Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 00069

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж
нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
улсын яллагч П.Шижиртуяа,
улсын ахлах өмгөөлөгч М.Найдан
шүүгдэгч Т.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тавинтайн Отгонбаатарт холбогдох 201706000075 дугаартай, 132/2016/0062/Э индекстэй эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын харьяат, 1981 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн Сайхан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эгч дүү нарын хамт Архангай аймгийн Хайрхан сумын Могой багт оршин суух, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Дунд хамар овогт Тавинтайн Отгонбаатар /РД:АК81092515/
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.Отгонбаатар нь 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Булган аймгийн Сайхан сумын 2 дугаар баг Хулж гэх газраас хохирогч С.Батжаргалын 23 тооны адууг хулгайлж 10950000 төгрөг, иргэний нэхэмжлэгчид 4500000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Т.Отгонбаатарын өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг,
201706000075 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд: Шүүгдэгч Т.Отгонбаатарын сэжигтнээр өгсөн: Би 2017 оны 01 дүгээр сарын эхээр хоёр үрээгээ хайгаад Булган аймгийн Сайхан сумын Хулж гэх газарт явж байтал голын захад хүрэн азаргатай 20-иод тооны адуу байсан. Ганбаатар бэлэглэсэн адуугаа авъя гэж хэлж байсан нь санагдаад тэр адуунуудыг туугаад Архангай аймгийн Сайхан сум руу явсан. Тууж очоод Хайрхан сумын наад талын голын захад бөөгнүүлж орхиод адуун дундаас хүрэн зүсмийн гүү бариад Ганбаатарын гэрт авч очоод хүүд чинь өгнө гэсэн адуугаа аваад ирлээ гээд өгсөн. Тэгсэн Ганбаатар гүү юм байна зарчихъя гээд малын ченж Эрдэнээд аваачиж өгсөн” гэх мэдүүлэг / хх 12 тал /, Хохирогч С.Батжаргалын өгсөн: “..2017 оны 01 дүгээр сарын 11-ний үед сумын хэсгийн төлөөлөгч над руу залгаад танай адуунууд Архангайн Хайрхан суманд байгаа сураг дуулдаад байна гэсэн. Би Пүрэвдагва руу залгахад хүрэн зүсмийн адуу алга болоод 5-6 хонож байна гэсэн. Тэгэхээр нь би сумын хэсгийн төлөөлөгчтэй очиж уулз, би очиж чадахгүй нь, чи очоод тоолоод аваад ир гэж хэлсэн. Тал булаг гэх газраас хүрэн азаргатай 23 тооны адуу алдагдсан” гэх мэдүүлэг, Гэрч В.Мөнх-Эрдэнийн өгсөн: "..2017 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө манай сумын Отгонбаатар, Ганбаатар нар манай гэрт ирээд адуу авч байгаа юу авч байгаа гэж хэлсэн чинь нэг гүү зармаар байна гэсэн. Манай гадаа аваад ир гэхэд очоод үзчих танай хашааны гадаа уячихсан байгаа гэсэн. Би очиж үзэхэд сартай хүрэн гүү байсан ба Ганбаатар хэлэхдээ би Отгонбаатараас адуу авах ёстой байсан юм. Отгонбаатар харин гүү аваад ирсэн байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг, /хх 9 тал/, Гэрч Пүрэвдагвын өгсөн: “.. 2017 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр Сайхан сумын цагдаа Рагчаа над руу утсаар яриад танай 23 тооны адуу Архангай аймгийн Хайрхан сумын төвд байна гэхээр нь хүү Даваадоржийн хамт Хайрхан сумын төвд очиход 21 тооны адуу азарга нь хашаан дотор уяатай байсан” гэх мэдүүлэг /хх 10-11 тал/, Гэрч Ч.Ганбаатарын өгсөн: “..2017 оны 01 дүгээр сарын эхээр Отгонбаатар надад сартай хүрэн гүү аваад ирсэн. Гүү юм уу, чи ганц сайхан эр даага өгчихгүй заавал бүдүүн мориор яахнав гэсэн чинь тэгвэл зарчихъя таньдаг ченж байна уу гэхээр нь би Мөнх-Эрдэнэ гэх ченжийг зааж өгөөд хамт аваачиж өгсөн” гэх мэдүүлэг /хх 12 тал/, Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалт явуулах тогтоол /хх 01 тал/, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 02 тал/, үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлт /хх 15 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 25 тал/, Булган аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот /хх30 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв. Шүүгдэгч Т.Отгонбаатар нь 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Булган аймгийн Сайхан сумын 2 дугаар баг Хулж гэх газраас хохирогч С.Батжаргалын 23 тооны адууг хулгайлж 10950000 төгрөгийн шууд хохирол, иргэний нэхэмжлэгчид 450000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь хохирогч С.Батжаргал, гэрч н.Пүрэвдагва, Ч.Ганбаатар, В.Мөнх-Эрдэнэ нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлт, хохиролд төлсөн адууны гэрэл зургууд зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдаж, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт, шалтгааны талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн дээрхи хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар батлагдсан байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ. Иймд хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотловол зохих зүйл нотлогдсон байх тул шүүгдэгч Т.Отгонбаатар нь бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч Т.Отгонбаатарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Батжаргалд 23 тооны адуу буюу 10950000 төгрөгийн шууд хохирол, иргэний нэхэмжлэгч В.Мөнх-Эрдэнэд 450000 төгрөгийн шууд бус хохирол учирсан ба хохирогчид хохирлыг биет болон мөнгөн хэлбэрээр төлсөн болох нь тэдгээрийн мэдүүлэгээр тогтоогдож байна. Харин иргэний нэхэмжлэгч В.Мөнх-Эрдэнэд 1 адуу 4500000 төгрөгөөр худалдсан мөнгөнөөс 150000 төгрөгийг төлсөн гэх боловч энэ талаархи нотлох баримт хэрэгт ирүүлээгүй байх тул шүүгдэгчээс 450000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. Шүүгдэгч Т.Отгонбаатарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч Т.Отгонбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй болохыг дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291 дүгээр зүйлийн 291.1, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дунд хамар овогт Тавинтайн Отгонбаатарыг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Т.Отгонбаатарыг эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Т.Отгонбаатараас 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч В.Мөнх-Эрдэнэд олгосугай.
4. Шүүгдэгч Т.Отгонбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйл, санал гомдолгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Отгонбаатарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ