаг /хх-147/, 2017 оны 9 дүгээр сарын 08-нд 100 хайрцаг /хх-148/, 2017 оны 8 дугаар сарын 29-нд 900 хайрцаг /хх-149/, 2017 оны 9 дүгээр сарын 12-нд 1942 хайрцаг /хх-150/ гэх баримтуудаар хүлээлгэж өгсөн бөгөөд дээрх баримтуудаар 3172 хайрцаг газ хүлээн авсан байдаг. Гэтэл шүүхийн зүгээс "...3272 хайрцаг газ буюу 116 810 400 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн авсан " гэж дүгнэсэн байна.

Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаанд "бидний зүгээс 100 хайрцаг газыг 4 480 000 төгрөгөөр бодож өгснийг бэлэн мөнгөөр хүлээлгэн өгсөн гэж тооцож авах ёстой дүнгээсээ дээрх үнийн дүнгээр тооцож хассан байгаа. Хэрвээ газ хэлбэрээр хүлээлгэн өгсөн гэж үзвэл 3 570 000 төгрөг болох байсан" гэж тайлбарласныг 100 хайрцаг газыг хүлээн авсан гэж дүгнэсэн нь буруу байна. Учир нь хавтаст хэргийн 5 дах талд авагдсан баримт нь 100 хайрцаг газыг бэлэн мөнгөөр тооцож авсан баримт бөгөөд нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа дээрх дүн бүхий баримтыг бэлэн мөнгө хүлээн авсан гэдгээр тооцож бэлэн мөнгө хүлээлгэж өгсөн гэж тооцоонд оруулан хассан байгаа. Гэтэл шүүх алдаа гаргаж 4 480 000 төгрөг хүлээлгэн өгсөн, 100 хайрцаг газ мөн хүлээлгэж өгсөн гэж 1 тооцоог давхардуулан хассан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн "...хариуцагч “Г” ХХК-иас 80 156 200 төгрөгийг гаргуулан" гэсэн хэсэгт өөрчлөлт оруулж "...хариуцагч “Г” ХХК-иас 83 726 200 төгрөгийг гаргуулан" гэж өөрчилж бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэргийг нотолсон гэрчийн мэдүүлэг санхүүгийн баримтыг өгсөн боловч шүүгчийн зүгээс хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтуудыг огт үнэлээгүй мөн нэхэмжлэгч талд удаа дараалан 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн байгуулсан гэрээ дуусгавар болоод бүх тооцоо дуусч гэрээний дагуу үүргээ биелүүлсэн байхад 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ бол танайд ашигтай гэж зөвлөгөө өгөн аль гэрээгээ үндэслэх вэ хариугаа өг гэж нэхэмжлэгч талын эрх ашгийг хамгаалан биднийг буруутгаж байгаад гомдолтой байна.

Хариуцагч “Г” ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр тооцоо хийж 9 сарын сүүлд бүх тооцоогоо дуусгана гэсний дагуу бэлэн мөнгө болон барааг хүлээлгэж өгсөн. Одоо кофе болон гоймонгийн үлдэгдэл үнэ 12 326 900 төгрөг байгааг хүлээн зөвшөөрч байна. /Хавтаст хэрэгт нотлох баримтууыг гаргаж өгсөн байгаа/

2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан “Ж” ХХК-д санхүүжилт хийсэн 3 чингэлэг газны үнэ болох 236 250 000 төгрөгийг 2 чингэлэг газны ашиг 24 885 000 төгрөг, нийт 261 135 000 төгрөгийг бүрэн хүлээлгэж өгөхөөр тохиролцсон гэжээ. Гэтэл 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан ба Б тал буюу “Г” ХХК нь гэрээнд 3 чингэлэг газыг оруулж ирэн хүлээлгэж өгнө гэж гэрээний 2.2-т тусгасан байдаг. 2017 оны 6 дугаар сарын 08-нд газаа хүлээж ав гэхэд тухайн газыг тоолоод зургийн нь аваад хүлээж авах агуулах байхгүй, бид нар 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 20 000 000 төгрөг өгсөн ба гэрээнд 1 газны үнийг бүрэн төлснөөр дуусна гэсэн тул гэрээний үүрэг дууссан.

“Ж” ХХК бид бүх борлуулалтыг хийж чадахгүй. Танайх борлуулалтыг хийж өгөөч гэж хэлсэн мөртлөө өөрөө газыг авч явчихаад тухайн газны борлуулсны төлбөрийг шаардсан мөн үндэслэлгүйгээр алданги нэхэмжлээд байгаад гомдолтой байна. 3 чингэлэг газыг оруулж ирж, үүнээс 2 чингэлэг газын нэхэмжлэгч талд хүлээлгэн өгч 1 чингэлэг газны үнийн ашгийг хамт төлөхөөр тохиролцсон гэжээ. /Энэ бичсэн зүйлийг ойлгохгүй байна/ 2017 оны 5 дугаар сарын 10-ны гэрээнд “Г” ХХК нь 1 чингэлэг газны ашгийг авхаар тохиролцсон.

2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээний төлөх төлбөрийн нөхцөлд өөрчлөлт оруулсан нэмэлт хэлцлийг байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр үүрэг гүйцэтгэх боломжгүй энэ хугацаанд заасан нөхцөл өөрчлөгдсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна гэжээ. Нэхэмжлэгч компанийн захирал энэ нэмэлт өөрчлөлт манай ажлын санхүүгийн тайлан хийхэд хэрэгтэй яагаад гэвэл 200 гаран сая төгрөгийг бэлнээр өгсөн. Санхүү болон кассын баримт зөрөөд байдаг тул чамаас нотлох баримт болгон авч байгаа гэсэн. Нотариат дээр анхны гэрээ байгаа тул нэмэлт гэрээ батлахгүй гэж хэлсэн. Би энэ баримтыг шүүхэд болон өөр бусад зүйлд хэрэглэхгүй биздээ гээд гарын үсэг зурсан. Аль ч дэлгүүрүүд 2 тайлантай байдаг болохоор бас тийм л юм байх нэг бодоод гарын үсэг зурсан /намайг хуурсанд гомдолтой байна. Би урдах хурлуудад тайлбарлаж хэлж байсан/

2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 8 000 000 төгрөгийг эргэлзээгүй дүгнэх нотлохгүй байна гэжээ. С.Т дансаар мөнгө авахгүй гэдэг дандаа бэлнээр авна гэдэг манай компаний мөнгө хариуцагч Д.Б рүү утасдаж мөнгө хэрэгтэй байна гэснийг би өөрөө 8 000 000 төгрөгийг С.Т захиралд бэлнээр аваачиж өгсөн. Гэтэл н.Отгонцагаан хурал дээр миний буруу бичсэнээс 8 000 000 төгрөг гараад ирсэн. Би н.Отгонцагаанд мөнгө өгч авалцаагүй байхад хурал дээр буруу мэдүүлэг өгч байгаад гомдолтой байна. /Хавтас хэрэгт миний өгсөн нотлох баримтыг үнэлэсэнгүй/

2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 130 хайрцаг газыг хүлээлгэн өгсөн гэж үзэх боломжгүй гэжээ. Тухайн өдөр н.Отгонцагаан ирээгүй мөртлөө би падан дээр гарын үсэг зураагүй гэж худал мэдүүлэг өгсөн. С.Төмөрчөдөр захирал 130 хайрцаг газыг жижиг машиндаа ачсан гэж хүлээн зөвшөөрч байгаа мөртлөө падаан дээр гарын үсэг зурахгүй гэж падааныг шидсэнийг гэрчүүд нотлож байгаа.

2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн тооцооллын баримтаар тээврийн зардлыг төлсөн буюу хасаж тооцсон гэх тайлбар нотлогдож байна гэжээ. Уг нотлох баримтыг хариуцагч миний бие гаргаж өгсөн. н.Отгонцагаан маш буруу худлаа тайлбарлаж байсан. Ашгийн 42 525 000 төгрөгийг нэмж бичсэн байсныг би тайлбарлах гэтэл миний тайлбарыг хүлээж аваагүйд гомдолтой байна. Мөн 30 000 000 төгрөг дансаар хийснийг мөн барааг бэлнээр хүлээж авснаа н.Отгонцагаан нь тайлбарлаж чадахгүй үнэн мэдээлэл өгч чадахгүй байсан. Миний бие шүүхэд би энэ хурлыг ойлгохгүй байна гэж удаа дараа хэлж байсан.

Хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримт болон гэрчийн мэдүүлэг зэргийг огт хянаж үзээгүй зөвхөн нэхэмжлэгч талын эрх ашгийг хамгаалсан шийдвэр гарсан гэж үзэж байна. 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн захирамж даргалагч шүүгч н.Энэбишийн гаргасан захирамж нь маш тодорхой үнэн зөв байсныг харгалзан үзэх байх гэж бодож байсан. Бараа болон мөнгийг хүлээлгэн өгсөн тул шүүхээс тогтоосон 62 829 300 төгрөгийг ямар үндэслэлээр төлөх болсноо ойлгохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг анхан шатанд буцааж дахин хянуулж өгөхийг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Ж” ХХК нь хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 71 414 600 төгрөг, алдангид 103 880 525 төгрөг бараа захиалсан төлбөрийн үлдэгдэл 20 031 404 төгрөг, нийт 195 326 529 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс тээврийн зардал болон агуулахын түрээсийн төлбөр, алдангид нийт 31 644 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Талууд 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр “Ж” ХХК нь “Г” ХХК-д 3 чингэлэг газны үнэ 236 250 000 төгрөгийг  2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төлөх, “Г” ХХК 3 чингэлэг газыг БНСУ-аас Монгол улсад импортоор оруулан “Ж” ХХК-д               2 чингэлэг газыг хүлээлгэн өгч, 1 чингэлэг газны үнийг төлөхөөр тохиролцжээ.   

                                                                        /хэргийн 1 дүгээр хавтасны 18-19 дэх тал/

 

Уг гэрээнд талууд 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж “Г” ХХК нь борлуулах зөвшөөрөлтэй тул бүх борлуулалтыг хийх, “Ж” ХХК-ийн санхүүжилт хийсэн 3 чингэлэг газны үнэ 236 250 000 төгрөг, 2 чингэлэг газны ашиг 24 885 000 төгрөг, нийт 261 135 000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор өгөхөөр тохиролцсон байна.                 /хэргийн 1 дүгээр хавтасны 20 дах тал/

 

Дээрх гэрээнээс үзэхэд талууд тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээсэн шинжийг агуулсан тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Талуудын гэрээгээр тохиролцсоны дагуу “Г” ХХК нь БНСУ-аас 3 чингэлэг газыг Монгол улсад импортоор  оруулж ирсэн, 3 чингэлэг газыг “Ж” ХХК нь “Г” ХХК-д худалдан борлуулахаар өгсөн талаар маргаангүй, харин 3 чингэлэг газны үнэд бэлэн мөнгө болон худалдан борлогдоогүй газыг буцаан өгсөн тоо хэмжээний талаар талууд маргасан байна.

 

Нэхэмжлэгч нь “хариуцагч 76 480 000 төгрөгийг бэлнээр, 3172 хайрцаг газ буюу 113 240 400 төгрөгийн газ буцаан өгсөн тул үлдэгдэл 71 414 600 төгрөгийг гаргуулна” гэх тайлбар гаргасан бол хариуцагч нь “нэхэмжлэгчид 84 495 300 төгрөгийг бэлнээр, 3402 хайрцаг газ буюу 121 451 400 төгрөгийн газ буцаан өгсөн тул төлөх төлбөргүй” гэх зөрүүтэй тайлбарыг гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн гаргасан хэргийн 2 дугаар хавтасны 44 дүгээр тал дахь тооцооллын баримтаар хариуцагч нь бэлэн мөнгөөр 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 4 480 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 20 000 000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 10 000 000 төгрөг, 2017оны 8 дугаар сарын 24-ний өдөр 8 000 000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 4 000 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 30 000 000 төгрөг, нийт 76 480 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн талаар хариуцагч маргахгүй байна.

 

Харин хариуцагч 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 8 000 000 төгрөг төлсөн гэх байдлаа нотлохоор гэрчээр Д.Батсүхийг асуулгасан. Гэрч Д.Батсүхийн “Т надад мөнгө хэрэгтэй байна гэхээр нь 7 500 000 төгрөг дээр Лхаатөгсөөс 500 000 төгрөг аваад 8 000 000 төгрөг Лхаажавт өгсөн” гэсэн мэдүүлгээс дүгнэвэл 8 000 000 төгрөгийг хариуцагч тал төлсөн гэдэг нь эргэлзээтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй тул энэ талаарх хариуцагчийн тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Мөн хариуцагч нь нэхэмжлэгчид 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 1942 хайрцаг газ, тус өдөр дахин 130 хайрцаг газ өгсөн гэх байдлаа нотлохоор шүүхэд гэрчээр Д.Батсүхийг асуулгахад “нийт 3402 хайрцаг газ “Ж” ХХК-д өгсөн, Т хамгийн сүүлд өөрийн машинаар 130 хайрцаг газ, дахиад өөр том машин олж ирээд нийт 1942 хайрцаг газ авсан, тус тусдаа баримт бичигдсэнээс 130 хайрцаг газны баримтад гарын үсэг зураагүй” гэж, гэрч Л.Лхагва-Ерөөлт “6 удаагийн газ өгөхөд байсан, 1942 хайрцаг газ өгөхөд байгаагүй” гэж тус тус мэдүүлсэн нь эргэлзээгүй баримт гэж үзэхгүй, өөр бусад баримтаар давхар нотлогдоогүй байна.

 

Хэргийн 1 дүгээр хавтасны 146-150 дугаар тал дахь баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчаас 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 100 хайрцаг газ, 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 130 хайрцаг газ, 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 100 хайрцаг газ, 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 900 хайрцаг газ, 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 1942 хайрцаг газ, нийт 3172 хайрцаг газ хүлээн авсан болох нь тогтоогдсон тул хариуцагчийн 130 хайрцаг газ өгсөнийг хасч тооцоогүй гэх тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй байхад анхан шатны шүүх 3272 хайрцаг газ буюу 116 810 400 төгрөгийн газ буцаан өгсөн гэж дүгнэсэн нь буруу байгааг залруулж энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

 

Талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэгч нь хариуцагчийг хуурсан гэх байдал тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч хариуцагчид 24 096 400 төгрөг төлж кофе, бэлэн гоймон захиалсныг БНСУ-аас оруулж нийлүүлэхээр тохиролцсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж шүүх зөв дүгнэсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 20 031 404 төгрөг нэхэмжилснээ багасгаж 14 681 220 төгрөг болгосон бөгөөд 11 742 500 төгрөгийн барааг хариуцагч хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдсон талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэгч нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гаргаагүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээг цуцалж, хариуцагчаас нэхэмжлэгчид 12 353 900 төгрөг гаргуулж шүүх шийдвэрлэсэн нь зөв байх ба энэ талаар талууд гомдол гаргаагүй байна.

 

Иймд хариуцагчаас нэхэмжлэгчид газны дутуу төлбөр 71 414 600 төгрөг, кофе бэлэн гоймонгийн 12 353 900 төгрөг, нийт 83 768 500 төгрөг болсныг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хэмжээгээр 83 726 200 төгрөгийг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 2 чингэлэг газны дотоод тээврийн зардалд 17 640 000 төгрөг, алдангид 8 820 000 төгрөг, агуулахын түрээсийн төлбөрт 3 456 000 төгрөг, алдангид 1 728 000 төгрөг, нийт 31 644 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсаныг анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний нэмэлт өөрчлөлтөөр 2 чингэлэг газны тээврийн зардлыг хассан дүнгээр тохиролцсон, хэргийн 1 дүгээр хавтасны 199 дүгээр тал дах 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн тооцоо хийсэн баримтаар дотоод тээврийн зардалд 17 640 000 төгрөгийг хасч тооцсон гэж дүгнэн, мөн талууд гэрээгээр хамтран ажиллах гэрээгээр хадгалалтын хөлсний талаар тохиролцоогүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон талаар талууд давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/00827 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “80 156 200” гэснийг “83 726 200”, “115 170 329” гэснийг “111 600 329” гэж,

тогтоох хэсгийн 2 дах заалтын “558 731” гэснийг “576 581” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Г” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507 096 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

 

                             ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ