Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/01653

 

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/01210 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1386 дугаар магадлалтай,

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Г” ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 294.059.820 гаргуулах тухай үндсэн,

31.644.000 төгрөг гаргуулах  сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч П.Итгэлийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-оргил, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч “Ж” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г” ХХК-тай хамтран ажиллах гэрээг 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан. Гэрээний 2 тал харилцан тохирч 2017 оны 11 дүгээр дугаар сарын 09-ний өдөр үндсэн гэрээнд тусгагдаагүй аман хэлцлээр тохирч байсан нөхцөлөөр үндсэн гэрээний тодорхой бус заалтуудыг тодотгох зорилгоор гэрээний төлбөр тооцооны нөхцөлд нөхөн нэмэлт өөрчлөлт оруулсан. Тус гэрээнд Ж ХХК нь 3 чингэлэг газны санхүүжилт болох 112.500.000 вон буюу 236.250.000 төгрөгийг гаргах, Г ХХК нийт борлуулалтыг хариуцаж 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Ж ХХК-д 3 чингэлэг газны үнэ 236.250.000 мөн 2 чингэлэг газны ашиг 24.885.000 төгрөг, нийт 261.135.000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон. Ж ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 3 чингэлэг газны санхүүжилт болох 263.250.000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн боловч Г ХХК өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Иймд гэрээний үүргийн гүйцэтгэл 152.987.000 төгрөг, алданги 141.072.820 төгрөг, нийт 294.059.820 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж: 2017 11 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээний зарим заалтыг тодорхой болгох үүднээс нэмэлт гэрээ үйлдсэн. Уг гэрээнд зааснаар төлбөр тооцооны асуудлыг Б тал нь борлуулалтыг хийж А тал нь санхүүжилт 3 чингэлэг газ болон 2 чингэлэг газны ашгийг нэмэгдүүлж өгнө гэж заасан байдаг. Үүнд мөн 2 чингэлэг газны тээврийн зардлыг хассанаар тооцож тохиролцсон байдаг. Шүүхэд хандсаны дараа зарим зүйл тодорхой болсон тул нэхэмжлэлийн шаардлага багасган гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар 175.295.125 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч “Г” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: 2017 оны 05 дугаар сарын 09-ний Л.Лхаажав, Төмөрчөдөртэй БНСУ-аас ахуйн хэрэглээний газ улирлын чанартай зарагддаг бараа бөгөөд 07 дугаар сарын 01-нээс 10-ны өдрийн хооронд маш сайн гүйлгээтэй байдаг бараа болохоор аман хэлэлцээр 3 чингэлэг газ авчрахаас 2 чингэлэг газны ашгийг Төмөрчөдөр, 1 чингэлэг газны ашгийг Л.Лхаажав авахаар тохирч, 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэхэд худалдан борлуулж, 2 чингэлэг газны ашгийг өгөхөөр тохирсон. 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр эхний чингэлэг газ орж ирснийг Ж ХХК-ийн ажилтан агуулахад очиж барааг ирснийг хараад зураг авч, тоо ёсоор нь тоолж аваад хагас бараа нь бид удалгүй хүргэж өгсөн, хэсэг хугацааны дараа Ж ХХК нь бид бүхэн борлуулалтыг хийж чадахгүй юм байна, танайх борлуулалтыг нь хийж өгөөч гэж буцааж өгсөн. Г ХХК нь зах болон худалдааны төвүүдээр бөөний худалдаа эрхэлдэг. Гэтэл 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Нийслэлийн засаг даргын А/500 тоот захирамжаар бүх худалдааны төв хаагдсан учир борлуулалт зогссон. Наадмын дараа зах урт хугацаагаар амарсан бөгөөд хэт халалтаас болж, ойн түймэр гарч, тухайн үед ахуйн хэрэглээний газ болон тэсэрч дэлбэрэх бодис галын аюултай бүтээгдэхүүнийг Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журмын дагуу түр хугацаагаар борлуулалт болон үйл ажиллагааг Онцгой байдлын газраас бүрэн зогсоосон. Ж ХХК-д 3302 хайрцаг газ болон бэлнээр 102.135.300 төгрөгийг өгч төлбөр тооцоо бүрэн төлөгдсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Г ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2017 оны 06 дугаар сард Монгол улсад орж ирсэн 3 чингэлэг газны гаалийн бүрдүүлэлтийг хийсний дараа Ж ХХК нь 2 чингэлэг газны тээврийн зардлыг төлөх гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул Г ХХК 2 чингэлэг газны дотоод тээврийн зардлыг төлсөн. Ж ХХК-иас 2 чингэлэг газны тээврийн зардалд 17.640.000 төгрөгийг, алданги 8.820.000 төгрөг, нийт 26.460.000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сараас 2017 оны 09 дүгээр cap хүртэл 2 чингэлэг газаа хүлээж авахгүй байлгасан түрээсийн төлбөр 3.456.000 төгрөг, алданги 1.728.000 төгрөг, нийт 5.184.000 төгрөг болсон. Иймд Ж ХХК-иас дотоод тээврийн зардал 17.640.000 төгрөг, алданги 8.820.000 төгрөг, агуулахын түрээсийн зардал 3.456.000 төгрөг, алданги 1.728.000 төгрөг, нийт 31.644.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Ж” ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хамтран ажиллах гэрээний 3.5, 5.6-д аливаа нэмэлт зардал гаргахгүй байхыг анхаарах гэсэн байдаг. Тийм учраас агуулах болон бусад зардлыг хүлээн зөвшөөрөхгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/01210 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Г ХХК-иас 46.226.600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д, нэхэмжлэгч Ж ХХК-иас 20.854.708 төгрөг гаргуулан хариуцагч Г ХХК-д тус тус олгож, нэхэмжлэгч Ж ХХК-ийн нэхэмжлэлээс 129.068.525 төгрөгийн шаардлагыг, хариуцагч Г ХХК-ийн сөрөг нэхэмжлэлээс 10.789.292 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1.628.250 төгрөг, хариуцагчаас төлсөн 316,170 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Г ХХК-иас 389.083 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж ХХК-д, нэхэмжлэгч Ж ХХК-иас 262 223 төгрөг гаргуулж хариуцагч Г ХХК-д тус тус олгож  шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1386 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/01210 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч Ж ХХК-ийн төлсөн 763.292 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч П.Итгэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 сарын 13- ны өдрийн дугаар 1386 магадлалд дараахь гомдолыг гаргаж байна.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлапын 5 дугаар хуудсаны Хянавал: хэсэгт заасан: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батмөнх нь “Г” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ өөрчилж гаргасан /х.х-ийн 144/ тохиолдолд хариуцагч уг өөрчилсөн нэхэмжлэлд хариу тайлбар гаргах эрхтэй бөгөөд шүүх өөрчилсөн нэхэмжлэлийг түүнд гардуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасан журмыг зөрчиж, улмаар маргааны зүйлийн талаар мэтгэлцэх хариуцагчийн эрхийг хангаагүй байна. Мөн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдаан даргалагч, нарийн бичгийн дарга тус тус гарын үсэг зурсан байх боловч уг тэмдэглэлд тамга дарагдаагүй нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батмөнх нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж багасган Шүүх хуралдаан дээр хэлэхдээ шүүхэд хандсаны дараа зарим зүйл тодорхой болсон тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Шүүх хуралдааны тэмдэглэлд тамга дарагдаагүй нь хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа биш бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болох ёсгүй болно.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 сарын 13-ны өдрийн дугаар 1386 магадлалыгхүчингүй болгож Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 05-ны өдрийн дугаар 101/ШШ2018/01210 шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч “Ж” ХХК нь хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан 294.059.820 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргахдаа шаардлагын үндэслэлд Хамтран ажиллах тухай гэрээ, уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээг  дурджээ.  Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч улмаар 31.644.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигчид Монгол улсад ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хийг Солонгос улсаас импортоор оруулж ирэх, санхүүжүүлэх, зарж борлуулах талаар харилцан тохиролцож 2017 оны 05 дугаар сарын 10-ний өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан, уг гэрээний 2.1, 2.2-т зааснаар нэхэмжлэгч нь  3 чингэлэг газны үнийг төлөх,  хариуцагч нь 3 чингэлэг газыг импортоор оруулан гаалийн бүрдүүлэлтийг хийж,  2 чингэлэг газыг нэхэмжлэгчид өгч, 1 газны үнийг төлөхөөр тохирчээ.

Талууд дээрх гэрээнд 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулан хариуцагч нийт борлуулалтыг хийж нэхэмжлэгчид 3 чингэлэг газны үнэ 236.250.000 төгрөг, мөн 2 чингэлэг газны ашиг 24.885.000 төгрөг төлөхөөр тохиролцжээ /хэргийн 18-20 дугаар тал/. 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. 

Харин хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээхээр байгуулсан гэрээг хамтран ажиллах гэрээ гэж Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.-д тодорхойлсон.

Анхан шатны шүүх талууд тодорхой зорилгоор ашиг олохоор хамтарч ажилласан гэсэн атлаа хувь хураамжийн асуудлыг харилцан тохиролцоогүй, хамтын үйл ажиллагааны удирдлагыг хэн хэрхэн хэрэгжүүлэхийг тодорхойлоогүй тул зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцээгүй байна.

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.2-т зааснаар хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлнө. Өөрөөр хэлбэл, хураамж нь талуудаас хамтын үйл ажиллагаанд зориулж байгаа хөрөнгө юм.

 “Г” ХХК нь шингэрүүлсэн шатдаг хий импортлох тусгай зөвшөөрөлтэй, уг зөвшөөрлийг хураамж гэж тодорхойлсныг анхан шатны шүүх анхаараагүй байна.   

Мөн хэрэгт авагдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй, гэрээг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч орчуулаагүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.4. дах хэсгийг зөрчсөн гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс зохигчийн хооронд үүссэн харилцааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн “...магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх” талаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1386 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 763.292 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ